"Монгол Улсад орж ирэх валютын урсгал багассан"

Хуучирсан мэдээ: 2025.07.03-нд нийтлэгдсэн

"Монгол Улсад орж ирэх валютын урсгал багассан"

"Монгол Улсад орж ирэх валютын урсгал багассан"

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтоос төсвийн тодотголтой холбоотой асуудлаар тодрууллаа.


-Засгийн газрын үйл ажиллагаанд энэ удаагийн тодотгол яаж нөлөөлөх вэ?

-Ер нь бол хүнд байгаа. Монгол Улсын гадаад, дотоод нөхцөл байдал хоёулаа маш хүндрэлтэй, төвөгтэй, бэрхшээлтэй байна. Гадаад нөхцөл байдлын тухайд дэлхийн Орос, Украины дайн гэж байдаг байсан бол Иран, Израилийн асуудал, Хятад, Америкийн асуудал, АНУ-ын худалдааны тарифын дайн зэрэг иймэрхүү асуудлууд маш их гарч байна.

Монгол Улсын эдийн засаг үндсэндээ уур уурхай дээр тогтож байна. Гэтэл одоо уул уурхайн бүтээгдэхүүнийг ганцхан Хятад улс экспортолж байна. Экспортын үйл ажиллагаа гарч байгаа уул уурхайн бүтээгдэхүүний үнэ их хэмжээгээр унасан. Мөн гарч байгаа тоо хэмжээ нь багасч байгаа. Тийм болохоор үүнийг дагаад үндсэндээ Монгол Улсад орж ирэх валютын урсгал багассан. Үүнийг дагаад борлуулалтын төсвийн орлого багасч байна. Түүнтэй холбоотойгоор үндсэндээ бид төсвийнхөө зардлаа санхүүжүүлэхэд бэрхшээлтэй болсон.

Дотооддоо бас иргэдийн худалдан авах чадвар харьцангуй сайн биш байна. Бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна. Иймэрхүү байдлууд дотоод нөхцөл байдалд хүндрэлтэй байгаа. Тийм учраас Монгол Улсын Засгийн газар төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн. Бас 3.3 их наядаар төсвийн зарлагыг бууруулж байгаа. Тодорхой хэмжээгээр төсөв алдагдалтай болно. Зардлаа танах, төр өөрөө бүсээ чангалахаас аргагүй болсон. Нийт Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаанд хүндрэлтэй байдал үүсгэж байна. Мөн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, ард иргэдийн амьдрал ч гэсэн таатай сайн байхгүй байна. Гэхдээ бид үнэнтэй эвлэрч, ард иргэдэд юмыг зөв ойлгуулж, энэ хүндрэлтэй бэрхшээлтэй байдлыг илүү төр, засгийн газар өөр дээрээ ачааны хүндээ үүрч, иргэдээ бага хямрааж бэрхшээлтэй байдлыг давахын тулд ажиллаж байна.

-Засгийн газар тухайлбал, түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх, үнийг өсгөх тал дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Бид Хятад улстай нүүрснийхээ экспортыг нэмэгдүүлэх, уул уурхайн биржийн үйл ажиллагааг сэргээх чиглэлээр тодорхой үйл ажиллагаанууд хийж байна. Манай экспортын гол орлого нүүрс дээр тогтож байгаа. Тийм болохоор үнэ нь буурсан ч гэсэн гарах гарцаа буулгахгүй байх. Энэ жил 100 сая тоннд хүргэх зорилтоо биелүүлчих юм сан гэдэг зорилт тавин ажиллаж байна. Төсвийн тодотголыг дагуулаад Алт-3 хөтөлбөрийг сэргээж байна. Монгол Улсын валютын нөөцөд алт шууд нөлөөлдөг. Тийм болохоор алтны олборлолтыг нэмэгдүүлэх энэ чиглэл рүү тогтоолын төсөл өргөн барьсан байгаа. УИХ дэмжвэл тодорхой дэм болох байх гэж харж байна.

Дараагийн нэг асуудал нь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэл, дэмжлэгийг сэргээх энэ чиглэл рүү сайн анхаарч ажиллах хэрэгтэй байна. Яагаад гэвэл бид гаднаас зээл авах зээлийн багтаамж багатай болсон.

-Энэ удаагийн засгийн газар тогтвортой байх, амласан зорилтуудаа биелүүлэхэд яаж гадны хөрөнгө оруулагчдыг итгүүлэх вэ?

-Манай улстөрчид өөрсдөө хэт попрох,  ард түмэнд таалагдахын тулд эх оронч дүр эсгэх иймэрхүү байдал нь гадны хөрөнгө оруулагчид болгоомжлох, Монгол Улсад хөрөнгө оруулахгүй, үл итгэх энэ нөхцөлийг бүрдүүлж байгаа нэг талаасаа. Нөгөө талаасаа Монголын төрийн албан хаагч нарын хууль бус дарамт шахалт, хүнд суртал хөрөнгө оруулагчдын Монголд хөрөнгө оруулах итгэлийг сэргээхэд саад болж байгаа. Тийм болохоор улсын эдийн засгаа сайжруулах, ард иргэдийн амьдралыг сайжруулахад хөрөнгө оруулалтыг яаж нэмэгдүүлэх вэ, харилцан ашигтай байх вэ гэдэг дээр анхаарах ёстой.

Урьд нь Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээ гээд яах аргагүй алдаатай гэрээнүүд хийгдсэн. Энэ алдааг өмнөх засгийн газрууд зассан. Ийм алдаанууд дээр ард иргэд үл итгэдэг болсон. Үүнээс болоод цаашдаа гадны хөрөнгө оруулалт орж ирэхэд гаднынхан илүү хождог, монголчууд илүү хохирдог гэсэн ойлголт суучихаад байгаа. Тийм бол харилцан ашигтай байх ёстой. Өнгөрсөн Засгийн газар Гашуунсухайт Ганцмод хил холболтын төмөр зам дээр харилцан ашигтай байх энэ асуудлыг хэлэлцэж  шийдвэрлээд, бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Мөн Франц улсын засгийн газартай, компанитай ураны хэлэлцээр байгуулж, Монгол Улсад ашигтай байх, байгаль орчинд ээлтэй, хор хохиролгүй байх тал дээр тодорхой томоохон хөрөнгө оруулалт, гэрээ хийхээр явж байна. Өмнөх алдаан дээрээ суралцаад цаашдаа харилцан ашигтай байх, илүү Монгол Улс, иргэд хожих ийм томоохон төслүүдийг хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа.

С.Учрал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж