Эхнэр нөхрийг эвлэрүүлэх Ли Жэ Мёны зүтгэл

Эхнэр нөхрийг эвлэрүүлэх Ли Жэ Мёны зүтгэл

Эхнэр нөхрийг эвлэрүүлэх Ли Жэ Мёны зүтгэл

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мён албан тушаалаа хүлээж авсны 30 хоногийн ойгоо тохиолдуулж, өнгөрсөн Пүрэв гаригт /2025.07.03/ анхны хэвлэлийн бага хурлаа хийв. Тэрбээр нэгэн цагт хуульчаар ажиллаж, гэр бүл салалтын асуудлыг шийдэж байсан үеэ энэ өдөр эргэн дурсчээ. Салах өргөдлөө өгсөн хосуудад нөхцөл байдлыг бие биенийхээ өнцөгөөс дахин хараад үзэхийг зөвлөсний дараа тэд шийдвэрээ эргэн нэг хардаг байсан аж.

"Би тэднээс бусдын оронд өөрийгөө тавиад үзэхийг хүсдэг байсан. Тэгээд л тэд эргэж ирдэггүй юм. Эхнэр, нөхрөө юу туулж байгааг төсөөлөөд үзэхээрээ тэд бие биеэ ойлгож эхэлдэг" гэж Ли ярьсан юм.

Гэр бүл салалтын асуудлыг хөндсөнөөрөө Ли Жэ Мён хоёр Солонгосын харилцааг онцлохыг хүсчээ. Сэтгүүлч түүнээс Солонгосын хойгийн энх тайвны тухай асуухад уламжлалт бус байдлаар хариулж, хоёр улсын харилцааг зөвлөгөө шаардлагатай байгаа гэр бүлтэй харьцуулсан нь энэ.

Ли Жэ Мён 2000-аад сүүлээр улс төрд орохоосоо өмнө 20 орчим жил хуульчаар ажиллажээ.

Тэрбээр хувь хүмүүс, улс төрийн өрсөлдөгчид, тэр бүү хэл улс орон хоорондын зөрчилдөөнд ч нэг л зарчим үйлчилнэ гэсэн юм. Энэ нь харилцан ойлголцол.

Тэрбээр "Солонгос хоорондын бодлогын тухайд яриа хэлцэл, харилцаа холбоо, хамтын ажиллагаа үнэхээр чухал. Ийм их дайсагнал, үл итгэлцэл амаргүй байх болно. Үнэнийг хэлэхэд, хилийн зурваст чанга яригчаар нэвтрүүлдэг суртал ухуулгаа анх зогсоохдоо Хойд Солонгос ямар хариу үйлдэл үзүүлэх бол гэж санаа зовж байна. Гэтэл тэд миний бодсоноос ч илүү хурдтай хариу үйлдэл үзүүлсэн" гэсэн юм.

Эргэн сануулахад, Өмнөд Солонгос улс өнгөрсөн сард хилийн зурваст чанга яригчаар нэвтрүүлдэг Пёньяны эсрэг суртал ухуулгын нэвтрүүлгээ зогсоосон билээ. Тус нэвтрүүлэг бүтэн жил үргэлжилсэн аж. Хурцадмал байдлыг намжаах, итгэлцлийг сэргээх зорилготой Ли Жэ Мёны үйлдэл үр дүнгээ өгч, Хойд Солонгосын тал ч суртал ухуулгын нэвтрүүлгээ маргаашаас нь зогсоожээ.

Ли тангараг өргөхдөө л хоёр Солонгосын харилцааг сайжруулах амлалт өгсөн билээ. Хойд Солонгосын талаас ижил хүсэл эрмэлзэлтэй байгаа эсэх нь бүрхэг тул энэ амлалтыг биелүүлэхэд амаргүй байх болов уу.

Гэхдээ Ли Жэ Мён илүү болгоомжтой, прагматик хандлагыг баримталж байна. Хоёр улсыг нэгтгэнэ гэх мэт илүү ноцтой сэдвээс тэр зайлсхийж буй. Оронд нь Солонгосын хойгт цэргийн хурцадмал байдлыг бууруулах, энх тайван зэрэгцэн орших тухай илүү их ярьж байна. Мөн Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах санаачлагыг дэмжих ч гэлээ ойрын хугацаандаа энэ нь боломжгүй гэдгийг Ли хүлээн зөвшөөрчээ.

Хойд Солонгосын хувьд цөмийн зэвсгээс ангижрах гэрээ хэлэлцээрийг АНУ-тай хийх замаар хориг арга хэмжээнээс мултрах боломжтой. Гэсэн ч тэд ийм боломжийг эрэлхийлэхийн оронд Орос, Хятадтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, кибер үйл ажиллагаандаа найдаж байна.

Солонгос хоорондын дипломат харилцаа сэргэх эсэх нь Ким Жон Уны хүсэл эрмэлзлээс бүрэн хамааралтай гэхэд болно. Шинэ дипломат харилцааг Ким няцаавал Лид хийж чадах зүйл цөөн.

Тиймээс хэт өргөн хүрээтэй асуудал руу Ли Жэ Мён жижиг жижиг алхмаар яаралгүй орж байгаа бололтой. Энэ хүрээнд тэрбээр Нэгдлийн сайд асан Ли Жон Сокийг Үндэсний тагнуулын албаны даргаар томилжээ. Энэ нь Хойд Солонгосыг ятгах санаачлагыг Өмнөдийн тал эхлүүлнэ гэсний дохио юм.

Эцэст нь дурдахад, Ли Жэ Мён хоёр цагийн турш үргэлжилсэн хэвлэлийн бага хурлын үеэр аль болох хөнгөн байхыг эрмэлзжээ. Тиймдээ ч сэтгүүлчдийн асуусан олон ч амаргүй асуултад хошин шогийн өндөр мэдрэмжтэйгээр хариулсан байна. Гадаад, дотоодын 150 орчим сурвалжлагчийн өмнө Ли Жэ Мён сөргөлдөөнийг харуулах бус энгийн харилцан яриа өрнүүлэв. Энэ тохироог бүрдүүлэхийн тулд хэвлэлийнхэн болоод ерөнхийлөгчийн хоорондын зайг 1.5 метр хүртэл ойртуулсан гэж түүний ажлын алба мэдээлжээ.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч нар ихэвчлэн наймдугаар сарын эхээр зуны амралтаа авдаг. Түүнээс амралтаа авах бодол байгаа эсэхийг асуухад Соннам хотын даргаар ажиллаж байсан үеэ дурсаад мөн л хөнгөн, өвөрмөцөөр хариулжээ. "Сонирхолтой нь намайг амралтаа авах болгонд л үер буучихдаг байсан. Тэгээд би ард түмний сонгосон албан тушаалтан хүн яаж амралтаа авбал зохилтой вэ гэж бодож эхэлсэн. Эцэст нь нүдээ нээмэгцээ ажиллаж, нүдээ аньсан үеэ амралт гэж боддог болсон" гэж тэр хариулсан юм.

Гэхдээ амралт авахаас татгалзсан нь ажилтнууддаа саад болсон явдал байсныг тэр хожим ойлгосон гэжээ.

Өмнөд Солонгосын шинэ засгийн газар Мүн Жэ Иний засаг захиргааны алдааг давтахгүй байх ёстой. Мүний засгийн газар Хойд Солонгостой нөхцөл байдлыг сайжруулах оролдлого хийхээсээ өмнө цаад талаасаа эвлэрлийн дохио хүлээсэн. Тиймээс Ли Жэ Мёны засгийн газар Хойд Солонгосыг хүлээлгүйгээр, амралгүйгээр өөрсдийн төлөвлөгөөн дээр ажиллах бололтой.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD, KOREA NET, ISPI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-07 81.9.119.89

)))) Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж