Б.Жавхлан: Тэтгэврийн зээлийг зөөлрүүлэх нь бодлогын хүүг бууруулах боломжгүй болгоно

LiveБ.Жавхлан: Тэтгэврийн зээлийг зөөлрүүлэх нь бодлогын хүүг бууруулах боломжгүй болгоно

Б.Жавхлан: Тэтгэврийн зээлийг зөөлрүүлэх нь бодлогын хүүг бууруулах боломжгүй болгоно
20 : 49
2025-7-3

Б.Жавхлан: Тэтгэврийн зээлийг зөөлрүүлэх нь бодлогын хүүг бууруулах боломжгүй болгоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн хүүг бууруулах талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэж байгаатай холбогдуулж гишүүд асуулт тавьж хариулт авлаа.


УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан:

-Монголбанкны бодлогын хүү 12 хувь, инфляци 9 хувьтай байгаа. Тийм учраас Мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн зургадугаар сард хуралдаад мөнгөний бодлогын хатуу төлөвийг хэвээр нь хадгалсан. Зээлийн хүү өндөр байгаа суурь шалтгаан инфляци. Зээлийн хүүг бууруулахын тулд захиргааны механик арга хэмжээ авах нь нөлөө багатай. Инфляци буусан цагт зах зээл өртгөө бууруулна. Ийм өндөр бодлогын хүүтэй, инфляци өндөр үед захиргааны араг хэмжээ аваад үр дүн гарахгүй. Механик арга хэмжээ авснаар зээлийн хүү тогтвортойгоор хэдэн хувь буурахаар тооцсон зүйл байгаа юу. Зээлийн хүүгийн тааз тогтоох нь энэ тогтоолд зааснаар. Гэтэл та бүхэн бодлогын хүүгээ чангаруулж, зээлээ хумиад байгаа.

Хатуу төлөвтэйгээ харш тэтгэврийн зээлээ сул тавилаа. Тэтгэврийн зээлийн инфляцид нөлөөлдөг хүчин зүйл нь хэд дахин хүчтэй.

 Буцаагаад сулд нь тавьчихаар бодлогын хүүг бууруулах орон зай гарч ирэхгүй. Мөнгөний бодлогын хатуу төлөвтэй уяж, бид төсвөө тодотгосон. Тэтгэврийн зээл чинь өндөр эфект үзүүлдэг, түүнээсээ ухрах ёсгүй л байсан.  Бодлогын хүүг бууруулах орон зай харагдахгүй байгаа. Маш олон зүйлийг золиосолж, бид төсвөө тодотгон хэмнэлтийн горим руу шилжиж байгаа шүү. Бодлогын төлөв дээр хатуу байсан нь зөв л гэж хэлье.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-2024 оны аравдугаар сард УИХ-д 2025 онд хэрэгжүүлэх Мөнгөний бодлогыг өргөн бариад батлуулсан. Тэр үед гишүүд бизнесийн зээлийг түлхүү олгож, хэрэглээний зээлийг хумих ёстой гэсэн. Түүн дотор тэтгэвэр барьцаалсан зээл хэрэглээний зээлийн шаардлагад ороод ирсэн. Гэвч өнөөдрийн үүссэн нөхцөл байдал нь төвөгтэй байгаа.

Нийт хэрэглээний зээл 33 хувиар өссөн дунджаар. Тэтгэврийн зээл жилийн дотор 47 хувиар өссөн, бараг 50 хувиар өссөн. Өндөр хэсэг дээр түрүүлж арга хэмжээ авсан, өнөөдөр өөрчлөгдөх болж байна.

Зээлийн хүүг бууруулах стратеги дээр ажлын хэсэгтэй санал зөрөх асуудал байсан. Зээлийн хүүг бууруулах стратеги 3-5 жилд хэрэгжинэ гэж харж байгаа учраас  тодорхой арга хэмжээ авч үр дүн гарах боломжтой гэж ойлголцсон.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өр, орлогын харьцаатай холбоотой асуудлаа хэдхэн сарын длтор өөрчлөөд байдаг. Инфляци хөөрөгдөхгүй ханш алдахгүй гэдэг том зорилго тавиад шийдвэр гаргаж байсан бол хэдхэн сарын дараа өөрчилж байгаа нь байж болохгүй үйлдэл.

Банкууд богино хугацаатай, өндөр хүүтэй хэрэглээний зээл дээр явж байх сонирхолтой. Урт хугацаатай,  хүү багатай хөрөнгө оруулалтын зээл өгөх сонирхол багатай.

Бусад орны жишээг харахад хүү бага, урт хугацаатай зээл олгохыг эрэлхийлдэг.

Малчны зээл нэг жилийн хугацаатай 24 хувийн хүүтэй. Малчид ажил хийснээрээ хүү төлдөг болсон.  

Бодлогын хүү бизнес эрхлэгчдэд ээлтэй байлгах нөхцөл боломжийг урт хугацаанд тогтвортой байлгахын төлөө,  өр, орлогын харьцаа нь, шийдвэр нь тогтвортой байж иргэд нь хэрэглээний зээлд хүлэгдсэн байхгүйн төлөө Монголбанк мөнгөний бодлогоо чиглүүлж байх ёстой.

Засгийн газар төсвөө тодотгуулж байгаа үе дээр хэрэглээний зээлийг илүү олон төрлөөр өгөх бодлогыг Монголбанк гаргаад сууж байгаа нь бодлогын асар том зөрүү биш үү.

Засгийн газар нь зардлаа таная гээд сууж байтал нөгөө талдаа өр орлогын харьцааг өөрчилж байгаа шийдвэр зөв юм уу. Мөнгөний бодлогоор шийдвэр гарагхдаа олон талыг бодож шийдвэр гаргаж баймаар байна. Жилийн дотор 2-3 удаа шийдвэрээ өөрчилж, ард иргэдийн амьдралд сөрөг нөлөө үзүүлдэгийг таслан зогсоох хэрэгтэй.

 

 

19 : 46
2025-7-3

Б.Лхагвасүрэн: Зээлийн хүүг огцом буулгах боломжгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн хүүг бууруулах талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэж байгаатай холбогдуулж гишүүд асуулт тавьж хариулт авч байна.


УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

-Зээлийн хүү өндөр байгаа. Татан төвлөрүүлж байгаа эх үүсвэрийг бага байлгах нь зээлийн хүүг бууруулахад нөлөөлж байна. Хадгаламжийн хүү бага байж чадвал зээлийн хүү бага болж бууруулж чадна. Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн эх үүсвэрийг баталгаат өгөөжтэй байлгах, өртөг өндөртэй биш байж эдийн засгийн эргэлтэд оруулбал зээлийн хүүг бууруулах бололцоо байна гэж хараад байгаа.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Төв банкнаас хийсэн судалгаагаар зээлийн хүүгийн бүтцийн 60 хувь нь эх үүсвэрийн хүү буюу хадгаламжийн хүү, 18 хувь нь банкны өөрийнх нь үйл ажиллагааны зардал, 12 хувь нь дижитал хөгжил буюу банк өөрийнхөө үйлчилгээндээ оруулж байгаа зардал,  үлдсэн хувь нь эрсдлийн зардлаас бүрддэг.

Монгол Улсын банкны системийн хадгаламжийн дундаж хүү 11-12 хувь, зээлийн дундаж хүү 17-18 хувь. Зээлийн эх үүсвэрийн 60 хувийн хүүг буулгавал хүү буурах боломж байгаа.

Монгол Улсын эдийн засагт эргэлдэж байгаа санхүүжилт нийт эрэлтийнхээ 80 хувь. Зайлшгүй гаднаас 20 хувийн эх үүсвэр татах. шаардлага байгаа. Засгийн газар бонд босгох юм уу, банкууд гаднаас эх үүсвэр татаад явж байгаа. Цар тахал, олон улсын хурцадмал байдал нь гадна байгаа эх үүсвэрийн хүүг нам дор төвшинд авч ирэх боломж бүрдүүлэхгүй байна. Монгол Улсын Хөгжлийн банк гадаадаас 350 сая ам.долларын эх үүсвэр татаж оруулж ирсэн,  хүү нь 9 хувь. Эргээд бага хүүтэй зээл олгохыг хориод байна уу гэж харж байгаа. Энэ нөхцөлд зээлийн хүүг өнөөдөр огцом буулгах боломжгүй. Саяны нөхцөл зөөлрөөд ирвэл зээлийн хүүг бууруулж болно.

Нийгмийн даатгалын сан, Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан бий болоод явж байна. Ирээдүйн өв сан гадаад валютын хэлбэрээр хадгалагдаж байгаа. 1.2 тэрбум ам.долларт хүрсэн.

Энэ оны эцэст уул уурхайн АМНАТ орж ирвэл уг сангийн хөрөнгө 2 тэрбум ам.долларт хүрнэ. Гэхдээ энэ санг 2030 он хүртэл зарцуулалт хийхгүй, гадна байршихаар хуульд зохицуулсан.

Дотроо ашиглаж байгаа сан бол Хуримтлалын сан. Өнгөрсөн онд 498 тэрбум төгрөгөөр Хуримтлалын сан бүрдсэн, Ипотекийн зээлийн санхүүжилтэд оруулаад явж байгаа. Энэ онд 500 тэрбум төгрөгийн эх үүсвэр гарч ирнэ гэсэн тооцооллыг Засгийн газар өгсөн.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:

-Эх үүсвэрийн хүүнүүд зээлийн хүүнд нөлөөлж байна. 500 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэд нийт хадгаламж эзэмшигчийн 40 хувийг эзэлж байна. Энэ том хэмжээний хадгаламжтай хүмүүс банкуудтай тусгай гэрээ хэлэлцээрээр өндөр хүүгээр мөнгөө хадгалуулж байгаа зүйл байна уу. Энэ нь эргээд зээлийн хүүнд нөлөөлж байна гэж харж байна.

Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр тодорхой санал хүргүүлсэн. Ойрын хугацаанд ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ. Тэтгэврийн зээлтэй холбоотой шийдвэр гаргахад зээлдэгч нарын саналыг сонсоогүйгээс асуудал үүсгэлээ гэж харж байна.

Моргейжийн зээлд хяналт тавьж байна уу. Ихэнх ипотекийн зээл тансаг зэрэглэлийн орон сууц руу гарсан гэдэг мэдээлэл яваад байна. Ипотекийн зээлийг журмаараа 80 м2 хүртэлх байранд олгох ёстой, мөн анх удаа байртай болж байгаа иргэнд олгох ёстой. Энэ чиглэлээр хяналт тавьж чаддаг уу, Монголбанк?

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Эх үүсвэрийн хүүний дунджаас өндрөөр буюу том хадгаламжтай тусгай нөхцөл авч байгаа эх үүсвэр дээр хөшүүргийн арга хэмжээ авдаг. Арилжааны банк нийт иргэдээс татсан 100 төгрөгийн эх үүсвэрийн 8 хувийг заавал байлгах нөөцөд байршуулдаг. Найман хувийг хаа нэг тийш хөдөлгөхгүйгээр харилцагчийн эхний шаардлагаар мөнгийг гаргахаар байршуулдаг. Хэрвээ өндөр хүүгээр хадгаламж татсан бол илүү өндөр заавал нөөцийг тооцох хөшүүргийн арга хэмжээ авъя гэдэг заалт тогтоолд орсон. Тогтоол батлагдвал арга хэмжээ хэрэгжээд явна.

Тэтгэврийн зээл эргээд хуучин хэвэндээ орно. Ирэх Даваа гаригт Мөнгөний бодлогын хороо хуралдана.

Судалгаагаар тэтгэврийн зээл гэдэг ойлголт дэлхийд байхгүй. Тэтгэврийн зээл олгодог 4-5 улс бий. Энэтхэг, Бразиль, Индонези гэсэн хэдхэн улс л тэтгэврийн зээл олгодог. Тэдгээр улсуудад өр, орлогын харьцаа гэсэн үзүүлэлт байгаа юм. Монголд энэ өр орлогын харьцааг ашиглахаар манай амьдралын хэв маягтай нийцэхгүй байгаа учраас тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлээс хасъя гэдэг саналын томъёоллоор хурал хийнэ. Шийдвэр гаргахаар дахин тэтгэврийн зээлтэй холбоотой асуудал үүсэхгүй гэж бодож байна.

Ипотекийн зээлийн хувьд өөрөө, өөрийгөө хянадаг схемтэй.

