Зуны аагим халуун нар толгой дээрээс төөнөнө. Үдийн халууныг ч үл ажрах хүүхэд залуус Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зугаална. Зайрмаг долоосон хүүхдүүдийн инээд цангинаж, үдийн халуунд усан оргилуурын дэргэд түр сэрүүцэх хүүхдүүд нааш, цааш гүйлдэнэ.
Их хотын амьдралд хүүхэддээ цаг зав гаргах боломж хомс байдаг учраас хүүхдийн баяраар амласан амлалтаа биелүүлэх боломж залуу эцэг, эхчүүдийн төлөөлөлд сая нэг гарчээ. Хэдийгээр ажлын өдөр боловч хоёр хүүхдээ дагуулж цэцэрлэгт хүрээлэнг зорьж ирсэн нь энэ. Ойролцоогоор 3-4 настай болов уу гэмээр цагаан даашинзтай бяцхан охин ээж, аавтайгаа хамт сандал дээр тухлан амттан идэх зуураа хөлийн тэнхээ мэдэн дугуй унан хурдлах ахынхаа араас ширтэнэ. Тэдний хувьд гэр бүлээрээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэхийн тулд хамтдаа дөрвөн дугуйт унахаар төлөвлөсөн байна.
Цааш явахад өсөр насны охид дурсамж дүүрэн өдрөө гэрэл зурагт хадгалан үлдээж, гар утасныхаа камер руу аз жаргал дүүрэн мишээнэ. Хаашаа л харна хөгжилдөж буй хөвгүүд, усан оргилуурын дэргэд зургаа ээлжлэн дарах охид болон зулзаган моддын доор зүлгэн дээр сүүдэр бараадан хэвтэх залуус харагдана.
Хэдийгээр хотод чөлөөт цагаа өнгөрүүлэх хуруу дарам цөөн газрын нэгээр Үндэсний цэцэрлэгт нэрлэгдэж байгаа ч иргэд тус төвийн үйл ажиллагааг зарим талаараа сайжруулах шаардлагатай гэдгийг хэлж байсан юм. Тухайлбал, Б. Энхжаргал хэлэхдээ, Улаанбаатар хотод ойрын өдрүүдэд айхтар халж байгаа учраас нар буух үеэр агаарлахаар ирсэн. Өмнө нь цэцэрлэгт хүрээлэн одоо байгаагаасаа илүү тав тухтай, цэвэр цэмцгэр, зохион байгуулалт сайтай байсан юм шиг санагддаг. Одоо өмнөх байдлаасаа өнгө үзэмж талаасаа дордсон мэт санагддаг.
Наад зах нь цэцэрдэгт хүрээлэнд усжуулалт тогтмол хийхгүй байгаагаас зүлэг мод нь гандсан харагдаж байна. Мөн иргэд зорчдог зам талбайгаа тогтмол усалдаг бол илүү чийглэг, тоос шороо багатай байх болов уу.
Цэцэрлэгт хүрээлэнгийн голд ганцхан усан оргилуур л бий. Хүүхдүүд халууцахдаа тус усан оргилуурын доор зогсож, толгой хүзүүгээ норгож харагддаг. Харин ус нь хэр цэвэрхэн байдаг юм бол доо. Цэвэр усаар сэлбэдэг байх л гэж итгэдэг дээ. Гэр ойрхон болохоор дулааны улиралд өдөр бүр зорьж ирдэг хайртай газар минь учраас өдрөөс өдөрт өнгө нэмээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Хүүхэд, залуучууд иргэд нэг үеэ бодвол соёлтой болсон идсэн, уусан зүйлийнхээ хог хаягдлыг хогийн саванд хийж дадаж байна. Зарим тохиолдолд санаатай, санаандгүй хаясан ундаа, усны сав, чипсны уут тааралдвал сайн дураараа хогийн саванд хийчихдэг хүмүүс олон болсон байна лээ гэв.
Цэцэрлэгт хүлээлэнгийн ажилтэн Д.Долгормаагийн хувьд тус төв ажиллаад хоёр жил болж байгаа аж. Аль болох иргэдийг ая тухай, цэвэр цэмцгэр орчинд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлээд сэтгэл хангалуун буцаах юмсан гэсэн зорилготойгоор ажилладаг гэв. Цэцэрлэгт хүрээлэн жилээс жилд өнгө нэмж, бүтээн байгуулалт болоод ногоон байгууламжийн хэмжээгээ нэмэгдүүлж байгаа гэдгийг хэлж байна. Түүнд иргэд ариун цэврийн байгууламжид сэтгэл дундуур байгаагаа хэлдэг аж.
