Эквадорын хар тамхины эзэнт гүрний хаан, эрэн сурвалжлагдаж байсан оргодол Адолфо Макиас Вилламар баривчлагджээ. Макиас буюу олноо Фито гэх нэрээр танигдсан тэрбээр Лос Чонерос гэмт бүлэглэлийн тэргүүн юм. Тус бүлэглэлээс болж Эквадор улс аялал жуулчлалын төв бус гэмт хэргийн гаралт хамгийн өндөртэй газар болж хувирсан гэлцдэг. 2023 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Фернандо Виллависенсиогийн амь насанд халдсан хэрэгт мөн Фитог буруутгадаг.
Тэрбээр Манта хотод нэгэн тансаг байшингийн доорх хоргодох байранд нуугдаж байжээ. Цагдаа, цэргийнхний хамтарсан 10 цагийн ажиллагааны эцэст түүнийг баривчилсан байна. Байшингийн шалны нэг хэсэг нь занга байдлаар гулсаж доошоо ордог байжээ. Хоргодох байрыг агааржуулагч, ор, сэнс, хөргөгч сэлтээр тохижуулсан байв. Харин үндсэн байшинг бялдаржуулах төхөөрөмжүүд, билльярд, ширээний хөлбөмбөг зэргээр тохижуулжээ.
Фитог баривчилсан даруйдаа Эквадорын хамгийн том шоронгууд байрладаг Гуаякил боомт хот руу онгоцоор авч явжээ. Тэрбээр ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй аж. Түүнийг хамгийн өндөр хамгаалалтай Ла Рока шоронд шилжүүлсэн байна.
Эквадорын ерөнхийлөгч Даниел Нобоа хүчний байгууллагынхныг сайшаахын зэрэгцээ Фитог АНУ руу шилжүүлнэ гэж мэдэгдлээ. Учир нь АНУ түүнийг кокаин хууль бусаар хил нэвтрүүлсэн хэрэгт буруутгаж байгаа юм.
Фито шоронд байсан боловч 2024 оны нэгдүгээр сард хоёр харуулын тусламжтайгаар оргосон. Энэ хэргээс болж тухайн үед үймээн самуун дэгдэж, ерөнхийлөгч Нобоа онц байдал зарлаж байсан түүхтэй. Фито 34 жилийн ялтайгаар шоронд хоригдож байсан. Гэсэн ч шоронд байхдаа л Лос Чонерос бүлгийн тэргүүн болж дэвшсэн юм. Хар тамхины наймаа зэрэг бүлгийн үйл ажиллагааг Фито торны цаанаас удирдчихдаг байжээ.
Фитогийн удирдлаган дор Лос Чонерос бүлэг Мексикийн хүчирхэг Синалоа картелтэй холбоо тогтоосон. Үүнээс болж Мексикийн картелуудын хэрэглэдэг толгой таслах, зэрэмдэглэх зэрэг аймшигт тактикууд Эквадорт тархсан гэж үздэг.
Нэргүй 11 цагийн өмнө 202.126.89.201
Манайхаас өол Баттулга Ехөнхийлөгч л нэг энэ дайны жаалж Монголын нэрийг Дэлхий дахинаа дуурсгаж мэднэ дээ !!!