Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр энэ оны долоодугаар сарын 4-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 11429 хүрээд байна. Үүнээс 10076 хүн эдгэрсэн бол 554 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн дийлэнх нь дунд 446, хөнгөн 69 байгаа бол 37 нь хүнд, хоёр нь нэн хүнд байгаа талаар тус төвөөс мэдээллээ. Гэрийн нөхцөлд 792 хүн эмчлүүлж буй бөгөөд уг өвчний улмаас нас барсан 7 хүн, хавьтал болсон 89855 хүн байна.
Өвчлөл насны бүлгээр авч үзвэл хамгийн олон тохиолдол 10-14 насныхан 4591 тохиолдол, мөн 0-4 насны 2336, 15-19 насныхан 1492 тус тус бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын хавьтлаас улаанбурхнаар өвдөөгүй бол 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлж, дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.
С.УЧРАЛ
Холбоотой мэдээ