Японы баруун өмнөд хэсгийн Токара арлын гинжин хэлхээний Акүсэки аралд Бямба гаригаас хойш 330 гаруй удаа газар хөдөлжээ. Хамгийн сүүлийн үеийн байдлаар Мягмар гаригийн 16:04 цагийн орчимд гинжин хэлхээний нэг хэсэг болох Тошима арал дээр 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөв. Сүүлийн газар хөдлөлт Акүсэки арлаас баруун өмнө зүгт 20 орчим километрийн гүнд болсон. Цунамийн аюул ажиглагдаагүй.
Тошима арал дээр сүүлийн дөрвөн өдрийн хугацаанд нийт зургаан удаа дөрөвдүгээр шатлалын газар хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ. Японы газар хөдлөлтийн эрчимийг долоо хүртэлх хэмжүүрээр хэмждэг бол энэ удаагийнхыг дөрөв гэж тогтоожээ. Энэ түвшинд ихэнх хүн цочирддог бөгөөд чичиргээ нь алхаж явахад мэдрэгддэг. Сүүлийн дөрвөн өдөрт гурав, дөрөвдүгээр шатлалын хүчтэй газар хөдлөлт 18, хоёрдугаар шатлалын хүчтэй газар хөдлөлт 74 удаа, нэгдүгээр шатлалын хүчтэй газар хөдлөлт 295 удаа дор хаяж бүртгэгджээ.
Орон нутгийн албаныхны мэдээлснээр хүн бэртэж гэмтсэн, барилгад хохирол учирсан тохиолдол байхгүй байна.
Хүчтэй газар хөдлөөгүй ч гэлээ ер бусын олон давтамжтай байгаа учир Японы цаг уурын агентлаг оршин суугчид болон аялагч жуулчдад сэрэмжлүүлэг хүргэж байна.
Токара арлын гинжин хэлхээ нь 12 арлаас бүрддэг бөгөөд долоод нь хүн оршин суудаг. Их хэмжээний хохирол учраагүй ч гэлээ байнгын чичиргээ оршин суугчдыг түгшээж байна. Одоогийн олон давтамжтай газар хөдлөлтийн шалтгаан хараахан тодорхой бус байгааг Кагошимагийн их сургуулийн судлаач мэдэгджээ. Идэвхжил хэзээ дуусах нь тодорхойгүй ч гэлээ түүхэнд бүртгэгдсэн газар хөдлөлтүүдээс харахад хэдэн өдрөөс долоо хоног хүртэл үргэлжлэх магадлалтай байна.
Холбоотой мэдээ