Г.Туяагэрэл: Шантаажийн улс төрийг бий болгож байна

Г.Туяагэрэл: Шантаажийн улс төрийг бий болгож байна

Г.Туяагэрэл: Шантаажийн улс төрийг бий болгож байна

МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцааны Нийтийн удирдлагын сургуулийн тэнхимийн дэд профессор Г. Туяагэрэлтэй ярилцлаа. 


-Улс төрийн намуудад төрөөс анх удаа 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлсэн. Иргэд олон нийтийн зүгээс авлигад идэгдэж, данхайсан улс төрийн намуудыг татвар төлөгчдийн мөнгөөр "тэжээх" нь буруу гэж шүүмжилж байна. Улс төр судлаач хүний хувьд энэ хуулийн зохицуулалт хариуцлагатай, нээлттэй нам эвслийг бий болгон төлөвшүүлэхэд хэр хөшүүрэг болно гэж харж байна вэ?

-Улс төрийн намын тухай ярихаар, ерөөсөө л намгүй болчихвол бүх зүйл сайхан болчих юм шиг хандлага, ойлголт нийгэмд үүсдэг. Гэтэл улс төрийн намгүйгээр ардчиллыг бэхжүүлэх, улс төрийн намгүйгээр парламентын тогтолцоог төлөвшүүлэх, улс төрийн намгүйгээр гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг хангах тухай ярих огт боломжгүй. Тэгэхээр улс төрд өрнөж байгаа бүхий л үйл явцын суурь үндэс нь улс төрийн намын төлөвшилтэй холбоотой. Тэрнээс биш улс төрийн намгүйгээр улс төр хийх тухай ойлголт байхгүй. Жишээлбэл, УИХ-ын сонгуулиар иргэд нэр дэвшигчийг сонгох тухай ярьдаг ч бодит байдал дээр тэр нэр дэвшигч нь улс төрийн намын хүрээнд хүлээн зөвшөөрөгдөж, сонгогдон, нэр дэвших эрхээ авдаг. Бид бодит байдал дээр хүнийг бус намыг л сонгож байгаа хэрэг.

Гэтэл яагаад улс төрийн нам ийм сөрөг нэр хүндтэй болов гэхээр хариуцлагатай байж чадахгүй, санхүүжилт нь нууц, далд байна, сонгуульд шударга бусаар өрсөлдөж байна, жижиг намууд гарч ирэх боломжийг хааж байна гээд маш олон хүчин зүйл бий. Энийг шинжлэх ухааных нь хувьд албан болон албан бус хүчин зүйл гэдэг.

Тиймээс Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлснээр улс төрийн намын хөгжил, төлөвшилд ямар нэгэн байдлаар гэрэл гэгээ гарах боломжийг бий болгосон. Харин нөгөө талд энэ хууль гэрэл гэгээ гаргах боломжгүй юм биш үү, монополь намуудын эрх мэдлийг баталгаажуулж байна гэж ярьж байгаа нь санхүүжилттэй холбоотой. Төрийн санхүүжилт гэхээр л намыг бүх талаар санхүүжүүлэх юм шиг ярьж байна. Үгүй шүү. Энэ хуулийн үзэл баримтлал, гол агуулгыг судлаачид уншаад олж харж байгаа ч жирийн иргэд буюу сонгогчдын хэд нь хувь нь олж харж, уншиж байна вэ. Иргэдийн хувьд хуулиа уншсаны дараа асуудал өрнүүлэх, уншаагүйгээр тэр үйл явцыг үгүйсгэх хоёрын хооронд асар том зөрүү бий.

Тэгэхээр Улс төрийн намын тухай хуулиар ямар өөрчлөлтийг хийж, санхүүжилт гэж юуг хэлж байна, төрийн санхүүжилт нь хэдэн хувьтай байх вэ, энийг яаж хязгаарлан тогтоох вэ, улс төрийн нам гэдэг институцийг ямар чиглэлд хөгжүүлэх гээд байна вэ гэдгийг ойлгож, таниулах, тайлбарлах, сонгогчдын улс төрийн бодлогод чиглэсэн үйл ажиллагаа дутмаг байгааг харуулж байна. Энийг хийх ёстой. Нөгөө талаас энэ хуулиар улс төрийн намууд өөрсдөө энэ хуулийг хэрэгжүүлэх, дотоод журмаа шинэчлэх, дүрмээ батлах, санхүүгээ ил тод тайлагнах, орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх, нэг данстай байхыг зохицуулж байгаа. Хууль хэрэгжүүлэх тал дээр улс төрийн намуудаас бодит хүсэл эрмэлзэл, улс төрийн эр зориг хэрэгтэй. Тэгэхгүй бол хуулийг хэрэгжүүлэх явцад үүсч байгаа анхны бүдрэлтээрээ шууд ухрах гээд байна.

-УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн санаачлан, боловсруулж буй хуулийн төслийг хэлж байна уу?

-Тийм. Улс төрийн намын тухай хууль хэрэгжээд удаагүй байхад  ухралт хийх агуулгатай, санхүүжилттэй холбоотой дөрвөн заалтыг УИХ-ын нэр бүхий гишүүн санаачлан боловсруулж байна. Хэрвээ эсрэгээрээ энэ дөрвөн заалтыг өөрчилж, 2028 оноос хэрэгжүүлвэл нэг алхам урагшлаад хоёр алхам ухарсан хэрэг болно. Тэгэхээр төрийн санхүүжилт гэдэг ойлголтыг хуульд яаж тусгасан байгаа вэ гэдгийг хаа хаанаа ойлгож, таниж мэдэх, судлах хэрэгцээ байна.

Монгол Улсад эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд бүртгэлтэй 838 хууль байдаг. Тэрний 48-49 хувь нь тогтвортой хэрэгждэг бол бусад нь хүчин төгөлдөр бус хууль байлаа гэхэд өдөр тутмынхаа амьдралд хэрэгтэй хуулиудаа уншиж, хэрэглээд, зүйл заалтыг нь ойлгохыг хичээгээд явдаг хариуцлагатай иргэн хэдэн хувь байгааг бодож үзэх ёстой.

Тэрнээс биш олон нийтийн сүлжээнд ч юм уу эсвэл хүнээс сонссон ярианаас сөрөг хандлага авч, тэр мэдээлэл рүү хуйлардаг. Энэ нь Монгол Улсын хэмжээнд төрийн институцид шийдвэр гаргалтад нийгмийн сүлжээний инфакт маш ихээр нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, тухайн асуудлыг нийгмийн сүлжээнд зориудаар харлуулах, магтан сайшааж, өндөр хандалт авахад зарим төрийн шийдвэр батлагдах эсвэл цуцлах хандлага харагддаг. Энэ нийгмийн үзэгдэл их нөлөөлж байна. Тэрнээс биш Улс төрийн намын тухай хууль бол голлох улс төрийн хүчин болох хоёр намыг хэт давамгай байр суурьтай, монополь болгоход чиглэсэн хууль ерөөс биш юм.

-Тиймээс энэ хуульд нэмэлт өөрчлөлт хийх төслийг эрх баригч гишүүн санаачлан боловсруулж байна шүү дээ?

-Тэгж байна. Өөрөөр хэлбэл, энэ хуульд нэмэлт өөрчлөлтийг хийх хэрэгтэй байна гэдэг хүсэл эрмэлзэл МАН-аас гарч байна гэдэг нь иргэдийн шүүмжилж, хардаж байсан асуудлын эсрэг болж ирж байна. Хэрвээ энэ хуулийн нэмэлт өөрчлөлт нь монополь хоёр намд ашигтай байсан бол энэ санаачлагыг гаргахгүй.

-Улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд жижиг намууд тэгш зарчмаар өрсөлдөх боломжгүй байгаа нь үнэн. Иргэдийн зүгээс жижиг намуудыг томоохон улс төрийн хүчний гар хөл нь болж ирсэн гэдгийг ярьж, хэлж, шүүмжилдэг. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдан, хэрэгжиж эхэлснээр ийм зүйл арилах болов уу?

-Улс төрийн шинжлэх ухаанд Монгол Улс голлох хоёр улс төрийн намтай болсон, өөр боломж байхгүй байна гэдгийг шууд баталж, нотолсон зүйл байхгүй. Гэхдээ Монгол дахь улс төрийн намын системд эзэлж байгаа намуудын тоо болон гишүүдийн тоо, сонголтоос харахад 1,5 намтай гэдэг. Энэ нь голлох МАН, АН гэсэн үг. Тэрнээс яг ийм болсон гэж үзэж болохгүй. Гэхдээ нийгмийн зүгээс хоёрдогч, гуравдагч, дөрөвдөгч жижиг улс төрийн намуудыг хүсэн хүлээж байгаа. Тэр намууд гарч ирээсэй гэдэг нийгмийн эрэлт хэрэгцээ байгаа учраас жижиг намуудыг төлөвшүүлэх тухай ярьж байна.

Улс төрийн системд голлох намтайгаа шийдвэр гаргалтад хамтран орж, түүнийхээ үр шимийг хүртдэг энэ үйл явцыг хар ярианы хэллэгээр "биеэ үнэлэлт" гэж яриад байх шиг байна. Улс төрийн шинжлэх ухаанд үүнийг "шантаажийн улс төр" гэдэг.

Тэр нь юу гэхээр, Засгийн газрыг байгуулахтай холбоотойгоор УИХ-д суудалтай хоёроос дээш намууд эвсэх боломж хэдэн хувьтай байдаг вэ, тэр хоёр нам голлож Засгийн эрхийг барилаа гэж бодоход тэр шийдвэрүүд хоёр намын парламентад сууж байгаа гишүүдийн хэдэн хувиар батлагдах боломжтой вэ гэдгийг тооцоолохоор боломж нь бага. Тийм учраас гуравдагч, дөрөвдөгч хүчин орж ирж, тэр нь 50-иас илүү хувьтай учраас УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлыг батлуулах тулд жижиг улс төрийн намуудыг оруулж ирж байгаа нь шантаажийн улс төрийг бий болгож байна. Энэ улс төрийн нөхцөл байдлыг бууруулах хамгийн том хүчин зүйл нь гуравдагч, дөрөвдөгч жижиг улс төрийн намуудын бие даасан байдлыг хангах нь чухал юм. Аливаа институцийн бие даасан байдлыг хангана гэдэг бол санхүүгийн бие даасан байдлаар хэмжигдэнэ. Улс төрийн намын тухайд тусгасан санхүүжилттэй холбоотой нэмэлт өөрчлөлтүүд өөрөө улс төрийн намуудыг бие даасан санхүүжилттэй, улс төрийн намуудын популист бус өрсөлдөөнийг хязгаарлах, улс төрийн намын фракц хоорондын зөрчлийг бууруулахад чиглэж буй.

Бид шантаажийн улс төрийг аль болох багасгаж, тэр хэмжээгээрээ улс төрийн эрх мэдлийн тохироон дээр бий болдог сонголт буурна. Эрх мэдэл өгсөн хүндээ хариу барьж, үйлчлэх эсвэл харилцан тохиролцох замаар өөртөө эрх мэдэл өгөх, гуравдагч этгээдийг оруулж, ардаас нь удирдах юм уу энэ бүх үйл явц болгон популист өрсөлдөөн нийгэмд гаарсан байгаагийн нэг тод жишээ. Үүний хажуугаар нийгмээрээ үнэн бус зүйлд итгэх хандлага бий болж байна.

-Монголын улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд хийсэн сүүлийн үеийн судалгаануудаас танилцуулахгүй юу?

-Миний хувьд МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцааны Нийтийн удирдлагын сургуулийн улс төр судлалын тэнхимийн дэд профессор. Манай тэнхимийн дэргэд ардчилал судлалын төв гэж бий. Бид цуврал судалгааг маш олон удаа хийдэг. Манайх 2000 оноос хойш жил бүр гуравдугаар курсийн оюутнууд хээрийн дадлагаараа орон нутаг, засаг захиргааны нэгжийн удирдлагатай танилцаж, орон нутагт тулгамдаж байгаа асуудал юу байна вэ гэдгийг бүсчилсэн байдлаар судалсан. Мөн дээрээс нь Ардчилал судлалын төв болон Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн "Монгол дахь улс төрийн үйл явцыг шинжилгээ"-г 1990 оноос хойш 34 жилийн түүхийг 2014 он хүртэл судалж, үр дүн гаргасан. Тэр судалгааны үр дүнгээс харахад, Монгол дахь ардчиллын үйл явц иргэний нийгэм, иргэдийн оролцоо гэдэг хамгийн чухал хүчин зүйлээ орхигдуулсан гэж дүгнэсэн.

Ардчиллыг дэмжиж байдаг хамгийн том соёл чинь иргэний нийгэм, иргэдийн оролцоо, ардчиллыг дэмжсэн улс төрийн соёл байдаг. Энэ гурвыг орхигдуулж, төрийн болон улс төрийн институци гэдэг хоёр зүйл рүү хэт их анхаарч ирсэн гэдэг нь бодлогын судалгааны үр дүнгээс харагдсан.

Мөн манай тэнхим Германы "Конрад-Аденауэр" сантай хамтран Төрийн бодлогын экспертын зөвлөлөөс бодлогын судалгааг хийдэг. Жишээлбэл, би бодлогын судалгааны багт сүүлийн гурван жилд ажилласан. Иргэд цахим сүлжээг маш сайн ашигладаг болж. Захын хүн гар утсаа ашиглан чат, сэтгэгдэл бичиж, пост оруулж, мэдээллийг шүүмжилдэг. Гэтэл иргэдийн бодит идэвхтэй оролцоо нь юунд чиглэж байна вэ. Нийгэмд өрнөж байгаа иргэдийн эрх ашгийг зөрчсөн асуудалд дуугарч, цахимаар хэлэлцүүлэгт орж байна уу гэвэл бас үгүй. Яг юунд чиглэж байна гэхээр, цахим худалдан авалт, цахим гадуурхалт, сенсацитай мэдээ шэйрлэж, хамгийн олон лайк, сэтгэгдэл авсан мэдээллийн дор сэтгэгдэл бичиж, дэмжих эсвэл үгүйсгэж байна. Тэгэхээр бид цахим орчныг иргэдийн идэвхтэй биет оролцооны хэлбэрээр ашиглаж чадахгүй байна.

Дараагийн нэг судалгаа бол бид хууль тогтоох байгууллага төлөөллийн чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж байна вэ гэдгийг судласан. УИХ бол үндсэн төлөөллийн чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаа бөгөөд намын нэр дэвшигчдээ сонгон шалгаруулах тогтолцоо нь хаалттай байгаа учраас УИХ-д сонгогдохоор сонгогчдынхоо хүлээлтэд хүрч үйлчлэхгүй байна. Тэгэхээр иргэдийн оролцоо буурч, улс төрөөс алсрах, муу муухай зүйл мэтээр харах хандлага үүсч байна.

Хамгийн сүүлд хийсэн судалгаа нээлтээ хийгээгүй байна. Гэсэн ч ямар хэв шинж энэ судалгаагаар ажиглагдсан гэхээр, гүйцэтгэх засаглалын тогтворгүй байдал нь улс төрийн намтай холбоотой буюу намын дотоод фракцын зөрчил, рациональ бус сонголтууд, санхүүжилт нь хаалттай байдал гүйцэтгэх засаглал намд барьцаалагдах нөхцөл байдалд хүргэж байна гэж дүгнэсэн. Улс төр, нийгэмд өрнөж буй үйл явцтай холбогдуулан хийж байгаа маш олон судалгаа байна. Хамгийн гол нь тэр судалгааны үр дүнг бодлого боловсруулагчид, хууль тогтоогчид өөрсдөө авч, хэрэгжүүлэх гэдэг оролдлого хийх хэрэгтэй. Хиймлээр эрдэмтэн судлаачдын оролцоог чухалчилж байна, бодлого боловсруулахад шинжлэх ухааны үнэ цэн чухал гэж ярьж байгаа боловч тэр үнэ цэнийг бий болгож байгаа судлаачдыг татан оролцуулах үйл явц дээр хязгаарлагдмал байна.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

А.Цээсүрэн нэрээр нэвтэрсэн. Профайлаа засах . Гарах? Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 4 цагийн өмнө 202.131.230.163

Маш сайхан ярилцлага болжээ. Баяр хүргэе. Хүний нийгмийн түүхэнд улс төрийн намгүйгээр хөгжил, дэвшлийг ойлгоход маш хэцүү юм билээ. Нам бол тухайн нийгмийн хамгийн оюунлаг,эрдэмтэй, нигмийг хөтлөөд явах чадвар бүхий хүмүүсийн нэгдэл, үзэл, санаа зорилго юм билээ. Манйад нам төлвөлших хол бна оо. Авгайдаа бэлэглэдэг намаар Монгол улс яах ч билээ. Намууд нэгдэж, төвлөрч байж төлвөшинөө.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.126.89.63

Туяагэрэл маш зөв зүйтэй зүйлүүдийг ярьсан бна, харамс алтай нь МАН байгаа цагт энэ бүх зүйл огт хэрэгжихгүй гэдгийг л огт яриагүй бна даа !

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.191.27

зөв юм ганц ч алга,манайд "ардчилал" гэгдэх анархизмыг санхүүжүүлсэн Германы "Конрад-Аденауэр" сангийн тэжээвэр л бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж