"Энэ намар 150 мянга орчим тонн үр тариа дутах байх"
УИХ-ын чуулганы хуралдаанаар, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцсэн. УИХ-ын дарга Б.Амарбаясгалан "энэ жил ган гачиг ихтэй байгаа тул унасан төсөл хэдий ч дахиж оруулж ирэх ёстой гэж Засгийн газар үзсэн" гэв. Хуулийн төслийг эцэслэн батлах эсэх дээр санал хураалт явуулахад 72 хувиар дэмжигдэж, хуулийг эцэслэн батлав.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр:
-"Гурил, улаанбуудай, малын тэжээл дээр гэрээний үйлчлэл үйлчлэхгүй байхаар квотыг буулгасан. 50 мянган тонн хүртэлх үр тариаг монголд тарьдаггүй хатуу улаанбуудайгаар жорлох үүднээс авах зохицуулалт хийсэн. Улаанбуудайн үйлдвэрлэл гэрээнд нөлөөлөхгүй. Энэ жил улаанбуудайн үйлдвэрлэл уналттай байна. 120 мянга гаруй га талбайн тариалалт багассан. Ирэх намар гэхэд 150 мянга орчим тонн үр тариа дутах байх. Энэ хүрээнд тодорхой хэмжээний эх үүсвэрийг төсөвт суулгаж, импортоор хангах арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрсэн" гэв.
Ц.Сандаг-Очирыг ТББХ-ны даргаар сонголоо
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ЗГ-аас УИХ-д өргөн мэдүүлсэн зарим хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх санал хураалт явуулж байна. 2025 оны төсөвт тодотгол хийх болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ЗГ-аас өргөн мэдүүлсэн. Дээрх хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалт явуулахад, гишүүдийн олонх нь дэмжсэн тул хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэхээр болж Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Мөн ТББХ-ноос оруулж ирсэн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг томилуулах саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Санал хураалтаар гишүүдийн олонх буюу 60 хувь нь дэмжсэнээр түүнийг шинэ даргаар сонголоо.
"Төрийн албыг цомхогтгосноор төрийн үйлчилгээний хүртээмж удаашрах эрсдэл үүсэх вий"
УИХ-ын гишүүн М.Мандхай:
-Засгийн газрын түвшинд төрийн албан хаагчдын тоог есөн хувиар бууруулахаар эргээд иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмж удааширч шуурхай байдал алдагдах эрсдэл үүсэх юм биш биз. Үүнийг тооцсон уу, хэрхэн шийдвэрлэх вэ. Мөн цомхотгол орон нутаг асуудал үүсэх байх. Цомхотгож байгаа төрийн албан хаагчдаа хөдөлмөрийн зах зээлд дахин шилжүүлж, сургах чадавхжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
– Ерөнхий сайд Г.Занданшатар:
Хэн нэг хүнийг ажилгүй болгоно гэхээс илүү төрийн бүтээмж, чадамжийг сайжруулах давхардсан орон тоог цэгцлэхийг зорьж байна.
"Нэр бүхий гишүүд нийлж Боловсролын сайдыг огцруулах хүсэлт өгнө"
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтийг дэмжиж байгаа. Ерөнхий сайд авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчилтэй сайд нарыг шууд чөлөөлнө гэсэн. Энэ хүрээнд 2024 оны есдүгээр сард 1.2 тэрбум төгрөгөөр сургуулийн менежментийн сайжруулахад дэмжлэг үзүүлэх Боловсролын сайдын тушаал гарсан. Ингээд сургууль бүрд 10,10 сая төгрөгийг олгох замаар, нөгөө мөнгөө тараан байршуулсан байгаа юм. Ингэснийхээ дараа тэдгээр 120 сургуулиас буцаагаад нэг байгууллага руу буюу сургуулийн судалгаа хөгжлийн Шинэ монгол төв ТББ руу төвлөрүүлсэн. Энэ бол ашиг сонирхлын зөрчил. Боловсролын сайд П.Наранбаяр энэ үйлдлийнхээ төлөө огцрох ёстой. Нэр бүхий гишүүд нийлж Боловсролын сайдыг огцруулах хүсэлт өгнө. Ерөнхий сайд авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчилтэй сайд нарыг шууд чөлөөлнө гэсэн үгэндээ эзэн байхыг хүсч байна" гэлээ.
"Аливаа асуудлыг засахдаа олон талаас харах хэрэгтэй шүү"
Төрийн байгууллага, яам, агентлагуудын орон тоог цөөлж цомхотгол хийхээр болсон. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Идэрбат байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, аймаг сумдын тамгын газрууд, сургууль, цэцэрлэг бүгд хатуу орон тоотой. Толгой мэдэж хүн нэмсэн нэг ч дарга байхгүй. Харин хаана замбараагүй байдал үүсдэг вэ гэвэл яам, агентлагуудад. Тэнд ажилчдынхаа тоог мэдэхээ байтлаа томорсон. Эндээс цомхотголоо эхлэх хэрэгтэй. Орон нутгуудад төрийн албанаас есөн хүн хасаарай гээд хатуу тоо тавьчихсан. Одоо тэгээд цомхотголд орох есөн хүнийхээ нэрийг явуул гээд яаруулаад байна гэнэ. Цомхотголыг ингэж гэнэтийн битгий хийгээч ээ. Дээрээс нь төрийн албан хаагчдын 36 сарын тэтгэмжийн асуудлыг цомхотгол, төсвийн хэмнэлтэд оруулахгүй байхыг хүсч байна. Үүнийг авах гэж сүүлийн арван жил гүрийж ажиллаж байгаа олон хүн бий. Тиймээс нэг л өдөр ийм гэнэтийн шийдвэр битгий гаргадаг байгаач ээ. Аливаа зүйлийг засахдаа уян хатан, олон талаас харах хэрэгтэй шүү. Орон тооны цомхотгол дунд шатанд завхрал гарах вий дээ гэж бодож байна" гэв.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт:
-Ерөнхий сайд, сайд нар томилогдох үедээ яам, агентлаг гээд төрийн байгууллагууд цомхон бүтээмжтэй байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Энэ хүрээнд 16 сайдтай үйл ажиллагаагаа явуулахаар болсон. Мөн 58 үндэсний хороог хоёр дахин цөөлөхөөр болсон. яамдын газар хэлтсийн тоог цөөлнө. Тухайлбал, 270 гаруй газар, хэлтэс байсныг 180 болгож цөөлж байгаа. Цомхотгол хийхдээ шууд халах байдлаар хийхгүй байгаа. Даргын албан тушаалаас буулгалаа гэхэд ахлах мэргэжилтэн, шинжээч зэрэг албан тушаалд шилжүүлэн ажиллуулах зохицуулалт хийж байна. Одоогийн байдлаар шууд халсан асуудал байхгүй. Үндэсний баялгийн сангийн асуудал Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар хариуцна. " гэв.
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөхдөө зардлуудаа бас хармаар байна. Улс орны эдийн засаг хүнд байхад цаасан дээр бүтэц нь байхгүй мөртлөө зардал нь хэвээрээ байгаад байж болохгүй. Одоо нэг нам хоёр шадар сайдтай байгаа шүү дээ. Хүнд нь зориулж албан тушаал бий болгодог байж болохгүй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд мэдээлэл сурталчилгааны ажилд Сангийн яам 31 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ нь бусдаар гүйцэтгүүлсэн ажил гэдэг төлбөр хураамж дотор байна л даа. Татвар төлөгчдийн мөнгөөр ингэж өөрсдийгөө сурталчилдаг байж болохгүй ээ. Төсвийн мөнгөөр хурал, цуглаан хийдэг байдлаа зогсоох хэрэгтэй" гэлээ.
Т1 6 цагийн өмнө 202.9.46.124
Өмхий хулгайч.
Нэргүй 7 цагийн өмнө 202.126.88.176
ХҮН намыг бүтэхгүй халаасны охин нам гээд итгээгүй одоо яая гэхэв одоо насаараа идэх хоолоо хулгайлж аваад намаа хог дээр хаяна