Улсын хэмжээнд долдугаар сарын 2-ны 11:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хоёр, Баянгол, Алтанбулаг суманд гарсан дөрвөн түймрийг цурамд оруулсан байна. Мөн аймгийн Ерөө, Хүдэр суманд гарсан дөрвөн түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Түймрийн голомтод ОБЕГ-ын алба хаагчид ажиллаж байна. Улсын хэмжээнд он гарсаар долдугаар сарын 2-ны байдлаар 12 аймгийн 65 сум, нийслэлийн гурван дүүрэгт 149 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ойн түймэр 77 хувиар, хээрийн түймэр 17 орчим хувиар өссөн байна.
Дээрх түймрийн улмаас урьдчилсан байдлаар 663.317 га талбай, таван байшин, 49 гэр, таван автомашин, долоон мотоцикл, 125 малын хашаа, 5937 бог, 470 бод мал, 7980 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, зургаа орчим тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ой, хээрийн түймэр давхардсан тоогоор 2022 онд 179, 2023 онд 101, 2024 онд 137 тохиолдол бүртгэгдсэн аж. 2025 он гарсаар обьектын гал түймрийн 2707 удаагийн дуудлага бүртгэгдэж, 13 иргэний амь насыг аварчээ. Утаажилтын бүсээс 1436 иргэнийг гаргасан байна.
2025 он гарснаас хойш гал түймэрт 17 том хүн 14 хүүхэд нийт 31 иргэн өртөн нас барсан байна. Харин 1014 толгой мал өртөж хорогдсон байна.
Зургадугаар сарын 30-ны байдлаар хуурайшилтын зэрэг Ховд, Баянхонгор аймгийн ихэнх сумдын нутаг, Баян-Өлгий, Архангай, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумдын нутгаар дунд зэрэг байна. Харин Зүүн аймгуудын нутгаар нэн их түвшинд байсан байна. Долдугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгааг Ус, цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Тиймээс иргэд аялж зугаалахдаа дор бүрнээ анхаарал болгоомжтой байж, гал түймрийн аюулаас сэргийлэхийг албаныхан анхааруулав.
Холбоотой мэдээ