Нэгдсэн цэвэр усны шугам байхгүй тул ариун цэврийн байгууламжууд нь эрүүл ахуйн шаардлага хангахад бэрхшээлтэй аж.
Мөн иргэдийн хувьд хамгийн сэтгэл дундуур байдаг асуудал нь зогсоолын хүртээмж гэдгийг учирлаж байна. Ялангуяа хүүхдүүдийн хичээл, сургууль амарчихсан байгаа энэ үед ажлын өдөрүүдэд ч цэцэрлэгт хүрээлэнгээр үйлчлүүлэх иргэдийн хөл хөдөлгөөн татардаггүй байна. Үйлчлүүлэхээр ирж байгаа хүмүүс битгий хэл дотор нь ажиллаж байгаа ажилчдад ч зогсоолын хүртээмж дутагдалтай байдаг нь асуудал дагуулдаг гэдгийг учирлалаа.
Тус төвийн ажилчид ч зогсоолд машинаа байршуулсан тохиолдолд 3000-5000 төгрөгийн төлбөр төлдөг байна.
Бүх зүйл хоёр талтай гэдэг. Хэдийгээр хүртээмжтэй холбоотой асуудал тулгардаг ч цэвэр агаарт, иргэдийнхээ дунд ажиллах нь түүний хувьд аз жаргал байдаг гэж инээмсэглэсээр цааш явлаа.
Мөн бид иргэдэд цэцэрлэгт хүрээлэнд нэмэхийг хүссэн зүйл байгаа юу гэсэн асуулт тавихад "орчин үеийн хүүхдүүд монгол ахуйгаа төдийлөн мэддэггүй байгаад санаа зовж байна. Монгол хэлээр ярьж байгаа ч наад захын таван хошуу малаа мэддэггүй, хөдөө очиж үзээгүй хүүхдүүд олон байна. Тиймээс цэцэрлэгт хүрээлэнгийн орчинд монгол ахуй, зан заншилтай холбоотой хүүхэд, залууст зориулсан танин мэдэхүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна" гэлээ. Ийм орчин бүрдүүлэх нь хүүхдүүдийн үндэсний өв соёлыг хадгалж үлдээх, танин мэдэхүйн цар хүрээг нь тэлэхэд нь дэмжлэг болох юм.
Хүүхдүүд цэцэрлэгт хүрээлэнд ирэхэд хамгийн гоё санагддаг зүйлээ хуваалцлаа.
С.Сувдан-Эрдэнэ:
– Дугуй унах хамгийн гоё санагддаг.Би өдөр бүр ирж тоглодог .Бас өөр дэлгүүрүүд нэмэгдээсэй гэж хүсдэг. Найзуудаа дагуулж дахин ирнэ гэж боддог.
С.Маргад-Эрдэнэ:
– Дугуй, ТҮЦ, орчин нь маш гоё. Заримдаа ирж тоглодог. Монгол гэр тоглоом нэммээр байна .
С.Сондор- Эрдэнэ:
-Дугуй унах нь гоё, бас цэвэр агаар, утаа байхгүй учраас тоглоход таатай. Илүү олон цэцэг, ногоо, ургамал нэммээр байна. Би найзууд, ангийнхаа хүүхдүүдийг дагуулж ирнэ гэлээ. Хүүхдүүд амралтын өдрүүдээр ирж тоглодог бөгөөд цэцэрлэгт хүрээлэнд илүү олон тоглоом , цэцэг, мод нэмэхийг хүсдэг байна. Орчныг сайжруулахад бид ч чухал үүрэгтэй. Агаар, цэцэг, тоглоомыг хамгаалж үлдээх нь энд тоглож буй хүүхэд бүрийн, алхаж буй иргэн бүрийн хариуцлага юм.
С.УЧРАЛ
б** сум 3 цагийн өмнө 202.9.46.124
Ер нь бороо хур орохгүй ган болж байна, үүлэнд буудаж бороо оруулмаар байна, сэлэнгэ хэнтий дорнод түймэр гараад л байх юм, юун үүлний б** сум авах, төсвөөс авах хулгайн нүх олдохоо болилоо гэж байгаа байх.
Нэргүй 5 цагийн өмнө 202.9.46.150
Харин модоо байнга усалдаг болов уу гэж бодогдсон. Бас хүмүүс очоод суудаг гоё зүлэг хэрэгтэй байна
Зочин 9 цагийн өмнө 103.99.103.99
Цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид удирдлага гэж хүмүүс ажлаа хиймээр байна шүү
Нэргүй 9 цагийн өмнө 59.153.114.176
Нохойн баас зөндөө байдаг