Банкаар ипотек олгогдоод олгосон зээл нь өөрийн хөрөнгөөр барьцаалсан үнэт цаасны хэлбэрт орж, тухайн үнэт цаасыг Монголын Ипотекийн корпораци/МИК/ гаргаад зээлийг нь худалдаж авдаг. МИК банкин дээр олгосон зээлийг худалдаж авахдаа таны хэлсэн шалгуурыг үздэг. Зах зээл нь схем нь өөрөө өөрийгөө хянадаг учраас Монголбанк тусгайлан шалгалт хийдэггүй.

 

 

 

 

 

 

 

18 : 54
2025-7-3

Зээлийн хүүг бууруулах тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн хүүг бууруулах талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. 

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд төслийн талаарх танилцуулга хийлээ. Зээлийн хүүг бууруулах хүрээнд дараах зургаан арга хэмжээг судалж, хэрэгжүүлэхийг Монголбанканд даалгахаар төсөлд тусгажээ. Тодруулбал, эх үүсвэрийн өртгийг бууруулах зорилгоор банкны системийн тухайн хугацааны дундаж хүүгээс өндөр хүүтэй татсан хугацаатай хадгаламжийн заавал байлгах нөөцийн хэмжээг өсгөх, зохистой харьцааг тогтоох асуудлыг судлан, шаардлагатай зохицуулалт хийх арга хэмжээг судалж, хэрэгжүүлэхийг даалгах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн банк болон банк бус санхүүгийн байгууллагын гадаад зах зээлээс татсан валютын эх үүсвэрийг хугацаанаас нь хамаарч үндэсний мөнгөн тэмдэгтэд хөрвүүлэх зардлыг бууруулах. Бизнесийн зээлд ашигласан эх үүсвэрт ногдох заавал байлгах нөөцийг бууруулж, ялгаатай тогтоох талаар судалж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болгохоор төслд тусгажээ. Түүнчлэн арилжааны банкнууд эрсдэл багатай зээлдэгчид олгох зээлийн хүүгийн түвшин тогтоож, тогтмол хугацаанд нийтэд мэдээлэх.  Зээлийн шимтгэл хураамж тооцсон бодит хүүг тухай бүр харилцагчид мэдэгдэж, нийтэд мэдээлэх. Монгол Улсад гадаадын банк үйл ажиллагаа эрхлэх харилцааг зохицуулсан эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хүрээнд гадаадын банкны салбар байгуулах, үйл ажиллагаа эрхлэх нөхцөлийн шалгуурыг шинэчлэх, боловсронгуй болгох талаар арга хэмжээг судалж, хэрэгжүүлэхийг Төв банканд даалгахаар төсөлд тусгажээ.

17 : 38
2025-7-3

УИХ: 2025 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. 

Засгийн газар 2025 оны төсөвт тодотголыг боловсруулахдаа нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 3 их наяд 260 тэрбум төгрөгөөр бууруулж, 30 их наяд 209.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг 1 их наяд 856.5 тэрбум төгрөгөөр бууруулж, 31 их наяд 575.1 тэрбум төгрөгт хүргэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1 их наяд 365.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5 хувийн алдагдалтай болно гэж тооцсон юм. 

Энэ хүрээнд нэгдүгээрт, оновчтой бүтэцтэй, цомхон, чадварлаг төрийн албыг бий болгох, хоёрдугаарт, төрийн ажил үйлчилгээг цахимд шилжүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх инновацыг салбар бүрийн онцлогт нийцүүлэн нэвтрүүлэх замаар иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний чанарыг бууруулалгүй бүх шатны төрийн байгууллагуудын тэвчиж болох зардлыг хэмнэх зарчмыг баримталсан. Дээрх арга хэмжээг хэрэгжүүлснээр төсвийн зардлыг 1 их наяд 508.4 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцоолсон. 

Мөн үүн дээр Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасны дагуу 2025 оны тавдугаар сарын 31-ний дотор худалдан авах ажиллагааг бүрэн дуусгах, гэрээ байгуулаагүй төслүүдийн санхүүжилтийг хэмнэлтэд тооцох, зарцуулахгүй байх зохицуулалтын хүрээнд  535.9 тэрбум төгрөгийг нэмж тооцвол нийт 2 их наяд 44.2 тэрбум төгрөгөөр зарлага буурах аж. Уг тогтоолын хүрээнд Эрүүл мэндийн сайдын багцаас 69.9 тэрбум төгрөг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын багцаас 57.7 тэрбум төгрөг, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцаас 36.6 тэрбум төгрөг, Боловсролын сайдын багцаас 33.7 тэрбум төгрөг, Зам, тээврийн сайдын багцаас 33.4 тэрбум төгрөг, Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын багцаас 19.7 тэрбум төгрөг, Монгол Улсын тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын багцаас 17.4 тэрбум төгрөг, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын багцаас 12.4 тэрбум төгрөг, бусад төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцаас 255.4 тэрбум төгрөг, нийт 535.9 тэрбум төгрөгийг төсвийн хэмнэлтэд тооцсон юм.

