УИХ-ын чуулганы ээлжит нэгдсэн хуралдаан 10.10 цагт эхэллээ.
"51 мянган айлыг хий, цахилгаан түлшээр хангахад төрөөс 90 тэрбумын татаас олгоно"
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг асуулт, хариулт 60 минут/ хэлэлцэж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа.
УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Д.Рэгдэл:
-Түгжрэлийг бууруулахаар алхам алхамаар ажил хийж байгаа нь мэдрэгддэг. Маш том өгөгдлийн сантай болсон байна лээ. Гэр хорооллыг орон сууцжуулах ажил эхний шатандаа явж байна. Эрх зүйн боломжоо сайжруулахаар хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж байна уу гэж харж байна. Хууль ойлгомжтой, хэрэгжүүлэх боломжтой байх нь чухал. Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сан энэ ойлгомжгүй байна. Монголчууд нэг санааг хоёр үгээр илэрхийлэхдээ нэг үгийн аймгаар илэрхийлдэг. Үйл үгээр төлөвлөх гэчихээд хөгжлийн гэсэн байна. Яагаад ийм нэр өгөв, юунд зарцуулах вэ. Нэг зүйлийг орхихдоо айл өрхийн гэрийн дулаалга, дулаан алдагдлыг бууруулах төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ гэж. Амины орон сууцыг орхигдуулжээ. Сан хэний сан юм бэ?
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар:
-Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын сан байгуулах асуудал энэ хуулийн амин сүнс. Улаанбаатар хотын хүн ам 2000 оны статистикаар 700 мянга байсан бол өнөөдөр 1.8 сая болсон. Түр оршин суугчтайгаа нийлээд 2 сая хүнтэй том хүн болсон. 1976 онд хотын гуравдугаар ерөнхий төлөвлөгөө буюу өнөөгийн хотын үндсэн дэд бүтэц төлөвлөлтийг хийхэд 500-600 мянган хүн амтай, зам дээр 84 мянган машин зорчих зураг төслийг ЗХУ-аас хийж өгсөн. Гэтэл өнөөдөр зам дээр 804 мянган машин бүртгэлтэй байж, орон нутгаас 80-100 мянган машин зорчиж байна.
Тэгэхээр бид 2023 оны арванхоёрдугаар сард Түгжрэлийн тухай анхдагч хуулийг батлуулсан. Бид одоо урт хугацаатай зээлээр барьж байгаа орон сууцыг зарж борлуулсан мөнгөөр газар чөлөөлөлтийн сан үүсгэж, тэр сангаар дамжуулан иргэдийн газрыг үнэ тохиролцох байдлаар худалдаж авна.
Энэ сангийн хөрөнгөөр инженерийн шугам сүлжээ татах, газар чөлөөлөхөөс гадна амины орон сууцыг дулаалах, хатуу түлш хэрэглэхгүй байх энэ нөхцөлийг хангахад сангаас мөнгө зарцуулах гээд байна гэж байна. УИХ-д өргөн мэдүүлсэн 2040 оны ерөнхий төлөвлөгөөнд нийт иргэдийн 80 хувийг инженерийн шугам сүлжээнд холбогдсон амины болон нийтийн орон сууцаар хангана. Энэ хүртэл бид Гандан, Зурагт, Эх нялхасын орчимд "Дулаанбаатар" төслийн хүрээнд хийн болон цахилгаан түлшинд шилжүүлнэ.
Дүүжин тээврийн төсөл 2019 онд Монгол Улсын Засгийн газраар орж, УИХ-аар батлагдсан Франц, Монголын Засгийн газар хооронд байгуулсан гэрээ. Өөрөөр хэлбэл, Намайг хотын дарга, сайд болохоос өмнө хэрэгжиж эхэлсэн байсан. Миний бие ажлаа авснаас хойш энэ төслийн зарим байршил, буудлын газар чөлөөлөлтийн ажлыг хийж, суурь бага цутгах ажлыг хийж байна. 2026 оны гуравдугаар сар гэхэд хөдөлгөөнд орж, зургадугаар сард туршилт хийнэ. Цагт дунджаар 4800 орчим хүнийг Яармаг-Хархорин захын чиглэлд нэвтрүүлнэ. Одоогийн байдлаар хиймэл оюун ухаан бүхий камерын нэгдсэн системээр Яармагийн замын оргил ачааллын үед нэг цагт 90 мянган автомашин хотын төв рүү орохоор хөдөлгөөнд оролцож байна.
УИХ-ын гишүүн Д.Рэгдэл:
-Сангийн нэр монгол хэлээр биш байгааг асууж байна. Төслийн талаар хангалттай мэдээлэлтэй байгаа. Агаарын тухай хуульд бүсийн гэр хорооллын өрхийг хийн түлшээр хангаад урамшуулал олгоно. Энд хэчнээн зардал орохоор байна вэ?
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар:
-Бид сүүлийн үед дахин төлөвлөх гэдэг нэр томъёог ихээр ашиглаж байгаа. Тайлбар гаргадаг байгууллагууд тодруулах боломжтой. Бид 51 мянган айлыг хий, цахилгаан түлшээр хангахад төрөөс 90 тэрбум төгрөгийн татаас олгохоор байгаа.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:
-Замын хөдөлгөөний удирдлагын төв дээр ухаалаг технологи нэвтрүүлж, жолооч нар зөрчил гаргавал мэдээлэл хүргэж байгаа гэж ойлгосон. Хэчнээн камер суулгаж, ямар төрлийн зөрчил илрүүлж байгаа вэ. Үр дүн ямар байна вэ. Замын цагдаа нар идэр есийн хүйтэнд зам дээр зогсох уу. Даатгалын тухай хуульд цахимаар хохирол барагдуулдаг болъё гэж байна. Түгжрэл хэдэн хувиар буурах вэ. Сан байгуулж байгаа нь зөв. Сангийн хөрөнгийг ашиглахдаа БЗД, Хан-Уулын зарим хороод нэг га газарт 2000 хүн амтай байх жишээтэй. Цэцэрлэг сургууль, өрхийн эмнэлэггүй. Явган дугуйн зам тавих ажил хэр явцтай байна вэ. Тээврийн хэрэгслийн техникийн хяналт нийслэл дээр шилжсэн гэж ойлголоо. Дуу чимээ гаргаад давхидаг машинтай жолооч олширч байна. Энэ асуудлыг хяналтаар зохицуулах боломжтой юу?
