Ахмад настнууд тэтгэврийн зээл авахдаа өргөдөл бичиж хүсэлт гаргасны дагуу арилжааны банкнаас 5-7 хоногт шийдэх гэнэ. Өмнөх тэтгэвэр барьцаалсан зээлийн өр орлогын харьцаа 30:70 байх үед бага тэтгэвэр авдаг ахмад дээд тал нь 2.2 сая төгрөгийн зээл авах боломжтой байсан. Гэвч ахмад настнууд тэтгэврээ 70 хувь хүртэл барьцаалж, дээд тал нь гурван жилийн хугацаатай зээл авах хүсэлт тавьж буй. Тэтгэврийн зээлийг хязгаарласнаар хугацааг нь нэг жил байсныг хоёр жил болгож өөрчилсөн бөгөөд өр, орлогын харьцааг 50:50 хэвээр үлдээсэн юм.
Нийгэмд хүлээлт үүссэн байсан тэтгэврийн зээлийн асуудлаар Монголбанкнаас Даваа гаригт цаг үеийн мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр Монголбанкины хэвлэлийн төлөөлөгч Б.Түмэнцэнгэл ярихдаа "2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар тэтгэврийн зээлтэй 281.2 мянган зээлдэгчийн 1.8 наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэл нь нийт хэрэглээний зээлийн 15 хувийг бүрдүүлж байна. Нэг зээлдэгч дунджаар 6.5 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй бөгөөд сард дунджаар 802 мянган төгрөгийн зээл буюу тэтгэврийн орлогынхоо 83.7 хувийн зээлийн эргэн төлөлтөд зарцуулж байгаа юм.
Тэтгэврийн зээлийн үлдэгдэл 2021 оны хоёрдугаар улиралд 100 гаруй тэрбум төгрөг байсан. Монголбанкины Мөнгөний бодлогын хороо тэтгэврийн зээлийн хурдтай өсөлтийг харгалзан үзэж энэ онд дараах шийдвэрүүдийг гаргасан. Үүнд:
- 2025 оны гуравдугаар сард тэтгэвэр барьцаалсан зээлийг сарын төлбөрийг төлсний дараах үлдэгдэл нь хүн амын орлогын түвшнээс доошгүй байхаар тогтоосон.
- Түүнчлэн зургадугаар сард банкнаас шинээр олгох зээлийн нөхцөлийг өөрчлөх буюу тэтгэвэр, тэтгэмж барьцаалсан зээлийн хувьд өр орлогын дээд хязгаарыг бусад зээлийн адилаар 50 хувиар тогтоосон.
Өөрөөр хэлбэл, зээлдэгч тэтгэврийн орлогынхоо 50 хувийг гар дээрээ үлдээнэ гэсэн зохицуулалт хийсэн. Энэ нь тухайн үеийн эдийн засаг, мөнгөний бодлоготой уялдсан, цогц шийдвэрийн нэг хэсэг гэж ойлгож болно. Эдгээр арга хэмжээ нь Төв банкны үндсэн бодлоготой уялдсан олон талт шийдвэр юм. Хэрэглээний зээлийн хурдацтай өсөлт нь инфляци өсөх, өрхийн амьжиргаа доройтох зэрэг олон эрсдэл дагуулдаг. Монголбанкнаас гаргасан өр орлогын хязгаарлалт нь 2025 оны зургадугаар сарын 16-наас өмнө тэтгэврийн зээл авсан иргэдэд хамааралгүй буюу тэдгээр зээлдэгч нь зээлээ сунгах нэмж зээл авах бололцоотой.
Ерөнхийд нь авч үзвэл эдгээр нь Монголбанк тэтгэврийн зээлийг тусгайлан авч үзэж гаргасан шийдвэр биш. Дээр дурдсанчлан Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзсэн шийдвэр" гэсэн юм.
Холбоотой мэдээ