Судлаачид Улс төрийн намын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг эсэргүүцэж, буцаан татахыг шаардаж байна. УИХ-аас Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2023 онд баталж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Харин санхүүжилттэй холбоотой хэсэг нь Дагаж мөрдөх журмын тухай хуулиараа 2024 оны долдугаар сараас эхлэн хэрэгжиж, 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Гэтэл уг хууль бүрэн хэрэгжиж эхлээгүй байхад УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан ухралт хийх агуулгатай энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг санаачлан, боловсруулж байна. Энэ асуудлаар судлаачдын байр суурийг хүргэе.
Жишээлбэл, эрх баригч МАН гэхэд 2024 онд нийт 32 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй бөгөөд гишүүний татвараасаа 400 гаруй сая төгрөгийн орлого олсон байна. Гэтэл энэ нам 315 мянган гишүүнтэй гэж Сонгуулийн ерөнхий хороонд тайлагнасан ч гишүүнчлэлийн татвараа бүрэн хурааж чадаагүй байна. Хуулиараа улс төрийн намын гишүүн бүр заавал татвар төлөх үүрэгтэй байдаг.
"НАМ, ЭВСЛҮҮД САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ИЛ ТОД БАЙРШУУЛАХГҮЙ БАЙНА"
МУБИС-ийн багш, судлаач, доктор Э.Гэрэлт-Од:
-Монголын улс төрийн намуудын талаарх судалгаануудад нам гэдэг байгууллага авлигад өртөж, хариуцлагагүй, ил тод бус, иргэдийн итгэлийг олж авч чадахгүй байна гэдэг үр дүн гардаг. Тэгэхээр энэ намд итгэх итгэлийг яаж нэмэгдүүлэх вэ гэхээр төрөөс тодорхой хэмжээнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар улс төрийн намын санхүүгийн болон үйл ажиллагааг ил тод болгох зорилго агуулсан. Ингээд Улс төрийн намын тухай хууль 2023 оны долдугаар сарын 7-ны өдөр батлагдаж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн зарим заалт нь тодорхой хугацаанд хойшилсон. Гэтэл өнөөдөр энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал яригдаж байна. Тодруулбал, Улс төрийн намын тухай хуульд нам, эвсэл орлогоо нэг дансанд төвлөрүүлнэ гэж тусгасан байсныг зөвхөн төрийн санхүүжилтыг нэг дансаар авах нэмэлт өөрчлөлтийг хийх гэж байна. Энэ нь улс төрийн намууд, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулах, өөр орлого олох, олон данстай байх, ил тод бус байх, аудит хийхэд хүндрэл учруулах, 2019 оны арваннэгдүгээр сард батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр улс төрийн намуудын хөрөнгө орлого нийтэд ил тод байна гэдэг заалтыг хэрэгжүүлэх саад бэрхшээл болно.
Ер нь улс төрийн нам гэдэг байгууллагад яавал иргэд итгэж, хариуцлагатай бодлогын институци болгох вэ гэдгийг бодож байна. Гэтэл монополь намууд хуулийг бүрэн хэрэгжүүлэхээс зайлсхийх хүсэл сонирхол ажиглагдаж байна.
Тэгэхээр улс төрийн намуудад хандаж хэлэхэд, энэ хуулийг бүрэн хэрэгжүүлж, асуудал байгаа бол тодорхой хугацааны дараа хуулийн үзэл баримтлалыг өөрчлөхгүйгээр, илүү сайжруулах боломж гарч ирнэ. Хоёрт, улс төрийн намын гишүүний татвар, сонгуульт гишүүний татвар, иргэн болон хуулийн этгээдийн хандиваас намд олгох төрийн санхүүжилт хоёр дахинаас илүү байж болохгүй гэж хуулиар заасан. Ингэснээр монополь намуудыг хязгаарлаж, бусад улс төрийн намыг төрийн санхүүжилтээр дэмжих, шударга өрсөлдөөнийг бий болгох зорилготой. Гэтэл хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шударга бус байна, намууд хуульд заасан үндэслэлээр санхүүжилт авч чадахгүй байна, бид өөрийн орлоготой нийцүүлэн төрөөс санхүүжилт авъя гэдэг санал орж ирж байна. Гурав дахь улс төрийн хүчин гэж нэрлэдэг хуулийн шаардлага хангасан намуудын төсвөөс олгож байгаа дэмжлэгийг хязгаарлана. Мөн улс төрийн намууд салбар нэгж, харьяа байгууллагатай байдаг. Энэ хуулиар санхүүгийн тайлангаа нэгтгэхдээ намын харьяа байгууллагыг санхүүгийн тайланд оролцуулахгүй байя гэдэг заалт оруулж ирж байна. Эргээд цаанаа улс төрийн намд итгэх иргэдийн итгэлийг бууруулах эрсдэлтэй. Сонгуулийн ерөнхий хорооноос 2024 оны улс төрийн намуудын санхүүгийн тайланг анх удаа олон нийтэд ил тод боллоо. Харин нам, эвслүүд санхүүгийн тайлангаа ил тод болгохгүй, өөрийн вэб сайтад байршуулахгүй, бүр зарим нь сайт болон фэйж хуудас ч үгүй байна. Ил тод болгох асуудалд намууд санаачлагатай хандах ёстой.
"ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЛЭЭД УДААГҮЙ БАЙХАД 2 БАГАНЫГ ГАНХУУЛЛАА"
“Бодлогод залуусын хяналт” ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Мандхайхатан:
– Улс төрийн намын тухай хуулийг 2023 онд шинэчлэн найруулж, баталсан. Энэ үйл явц нь даруй 20-иод жилийг туулсан. Улс төрийн намын ардчилсан тогтолцоог бэхжүүлдэг, бодлогын бөгөөд ил тод үйл ажиллагаа явуулдаг жинхэнэ институцилэгдсэн, тодорхой хэмжээнд төрийн хяналтад байдаг, мэдээлэл нь ил тод байж, иргэдийн итгэл бэхжих ёстой гэдэг үндэслэлээр 20 гаруй жилийн үйл явц. Энэ хуулийн гол заалт болох нам дүрэм журмаа шинэчлэх, бүтцээ шинэчлэх заалт нэг жилээр хойшлогдсон. Улс төрийн намд дотоод ардчиллыг бий болгох нэг баганыг ганхуулсан бол одоо УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан нийтийн цахим өргөдөл дээр энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачлан, боловсруулж байна.
Нэмэлт өөрчлөлтөөр дөрвөн заалтыг хөндөхдөө улс төрийн намын санхүүжилтын ил тод байдал, төрийн хяналт, татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулах үйл явц саармагжих эрсдэл дагуулж байна.
Улс төрийн намын тухай хууль хэрэгжиж эхлээд удаагүй байхад хуулийн хоёр баганыг ганхуулж байгааг судлаачид болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл эсэргүүцэж байна. Тиймээс хуулийн төслийг буцаан татахыг шаардана. Намууд нэг данстай байх зарчмыг хуульд тусгасан. Энэ бол олон улсын сайн туршлага бөгөөд ил тод байдлыг хангах, улс төрийн санхүүжилтийг үр дүнтэй хянах чухал нөхцөл юм. Энэ боломжийг үгүй болгохыг оролдож байна. Мөн хөрөнгөөр давуу намуудын давамгай байдлыг улам бэхжүүлэн хуульчилж, бусад намуудтай тэгш гараанаас өрсөлдөх боломжийг сулруулах эрсдэлтэй байна. Үүнээс гадна намын харьяа байгууллагын санхүүг хянах боломжгүй болгох гэж байна. УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан энэ хуулийн төслийг боловсруулахад олон талын оролцоог хангаагүй нь олон улсын ардчиллын зарчимд нийцэхгүй байгаа юм.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Нэргүй 1 минутын өмнө 103.229.122.163
Ядуусын олон хүүхдүүд насанд хүрээд улстөрждөг этгээдүүд болдог ба халамжаар амьдрагсад болдог. Тэд талархахын оронд жагсаж, улстөрчдийг хэдхэн ам. долларын төлөө унагадаг болж байна. Тиймээс халамж ба хүүхдийн мөнгийг бүр мөсөн зогсоо! Алдарт эхийн одонг өгөхөө больцгоо!
НДЕГазар... 2 цагийн өмнө 202.9.46.104
МАН нам НДШ-ийн 900 саяын хуримтлагдсан өрөө төлөөчээ, банкин дахь харилцах дансуудыг чинь царцаана шүү!
Тогоо 7 цагийн өмнө 43.242.243.91
ардын намын авдрыг ухвал нүүрс ч гарна, автобус ч гарна, бүх юм гарна