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар:
-Авто тээврийн техник хяналтын үзлэгийг Зам тээврийн сайд хүсвэл нийслэлд хяналт тавих эрхийг шилжүүлж болно гэдэг зохицуулалт оруулж байгаа. Өнөөдөр хотод авто техникийн үзлэг явуулж байгаа байгууллагуудын 50 хувь нь Авто тээврийн үндэсний төвийн буюу төрийн өмчит компани, 50 хувийг хувийн хэвшил хариуцаж байна. Гарч байгаа нийтлэг зөрчил юу гэвэл, хабрид машины нүүрсэн янданг хууль бусаар импортлочихсон. Үзлэгт орохын өмнө үүдэнд нь 100 мянгаар сууриулуулж, үзлэгт оруулаад тайлж авдаг хууль бус бизнес явж байна. Би сая Зам тээврийн сайд руу бичиг явуулсан. Улсын үзлэгийн газрууд дээр нүүрсэн яндан дээр нь авто тээврийн хэрэгслийн арлын дугаарыг цифрлэж байгаа. Энэ ажлыг цэгцлэх үүднээс салбарын сайд хүсвэл ийм байдлаар явъя.
Дуу чимээ гаргадаг автомашины талаар НИТХ дээр нэр бүхий төлөөөлөгч нар тогтоол гаргаж, иргэдийн хүлцэх хэмжээг тогтоох санаачлагыг гаргасан.
Би Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа анх камерын нэгдсэн системийн ТЭЗҮ-г боловсруулж, үргэлжлүүлсэн. Энэ систем бүрэн ашиглалтад орж, есөн дэд төв байгуулагдсан. Одоогийн байдлаар 2606 камер бүрэн ажиллаж байна. Өнөөдөр 531.569 тээврийн хэрэгсэл оролцож байгаагаас 86.008 машин орон нутгийнх байна. Мөн 30210 машин татвараа төлөөгүй, 13007 үзлэгтээ ороогүй, 8440 машин 100 мянгаас дээш торгуулиа төлөөгүй, 29007 машин даатгалаа хийгээгүй, 340 мянган зөрчил бүртгэгдэж, 139.6 мянган машины жолоочид мессежээр мэдээллийг хэлж байна. Долоо хоногт дунджаар гурван төрлийн зөрчил дээр 5 сая төгрөгийн торгууль гарч байна.
Бид хянаж чаддаг систем рүүгээ орсон. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар орон нутагт орж байгаа торгуулийн орлогын 50-иас доошгүй орлогыг Камерын нэгдсэн системийг өргөтгөх зориулан хууль баталсан. Энэ хууль нийслэлийн төсвийн тодотголоор хэрэгжиж эхэлнэ.
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг асуулт, хариулт 60 минут/ хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 3 дахь хэлэлцүүлгийг хийж байна
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/ хийж байна. Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн танилцуулав.
УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Төсвийн тодотгол хэлэлцэх асуудлаар нэг зүйл асууя. Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн гэмт хэргийн шинжтэй мөнгө угаасан байж болзошгүй 7,3 их наяд төгрөг байгаа нь татварын нийт орлогын 26,7 хувьтай тэнцэж байна гээд гуйвуулчихав уу, үнэхээр ийм асуудал үүссэн үү. Маш өндөр хувь хэмжээ. Холбогдох албаныхан энд хариулт өгөөч?
Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн:
-Татварын ерөнхий хууль болон Мөнгө угаа, терроризмтэй тэмцэх тухай хуулиудад төрийн байгууллагууд мэдээлэл солилцож, хангах чиг үүрэгтэй байдаг. Тэгэхээр татварын албаны хяналт шалгалтын үйл явцад сэжигтэй байж болох гүйлгээнүүдийг хууль хяналтын байгууллагад мэдэгдэж, шилжүүлэх үүрэгтэй. Энэ хүрээнд НӨАТ-ыг хуурамчаар үйлдсэн байж болох, энэ гүйлгээний давхардалттай дүн, хонжворт тоглоомтой холбоотой гүйлгээнүүдийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Энэ мэдээллийг төсөвт орсон татварын орлоготой холбосон хэлбэрээр дүгнэсэн байна лээ. Тэрнээс биш бодитоор гарсан зөрчил биш. Уг дүгнэлтээр аудитын байгууллага тайлбар өгөх нь зүйтэй байх.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Өчигдөр Ерөнхий аудитор С.Магнайсүрэн дарга дүгнэлт танилцуулсан. Тэр дүгнэлтэд дурдагдсан тэр дүн бол ийм учиртай. Засгийн газрын гишүүдийг ажлаа сайн хийсэн гэдэг дүн юм. Татварын байцаагч нар татварын тайланд шалгалт хийж, илрүүлсэн зөрчлүүд нь мөнгө угаасан байж болзошгүй байна гэж хуулийн байгууллага руу шилжүүлсэн дүнг ярьж байгаа юм. Тэрнээс биш аудитын дүгнэлтэд зөрчил нь тусдаа дүн байгаа. Төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн мөнгийг угаасан байж болзошгүй гэдэг зөрчил огт биш. Татварын байцаагч нар зөрчил илрүүлж, тэрийгээ хуулийн байгууллагад хүргүүлснийг нь аудитын байгууллагад дүгнэлтдээ эш татаж оруулсан юм.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/-ийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
"Эдийн засгийн өсөлт 8 байсныг 5 болгон бууруулж байна"
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ явуулж байна. Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцууллаа.
УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
-Зарчмын зөрүүтэй санал гаргаж, Өвөрхангай аймагт хийж байгаа гэр хорооллын шугам сүлжээний ажлын гүйцэтгэлтэй санал гаргаж, Төсвийн байнгын хорооны хуралд дэмжээгүй саналыг дэмжилгүй босгож ирж байгаад баярлалаа. Энэ ажлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс авч, гүйцээлгэх байсан зарчмын зөрүүтэй саналаа эргүүлэн татаж байна.
УИХ-ын гишүүн Б.Заяабал:
-2025 оны төсвийн хүрээ, 2026-2027 оны дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт хийх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг болж байна. Энэ дээр эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг буулгасан асуудал орж ирж байна. Эдийн засгийн өсөлт8 байсныг 5 болгон бууруулж байна. Инфляцийн зорилтот хэмжээ 7 байсныг 9 хувь болгон нэмж байна. Төсвийн орлого, зарлагаа бууруулж байна. Эдийн засгийнхаа үзүүлэлтийг буулгасан ч энэ жилдээ өсөлтийн хэмжээгээ хадгалж чадах уу гэдэг дээр эргэлзэж байна. Нүүрсний үнийн асуудал маш доогуур болсон. Эдийн засгийн өсөлтийг авч ирэх зэсийн тооцоолол боловч энэ Оюу толгойн татварын маргаан 2-3 жил үргэлжилж байна. Ямар ахиц байна вэ. Дубайн гэрээг хүчингүй болгосон тооцооллын нэгтгэл Засгийн газар дээр дуусаагүй байгаа. Онтратай холбоотой асуудал яригдаж, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах асуудал яригдаж байна. Энэ маргаантай асуудлууд өсөлтийн тооцооллыг бүрэн хийх үү. Алт бол нүүрсний орлогыг нөхөж чадахгүй шүү дээ. Засгийн газар намар гэхэд хэдэн тонн алт авна гэж байгаа. Тэр алтаа гадаадын банкуудаас урьдчилан зээлж, ашиглах богино хугацааны төлбөрийн баланс дээрээ ашиглах талаар бодож байна. Эдийн засгийн 5 хувь хэмжээндээ барьж чадах уу?
Ажлын хэсэг:
-Эдийн засгийн өсөлтийг 2024 онд 8 хувь гэж баталж байсан бол энэ удаа 5.5 хувь болгон бууруулсан. Шалтгаан нь гадаад зах зээлээс үүдэлтэй Монголын экспортын орлого буурсан. Төсвийн орлого, зарлага буурсан. Эдийн засгийн өсөлт 5.5 хувиа хангахгүй байх эрсдэл бий. Үүний эсрэг Засгийн газар дээр тодорхой арга хэмжээг төлөвлөж байгаа. Гол хүчин зүйл бол энэ жил манайд хэрэгжиж байгаа зэсийн ордууд дээр агууламжийн өндөр үечлэлийн хэсэг рүү олборлолт эхэлж байгаа. Гол эх үүсвэр бол зэс байх болно. Ялангуяа Оюу толгойн олборлолт, Эрдэнэт үйлдвэр тогтвортой үргэлжилж байна. Мөн хөдөө аж ахуйн салбар 35 хувийн өсөлттэй байна. Бид хамгийн боломжит дундын тооцооллоор 5.5 хувийг оруулж ирсэн.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:
-Төсвийн хүрээний мэдэгдэл дээр эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр төсөөлж байгаа юм байна. Инфляцийг 6 руу буурна гэж харж байгаа юм байна. Бодит тооцооллыг хэрхэн хийсэн бэ. Хэт өөдрөгөөр төсөөлсөн юм биш үү.Сая инфляцийг 6 хувь өснө гэсэн боловч 10 хувь руу орж ирсэн. Хоёрт, эдийн засгийн хүндрэл үүсч, агшиж байна. Аль салбараас нөхөх вэ. Хөдөө аж ахуйгаас бусад нь буурсан үзүүлэлттэй байна. Мэдээлэл технологийн салбар бага зэрэг өссөн байна. Төсвийн 3 орчим их наяд төгрөгийг танана гэдэг маш их эдийн засгийг хумих бодлого шүү дээ. Энэ тал дээр тодруулж өгнө үү?
Ажлын хэсэг:
-Инфляци дээр 9.5 хувь гэж оруулж ирсэн. Монголбанкны зорилтот түвшин 8 хувь байдаг. Засгийн газрын хувьд Монголбанктай бодлогоо нийлүүлэх, 8 хувийг хангаж ажиллахыг хичээж байгаа. Төсвийн зарлагыг хасч байгаа нь төв банкны зорилтот түвшинтэй нийцүүлэх арга хэмжээ юм. Инфляци дээшээ өсөх эрсдэлтэй байгаа учраас бага зэрэг өндрөөр оруулж ирсэн. Эдийн засгийн өсөлтийг уул уурхай, тээврийн салбараас гадна хөдөө аж ахуйн салбараас нөхнө. Алт хөтөлбөр нь төсвийн орлогод нөлөөлөхгүй, валютын нөөцөд л нөлөөлөх арга хэмжээ.
УИХ-ын гишүүн Б.Түвшин:
-Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гээд төсвийг олон янзаар тодотгож байна. Энд хэн нэгнийг буруутгахаас илүү бүх хуулиуд нөхцөл байдалд хувьсаж, эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна. Төсвийн хүрээг тодотголоос үл хамааралтай болгох боломж ямар байна вэ. Төсвийн хүрээний агуулгын цаана ирээдүйн 3 жилд эдийн засгаа барина гэсэн агуулга явж байдаг.
Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал:
-Төсвийн хүрээний мэдэгдлийг манай яам хуулиараа оруулж ирж, түүнд нь Сангийн яам төсөв хийдэг ийм хууль эрх зүйн орчныг оруулж ирсэн нь дэвшил. Төсвийн хүрээг үргэлж хөндөхгүй, тогтвортой байлгахад хоёр арга зам бий. Эдийн засаг өсч байгаа гурван сар сайн ажиллана, орлого зарлага хоёулаа багасч байгаа үед бол зайлшгүй төсвийн хүрээг өөрчилж, түүнд төсвөө барьж, тодотгол хийхээс өөр аргагүй. Экспортын 50 хувь нүүрснээс хамааралтай. Энэ өөрөө нүүрсний үнэ хэлбэлзэлтэй, таамаглашгүй байгаа цаг үед 3 сар гэдэг хатуу тоо барих нь бэрхшээлтэй. Макро үзүүлэлтүүдийг олон улсын нөхцөл байдалтай уялдуулж шинэчилж байгаа ч тодорхойгүй байдлын индекс түүхэн дээд түвшинд хүрсэн. Экспортын 50 хувь нь нүүрснээс хамааралтай, төсвийн орлогын 23 хувийг нүүрс бүрдүүлдэг ийм улс гурван сараар тооцно гэдэг бол маш их бэрхшээл дагуулна. Бид төсвийн бодлого дээрээ эдийн засаг агшиж байгаа үед тэлэх, халж байгаа бол хумих бодлогыг барина. Магадгүй эдийн засаг агшиж байхад хэмнэсэн мөртлөө төсвийн алдагдал тооцож, түүн дээрээ эдийн засгаа тэлэх бодлого барихгүй, хүнд суртлыг арилгаж, зөвшөөрлийг шийдэх, гадаад зээл тусламж нэмэгдүүлэхгүй бол болохгүй. Тиймээс ирэх намраас баялаг бүтээгчдээ дэмжих хууль эрх зүйн орчныг бий болгоно.
УИХ-ын гишүүн Б.Түвшин:
-Эдийн засаг, хөгжлийн яаманд зардлын үр ашиг талаас тооцдог аргачлалыг нэвтрүүлэхийг хүсэх байна.
Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал:
-Төсвийн зарлагад шинэчлэл хийхгүй бол бид урагшлахгүй. Тийм учраас худалдан авагчийг оновчтой, хиймэл оюун ухааныг ашиглаж, хураангуй листийг технологи дээр хийхээс өөр замгүй. Дунд хугацаандаа ДНБ-нд эзлэх төсвийн орлого, зарлагын хувь хэмжээг бууруулах, эдийн засагт эзлэх төрийн хувь хэмжээ, оролцоог багасгах, хувийн хэвшлийн оролцоог дэмжихэд анхаарч ажиллана.
УИХ-ын гишүүд асуулт асууж дууслаа. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ хийж, эцэслэн батлуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
"Олон хүүхэд төрүүлсэн эхийг урамшуулахад 7,5 тэрбум шаардлагатай"
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа нарын 6 гишүүн 2025.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 60 минут/ хэлэлцэв. Хуулийн төсөл санаачлагч байхгүй учраас дараагийн асуудалтай хамт хэлэлцэхээр болов.
Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа танилцууллаа. Хуулийн төсөл 2 зүйлтэй 3.3.1.1 хэсэгт бөгөөд бага хүүхэд нь нэг нас хүрсэн гэснийг, 3.2 зүйлд бага хүүхэд нь нэг нас хүрэхэд байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нэг ба түүнээс дээш настай гэсэн болзлуудыг тус тус хасч хүүхэд тээн төрүүлсэн болон асарсан хөдөлмөрийг бодитоор үнэлэх зохицуулалтыг тусгасан болно. Энэ хууль нь 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Хуулийн төсөл батлагдсанаар Эхийн алдар нэгдүгээр зэргийн одон авах эхчүүдийн тоо 10154, хоёрдугаар зэргийн одон авах эхчүүдийн тоо 27140-өөр нэмэгдэх бөгөөд нийтдээ 7,5 тэрбум төгрөгийн нэмэлт зардал улсын төсөвт шаардлагатай болно. Энэ нь нийгмийн халамжийн нийт төсвийн 0,2 хувийг эзэлж, төрийн бодлого ялгаварлалгүй үйлчлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байна гэв.
Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцууллаа.
УИХ-ын гишүүд асуулт асуусангүй. Дэмжсэн, дэмжээгүй эсэхэд байр сууриа хэлж байна.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:
-Хуулийн төслийг дэмжихийг хүсч байна. Монгол Улс Хүүхдийн конвенцид нэгдэн орж, төрийн хүлээх үүргийг хүлээхээр олон улсын өмнө амлалт авсан. Гэвч харамсалтай нь бид хүүхдийг нэг нас хүртэл нь хүүхдийн тоонд оруулахгүй байх, нэг нас хүрээгүй бол олон хүүхэд төрүүлж өсгөсөн гэдэг тоонд оруулахгүй байх хуулийг олон жил мөрдөж ирсэн. Энэ нь хүүхдийн эрхийн асар том зөрчил. Олон улсад нэг нас хүрсэн байтугай эхийн хэвлийд байгаа хүүхдийг хүүхдэд тооцох эсэх асуудал маргаан өрнүүлж байна. Аль хэдийнэ эхийн хэвлийдээ бүрэлдэж, төрөөд, өсч байсан хүүхдийг хүүхэд биш гэж үзэж ирсэн төрийн бодлогыг нэн даруй өөрчлөх ёстой.
НДҮЗ-ийн гишүүнээр Г.Адъяаг нэр дэвшүүлэв
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-ийн даатгуулагчдыг төлөөлсөн гишүүн Ц.Сүхбаатарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон учир Монголын үйлдвэрчний эвлэл (МҮЭ)-ээс Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн, зөвлөх багш Горчинсүрэнгийн Адьяаг нэр дэвшүүлсэн юм.
Нэр дэвшигч Г.Адьяа 1987 онд ЗХУ-ын Москва хотноо Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөний дээд сургуульд хөдөлмөрийн эдийн засагч мэргэжил эзэмшиж, 2004 онд ОХУ-ын Хөдөлмөр, нийгмийн харилцааны академид эдийн засгийн ухааны окторын зэрэг хамгаалжээ. Сүхбаатар аймгийн хүнсний үйлдвэрээс 1974 онд ажлын гараагаа эхэлсэн тэрбээр 1987-1992 онд МҮЭ-ийн төв зөвлөлийн зохион байгуулагчаас ерөнхийлөгч хүртэл дэвшин ажиллаж, 2004 онд Улсын их Хурлын гишүүнээр сонгогдож байв. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөхөөр 2008 оноос, МҮЭ-ийн Холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар 2012 оноос ажиллаж байгаад 2021 оноос өнөөг хүртэл МҮЭ-ийн Холбооны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуульд багшилж байна.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн Г.Адъяаг томилох, Үндэсний зөвлөлийн гишүүнээс Ц.Сүхбаатарыг чөлөөлөх саналыг Байнгын хорооны тухайн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Санал хураалтыг үдээс хойш явуулахаар болов.
Бүгд найрамдах Тринадад ба Тобагоги улстай дипломат харилцаа тогтооно
Бүгд найрамдах Тринадад ба Тобагоги улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулав. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар танилцууллаа.
УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
-Монгол Улсаас гадаадад суугаа Элчин сайд, Консул, төлөөлөгчийн газрын ажилчдын ажлыг хэрхэн дүгнэж байна вэ. Эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, соёлын харилцааг өргөжүүлэх ажлыг хэр тооцдог вэ. Монгол Улс нүүрс дээр тогтож байна. Эдийн засгаа солонгоруулах хэрэгтэй байна. Нүүрсний үнэ унахад төрийн алба хаагчдын халаас руу, аймаг нийслэлий төсөв рүү орж, сандралдаад эхлэх юм.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
-Гол үүрэг бол улс төр, дипломатын аргаар улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах ийм үндсэн үзэл баримтлалтай байдаг. Гадаад харилцаа сүүлийн жилүүдэд онцгой тэлж байгаа. Төсөв, үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдэж байна. Манай дипломатуудын тоо өсөөгүй. Цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг. Бусад адилхан хөгжиж буй орнуудтай харьцуулахад бид 3-4 дахин бага хүний нөөцтэй, цалингийн хувьд дэлхийн дунджаас 40 хувиар бага цалин авдаг. Гэсэн хэдий ч мэргэжилдээ дуртай, маш чадвартай гэдгээрээ олон улсад гайхагддаг. Энэ чадвараараа гадаад харилцааг сайн авч яваа. Дипломатуудын хувьд даалгавраа авчихсан бэлэн байгаа. Хэзээд ажиллаж, хэний ч бараа бүтээгдэхүүнийг борлуулахад бэлэн. Бид шилжиж байгаа улсын хувьд аж ахуйн нэгжүүдээ дэмжих тал дээр соёлын хувьд өөрчлөгдөж, хугацаа алдсан. Тодорхой хэмжээнд ажиллаж байгаа. Соёл, боловсрол, аялал жуулчлал гээд зөөлөн хүчний бодлогын чиглэлээр маш сайн ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
-Мега 14 төслийн ихэнх нь гадаад харилцаатай хамааралтай. Жишээлбэл, Орхон, Хэрлэн тоонот хоёр томоохон усны төсөл. Энэ төслийг хэрэгжүүлэхэд зайлшгүй хоёр талтайгаа ярьж, хэлэлцэх шаардлагатай. Гадаад харилцааны яам энэ ажилд анхаарч ажиллаарай.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:
-Гадаад харилцааны яамны сүүлийн 4-5 жилийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаа. Олон улсын том уулзалт, чуулган арга хэмжээг зохион байгуулж, гадаадын нэр хүндтэй зочдыг урьж байна. Удахгүй Японы Эзэн хаан айлчлахаар төлөвлөж байна. Бид гадаад харилцаагаа өргөжүүлээд явах нь зөв. Бүгд найрамдах Тринадад ба Тобагоги улс 1,3 сая хүн амтай. ДНБ нь 28 тэрбум ам.доллар буюу Монгол Улсаас гурав дахин их, цөөн хүн амтай, Карибын тэнгисийн арлын жижиг улс. Бид гадаад харилцаагаа хөгжүүлэхдээ жижиг орнуудын амжилттай туршлагаас хуваалцаж, судлах нь зүгээр. Том гүрнүүдтэй хөрөнгө оруулалт татах чиглэлээр хамтарч ажиллах хэрэгтэй. Бүгд найрамдах Тринадад ба Тобагоги улс Карибын тэнгисийн улс орнуудын төв нь байдаг. Уул уурхай, газрын тос, газ дээр хариуцлагатай бодлого баримталж ирсэн. АНУ, Англи, Голланд, Франц, Канад гээд бүх улсаас хөрөнгө оруулалт татаж чадсан.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
-Манай гадаад бодлого тэлж байгаа. Бид Төв Азийн орнуудтай адил хөгжиж буй орнуудтай 30-аад жил харилцаа тогтоогоогүй шахуу байсан. Сүүлийн хоёр жил адилхан хөгжиж буй орнуудтай харилцан ярилцаж, туршлага судлах зүйл олон байдаг юм байна. Амжилттай төслүүдээ бие биедээ хуваалцаж, аж ахуйн нэгжүүдээ холбох нь үр ашигтай гэдэг дээр санал нэг байгаа. Энэ дөрвөн жижиг улстай туршлага судалж, салбар яамдуудтай холбоно. Гадаад хөрөнгө оруулалт, банкны тухай хууль илүү боловсронгуй биш байгаа нь нэг төрлийн саад болж байна. Яамдууд гадаад харилцаагаа хөгжүүлээгүйгээс энэ асуудал хөгжихөд тушаа болдог.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:
-Бид Япон улстай 2016 онд хэлэлцээр байгуулж, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экпортлох байсан боловч сүүлийн 10 жил худалдааны алдагдал нь нэмэгдсэн. Япон автомашин, уул уурхайн хүнд техник байгаа боловч манай үйлдвэрлэлийг дэмжих хэлэлцээрийн үр дүн гараагүй. Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яамны дунд энэ асуудал орхигдож байна. Ирэх жил 10 жилий ой тохионо. Энийг ажил болгох шийдэл байгаа юу?