Энэхүү төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийх хүрээнд Төсвийн байнгын хорооноос УИХ-ын гишүүн Х.Ганхуягаар ахлуулсан 19 гишүүнтэй ажлын хэсэг байгуулан ажилласан байна.

Төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх хүрээнд Төсвийн байнгын хороо болон ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгалаа.

 

 

16 : 35
2025-7-3

Аймаг, нийслэлийн данс руу Сангийн яам орж, орлого хураах заалтыг унагав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Төсвийн тодотгол дагаж орж ирсэн ААНОАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс асуух  асуулт байна.  Төрийн өмчийн сургуулийг ойлгоно, гэтэл хувийн сургууль, цэцэрлэгт хөрөнгө оруулах юм бол татварын хөнгөлөлт үзүүлнэ гэдэг бодлого ороод ирлээ. Байж болшгүй. Олох ёстой орлого шүү дээ. Тийм л юм бол татвараа аваад 50, 60-уулаа ангидаа шахцалдаад сууж байгаа улсынхаа сургуулийнхаа анги танхим, гурван ээлжээр хичээллэж орой 20:00, 21:00 цагт тардаг сургуулийнхаа ачааллыг бууруул л даа. ААНОАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулснаар төсвийн тодотголд яаж нөлөөлөх вэ.  Орлого яаж буурах юм, тооцооллыг хэлж өгөөч?

Сангийн сайд Б.Жавхлан:  

-Энэ хууль ноднин есдүгээр сараас эхлэн хэрэгжиж байгаа.  Хэрвээ тийм өнцгөөс ярих юм бол зөвшөөрчихсөн, аль хэзээний эхэлсэн спорт, соёл, бусад нийгмийн салбар дээр дандаа хувийн секторууд байгаа.  Төрийн байгууллага гэх юм бол  “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой”-гоос хийгдэж байгааг дэмжинэ, бусад нь болохгүй гэж болохгүй. Сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалт нэг удаа барих хөрөнгө оруулалтын зардлаас цаашаагаа 30, 40 жилээр явчихсан цэцэрлэг, сургуулийн урсгал зардал нь төсөв дээр хэдэн арав дахин ачааллыг өгдөг.  Тиймээс хувийн сектор өөрсдөө хөрөнгө оруулалтаа хийгээд цаашаа урсгал зардлаа аваад явна гэвэл татварын хөнгөлөлт үзүүлнэ. Таны ярьж байгаачлан сургууль, цэцэрлэгээ барьчихаад төрд шахаад явна гэвэл  төсөв дээрээс ямар ч ачаалал авахгүй. Өөрсдөө бариад урсгал зардлаа хариуцаад явах зохицуулалтаар орж ирсэн гэж ойлгох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Энэ хууль ямар зорилгоор батлагдсан, хэзээнээс хэрэгжиж эхэлсэн гэдгийг мэднэ.

Төрийн хийх ёстой ажлыг хувийн хэвшил хөрөнгө оруулж хийсэн бол татварын механизмыг ашиглая гэсэн. Түүнээс хувийн өмчийг баяжуулахын төлөө татварын механизмыг ашиглая гэсэн концепцтой биш. 

Хуулийн 22.9 дээр юунд зарцуулах вэ гэдэг чинь байгаа. Зарцуулагдах зүйл нь нийтэд ашиг тустай, нийтийн эзэмшлийн зүйлүүд. Төрийн өөрийнх нь хийх ёстой юманд хөрөнгө оруулалт хийсэн бол татвараас чөлөөлөгдөнө гэж заасан. Гэтэлодоо хувийн сургууль, цэцэрлэг барих юм бол татварын хөнгөлөлт үзүүлнэ гэдэг агуулга орж ирж байна шүү дээ.

Ийн асуулт хариулт үргэлжилсний дараа УИХ-ын Төсвийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж эхэллээ. Нийт 10 гаруй зарчмын зөрүүтэй санал гарчээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар аймаг, нийслэлийн данс руу Сангийн яам нэвтэрч орлогыг нь хураах тухай зохицуулалт Төсвийн тодотголыг дагаж орж ирсэн хуульд суусныг эсэргүүцэж, орон нутаг орлогынхоо зарцуулалтыг мэддэг байх зүйтэй гэж үзэн зарчмын зөрүүтэй санал гаргасан нь чуулганы хуралдаанд оролцсон гишүүдээс 70 гаруй хувийн дэмжлэг хүлээв. Энэхүү санал нь УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдэх үед мөн дэмжлэг хүлээжээ.  Дээрх зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнээр аймаг, нийслэлийн данс руу Сангийн яам орж орлогыг нь хураах боломжгүй болж байна.

Харин зарчмын зөрүүтэй санал гаргасан үндэслэлээ ийн тайлбарласан юм.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

-Төсвийн тодотголыг дагуулаад хоёр аюултай хуулийн өөрчлөлт орж ирсэн. Түүний нэг нь энэ заалт. Энэ заалтаар аймаг, нийслэлийн орлогынх нь данс руу Сангийн яам шууд орж орлогыг нь татаж авах заалт орж ирсэн. Нөгөө хууль нь юу байсан бэ гэхээр  Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар төрийн албан хаагчдын халаас руу орох хууль орж ирснийг МАН ын бүлэг ярьж байгаад дэмжилгүй татуулсан. Сангийн яамныханд хэлэхэд орон нутгийг хөгжүүлнэ, төвлөрлийг сааруулна, бүсчилж хөгжүүлнэ гэж ярьчихаад ийм заалт оруулж ирмээргүй байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Гоийн гурван аймгийн дөрвөн бүсэд ажиллахад иргэд “Уул уурхайн баялгаа ухуулж, улсын төсөвт өгдөг ч эргээд ирдэггүй”гэдэг гомдлыг хэлж байгаа.  Жишээлбэл, Мандах сум таван нүрсний уурхайтай, дээр нь Цагаан сурваргын ордтой.  Улсын төсөвт асар их хэмжээний татвар төвөлрүүлдэг. Гэтэл орон нутгийн хөгжлийн санд 800 сая төгрөг л өгдөг. Тийм учраас Н.Наранбаатар гишүүний заалтыг дэмжиж байгаа.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Төсөв татдаг,  төсөв хуваарилдаг юман дээрээ зарчим барихгүй бол цаашаа явахгүй болно шүү гэх анхааруулгыг өглөө. 

Зарчмын зөрүүтэй саналын томъёоллын санал хураалт үргэлжилж байна. 

Улмаар хуулийн төслийг Төсвийн банйгын хороонд шилжүүллээ. 

14 : 16
2025-7-3

Г.Дамдинням: Алтны шороон ордод олборлолт явуулахгүй

УИХ-ын чуулганы Пүрэв гариг /2025.07.03/-ийн нэгдсэн хуралдаан эхэллээ.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. Санал хураалт явуулахад нийт гишүүдийн 63.1 хувь нь дэмжив. Иймээс энэхүү төслийг УИХ-ын Төсвийн байнгын хороонд хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв. 

Мөн Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн 70 гаруй хувь дэмжин баталлаа. 

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч эхэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Бейсейн:

-Төсөв дагасан хуулиудаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн төсвийг хассан асуудал яригдаж байна. ОХУ-тай манай улс Засгийн газар хоорондын гэрээгээр тахлын гурван голомт дээр хоёр сар шинжилгээ судалгаа хийх ёстой. Ийм чухал ажил хийх ёстой байтал төсөв хасагдсан нь ямар учиртай вэ. Томилолтоос эхлээд олон зардал хасагдаж, нийтдээ 29 сая төгрөг хасагдсан байна. Мал ,амьтны гоц халдварт өвчин гарвал яах вэ?

Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн  газрын дарга М.Санжаадорж:

-Эхний ээлжинд бууруулж болохгүй зардалд тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө. цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг хасаагүй. Бусад байгууллагыг байгууллагаар нь ялгаварлаагүй, ижил зарчмаар хассан. Ялгаатай хувь процент гарч байгаа, Нэгдүгээр сараас зургадугаар сард ажлаа түлхүү төлөвлөөд явсан байгууллагын хувьд өөр гарч байгаа. Долдугаар сараас арванхоёрдугаар  сар хүртэлх зардлыг ижил зарчмаар хассан. Эрүүл мэндийн салбар дээр 9 хувийн орон тооны бууралт ороод ирж байгаа. Санал солилцсон. 29 сая төгрөгийн асуудлыг Эрүүл мэндийн сайд батлагдсан төсвийнхөө хүрээнд шийдээд явах боломжтой. Үүнээс өөрөөр шийдэх боломжгүй.

УИХ-ын гишүүн Б.Заяабал:

-ААНОАТ-ын тухай хуульд сургууль, цэцрэлэг баривал хөнгөлөлт үзүүлэх заалт орж ирсэн. Нийт хэчнээн сургууль, цэцэрлэг барих вэ, хэчнээн аж ахуй нэгжид татварын хөнөгөлөлт үзүлэх вэ. Дөгөж орж ирсэн хуулийн төсөлд төсвийн захирагч авлага, өр төлбөр үүсгэсэн бол албан тушаалаасаа чөлөөлөгдөх үндэслэл болно гэж заасан.

Сумын эмнэлэгт санхүүжилт нь ирэхгүйгээс эмээ авч чаддаггүй, хүнд өвчтөн ирэхээр эмийн сангаасаа тариа зээлээр авдаг гэхчлэн асуудал бий.

Яагаад ийм заалт оруулж ирэв. Энэ заалтыг оруулж ирэхээс өмнө яагаад өр төлбөр үүсээд байна вэ гэдгээ судлах ёстой байсан. Увс аймгийн Түргэн, Өмнөговь суманд А лиценз авчихсан аж ахуй нэгжүүд алт олборлолт явуулна гээд шуугиж байна. Алт олборлох газар нь ундны усны газар байдаг. Иргэд амьжиргаагаа алдахгүйн тулд тэмцэхээс өөр аргагүй, гэтэл удирдлагуудыг нь хууль хяналтын байгууллагад дуудаж асуудал үүсгэж байна?

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:

-Төсвийн тодотголыг дагаж “Алт аян” гэж тогтоолын төсөл орж ирсэн. Хамгийн тэргүүн эгнээнд энэ ондоо багтаад үйл ажиллагаа нь эхлэхэд алтаа тушааж чадах үйлдвэрээ барьсан үндсэн ордыг ярьж байгаа. Шороон орд яригдахгүй. Увс аймаг дахь асуудал бол “Алт” аяны хүрээнд яригдахгүй тайван байж болно.

Алтны үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төлөвлөгөө боловсруулаад явж байна. Нэр, кординатаараа УИХ-д орж ирнэ, зөвшөөрөхгүй бол хөдлөхгүй.

Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж:

-Өр төлбөртэй холбоотой асуудал гурван заалт аар Төсвийн тухай хуульд бий. Төсвийг ерөнхийлөн захирагч төсвийг зохистой удирдах үүрэгтэй. Батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах эрхтэй. УИХ-аас баталсан төсвийн хүрээнд өр, зарлага гаргана. Өр төлбөр нэмэгдээд байна гэлээ, хоёр төрлөөр ажиллах ёстой гэж үзэж байна.

Төсөв батлагдсаны дараа Үндэсний аудитын газар гүйцэтгэл дээр ажилладаг бол санхүүгийн хяналт ажиллах ёстой. Санхүүгийн хяналт эрсдэлд суурилсан байдлаар ажиллах ёстой. Үүсээд байгаа өр авлгын хэмжээг зааж зөвлөх ажил хийхээс гадна хариуцлагын асуудал байх ёстой гэж үзсэн.  Хуульд тухайн төсвийг зохисгүй удирдаж гэдэг агуулга байгаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-07-03 66.181.182.75

Жавхлан Бичил хөгжлийг дэмжих сангаас 970 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй /.бага хүүтэй / зээл дүүгийнхээ нэр дээр байдаг ББСБ-даа авч мөнгө угаасан талаар Даваасүрэн гишүүн нэг хэмэг яриад байсан. Маш ноцтосй ийм хэрэг хийчихсэн хулгайч сангийн сайд хийж баына.

Avatar

Зояин 2025-07-03 122.201.31.83

тэтгэврийн зээл гээд байхаар хэд дахин их
мөнгө хулгайлж байгаа хулгай авилагаар
зогсоо дараа нь тэтгэврийн зээлээ ярь
Жавхлан бол банк бустай том хулгайчуудын
нэг шдээ

Avatar

зочин 2025-07-03 66.181.182.118

Юу хулгайлсан юм Тодорхой ярь, Үнэн юм бол шалгуул, МАН-ын лидер бүх хүн АН-ын дайсан, Иймээс тэд нэр төрийг нь харлуулах гэж зүйл бүрээр гүтгэдэг, Монголчууд тэнэг биш

Avatar

Нэргүй 2025-07-03 122.201.31.148

Жавхлан ард иргэдэд эх ээлгүй хувиа бодсон шуналын туламыг зайлуул

Avatar

зочин 2025-07-03 66.181.182.118

АН-ынхны гүтгэлэг хэнд чиглэж байна Тэр хүн сайн ажиллаж байна гэсэн үг,,

Avatar

irgen 2025-07-03 103.57.94.132

Banknii haraat bus baidald hucheer haldaj populizm hiij bna. Humuust hudlaa taalagdah geed ediin zasagt ersdel uusgej blhgui. Yaj ch bodson yadarsan hugshchuuliin zeeliig hundruuleh shaltgaan baihgui. Mongol bankind yamar hamaatai yum, hel amnii nemer geed taviad tuuchij bolno. bolohgui bolood , nuluulul ni ersdel daguulah bolood zuvshuuruhgui baisniig hucheer zuvshuuruullee dee. Mongol bank baij baih heregguim bishuu. Ih hurliin gishuud uursduu zeeliin huugee togtoogood yavag.

Avatar

Нэргүй 2025-07-03 103.168.34.61

зандан шатар эдийн засагч гээд байсан нягтлангаа хэтрэхгүй амьтан байна

Avatar

ХУУЛЬЧ 2025-07-03 202.9.47.6

ГАШУУНЧ ,ҮНЭН БАЙХ УЧИРТАЙ. ,,,,,ЗЭЭЛ ГЭДЭГ ЗҮЙЛ ШУУД УТГААРААА ХҮНИЙ НИЙГМИЙНИ ХӨГЖЛИЙН ЗҮЙ ТОГТЛООР ЯВАХ УЧИРТАЙ .

Avatar

Нэргүй 2025-07-03 81.9.119.100

)))) Халуун охид таныг хүлээж байна – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-07-03 66.181.188.86

300 мянга гаруйхан ахмадуудын нус шиг тэтгэвэрээс хамааралтай эдийн засаг гэж бүр баларсан юм байх нь ээ !!!! Луйварчин дарга нар нь тэр бум тэр бумаар нь цуслаад байхад юунд нь ч нөлөөлдөггүй мөн хачин эдийн засагтай улс шүү

Avatar

Нэргүй 2025-07-03 103.168.34.61

нийт дүн нь хэдэн их надаар яригдаад байна. дүнгийн хөраач

Avatar

Нэргүй 2025-07-03 202.126.90.172

Жавхлан зайлаач ээ

Avatar

Нэргүй 2025-07-03 66.181.187.29

сангийн сайд сонгужль болохоор ард түмэн гэчээд сангийн сайд болохооро эмзэг хэсэг болсон ахмхдуудынхаа эсрэг зээл нь чанга байх сулруулдаг нь буруу гээд яриад байхиын харин эрсдэлгүй зээлшүү сайдаа мэргэжлийн хүмүүсийн( бтшушар булгантуяа) зэрэг хүмүүсийн яриаг сонсогүйг бодоход чуулгана аа тасалжээ та

Avatar

м 2025-07-03 66.181.160.106

Банкны хүү өндөр байх,зээлийн хүү өндөр байх нь олон тэрбумын хадгаламжтай жавхлан мэтийн новшнуудад л ашигтай.19-р зуунд хятадууд 8%-ийн зээлээр ард түмнийг шулж байлаа гэж бид 20-р зууны түүхийн хичээл дээрээ үздэг байлаа,гэтэл одоо бид хэдэн %-ийн хүү төлж байна вэ?

Avatar

1 2025-07-03 59.153.115.202

Засгийн газар энэ шуналын тулам Жавхлангаасаа салаачээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж