ХААН Банкнаас дотоодын хөрөнгийн зах зээлд олон нийтэд санал болгож буй анхны Жендэр бондын талаар ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяатай ярилцлаа.
–Олон нийтэд нээлттэй танилцуулж буй Жендэр бондын онцлог болон зорилгын талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
-ХААН Банк Тогтвортой хөгжилд манлайлж ажилладгийн хувьд энэ чиглэлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх дунд хугацааны зорилтыг хэрэгжүүлж, 2023-2024 онд олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээлд Монгол Улсаас анх удаа Ногоон бонд, 2024 онд олон улсын зах зээлд мөн анхны Нийгмийн бондыг амжилттай гаргаж байсан. Харин энэ удаад бид олон нийтэд санал болгож буй Жендэр бондын гол зорилго нь эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд чиглэж байна. Өөрөөр хэлбэл, тус бондын хүрээнд босгосон эх үүсвэрийг эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, жендэрийн тэгш байдлыг дэмжих зорилгоор баталгаат ажлын байрыг бий болгох, тэр дундаа эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт, эдийн засгийн оролцоо, манлайллыг дэмжихэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдэд тусгайлан зарцуулах юм. Түүнчлэн энэхүү бонд нь хөрөнгийн зах зээл дээр нээлттэй арилжаалагдах тул татварын хөнгөлөлттэй, хөрөнгө оруулагч хүссэн үедээ буцаан арилжих боломжтой байх юм. Ялангуяа ХААН Банкны хувьцаа, бондууд Монголын хөрөнгийн зах зээл дээр хамгийн идэвхтэй арилжаалагддаг гэдгийг онцлон хэлмээр байна.
-Бонд гаргагчийн хувьд нийт хэдэн төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа вэ?
-Жендэр бондын хүрээнд нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 300,000 ширхэг бондыг олон нийтэд нээлттэй санал болгож байна. Нийт 30 тэрбум төгрөгийн санхүүжилт татан төвлөрүүлэх төлөвлөгөөтэй. Хугацааны хувьд 36 сар ба жилийн 16 хувийн хүүтэй, зургаан сар тутам хүү төлөгддөг нөхцөлтэйгээр арилжаалагдана. Урьдчилсан захиалга авч эхэлсэн, анхдагч зах зээлийн арилжаа 7-р сарын 7-ны өдрөөс албан ёсоор эхлэхээр төлөвлөгдсөн байгаа. Жендэр бондыг олон нийтэд танилцуулж, Монголын хөрөнгийн бирж дээр анх удаа арилжаалах үйл ажиллагааны андеррайтераар “Өлзий энд Ко капитал” ҮЦК ХХК ажиллаж байгааг энэ ташрамд дуулгая.
–Яагаад эмэгтэйчүүдийг онцолж, илүүтэй анхаарч байна вэ?
-Эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгардаг асуудлуудын нэг нь санхүүжилтийн хүртээмж. Тухайлбал, зээл авахад барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй, жижиг, дунд бизнес түлхүү эрхэлдэг учраас зарим харилцагчдад зээлийн хэмжээ бага байх тохиолдол бий. Тэгэхээр санхүүжилтийг илүү хүртээмжтэй болгосноор эмэгтэйчүүд бизнесээ тэлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, цаашлаад улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулахад нь бид хөшүүрэг болж байна гэсэн үг.
Эмэгтэйчүүд санхүүгийн хувьд хүчирхэг байснаар зөвхөн өрхийн эдийн засаг төдийгүй улсын эдийн засагт ч эерэг нөлөө үзүүлдэг. Бизнес, эдийн засагт эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэхэд үүнийг дагаад ДНБ өсөхөөс гадна нийгмийн хариуцлага ч дээшилж байдаг. Гэр бүлийн ээж орлоготой, санхүүгийн хувьд хүчирхэг болно гэдэг үр хүүхдийнх нь боловсрол, эрүүл мэнд, хүмүүжилд ч том нөлөө үзүүлэх хүчин зүйл. Олон улсад ийм төрлийн бонд түгээмэл байдаг. Харин манай улсад анхдагч нь болж байна. Сүүлийн үед дэлхийн даяар эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижил тэгш байх тухай жендэрийн талаар их ярьдаг болсон. Жендэр бонд гаргаж байна гэхээр хүмүүс яагаад эмэгтэйд нь давуу эрх олгоод байгаа юм гэдэг. Улс орон бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Манай уламжлалын хувьд эрэгтэйчүүд давамгайлах хандлага байдаг. Жишээлбэл, амьдрал дээр нэг гэр бүл компани байгуулсан ч тэр нь нөхрийнх нэр дээр, байр авсан ч нөхрийнх нь нэр дээр байдаг. Эмэгтэй хүн хамт хичээгээд байгаа хэрнээ санхүүгийн чадварын хувьд харьцуулаад харахаар бүх бичиг баримт өрхийн тэргүүний нэр дээр байдаг. Тэгэхээр эмэгтэй хүнд давуу эрх олгоё гэсэн үг биш, эрэгтэй, эмэгтэй хүмүүс бизнесийн хувьд ижил хүртээмж, дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
–Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээл ХААН Банкны нийт багцын хэдэн хувийг эзэлж байгаа вэ?
-2025 оны эцэс гэхэд ХААН Банк нийт зээлийн багцаа 14.5 их наяд төгрөгт хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүнээс 1.9 их наяд төгрөг буюу ойролцоогоор 15%-ийг нь эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээл эзлэх юм. Эдгээр зээлийн нөхцөлийг эмэгтэйчүүдийн онцлогт тохируулсан. Жишээлбэл, барьцаа хөрөнгийн шаардлагыг зөөллөж, зээлийн хүүг бусад ердийн зээлтэй харьцуулахад 0.6–1.2 хувиар бууруулсан. Энэ нь тэдний зээлд хамрагдах боломжоос гадна бизнесээ тэлэхэд бодит дэмжлэг болж байна.
–Эмэгтэйчүүдийн зээлийн чанар, эргэн төлөлт ямар байдаг вэ?
-Эмэгтэйчүүд маань хамгийн хариуцлагатай зээлдэгч байдаг. Зээлийн чанарыг хэмждэг хамгийн чухал үзүүлэлт болох хугацаа хэтрэлт гэхэд эмэгтэй зээлдэгчдийнх 1.5-2 хувь байдаг. Гэтэл хугацаа хэтрэлтийн дундаж үзүүлэлт ХААН Банкны хувьд 4.3 хувьтай, банкны салбарын дундаж 6 орчим хувьтай байна.
-Жендэр бонд нь тогтвортой хөгжлийн зорилтуудтай хэрхэн уялдаж байгаа вэ?
-2015 оны Парисын гэрээгээр дэлхийн улс орнууд Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг биелүүлэхэд чиглэсэн тодорхой бодлого, үйл ажиллагааг эрчимтэй хэрэгжүүлж эхэлсэн. Бидний гаргаж буй Жендэр бонд нь Тогтвортой хөгжлийн 5 дахь зорилт болох Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, 8 дахь зорилт буюу зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлд нийцэж байна. Өөрөөр хэлбэл, энэхүү бонд нь зөвхөн санхүүгийн хэрэгсэл биш, тогтвортой хөгжлийн зорилтуудыг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэх механизм гэж үзэж болно.
–Зах зээлд шинэ бонд гарч байгаатай холбоотойгоор хөрөнгө оруулагчдын хандлага хэр байна вэ?
-Нийгмийн чиглэлийн бондууд нь хөрөнгө оруулагчдад эерэг сэтгэгдэл төрүүлсээр ирсэн. Тэд өөрсдөө бизнес эрхэлдэггүй байсан ч энэ төрлийн бондод хөрөнгө оруулснаар нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулж буйгаа мэдэрдэг. Салбартаа тэргүүлэгч, санхүүгийн хүчирхэг үзүүлэлт бүхий нээлттэй хувьцаат компанийн бондыг эзэмшиж, тогтмол өгөөж хүртэхээс гадна эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалт хийх боломжийг бид хөрөнгө оруулагчдад санал болгож байна.
Нэргүй 11 цагийн өмнө 103.212.119.189
Соносоход таатай ч, Үндсэн хуулиа зөрчсөн ажил болж байна. Эрэгтэй бизнесменд болохоор санхүүилт хангалттай байдаг юм уу?
Нэргүй 11 цагийн өмнө 81.9.119.60
)))))))) Халуун охид таныг хүлээж байна — Sexy24.mom
Т1 2025-07-04 202.9.47.44
т1 авгай