Монголын поп хөгжмийн түүхийг бичилцсэн “Камертон” хамтлагийн 30 жилийн ойн тоглолтын хэвлэлийн бага хурал 2025 оны зургадугаар сарын 24-нд “Shangri-La Centre”-ийн “Brussels Belgian Beer Cafe”‑д өдөрлөг хэлбэрээр болсон билээ. Энэ удаагийн “Camerton-30” нь энгийн нэг тоглолт биш, харин монгол залуусын дурсамж, хайрын түүх, амьд хөгжмийн урлагийг нэгэн тайзан дээр амилуулах тоглолт юм.
44 дуу, 11 цомгийн амьд дуулалт
Хамтлагийн ахлагч Д.Болд “Нийт 44 хит дуугаа амьд хөгжмийн шинэчилсэн найруулгаар та бүхэндээ хүргэхээр бэлтгэл ажил хангагдсан байгаа. Фэнүүд маань дуунуудынхаа үгийг цээжилж ирээрэй” гэсэн юм. Тоглолтод “18 нас”-аас эхлэн хамгийн сүүлд гарсан “Хязгааргүй” цомог хүртэлх уран бүтээлүүд багтжээ. Түүнчлэн дөрвөн гишүүн тус бүр өөрсдийн бие даасан уран бүтээлээр оролцох аж.
Монголын поп урлагийн түүхийг “Камертон” тодорхойлсон
Хөтлөгч Г.Анхбаяр хэвлэлийн хурлын нээлт дээр “Камертон хамтлаг Монголын хамгийн анхны гадаадад хийсэн клип, анхны Double CD, анхны VCD-г гаргаж, соёлын өвийн стандартыг дээшлүүлсэн. Энэ бол зүгээр нэг хамтлаг биш, үе үеийн залуусын хайрын гүн хэлхээс энэ хамтлагтай холбоотой байдаг байх" гэжээ.
Мөн хамтлагийн гишүүдийг “гайхалтай дөрвөн аав, дөрвөн хоолой, дөрвөн найз” гэж тодорхойлоод, 30 жилийн нөхөрлөл, урлагт оруулсан үнэлж баршгүй хувь нэмрийг нь дурдаж, “Камертон мандтугай” гэсэн юм.
Дурсамжийн гэрэл зургууд, шинэ уран бүтээл
Өдөрлөгийн үеэр гэрэл зурагчин н.Болор-Эрдэнэ Камертоны гайхалтай мөчүүдийн гэрэл зургаар гаргасан үзэсгэлэнгээ дэлгэсэн нь онцлох мөч байв.
Хамтлагийн гишүүн Г.Мэнд-Амар "2024 онд бид ‘Сэтгэлийн хүч’, 2025 онд ‘Нар туссан бүхний оргил’ гэх шинэ дуугаа гаргасан. Харин өнөөдрийн гэрэл зургууд бол бидний өнгөрсөн амьдрал, өнгөрсөнд хийж бүтээж байсан тэр галтай, цогтой, дөлтэй, гайхалтай мөчүүдийн халуун дурсамж юм” гэж хэллээ. Харин хамтлагийн гишүүн Б.Эрдэнэбат, Л.Ган-Эрдэнэ нар сэтгэл хөдөлгөм талархал илэрхийлж “Энэ бүх хугацаанд хамт байсан гэр бүл, үр хүүхэд, ах дүү, үзэгч сонсогчдодоо баярлалаа. Зургадугаар сарын 28-нд Socialpay Park-д уулзацгаая” гэлээ.
Холбоотой мэдээ