Бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардал 36 хувиар өссөн

Бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардал 36 хувиар өссөн

Пүрэвсүрэн Батзаяа
Пүрэвсүрэн Батзаяа
Бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардал 36 хувиар өссөн

УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын дэд хорооны дарга Д.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа.


Асуулт 1

УИХ-аар өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэл, энэ жилийн төсвийн тодотгол хэлэлцэх гэж байна. Та чуулганы хуралдаанд оролцох үедээ бусдаар гүйцэтгүүлэх ажил нэрийн дор төсвийн үргүй зардал маш их гарсан талаарх асуудлыг хөндсөн.  Сүүлийн хоёр жилийн хугацаанд бусдаар гүйцэтгүүлэх ажлын зардал хэдэн хувиар өссөн үзүүлэлттэй байна?

Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн дүнгээс үзэхэд нийт 9,292,1 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн ба өмнө оноос 2,941,9 тэрбум төгрөгөөр буюу 48 хувиар өссөн байна. Түүнчлэн төсвийн тоонууд задгай буюу олон салбарласан, олон хувьсагчаас хамаарсан, давхардсан байдал нь дүн шинжилгээ хийхэд хүндрэл учруулахаас гадна дүгнэлт хийх боломжгүй байна.

Валютын сангийн зөвлөмж, Сангийн сайдын тушаалаар төсвийн урсгал зардал, түүнд багтах “Бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээ”-нд  ямар ямар зардал багтах талаар журмалсан байна. Энэ журмын дагуу төсвийн бичилт хийж ирсэн. Монгол Улсын 2023 болон 2024 оны төсвийн гүйцэтгэл дэх бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамжийн харьцуулсан мэдээллийг харахад ерөнхий дүнгээрээ 2023 онд 1.1 их наяд төгрөг байсан бол 2024 онд 1.49 их наяд болж 38 хувиар өссөн байна.

Асуулт 2

Өнгөрсөн жилийн тухайд энэ төрлийн зардал нь хамгийн их өссөн ямар ямар салбар байна вэ?

Өнгөрсөн жил “Бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний  зардал” нь хамгийн их өссөн салбарыг Боловсролын яам тэргүүлж байгаа бол Хууль зүйн удаалж байна. Мөн орон нутаг дангаараа 100 тэрбум төгрөгөөр зардлаа нэмэгдүүлсэн тохиолдол ч байна. Хөтөлбөрөөр нь ангилбал Гадаад зээл тусламжаар хэрэгжсэн төсөл хөтөлбөр, хот тохижуулалт гэсэн зорилгоор 80 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Мөнгөн дүнгээр нь эрэмбэлэн харахад бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр хураамжид  дотор үндсэн үйл ажиллагааны зардалд 292 тэрбум төгрөг зарцуулсан байна. Яамны данхар бүтэц дээр нэмээд олон ажил гүйцэтгэх  гэрээ байгуулж төсвийн үргүй зардал гаргаж байна.

Асуулт 3

Бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний төлбөр” хураамжид хамаарах ямар зардлууд өссөн бэ?

Анхаарах ёстой бас нэг зардал бол бусдаар гүйцэтгүүлэх Эрдэм шинжилгээ, судалгааны зардал. Энэ төрлийн зардал яагаад өссөн талаар ажлын хэсгийнхнээс тодруулахад “Төрийн албан хаагчид чөлөөт цагаараа судалгаа, шинжилгээний ажил хийдэг. Түүнд зориулсан төлбөр” гэсэн хариулт өгч байна. Монгол Улсад хэмжээ хязгааргүй олон хурал, судалгаа, хэлэлцүүлэг өрнөдөг боллоо. Эргээд ямар ч үр дүн байдаггүй. Төсвийн мөнгөөр судалгаа хийлгэсэн бол эргээд ямар үр өгөөж гарсан талаарх тоо баримт ч алга. Боловсролын сайдын багц 2023 онд 44 тэрбум байсан бол 2024 онд 139 тэрбум болж нэмэгдсэн.  Тэгвэл 2024 онд "Бусдаар гүйцэтгүүлэх бараа үйлчилгээ" тэр дундаа эрдэм шинжилгээ судалгааны зардалд 3 тэрбум төгрөг зарцуулсан байна. Жилийн дотор энэ төрлийн зардал 3.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.  Судалгаа хийлгэх зардал ганцхан Боловсролын яам дээр ч байгаа юм биш. Шадар сайд 9 тэрбумаар судалгаа хийлгэсэн бол Хууль зүйн сайд 28 тэрбумаар судалгаа хийлгэсэн байна.

