Боловсролын сайд П.Наранбаяр нь тендер зарлалгүй “Шинэ Монгол” сургуулийн сургалтын хөтөлбөрийг ерөнхий боловсролын 120 сургуульд хэрэгжүүлэх нэрээр төсвийн 1.2 тэрбум төгрөгийг Шинэ Монгол нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагад олгосон нь авлига, ашиг сонирхлын зөрчил юм гэж үзэн нэр бүхий гишүүд огцруулах шаардлагыг тавиад буй.
Харин Боловсролын сайд П.Наранбаяр “Би шалгадаг байгууллагад нь бүрэн шалгуулна. Надад буруу хийсэн, хууль зөрчсөн үйлдэл байхгүй. 1.2 тэрбум төгрөг өгье гэдэг бол сургуулиудын менежерүүдийг сайжруулах төслийг 2022 онд Боловсролын яам өөрөө зарлаад, үүнээс хойш тууштай хэрэгжүүлж буй. 2022 оноос мөнгийг нь төлөөд менежрүүдийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх тушаалыг миний өмнөх сайд гаргаад хэрэгжүүлж байсан. Түүнийг л үргэлжлүүлсэн” гэж тайлбарлаж буй. “Шинэ Монгол” сургуулийг УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын үүсгэн байгуулсан бөгөөд Боловсролын сайд П.Наранбаяр мөн тус сургуулийг удирдаж байсан юм. Иймд энэ долоо хоногийн VS буландаа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Галбадрах нарын байр суурийг онцолж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Нэр бүхий гишүүдээс Ерөний сайд Г.Занданшатарт Боловсролын сайд П.Наранбярыг огцруулах шаардлагыг гардуулж байна. Боловсролын сайд П.Наранбаяр 2024 оны есдүгээр сарын 9-ний өдөр сургуулийн менежементийг сайжруулах дэмжлэг үзүүлэх тухай гээд 1.2 тэрбум төгрөгийг зарцуулахаа зарласан. Намрын чуулган дээр тодорхой төсөвт хөрөнгийг 2025 оны төсөвт тусгах замаар санхүүжүүлэх тушаалыг гаргаснаа зарласан . Түүнийг нь УИХ-ын гишүүд эсэргүүцсэн. Гэтэл ямар арга хэрэглэсэн бэ гэхээр ерөнхий боловсролын 120 сургуулийг батлаад сургууль бүрт 10 сая төгрөг олгох замаар 1.2 тэрум төгрөгийг тараан байршуулсан.
120 сургуулиас буцаагаад нэг байгууллага буюу судалгаа хөгжлийн Шинэ Монгол нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага руу 10, 10 сая төгрөгийг буцаан төвлөрүүлсэн.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулган дээр ярихад нь эсэргүүцсэн “Шинэ Монгол” сургууль руу дээрх мөнгийг өгөхийн тулд 120 сургуульд 10, 10 саяаар хувааж тарааж өгөөд буцаан татсан гэсэн үг. Энэ бол яалт ч үгүй авлигын асудал, энэ бол яалт ч үгүй ашиг сонирхлын асуудал.
Тодорхой гэрээ нь хүртэл ирсэн. Энэ гэрээг 120 сургуульд өгөөд 1.2 тэрбум төгрөгийг тухайн ТББ дээр төвлөрүүлсэн ийм асуудал байгаа юм.
Нийт 1.2 тэрбум төгрөгийн ийм асуудалд тендер зарлаж болох л байсан.
Боловсролын салбарт хамгийн их мөнгө угаагддаг. Татвар төлдөггүй учир. Одоо харвал бүх том бизнесүүд сургуультай болсон байна. Тэр сургуулиудаар мөнгө угаагддаг гэж би хардаж байгаа. Татвараас зайлсхийсэн мөнгө сургууль руу орж, боловсрол, хүүхдийн нэрийг барьж хаацайлагдаж байна. Хэрэв тендер зарлаад, мөнөөх ТББ нь оролцоод 120 сургууль үнэхээр сонгож гэрээ байгуулаад явсан бол асуудалгүй. . Хамаарал бүхий гэдэг асуудал хөндөгдөх ч гэлээ ядаж ном журмаараа явах байсан. Хуулиараа 20 сая төгрөгөөс дээш дүнтэй бол тендер зарлах ёстой. Тиймээс1.2 тэрбумыг 10, 10 саяар нь 120 сургуульд хуваан байршуулсан. Ингээд дараа нь тендергүй гэрээ хийх замаар хамаарал бүхий ТББ дээрээ буцаан төвлөрүүлсэн. Энэ бол албан тушаалын гэмт хэрэг. Сургуулиудын шилэн дансан дээр тухайн ТББ руу “Менежментийн хөтөлбөр” гэж 10 сая төгрөг шилжүүлсэн баримт нээлттэй бий.
Авлига албан тушаал, ашиг сонирхлын зөрчилтэй сайд нарыг шууд чөлөөлнө гэж Ерөнхий сайд УИХ-ын чуулганд томилогдохдоо хэлсэн учраас энэ үгэндээ эзэн байж, өөрийнх нь хэлсэн үнэн бай гэдэг үгээр тухайн сайдыг огцруулах асуудлыг хөндөж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах:
-Боловсролын сайд П.Наранбаяр “Шинэ Монгол” сургуульд 1.2 тэрбум төгрөгийн төслийг тендергүйгээр өгсөн гэж нэр бүхий гишүүдийн ташаа мэдээлэл хийсэн учраас би намын бүлгийн хуралдаанд тайлбар өгсөн байгаа.
“Төрийн өмчит сургуулиудын менежмэнтийг сайжруулах” төсөл нь миний өөрийн санаачилгаар эхлүүлсэн гурав дахь шатандаа хэрэгжиж буй төслийг П.Наранбаяр сайдтай холбож ташаа мэдээлэл гаргаж байна.
Би боловсролын салбарт ажиллаж байгаа багш хүний хувьд “Шинэ Монгол” сургуулийн 20 жилийн ойн хүрээнд 2020 онд нийгмийн хариуцлагын хүрээнд юу хийвэл боловсролын салбартаа нэмэр тус болж болох вэ гэж эрэлхийлж энэ ажлыг эхлүүлсэн. Эхний жил сумын хоёр, аймгийн төвийн хоёр, нийт найман сургууль, дараагийн жил нь 60, төслийн гурав дахь шатанд 120 сургуульд нийт 188 сургуульд амжилттай хэрэгжиж байгаа төсөл. Томилолтоор ирж очиж, сургуулийнхан маань Улаанбаатарт ирж туршлага судалж, 36 долоо хоногийн турш сургалт явуулсны үндсэн дээр сургуулиуд маань үнэхээр илт сайжирсан, 96 хувь нь сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, 60 гаруй хувь дахиад энэ төслийг үргэлжлүүлэх санал гаргасан. 2023-2024 онд тайлангаа танилцуулснаар нийт 300 гаруй сургууль хүсэлт ирсэн. Сонгон шалгаруулалтаар 120 сургууль шалгаруулж, төслөө хэрэгжүүлж байгаа.
“Шинэ Монгол” сургуулийн төгсөгчдийн амжилт, эцэг эхчүүдийн хандлага, үзүүлж буй амжилт энэ сургуулийн амжилт менежментийн туршлагын үр дүн. Тийм ч учраас сайн үр дүнг бусадтайгаа хувцаалцая, хэрэгжүүлье гэсэн чин хүсэл маань л энэ. Гүйцэтгэх удирдлагууд нь үргэлжлүүлээд тайлбарлаж, санхүүгийн тайлан тооцоогоо АТГ-д танилцуулаасай гэж би хэлсэн байгаа.
32 долоо хоног бүтэн жил үргэлжилдэг сургалтын хувьд нэг сургууль 10 сая төгрөг гэдэг хамгийн бага тооцоотойгоор гаргасан зардал.
Зардлын 70 хувь нь багш нарынхаа цалинд зарцуулагддаг. Өмнө нь өөрсдийнхөө хүчээр сургалтаа явуулдаг байсан боловсон хүчнээ өргөтгөөд 15 хүний бүрэлдэхүүнтэй багш нарын баг ажилладаг.
32 долоо хоногийн турш сургалт хийж, даалгавар өгч, газар дээр нь томилолтоор очиж мэргэжлийн арга туслалцаа үзүүлдэг. Зөвхөн 200 удаагийн сургалт, томилолтын зардал гээд та бүхэн тооцоод үзээрэй.
Би сургуулиа байгуулснаас хойш “Шинэ Монгол Харумофужи”, “Шинэ Монгол” технологийн сургуулийн хүрээнд 300 гаруй хүүхдэд 40 гаруй тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосон байдаг юм. Зөвхөн “Шинэ Монгол” сургуулийн төгсөгчид гэлтгүй 21 аймгийн сургалтын төлбөрөө төлж чадахгүй байгаа хүүхдүүдэд зориулсан “Шинэ Монгол мабүчи” сан байгуулж, таван жилийн хугацаанд 1350 мянган ам.долларын тэтгэлэг олгож, таван жилийн дараагаас эхний жилийн төлбөрөө төлөөд явдаг.
21 аймгаас 30 их дээд сургуульд 356 төгсөгчдөд жил бүрийн 1350 мянган ам.доллар гээд 5 орчим тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод явж байгаа хүний хувьд нэг сургуулийн 10 сая төгрөгөөс би хожоод олоод байх сэтгэл байхгүй ээ.
П.Наранбаяр сайдын хувьд мэдлэг боловсролтой,боловсролын салбараа хөгжүүлэх гэсэн зүрх сэтгэлтэй хүн. Яалт ч үгүй 2020 онд нэр дэвших болсон учраас ажлаа хүлээлгэн өгч, би өөрийн гараар халагдах тушаалд нь гарын үсэг зурж байсан. Түүнээс хойш 5 жил өнгөрөөд байна. Энэ төсөл 2020 онооос хойш хэрэгжсэн. Цаг хугацааны хувьд өнөөдөр ингэж мэдээлэгдээд байгаа болохоос биш П.Наранбаярыг сайд болохоос өмнө, үе үеийн боловсролын байгууллагынхан дэмжиж ажиллаж байгаа, бид ч зүрх сэтгэлээрээ хэрэгжүүлж байгаа ажил юм.
Г.ХОРОЛ
3,595.38






















































Холбоотой мэдээ