Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Япон улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Япон улсын Үндсэн хуульд “Эзэн хаан нь Япон улсын бэлгэ тэмдэг бөгөөд Японы ард түмний эв нэгдлийн бэлгэдэл юм” гэж заасан байдаг. Эзэн Хааны гадаад харилцааны гол үүрэг нь Япон улсын бэлгэдлийн хувиар гадаад улс орнуудтай найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх юм.
Эзэн хаан Нарүхито 2019 онд хаан ширээнд сууснаас хойш хоёр удаа л гадаадын улс оронд төрийн айлчлал хийсэн бөгөөд гадаадын улсад хийх гурав дахь айлчлалаа Монгол Улсад хийх гэж байна.
- Бүгд Найрамдах Индонез Улс
Япон улс, Бүгд найрамдах Индонез улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой болон Япон улс, АСЕАН-ы найрамдалт харилцааны 50 жилийн ойн хүрээнд 2023 оны зургадугаар сарын 17-23-ны өдрүүдэд төрийн айлчлал хийсэн.
Тус улсын ерөнхийлөгч В.Жоко гэргийн хамт угтан авч, “Богор” буюу ерөнхийлөгчийн ордонд хамтдаа мод тарив.
Айлчлалын хүрээнд Япон улсын Хөгжлийн албан ёсны тусламжийн санхүүжилтээр 2019 оны гуравдугаар сард ашиглалтад орсон Жакарта хотын Нийтийн хурдан галт тэрэгний “Lebak Bulus” өртөө дахь удирдлагын төв болон галт тэрэг засварын үйлчилгээний төв, хоёр тэрбум иенийн буцалтгүй тусламжийн хүрээнд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн Жакарта хотыг үер, уснаас хамгаалах “Плиут ус зайлуулах төв станц”, 1960-аад онд Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан “Элс, хөрсний нүүлт хөдөлгөөнийг хянах төв”-ийн үйл ажиллагаатай танилцсан.
Цог жавхлант эзэн хаан, эрхэм дээд хатан нар БНИУ-ын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан улс төр, батлан хамгаалах, шинжлэх ухаан зэрэг салбарын нэрт зүтгэлтнүүдийг оршуулсан “Калибатагийн баатруудын бунхан”-д хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөж, Үндэсний музей болон соёл, боловсролын байгууллагуудаар зочилсон.
- Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улс
Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улс (ИБУИНХУ)-ын хаан III Чарьлзын урилгаар 2024 оны зургадугаар сарын 22-29-ний өдрүүдэд төрийн айлчлал хийсэн. Энэ нь 1998 оноос хойш буюу 26 жилийн дараа болсон айлчлал гэдгээрээ онцлогтой байв.
Ханхүү Виллиам зочид буудлаас нь тосон авч, хаан III Чарльз, хатан Камилла нар Букингемийн ордонд албан ёсоор угтан авсан. Угтах ёслолын үеэр “Грин Парк” цэцэрлэгт хүрээлэнд 41 удаа их буугаар ёслолын буудлага хийсэн.
Букингемийн ордонд Их Британийн Хаан хүндэтгэлийн үдийн зоог барьж, энэ үеэр Япон улсын цог жавхлант эзэн хаан Нарүхитод Их Британийн төрийн дээд шагнал “Гартерын одон” гардуулж, Их Британийн хаан III Чарльзад Япон улсын төрийн дээд шагнал болох “Том удвал цэцгийн одон” гардуулсан.
Айлчлалын хүрээнд эрхэм дээдсүүд Виндсор цайз, Вестминстер сүм, Оксфордын их сургууль, Эзэн хааны хөгжмийн коллеж, "V&A" хүүхдийн музей, био анагаах ухаан судлалын “Фрэнсис Крикийн хүрээлэн” зэрэг түүх, соёл, боловсрол, шинжлэх ухааны газруудаар зочилж, Их Британи-Японы найрамдлын нийгэмлэгүүдийн хүлээн авалтад оролцож, үг хэлжээ.
Холбоотой мэдээ