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
-Япон улс Монгол Улстай нээлттэй харилцаатай, гуравдагч хөршийн нэг. Тэр утгаараа тус улсын Эзэн хаан Монголд айлчлал хийх гэж байна. Асуудал дандаа дотоодод байдаг. Энэ хэлэлцээр байгуулаад 10 жил болж байхад бараа бүтээгдэхүүнээ гаргаж чадахгүй байна гэдэг манай талын буруу. Тийм учраас манай бараа бүтээгдэхүүн экспортлох боломж байвал Японы талаас худалдаж авья гэдэг. Энэ хэлэлцээрийг сунгах эсэхийг Эдийн засаг, хөгжлийн яам хариуцаж байгаа.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
-Монгол Улсад Эрүүл мэндийн дэмжих сангаас зарцуулдаг, гадаадад эмчлүүлдэг хэдэн нэр төрлийн эмчилгээнүүд байгаа. Монголд эмчлэх боломжгүй учраас гадаад руу явж эмчлүүлдэг. Монголд эмчлүүлэх боломжтой ч арга мухардаж, гадаад руу авч явж байгаа олон монгол хүн бий. БНСУ, Хятад, Тайланьд гээд. Гадаадад байгаа Элчин сайдын асуудал дээр статистиктай мэдээлэл байна уу. Олон нийтийн сүлжээний мэдээллийг харахаар иргэд луйвардуулж, хохирч байна гэдэг. Хэдийгээр хоёр улсын дипломат гэрээний асуудал ярьж байгаа ч БНСУ, Японд энэ асуудал дээр анхаарал дутмаг байдаг юм болов уу. Хямд эмчилгээ хийж байгаа орнуудад ямар бодлого баримталж байна вэ?
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
-Монголчууд Турк, БНСУ, БНХАУ-д голдуу эмчилгээ хийлгэхээр явж байна. БНСУ-д ихэнх нь бий. Яг одоо тоо хэлэх боломжгүй. Хувийн мэдээллийг тэр болгон мэдээлдэггүй. БНСУ-д 60 гаруй мянган монгол иргэн амьдарч байгаагийн тал нь хууль бусаар оршин сууж байна.
"Монгол Улсын гадаад харилцаа 800 жилийн өмнөхтэй адил түвшинд байна"
Эсватинй хаант улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулав. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Хосбаяр танилцууллаа.
УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Б.Бейсен:
-Эсватини хаант улс аль тивд байдаг вэ. Монгол Улстай ямар чиглэлээр хамтран ажиллах вэ. Дипломат харилцаа тогтоочихоод асуудлыг нь УИХ дээр унагаадаг асуудал байгааг хэлж байна. Казахстан улсад 1990 онд хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар очсон улсууд 10 гаруй жил ажиллаад хүрээд ирсэн. Одоо тийшээ нүүж очсон улсууд ч байгаа. Энэ хүмүүсийн тэтгэврийн асуудал шийдэгдэхгүй байгаа. Тэгэхээр энэ асуудалд анхаарахгүй бол болохгүй. Монгол Улсаас гараагүй улсууд ч байгаа. Гэтэл иргэншлээс хасагдаж, Монгол Улсын иргэн болоогүй байх жишээтэй. Нийт 15-20 жил Казахстан улсад амьдарч ирээд ажилд орж, тэтгэвэр авч, иргэншилтэй болж чадахгүй байна. Танай яаманд энэ асуудлаар хэдэн хүн хандсан бэ?
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
-Эсватини хаант улс Африкт байдаг. Бид гадаад бодлогын зорилгын хүрээнд НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилт тавьсан байдаг. Найрамдалт харилцаатай байхаар заасан. Өнөөдрийн хэлэлцүүлж байгаа дөрвөн улстай дипломат харилцаа тогтоосноор дэлхийн бүх улстай дипломат харилцаатай болох юм. Ийм улс орон цөөн байгаа. Монгол Улсын гадаад бодлогын ололт юм. Ингэснээр ямар нэгэн эрсдэлд орохгүй.
Казахстанд байгаа иргэдийн олон асуудал байдаг. Монгол Улсын иргэншлээ авахын тулд Гадаадын иргэн харьяатын газар, Хууль зүй дотоод хэргийн яамаар дамжуулан Ерөнхийлөгчид хүргэгддэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал. Яг одоо нэгдсэн тоон мэдээлэл алга. Эргэн мэдээлье. Монголын иргэншлээс гараагүй мөртлөө Казахстаны иргэншил авсан олон газар байдаг мөртлөө эргээд ирдэг хүмүүс ч бий. Казахстанд 10-20 жил болчихоод Монголын иргэн болох хүсэлтэй иргэд ч бий.
УИХ-ын гишүүн Б.Бейсен:
-Эсватини хаант улстай аль салбараар хамтран ажиллах вэ. Казахстанаас ирсэн иргэд болон Монголоос гараагүй мөртлөө иргэншлээс хасагдсан иргэд байгаа. Шинээр төрсөн хүүхдүүд нь иргэншилгүй байгаа. Сая Элчин сайд нь ирэхэд энэ асуудал хөндөгдсөн үү?
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
-Бид Эсватини хаант улстай далайд гарцгүй хөгжиж байгаа улсын чиглэлээр хамтран ажиллана. Хоёрт, чихрийн нишинг тарьдаг улс. Бид цаашдаа эрх зүйн баримт бичгүүдийг судалж, байгуулах чиглэлээр хамтран ажиллана. Сая Казахстаны гадаад харилцааны сайд ирэхэд энэ асуудлыг яриагүй.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Манай гадаад харилцаа сайн байгаа байх. Одоогоос 800 жилийн өмнө гадаад харилцаа сайн байсан байх. Одоо цагт тэр түвшиндээ хүрч чадаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, салбарын сайдад талархал илэрхийлье. Хэдэн оронд Элчин сайд томилох гэж байна вэ. Бид хэдэн ч эзэнт гүрэнтэй байсан билээ дээ. Одоо дэлхийн дэг журам өөрчлөгдөж, дэлхийн гуравдугаар дайны ирмэг дээр ирлээ гэдгийг судлаачид хэлж байна. Манай гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлого хэрхэн явж байна вэ. Засгийн газрын ажлаа сайн хийж байгаа Б.Батцэцэг, Н.Учрал нараас гадна Г.Дамдинням сайн ажиллах байх гэсэн найдлага байна.
Санал хураалтыг байнгын хорооны хурлын дараа явуулна.
Барбадос улстай дипломат харилцаа тогтоох тухай хэлэлцэнэ
Барбадос улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулав. Төслийн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл танилцууллаа.
УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:
-Карибын тэнгисийн жижиг арлын улстай дипломат харилцаа тогтоож байгаа нь сайн хэрэг. Гэхдээ зүгээр нэг хоорондоо визгүй зорчих юм уу, харилцаа тогтоогоод дуусч болохгүй. Энэ улсаас сурах зүйл их байгаа. Миний хувь тус улсад олон улсын төслийн зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай. Хүн ам нь 300 мянга хүрэхгүй жижиг улс. Гэхдээ жилд 1,3 сая жуулчин хүлээн авч байгаа. Өөрсдийн байршил, АНУ болон Англи улстай цагийн зөрүүгүй байдлаа ашиглан жуулчдыг ихээр татдаг. Согтууруулах ундаан дээр өөрсдийн брэндийг үүсгэж, бүтээгдэхүүнтэй болсон. Ямааны махыг төрөлжүүлэхэд анхаарч, олон улсад хөрөнгө оруулалт хийж танигдаж байна. Үүний үр дүнд ДНБ нь 11.5 тэрбум ам.доллар буюу Монгол Улсаас нэг хүнд ногдох нь 4-5 дахин их байгаа. Ийм цөөн хүн амтай улс сайхан амьдарч болж байна. Олон улсад танигдсан алдартай хүн гэвэл Рианна дуучин байна. Энэ дуучинтайгаа аялал жуулчлалын тал дээр маш их хамтран ажиллаж, АНУ-аас олон жуулчин татсан. Монгол Улс цаашдаа аялал жуулчлалын үйлчилгээгээ сайжруулж, дотоодын аялал жуулчлалаа хөгжүүлэх ёстой. Барбадос улсын аялал жуулчлалын стратеги төлөвлөгөө гэж байдаг. Энэ тал дээр хамтран ажиллах уу?
Гадаад харилцааны яамны Бодлогын газрын захирал Г.Бямбасүрэн:
-Барбадос улстай дипломат харилцаа тогтоох асуудлыг АНУ-ын Нью-Йорк дахь байнгын төлөөлөгчийн газраараа дамжуулан хэлэлцсэн. Цаашдаа дипломат харилцаа тогтоосноос хойш аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт туршлага солилцохоор төлөвлөсөн.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Би Гадаад харилцааны яамыг маш сайн ажиллаж байгаа гэж боддог. Баг хамт олонд талархал илэрхийлье. Гагцхүү улс төрийн эрсдэлийг тооцож чадахгүй байна. Бид олон улстай дипломат харилцаа, гэрээ байгуулж байгаа ч улс төрийн нөхцөл байдал хэлсэн амандаа хүрдэггүй, буцдаг байдлыг бий болгож байна. УИХ-ын гишүүд олон улсын тавцанд өгсөн амлалтаа биелүүлдэг байя. Улс төрийн шалтгаанаар Казахстаны хэлэлцээрийг унагаасан. Соёрхон батлах үйл явцыг удаашруулсан. Шинэ сайдад энэ асуудлыг 2018 оноос 19 удаа хэлэлцээр хийсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Казахстанд очиж, гарын үсэг зурсан хэлэлцээрийг бид унагаасан. Одоо энэ удаагийн чуулганаар орж чадсангүй. Ирэх Лхагва гаригт чуулган хаах гэж байна. Ирэх намрын чуулган эхэлтэл 2-3 сар өнгөрнө. Энэ хугацаанд тус улсад амьдарч байгаа монгол иргэд тухайн улсад ажилласныхаа төлөө төлсөн шимтгэлээ авч чадахгүйд хүрч байна. Тус улс бол 1998 оноос хойш хуримтлалын тогтолцоонд шилжиж, та хэдийг төлнө үү, төдий хэмжээнд дансанд нь мөнгө нь хуримтлагдаж, тэтгэвэртээ гарахдаа нэг удаа татвар төлж бүтнээр нь мөнгөө авах боломжтой, өвлүүлэх боломжтой юм.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Дэмжиж байна. Монгол Улс НҮБ-ын гишүүн орнуудтай том, жижиг гэлтгүй дипломат харилцаа тогтоох ёстой. Энэ улс 300 мянга хүн амтай мөртлөө ДНБ ямар өндөр байж, хөгжлийн гарцаа яаж тодорхойлсон юм бэ гэдгийг сая хэллээ. Элчин сайдуудын ажлыг дүгнэх асуудлыг өөр шалгууртай болгомоор байна. Нэгдүгээрт, Монголд хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг хэрхэн сэргээхэд хувь нэмрээ оруулж, гадаад паспортыг хүчирхэгжүүлэхэд хэрхэн хувь нэмрээ оруулсан гэдэг асуудал. НҮБ-ын гишүүн 200 орноос Монголын паспорт 69-д жагсч байна. Визгүй нэвтрэх орны тоо хэмжээ бага байна гэсэн үг. Төрийн айлчлал хийсний дараагаар ажил хэрэг болж чаддаггүй учраас нэр хүнд унаж эхэлдэг. Гадаад харилцааг эдийн засаг руу уях, хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай байна.
Санал хураалтыг Төсөв болон Төрийн байгуулалтын байнгын хорооны дараагаар явуулна.
Санал хураалтыг хойшлууллаа
Хууль баталсантай холбоотойгоор авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг танилцуулав.
УИХ-ын гишүүд асуулт асуусангүй. Санал хураалтыг хойшлууллаа.
ХХОАТ-ын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх дүгнэлтийг хэлэлцэж байна
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 05 дугаар дүгнэлт /Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/ хэлэлцэж байна. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг ҮХЦ-ийн гишүүн Ц.Цолмон танилцуулсан бол Хууль зүйн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал танилцуулсан юм.
Зургадугаар дүгнэлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн Цэцийн дарга Г.Баясгалан, ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан, Э.Энхтуяа, Ц.Цолмон, Б.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан нээлттэй хуралдсан. Мэдээлэл гаргагч иргэн Э.Болор-Эрдэнэ, О.Батхүү, Э.Тамир, С.Номынбаясгалан түүний өмгөөлөгч З.Тамир болон УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, шинжээчээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор Б.Буянхишиг нар оролцсон.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзсэн байна.
УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Энэ шийдвэрийг хүлээж аваасай. Анхны хуулийн зорилго нь татвараас зугтаж байгаа иргэдийн татварыг бүрэн авахын тулд үнийн манипуляци хийдгийг зогсоох байсан. Татвараас зугтаах агуулгаар борлуулж байгаа үнээ хоорондоо тохиролцож бууруулдаг явдал байдаг. Гэхдээ энэ маань эргээд бусад шударга иргэдийн эрхэд халдаж болохгүй. Татвараа зөв авах нь нэг хэрэг. Нөгөө талдаа иргэд өөрсдийнхөө хөрөнгийг борлуулахдаа заавал өмнөх үнээсээ дээшлүүлж борлуулах эсэхийг үгүйсгэж, эрхэнд нь халдаж болохгүй. Хүний эрхийг бүрэн хангах ёстой. Миний хувьд дүгнэлтийг дэмжиж байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд, ажлын хэсэг гаргаж, холбогдох өөрчлөлтийг хийхээр ажиллаж байна. Гишүүд дэмжээд өгөөрэй. Гол зорилго нь иргэд шударгаар үл хөдлөх хөрөнгөө борлуулж байгаа асуудал бий. Гэтэл иргэд хожмын гэрээ байгуулах үеэр энэ аргыг буюу хэт үнээ бууруулж явсны үр дагаврууд зарим жишээн дээр гардаг. Тодруулбал, хоёр гэрээ байгуулаад, татвараас зайлсхийх зөрчлийг шууд үйлддэг. Хамгийн бага үнэтэйгээ бүртгэлд бүртгүүлнэ. Нөгөө талдаа худалдагч, худалдан авагч талын хооронд маргаан гарч, бага үнийн дүнгээр үл хөдлөх хөрөнгөө өгсөн хүмүүс энийг ашиглан гэрээгээ цуцлах, буцах тохиолдлууд гардаг. Энэ дээр иргэд хохирдог юм. Шүүх, цагдаагаар олон жил явж, үл хөдлөх хөрөнгөө эргэлтэд оруулж чадахаа байдаг. Гамшиг осолд үл хөдлөх хөрөнгө нь өртөхөөр үнэлгээ нь буурчихдаг. Ийм асуудалд эрсдэл гарах магадлалтай. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэл дээр 1990 оноос хойш шинэчлээгүй 2 сая төгрөгийн үнэлгээтэй байх жишээтэй. Ийм зөрүү гардаг юм.
Санал хураалтыг түр хойшлуулж, дараагийн асуудлыг хэлэлцэж байна.
Чуулганы хуралдаанаар 16 асуудлыг хэлэлцэнэ
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа:
-Чуулганы хуралдаанаар 16 асуудлыг хэлэлцэнэ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслийг УИХ-ын гишүүн П.Батчимэг нарын есөн гишүүн 2025 оны долдугаар сарын 3-нд өргөн мэдүүлснийг Хууль зүйн байнгын хороонд, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн Д.Рэгдэл нарын гурван гишүүн 2025 оны долдугаар сарын 3-нд өргөн мэдүүлснийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд тус тус хуваарилсан.
БААСАН ГАРАГ /2025.07.04/ |
|
| |||
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ | |
НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН | |||||
1 | · Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 05 дугаар дүгнэлт /Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/ · Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал · Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа нарын 6 гишүүн 2025.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 60 минут/ · Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 9 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 60 минут/ · Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 60 минут/ · Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ | 10.00 | “Их хуралдай” |
Нэргүй 3 цагийн өмнө 81.9.119.60
!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.190.72
Бүгд найрамдах Тринадад ба Тобагоги улстай дипломат харилцаа тогтооно гэнэ үү. Ишш ингэж яах гэсэн юм бол доо. Батцэцэг нэг сүрхий Монгол улсын гадаад харилцааг өргөжүүлсэн нэр зүүх гэж африк латин америкийн бидэнд онцын ач холбогдолгүй улсуудтай дипломат харилцаа тогтоосон болж төсвийн зарлагыг тэлж байна. Дипломат харилцаа тогтоохоор дагаад төрийн албан тушаалтан нэмэгдэх нь дамжиггүй юм. Ийм дэмий юм хийхээ болих хэрэгтэй.
зочин 2025-07-04 202.126.90.159
Үндсэний аудитын газрын дүгнэлтийг өмнөөс нь Сангийн сайд, Татварын ерөнхий газрын дарга нар тайлбарлачих юм аа. Битгий ш** л даа п***а нараа
Нэргүй 2025-07-04 66.181.183.70
Хүн амын өсөлт одоо эрс буурчаад байна. 90-2000-аад оны төрөлт унасны нөлөө одоо тусгалаа олж байна. Дээр нь хэт соёлтой эцэг эхчүүд 1-2 хүүхдээр хязгаарлаад байна. Төрөлтийг урамшуулах ганц арга бол 4 хүүхэд төрүүлсэн эхэд 50 сая төгрөг өгдөг болое.
Нэргүй 2025-07-04 202.70.43.34
Хүн амаа өсгөхөд учир бий, ТӨрөөс Бодлого хэрэгтэй, ЭНэ газар нутаг олон сая хүн аж төрөх нөөц бололцоотой юу ? Дээр нь Монгол эрчүүд боловсролгүй, ажилгүй, мөнгөгүй, зэрлэг балмад болохоор Монгол эрчүүдтэй амьдраад утга бна уу
Тогоо 2025-07-04 202.55.188.81
Монголтой суухгүй гэвэл х***а л олдоно шд. өөр хэн олдох вм бэ, чамд
зочин 2025-07-04 103.229.123.252
Олон хүүхэд төрүүлсэн гэдэг шалгуураар гэхээсээ цөөн хүүхэд төрүүлж сайн хүмүүжилтэй, боловсролтой, эсхүл сайн мэргэжлийн ур чадвартай, хөдөлмөр ч гэх зэрэг эх орондоо хэрэгтэй хүн болгосон эхийг урамшуулах нь зүйтэй.