Хүний эрхийн идэвхтэн, Пакистаны баатар, Нобелийн энх тайвны шагналтан хэмээн танигдсан зоригт охин Малала Юсуфзайг танихгүй хүн үгүй болов уу. Охидын боловсрол эзэмших эрхийн төлөө тэмцэж явсан Малала өнөөдөр 27 настай бүсгүй болжээ. Тэрбээр сүүлийн үед спорт дахь эмэгтэйчүүдийн тэгш эрхийн талаар дуу хоолойгоо өргөх болжээ. Спортын үнэнч шүтэн бишрэгч гэдгээрээ дэлхий дахины анхаарлыг дахин шинээр татах болсон Малала Юсуфзайг Ньюс агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцоллоо.
Малала Юсуфзай 1997 онд Пакистаны баруун хойд Хайбер Пахтунхва мужид дунджаас доогуур түвшний гэр бүлд мэндэлжээ. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авах мөнгөгүй байсан тул ээж нь Малалаг хөршүүдийнхээ тусламж дэмжлэгтэйгээр гэртээ төрүүлсэн гэдэг. Малалагийн бага нас аав ээж, хоёр эрэгтэй дүү, хоёр тахиатай хамт өнгөрчээ.
Түүний суурь боловсролыг сургууль гэхээсээ илүү аав нь олгожээ. Эцэг Зиауддин Юсуфзай нь яруу найрагч, сургуулийн захирал, боловсролын идэвхтэн нэгэн байв. Тэрбээр хэд хэдэн хувийн сургууль хариуцан ажиллуулдаг байжээ. Малала багадаа эмч болохыг хүсдэг байсан ч сүүлд нь аавынхаа зөвлөгөөг дагаж улстөрч болохоор шийдсэн аж. Зиауддин Юсуфзай охиндоо хоёр дүүгээс нь илүү онцгой хандаж, шөнө дөл хүртэл улс төрийн талаар ярилцан суудаг байв. Малала пашто, урду, англиар ярьдаг.
Түүнийг охидын боловсролын төлөө дуу хоолойгоо өргөхөд урам зориг, түлхэц болсон хүн бол Пакистаны анхны эмэгтэй удирдагч Беназир Бутто. Хоёр ч удаа ерөнхий сайдаар сонгогдсоноороо Беназир Бутто эрчүүд давамгайлсан нийгэмд эмэгтэйчүүд ч хүчирхэг байж чадна гэсэн мессежийг өгсөн юм.
Малала 2008 оны есдүгээр сараас боловсролын эрхийн талаар ярьж эхэлсэн. Тухайн үед орон нутгийн клубт илтгэл тавиулахаар аав нь түүнийг Пешавар луу дагуулж явж байжээ.
Сэтгүүлч, зураглаачдаар дүүрсэн танхимд Малала "Талибанчууд яаж миний сурч боловсрох эрхийг булааж зүрхлэв?" хэмээн анх ярьж эхэлж байлаа.
Улмаар 2009 онд Малала сургагч багш болж, "Дайн ба энх" сэтгүүлчдийн хүрээлэнгийн "Нээлттэй үзэл бодолтой Пакистан" залуусын хөтөлбөрт ажиллах болжээ. Тус хөтөлбөрт ажиллах хугацаандаа бүс нутгийн сургуулийн сурагчдад сэтгүүл зүй, олон нийтийн мэтгэлцээн, яриа хэлцлээр дамжуулан нийгмийн асуудлаар бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлэхэд нь тусалдаг байв.
Тэрбээр 2012 онд сургуулийн автобусаар зорчиж яваад талибанчуудын халдлагад өртөн хүнд шархадсан юм. Эдгэрснийхээ дараа тэр охидын сурч боловсрох эрхийн төлөө улам идэвхтэй тэмцэх болсон. 2013 онд тэр өөрийн амьдралаараа "Намайг Малала гэдэг" номоо бичсэн нь дэлхий даяар шилдэг борлуулалттай ном болсон. Одоо ч түүний номыг дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс уншсаар байна.
Малалагийн олон жилийн тэмцэл түүнийг Сахаровын шагнал, Нобелийн шагналын эзэн болгожээ. Мөн "Time" сэтгүүл түүнийг 2013, 2014, 2015 онуудад дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэгээр нэрлэжээ.
Малала 2017 онд Бирмингемийн Эдгбастон ахлах сургуулийг төгсч, улмаар Оксфордын их сургуульд элсэн оржээ. Оксфордод тэрбээр философи, улс төр, эдийн засгийн чиглэлээр суралцаж, 2020 онд бакалаврын зэрэгтэй төгссөн байна.
Тэрбээр 2021 онд Английн Бирмингемд Ассер Малик гэх залуутай хуримаа хийжээ. Тэд гэр бүлийн хүрээнд исламын ёс заншлаар хуримласан аж.
СПОРТЫН ШҮТЭН БИШРЭГЧ
Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн спортын томоохон тэмцээнүүд дээр Малалаг олж харсан хүмүүс олон. Тэрбээр Олимп, Хамтын нөхөрлөлийн тэмцээнүүд дээр крикет, хөлбөмбөг, сагсан бөмбөг гээд бүх л тоглолтыг үздэг болжээ. Малала Гэгээн Валентины өдрөөр хүртэл спортыг сонгосон байна. Тодруулбал, Америкийн регби тамирчин Илона Махер Валентины өдөр Англид тоглож таарсныг Малала нөхөртэйгөө үзжээ.
Түүний нөлөөллийн цар хүрээ нэгэнт томорсон тул өдгөө үүнийгээ дэлхийн өнцөг булан бүрт эмэгтэйчүүдийн спортыг дэмжихэд ашиглаж байна.
Энэ хүрээнд тэрбээр "Завсарлага" нэртэй шинэ төслийг эхлүүлжээ. "Завсарлага" нь охид, эмэгтэйчүүдийг спортоор хичээллүүлэх замаар тэдний эрхийг дэмждэг төсөл. Пакистаны крикетын ертөнцөд туршлагатай нөхрийнхөө тусламжтайгаар Малала энэхүү төслөө эхлүүлжээ.
Гэхдээ Малалагийн хувьд энэ бол цоо шинэ санаа биш. Тэрбээр Пакистанд сургуулийн сурагч байхдаа л спорт тоглоом дээр охид, хөвгүүдийн ялгаатай байдлыг анзаардаг байжээ. Сургуулийн завсарлагаанаар хөвгүүд крикет тоглохоор явдаг бол охид хаашаа ч явалгүй хоцордог байв. Тэр үеэс л Малала спорт бол охидод амар олдоод байдаггүй зүйл болохыг ойлгосон гэдэг.
Мөргөлдөөн, улс төрийн хурцадмал байдал даамжирсан өнөөгийн дэлхийн уур амьсгалд спорт урьд өмнөхөөсөө илүү чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт тэр итгэдэг. Уншигч таны мэдэж байгаачлан Олимпийн наадам бол хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэ тэмдэг.








Малала энэ талаар ярихдаа "Афганистанд залуучууд, хүүхдүүд амиа алдаж, өлсгөлөнд нэрвэгдэж, охидын эрх зөрчигдөж байгаа талаар би үргэлж боддог. Дэлхий даяар хурцадмал байдалтай байгаа өнөө үед хүн бүр энх тайвны төлөө залбирч, зэвсгээ хаяасай гэж уриалмаар байна. Яриа хэлэлцээ хийх, нэгдэх чадвар бидэнд бий.
Тэр дундаа спорт бол нийгэм, олон нийтийг нэгтгэх хүчирхэг арга гэдгийг өнөө үед нотолсон шүү дээ. Спортод бид өрсөлддөг ч гэлээ тэмцээн дуусахад бие биеэ тэвэрч, гар барьдаг" гэсэн юм.
Охид 14 нас хүрэхдээ спортоор хичээллэх нь хөвгүүдээс хоёр дахин багассан байдгийг судалгаагаар нотолжээ. Энэ нь боломж, үлгэр дуурайлал хязгаарлагдмал, олон нийт дорд үзэх хандлагатай байдаг зэрэгтэй холбоотой. Тиймээс хандлагыг өөрчлөх нь хамгийн чухал ажил гэж Малала ярьж байна.
Нэргүй 6 цагийн өмнө 103.168.34.129
Иран Афганд хайртай манай мояа оркууд хохь нь гээд ороод ирдэг биш билүү