УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2025.06.24/ мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Тохиол гэдэг шиг юм болж байна. Дөнгөж сая Төрийн байгуулалтын байнгын хороогоор бид УИХ-ын тусгай хяналтын дэд хороо байгуулахаар ярьж байсан. Хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагаанд УИХ тусгай хяналт хэрэгжүүлж, хуулийн биелэлтийг хангуулдаг байх ёстой. Хэн нэгэн захиа даалгавар өгч, онилсон мөрдлөгө явуулж байгаа бол энэ эрүү шүүлж, хуулиас гадуурх өш хонзонгийн зүйл болж хувирна гэдгийг ярьж байсан. Энэ үйл явдлыг бататгаж байгаа юм шиг өнөөдрийн үйл явдал болж байна. Нэг үг хэлэхэд, аль ч Үндсэн хуульт, парламентын ардчилал бүхий улс оронд парламентын дээр мөрдөгчид гардаггүй юм.
Хэн нэгэн улстөрчийн нөмөр нөөлөгт дураараа авирлаж болдоггүй юм.
Парламент тэр байгууллагуудыг хуулийн хэмжээнд оруулж ирэх хэмжээний эрх мэдэлтэй байх ёстой. Парламент дархлаатай байх ёстой. Аль ч улс оронд парламентын дархлааг Засгийн газарт байгаа хамгийн хүчтэй хэрэгсэл мөрдөж, чагнаж, хорьдог энэ эрх мэдлээс айдасгүй үзэл бодлоо илэрхийлдэг парламентын гишүүдийн тухай яриа байдаг. Өнөөдөр парламентын гишүүдийг дуугүй болгох гэж оролдож байгаа бол гэмт хэрэг. Төрийн нөөцийг хувийн зорилгодоо ашиглавал энэ бол гэмт хэрэг. Хуулийн байгууллагуудын нөөцийг хувийн зорилгодоо ашиглавал төрийн эсрэг гэмт хэрэг. Монгол Улсад Үндсэн хуулийн дэг журам байх ёстой болохоос дарга нарын хувийн бодол байж болохгүй. Хонгилын эзэн солигддог биш нурдаг байх ёстой. Энэ ажлыг Ардчилсан нам манлайлж хийнэ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Миний туслахыг хориод тамлаад зовоож байгаа. Парламентын дархлааны талаар ярина. Цаашид У.Хүрэлсүхээ 14 тэрбум төгрөгийн асуудал, пургон машиныг чинь яриагүй. Чиний санаачилсан газрын тосны үйлдвэр луйвар, мөнгө угаалт болчихлоо гэдгийг хэлсэн. Мөн ураны асуудалд монголчууд аюултай байдалд орсон гэж ярьсан. Адын хүслээр дахин зургаан жил сонгогдмоор байгаа бол болиорой л гэсэн. Тийм биш бол тийм биш л биз. Намайг олон нам дамжсан л гэх юм. Гудамжинд байгаа бүх намуудтай нийлж байж, эрх баригчидтай 21 жил тэмцэж байна. Би үүгээрээ өнөөдөр ч бахархана. Авлигатай тэмцэх газрын даргадаа хэлээрэй. Нүдний булай. С.Ганбаатарын хажуу айл руу андуурч орсон гээд уучлалт гуйлгаарай. Би чамайг ийм том ноён болсон гэж бодохгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч бол нийт ард түмний үйлчлэгч, зарц нь байх ёстой. Бодолдоо өөрчлөлт хийх хэрэгтэй. Миний туслахыг хэд хоног хорьсон эсэхийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс асуу.
3,595.38















































