Төв аймгийн Эрдэнэ, Батсүмбэр сум, Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд өчигдөр /2025.06.28/ ой, хээрийн гурван гал түймэр нэмж бүртгэгджээ. Энэ талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд мэдээлэл өгөхдөө "Өчигдрийн байдлаар Онцгой байдлын газарт бүртгэгдсэн 12 ой, хээрийн гал түймрийн тав нь буюу Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Булган аймгийн Бугат сум, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд гарсан түймрийг бүрэн унтраалаа. Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Ерөө, Хүдэр сумаас гадна Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан гал түймрийг цурманд оруулаад байгаа ч шинээр нэмж, гурван түймэр бүртгэгдлээ. Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэ, Батсүмбэр сум, Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд өчигдөр /2025.06.28/ ой, хээрийн гурван гал түймэр нэмж бүртгэгдээд байна. Төв аймгийн Эрдэнэ суманд гарсан гал түймэрт автомашинтай очих боломжгүй учраас зэвсэгт хүчний нисдэг тэргээр ажиллаж байна. Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ажилласан алба хаагчдыг Төв аймгийн Эрдэнэ сум руу шилжүүлэн ажиллаж байна" гэсэн юм.
ОБЕГ: Сэлэнгэ, Төв аймагт 3 түймэр нэмж, гарлаа
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн Доргон толгой гэдэг газар энэ сарын 22-нд гарсан ойн гал түймрийг өчигдөр /2025.06.28/ 16.30 цагт цурманд оруулсан талаар албаныхан мэдээлсэн. Түймрийг унтраах ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нараар ахлуулсан 141 алба хаагч, 13 автомашин, сумын мэргэжлийн ангийн 124 хүн, 27 автомашинтайгаар ажиллаж байна.Хэнтий аймгийн Батширээт сумын Баруун тас гэдэг газар энэ сарын 26-нд гарсан ойн гал түймрийг өнөөдөр /2025.06.29/ 09.15 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар нийт 1.32 га талбай өртөж шатсан байна.
Холбоотой мэдээ