Яамдаар харьцуулаад харахаар Гадаад харилцааны яамны “Бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардал” ерөнхий дүнгээрээ багассан харагдах боловч анхаарах нэг зардал нь байр ашиглалттай холбоотой зардал байна. Тухайлбал, 2023 онд 890 сая байсан зардал жилийн дотор 3.1 тэрбум болж өссөн байна. Элчин консулын байрны түрээс л гэж тайлбарлах байх. Энэ асуудлын талаар нарийвчилж тодруулах шаардлагатай. Мөн Соёлын яамнаас Монгол Улсыг сурталчлах нэрээр 6 тэрбум төгрөгийг шууд гэрээ байгуулах, худалдан авалт хийхэд зарцуулсан. Мөн улсын шигшээ багийг дэмжих үйл ажиллагаа жилийн дотор 10 тэрбумаас 21 тэрбум болж хоёр дахин өссөн байна. Мөн МСҮТ-ийг дэмжих үйл ажиллагаанд өндөр дүнтэй зардлын зарцуулсан зарцуултанд хяналт тавих Ажлын хэсэг гаргаж, хяналт шалгалт явуулж үр дүнг нь хармаар байна.

Асуулт 4

Төсвийн зарлагын дэд хороогоор мэдээлэл авч хэлэлцсэний үр дүнг товчхон дүгнэж хэлнэ үү?

Нийгэм, эдийн засгийн үр нөлөөг харгалзаж төсвийн гүйцэтгэлийг үнэлэх ёстой. Ингэхдээ гүйцэтгэлийн суурь үзүүлэлтийг зөв тодорхойлох нь маш чухал бөгөөд судалгаа, шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож улс орны хөгжлийг бодит хэмжүүрээр дүгнэж цаашдын зорилго, зорилтуудаа зөв эрэмбэлэхэд ач тустай билээ. Түүнчлэн төрийн байгууллагуудын мэдээллийн сүлжээ, урсгалыг нэг стандарттай болгох тухайн мэдээлэл дээр суурилсан эрсдэлийн үнэлгээ хийх, хянан шалгалтыг төлөвлөх, төсвийн урсгал зардлын ангилал задаргааг илүү оновчтой болгох шаардлагатай байна.

Монгол Улсын Засгийн газраас төсөвт тодотгол хийх асуудлыг удаа дараа хэлэлцдэг. Тодотгох, хэмнэх зардал байгаа бол хэмнэх нь зүйн хэрэг. Гэвч хуваарилсан төсвөө зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж чадаж байгаа эсэх дээр хяналтын тогтолцоогоо сайжруулах хэрэгтэй. Ямар нэгэн гоё сайхан тодорхойлолт, ганган чамин үгийн цаана төсвийн үргүй зардал гарч, татвар төлөгчдийн мөнгө үр ашиггүй зарцуулагддаг байж таарахгүй. Төсвийн сахилга бат хариуцлагыг дээшлүүлэх төсвийн гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах үр дүнг нэмэгдүүлэх үүднээс одоогийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага байгааг тэмдэглэмээр байна. Юуны түрүүнд Улсын нэгдсэн төсөв, төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх цагалбарын хугацааг нэмэгдүүлж Улсын Их Хурлын гишүүдийг нэмэлт мэдээлэл,и тайлбар авах, сонгогчдын саналыг сонсох боломжийг бүрдүүлэх нь зүйтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 8 цагийн өмнө 103.57.92.67

Энэ хүн хэр хүн бэ??? Тойргийн сонгогчид нь мэдэх байх даа!!! Гайгүй цэвэрхэн жудагтай хүн байгаасай л гэж горьдож сууна!!! Бүгд хулгайч байж болохгүй биз дээ!!

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.212.162.161

Бусдаар ажил гүйцэтгүүлэх нь өөрсдийн танилууддаа боломж олгож мөнгө авилгадах шилдэг арга. Өөрийн туршлагаас үзэхэд өмнө нь яам, агентлагийн мэргэжлтнүүд өөрсдөө хийдэг байсан олон стандарт, хуулийн төсөл, төсөл хөтөлбөрүүдийг боловсруулах ажлыг ажил амьдрал мэдэхгүй ТББ, зөвлөх баг мэтэд төсвийн мөнгөөр захиалж байгаагаас амьдралд нийцэхгүй тухайн салбарт хэрэгжүүлэх боломжгүй үг үсэг утга санаа талаасаа ойлгомжгүй мөртөө өндөр үнэтэй баримт бичгүүд гарч төрийн нэр хүндийг унагаж бна

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 103.111.68.3

Бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ угаасаа хамгийн их байх ёстой зардал. Төр өөрөө бүх ажлыг хийх гээд байгаа юм уу? ийм хоцрогдсон сэтгэлгээтэй хүн төсвийн зарлагын дэд хорооны дарга байх гэж. гаргасан зардалд нь хулгай байна уу, хууль бус зүйл байна уу гэдгийг нь мэргэжлийн талаас ярьж үнэлэт дүгнэлт өгөх ёстой. түүнээс биш төсвийн хуулиа өөрсдөө баталсан мөртлөө ийм юм ярих гэж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж