2025-2026 оны хичээлийн шинэ жил эхлэхэд хоёр сар гаруйн хугацаа үлдлээ. Хичээлийн шинэ жилтэй холбогдуулж хөдөө орон нутгаас зорин ирэх суралцагчдын тоо эрс нэмэгддэг. Иймд төрийн өмчийн их, дээд сургуулиудын дотуур байрны үнэ ханш ямар байгаа талаар мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
Муис-ийн дотуур байр 450-630 мянган төгрөгийн хооронд байна
Монгол Улсын Их Сургууль /МУИС/ оюутны таван байртай бөгөөд жилдээ 1500-1600 оюутан хүлээн авах хүчин чадалтай аж. Гадаад оюутан залуус байрлаж суралцах боломжтой 200, дотоодын 1,400 гаруй оюутан залуусыг хүлээн авдаг. Үүнээс гадна олон улсын дотуур байрны жишиг стандарт хангасан 405 өрөөтэй бөгөөд 2025-2026 оны хичээлийн жилд МУИС-ын дотуур байранд байрлахад 450-630 мянган төгрөгийн үнэтэй байна.
Сургуулийн дотуур байранд орох хүсэлтийг наймдугаар сарын 20-27 өдрийг дуустал сургуулийн цахим системээр хүлээн авна.
Мубис-ийн дотуур байр 655 мянган төгрөгөөс эхэлнэ
Монгол Улсын Боловсролын Их Сургууль /МУБИС/ оюутны зургаан байртай бөгөөд дотуур байрны төлбөрөө 10 сараар нь авдаг юм байна. Үүнээс гадна бусад их дээд сургуулийн оюутнууд тус сургуулийн дотуур байранд хамрагдах боломжтой. Төлбөрийн хувьд 10 сарын төлбөр нь 655000- 2,8 сая төгрөг орчим байдаг байна. Харин бусад сургуулийн оюутан залуус 852000 төгрөгөөс эхэлдэг байна.
Сургуулийн дотуур байрны бүртгэл наймдугаар сарын сүүлээр эхэлнэ.
Шутис-ийн дотуур байр 500 мянган төгрөгийн үнэтэй
Шинжлэх ухаан, технологийн их сургууль /ШУТИС/ оюутан хүлээн авах таван дотуур байртай бөгөөд төлбөрийн хэмжээг сургуулийн цахим хуудаст 500 мянган төгрөг гэж заасан байна. Үүнээс гадна дотуур байранд байх хүсэлтээ өгсөн оюутнуудаас хураамж 30000 төгрөг авдаг байна.
Сургуулийн дотуур байрны бүртгэл мөн наймдугаар сарын сүүлээр эхлэх бөгөөд ШУТИС-ийн II-IV курсийн оюутнууд хичээл танхимаар эхлэх үед оюутны байрандаа очиж бүртгүүлэх шаардлагатай юм байна. .
ХААИС 1300 орчим оюутныг дотуур байрандаа хүлээн авна
Хөдөө аж ахуйн их сургууль /ХААИС/ оюутны гурван байртай бөгөөд жилдээ 1300 орчим оюутан хүлээн авах хүчин чадалтай. Дотуур байранд дотоодын суралцагчдаас гадна гадаадын оюутан, багш эрдэмтдийг хүлээн авдаг байна. Тус сургуулийн хувьд дотуур байрны төлбөрийн мэдээлэл хараахан гараагүй байна.
Дээрх томоохон их, дээд сургуулиудын дотуур байрнууд хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө тодорхой хэмжээний урсгал засвар, шинэчлэл хийж байгаа бөгөөд ирэх есдүгээр сарын нэгнээс өмнө оюутан суралцагсдыг байрандаа хүлээн авахаар бэлдэж байна.
А.Тамир
Холбоотой мэдээ