Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
"ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН МАТЕРИАЛ ЗАДРААГҮЙ, ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ШААРДЛАГАГҮЙ"
Боловсролын үнэлгээний төвөөс Даваа гаригт /2025.06.23/ Элсэлтийн шалгалтын талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяа мэдээлэл өгөхдөө "Элсэлтийн шалгалтыг 2006 оноос эхлэн уламжлалт, нэг процессын дагуу зохион байгуулдаг. Даалгаврыг вакумжуулж, интернэт орчингүй газар тагнуул, цагдаагийн хамгаалалт дор боловсруулдаг. Дараа нь тагнуулын байгууллагын тусламжтайгаар орон нутагт хүргүүлдэг. Тийм учраас Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй.
Элсэлтийн шалгалтыг 2025 оны зургадугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны зургадугаар сарын 21-ний өдрүүдэд зохион байгууллаа. Шалгалтад 43.318 шалгуулагч оролцсон бөгөөд эрэгтэй шалгуулагч 20.500, эмэгтэй шалгуулагч 22.818 байсан нь нийт шалгуулагчийн 54 хувийг эзэлж байна. Орон нутгийн шалгуулагч 18.334 байсан ба нийт шалгуулагчийн 52,6 хувийг эзэлж байгаа бөгөөд нийслэлд 19.600 шалгуулагч шалгалт өгсөн нь нийт шалгуулагчийн 45,6 хувийг эзэлж байна. Улс даяар 3000 багш хянагч, зохион байгуулагчаар ажилласан. Нийт 20 боловсруулагч, 10 эксперт жил бүрийн Элсэлтийн шалгалтыг боловсруулж ажилладаг.
Шалгалтыг 10 хичээлээр зохион байгуулдаг бөгөөд хамгийн олон шалгуулагчтай хичээл математик байсан бол хамгийн бага шалгуулагчтай хичээл орос хэлний хичээл байлаа.
Улаанбаатар хотод хамгийн их шалгуулагчтай дүүрэг Баянзүрх байсан бол хамгийн бага шалгуулагчтай нь Налайх, Багахангай дүүрэг байлаа. Орон нутагт хамгийн олон шалгуулагчтай нь Хөвсгөл 1701 байсан бол хамгийн бага шалгуулагчтай нь Говьсүмбэр 213 байжээ. Элсэлтийн шалгалтыг үндэсний хэмжээнд 50 шалгалтын байрны 3500 зааланд зохион байгуулсан. Шалгуулагчдын тоо давхардсан байдлаар 133.390 байсан. Аймаг болгонд нэг нэг шалгалтын төв ажилласан боловч шалгуулагчдын тооноос хамааран Хөвсгөл, Дорноговь аймагт тус бүр хоёр шалгалтын төв ажилласан байна. Дүүрэг тус бүрд 3-5 шалгалтын төв ажилласан.
Шалгалт авахдаа багийн ахлагч, сэдэв хариуцагч, шууд засагч, хянагч багшийн ахлагч, хянаг багш, зохион байгуулагч, эмч, үйлчлэгч, цагдаа гэсэн бүрэлдэхүүнтэй ажилласан. Элсэлтийн шалгалтын зохион байгуулалтад нийт 2966 хүн ажилласан бөгөөд шалгалтын төв бүхэн сахилга бат, дэг журмыг сахиулах үүднээс нэг цагдаа, эмчийг ажиллуулсан болно. Энэ оны зургадугаар сард олон улсын шалгалтын үнэлгээг Элсэлтийн үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлтийг 2025 оны гуравдугаар сарын 6-ны өдрөөс 2025 оны тавдугаар сарын 30-ны өдрийг дуустал хүлээн авч 2598 шалгуулагчийн 3661 шалгалтын үнэлгээг дүйцүүлсэн. Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын дүн оноог Элсэлтийн шалгалтын дүн оноотой дүйцүүлэх хүсэлтийг 2598 суралцагч онлайнаар илгээсэн бөгөөд 1185 суралцагч SAT, 1012 суралцагч IELTS-ын шалгалтын дүн оноогоо дүйцүүлжээ.
Нийт 10 хичээлээс англи хэл, математик, нийгэм судлалын хичээл дээр хамгийн өндөр буюу 800 оноо авсан шалгуулагч 35-39 байгаа бол түүхийн хичээл дээр 800 оноо авсан шалгуулагч нэг байна. Үндэсний хэмжээнд 800 оноо авсан шалгуулагч 172 байна" гэв.
Г.ЗАНДАНШАТАР: ДЭД САЙДЫГ УИХ-ТАЙ ЗӨВШИЛЦӨН ШИЙДНЭ
Ерөнхий сайд Г.Занданшатар төрийн албанд цомхотгол хийх хүрээнд дарга нарыг цөөлнө гэдгээ мэдэгдсэн ч дэд сайд нарын орон тоог бий болгож мэдэхээр байна. Учир нь, УИХ дахь МАН дотор шинэ Засгийн газар дэд сайд нарыг удахгүй томилно гэх яриа өнгөрсөн долоо хоногоос гарч эхлэв. Энэ асуудалд Ерөнхий сайд Г.Занданшатар “Дэд сайдын асуудал хуулин дээр байна лээ. Өмнөх Засгийн газрын үед орон тоо ,төсөвтэйгээ байгаа юм билээ. Хэл ам шүүмжлэлээс болоод томилоогүй. Дэд сайд нарыг үр дүнтэй ажиллуулах л асуудал. Гадаад харилцааны сайд гадаад явлаа, гадны зочин ирлээ, орлох хүн байх ёстой. Ямар ч компанийн удирдлагын нэгжид орлох хүн байдаг. Засаг даргын ажил ч бас орлогчгүй бол явдаггүй. Орлогч сайд гэдэг дэлхийн бүх улсад байдаг албан тушаал. Нэгээр тогтохгүй байдаг албан тушаал. Улс төрийн албан тушаал. Хэмнэх гэхээс илүү үр дүн юу байна, үр ашиг гэж юу байна гэж судалж шийдэх ёстой. УИХ-тай зөвшилцөөд шийдэх ёстой асуудал” гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа юм.
Мөн МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд “Дэд сайдын томилох бол ядаж нэр цэвэр, хулгай зэлгий, Засгийн газрын тусгай сангуудад нэр холбогдоогүй хүмүүсийг томилох ёстой” гэж үзэж байна.
Шинээр бүрдсэн Засгийн газар Ерөнхий сайдыг оруулаад 20 сайдтай. Дэд сайдын албан тушаалыг бий болговол 19 яаманд дэд сайд нар томилогдоно гэсэн үг. Энэ тохиолдолд ялгаагүй л дарга нарын орон тоо нэмэгдэнэ. Бүсээ чангалах хүрээнд дарга нарын тоог цөөрүүлнэ гэж байгаа ч зөрүүлээд дэд сайд томилохоор мөн л туслах, жолоочоос эхлээд орон тоо дахин бий болгох шаардлага үүсч буй юм.
НЭР БҮХИЙ УИХ-ЫН ГИШҮҮД ЕРӨНХИЙ САЙДАД П.НАРАНБАЯР САЙДЫГ ОГЦРУУЛАХ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ
УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Н.Батсүмбэрэл, Д.Бум-Очир нар Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлага хүргүүлж байгаа талаараа Лхагва гаригт /2025.06.25/-нд мэдээлэл хийсэн.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар анх томилогдохдоо гурван зүйлийг хэлсэн байдаг. Нэгдүгээрт, авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчилд холбогдсон сайдыг шууд чөлөөлнө гэдгээ УИХ-ын танхимд мэдэгдсэн. Хоёрдугаарт, зарчимтай байна гэдгээ мэдэгдсэн, гуравдугаарт үнэн байнаа гэдгээ мэдэгдсэн. Ийм ч учраас УИХ-ын гишүүдийн 94 хувийн саналаар Г.Занданшатрыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилсон. Занданшатар ерөнхий сайдын засгийн газрыг дэмжиж байгаа тогтвортой ажлаасай гэж хүсэж байгаа. Тиймээс нэр бүхий гишүүдээс Монгол Улсын ерөнхий сайд Г. Занданшатарт Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулахыг шаардсан шаардлага албан ёсоор хүргүүлж байна гэж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэллээ. Тэрбээр "Нэгд 2024 оны есдүгээр сарын 9-ний өдрийн тушаалаар сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх тухай гээд 1.2 тэрбум төгрөг зарцуулахаа зарласан. Тухайн үед УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж байсан. Гэтэл ЕБ-ын 120 сургуульд 10 сая төгрөг олгох замаар тараасан. Ингээд буцаагаад нэг ТББ руу буцаагаад 120 сургуулиас 10, 10 сая төгрөгийг татсан. Энэ бол авлигын асуудал. Ерөнхий сайд томилогдохдоо авлига, ашиг сонирхлын зөрчилтэй сайд нарыг чөлөөлнө гэж байсан. Тиймээс Ерөнхий сайд хэлсэн үгэндээ эзэн байж П.Наранбаяр сайдыг огцруулах хэрэгтэй. Хоёрт, Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой асуудал үүссэн гэв.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл энэ үеэр "Элсэлтийн шалгалыг зохион байгуулалтыг алдаатай хийсэн. Шалгалтын зарим мэдээллүүд алдагдсан байж болзошгүй асуудлууд гарсан. Төсвийн хөрөнгийг өмнө нь ажиллаж байсан байгууллагуудын удирдлагуудтай хуйвалдаж, эрх мэдлээ ашигласан байж болзошгүй ийм баримт байна. Мөн тодорхой хөрөнгө оруулалтын ажлуудыг буцаахдаа өсгөж, өөрчлөлт оруулахыг оролдсон оролдлогууд байна. Ийм учраас УИХ-ын гишүүн Боловсролын сайд П.Наранбаяр бол хуульд нийцэж ажиллаж чадахгүй хүн юм. Боловсролын байгууллагыг улс төржүүлдэг боловсролын байгууллагад хууль бус томилгоо хийдэг боллоо гэдгийг Төрийн албаны зөвлөлөөс маш тодорхой баримт гаргаж өгсөн. Ийм учраас Монгол Улсын Ерөнхий сайдад Боловсролын сайдад арга хэмжээ авч хариуцлага, тооцож огцруулах ёстой гэсэн саналыг УИХ-ын нэр бүхий гишүүд гаргаж байгаа юмаа гэдгийг онцолж хэлье" гэсэн юм.
БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ш.МИРЗИЁЕВИЙН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨВ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн төрийн айлчлал өндөрлөлөө. Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд төрийн тэргүүний хувиар анх удаа төрийн айлчлал хийлээ. Төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцлаа.
Хоёр улсын Ерөнхийлөгч “Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааны тухай хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурж, харилцааны түвшнийг шат ахиулан, “Иж бүрэн түншлэл“-д хүргэлээ.
Талууд харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, уул уурхай, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэнд, ургамлын хорио цээр зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
Айлчлалын хүрээнд “Монгол-Узбекистаны аялал жуулчлалын форум”, “Монгол-Узбекистаны бизнес форум”, “Узбекистаны соёлын тоглолт”, фото зургийн үзэсгэлэн болон узбек үндэсний хоолны өдөрлөгийг зохион байгууллаа.
Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, гэргий Зиорат Мирзиёева нарыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батбаатар, Бүгд Найрамдах Узбекистан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ф.Арзиев тэргүүтэй албаны хүмүүс үдэж мордууллаа.
НЕФТЬ ИМПОРТЛОГЧДОД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОЖ, ШАТАХУУН НӨӨЦӨЛНӨ
Засгийн газрын /2025.06.25/ ээлжит хуралдаанаас нефть импортлогч компанид хөнгөлөлттэй зээл олгож, шатахууны нөөц бүрдүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулах шийдвэр гаргасан байна. Энэ талаарх мэдээллийг Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хийсэн юм. Тэрбээр “Ойрхи Дорнодын зарим улс буюу Иран, Иракт болж байгаа үйл явдалтай холбоотойгоор Ормузын хоолой дэлхийн түүхий нефтийн тээврийн 25 хувийг хамаардаг тээвэрлэлтийн суваг хаагдах эрсдэлтэй нөхцөлд орж байна. Нефтийн брент үнэ өчигдөр өссөн 5.7 хувиар өссөн байна. Маш тогтворгүй таамаглах аргагүй нөхцөлд орж болзошгүй учраас Монгол Улс нефтийн нөөцөө нэмэгдүүлэх, ирэх долоо, найм, есдүгээр сарын хэрэгцээгээ хангалттай нөөцлөх бодлого барих ёстой.
Хоёрдугаарт, ОХУ-ын “Роснефть” компанийн Ангарск дахь газрын тос боловсруулах үйлдвэр ирэх наймдугаар сарын 10 наас есдүгээр сарын 20-ны хооронд урсгал засвар хийх мэдээллийг өгсөн.
Ийм учраас нефть импортлогч нарт хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг Монголбанкнаас гаргаж, нефтийн нөөц бүрдүүлэх асуудлыг шийдвэрлэхийг Сангийн сайдад даалгасан тэмдэглэлийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Нефть импортлогч нартай хамтран захиалгаа нэмэгдүүлэх, тээврийн асуудал дээр бодлогын дэмжлэг үзүүлэх үүргийг Аж үйлдвэр эрдэс баялгийн сайдад өгсөн тэмдэглэл гаргалаа.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн Хөдөө аж ахуйн биржийн харьяанд байдаг нефть нөөцлөх агуулах сав зэргийг “Эрчис ойл” компанид шилжүүлэх зэрэг асуудлыг Төрийн өмчийн хороо яаралтай судалж, шийдвэр гаргахыг мөн даалгасан.
“Алт-3” аяныг идэвхжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ. Алтны үнэ өнгөрсөн оныхоос 36 хувиар өсч байхад манай улсад алт тушаалт буурсан. Алт тушаалт өнгөрсөн оныхоос 16 хувийн уналттай явж байна. Дэлхийд нэг унци алт 3600-гаас дээш үнэлгээ тогтоод явж байна. Нийт 500 орчим тонн алт бүртгэгдсэн байдаг. Шууд олборлох боломжтой 100 тонн үндсэн алтны ордыг эргэлтэд оруулахын тулд эрх зүйн орчин нээж өгөх зорилго тавьж байна. Алтны хайгуулын тусгай зөвшөөрлийг авдаг, эзэмшдэг нөхцөл байдлыг хөнгөвчилнө. Татварын босго буюу алтны борлуулалтын 6 тэрбум төгрөг хүртэл 10 хувийн татвартай, 6 тэрбумаас илүү гарсан борлуулалтаас 25 хувийн орлогын албан татварын авдаг. Олон улсын жишигт байдаггүй алт олборлогчдыг боомилсон зохицуулалт болчиоод байгаа. Үүнийг олон үе шаттай болгож, тушааж байгаа алтны хэмжээ, үнэ, борлуулалтад оруулсан дүнгээс нь хамарсан хэмжээгээр шатлах эрх зүйн зохицуулалт хийе гэсэн төлөвлөлт барьж байна. Рояальтын 5 хувь хэвээр байна. Эдийн засгийн хямралын үед амь тариа болдог эрдэс баялаг бол алт. “Алт-3” аяныг идэвхжүүлэх тогтоолын төслийг 2025 оны төсвийн тодотголыг дагуулж өргөн барина.
МОНГОЛЫН 3Х3 ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ ДАШТ-ИЙ ШӨВГИЙН ДӨРӨВТ ШАЛГАРЛАА
Нэргүй 3 цагийн өмнө 81.9.119.226
>> Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 2025-06-29 202.126.91.211
Манай охидууд Хятадыг бас Америкийг хожоо юу, баяр хүргэк ээ !!!