Хүүхэд насандаа өнгө алагласан цэцэгсийг хараад таслаад, авч үлдмээр санагддаг. Та яг тэр мэдрэмжээ санаж байна уу. Ээжийнхээ үсэнд зүүж өгчхөөд инээхийг нь хараад зогсох, "Амьтай цэцэг тасаллаа" гээд аавдаа зэмлүүлж байсан тэр мөч. Хүн бүрийн дотор цэцэгтэй холбоотой сайхан дурсамж бий. Энэ дурсамжийг эргэн сануулах мэт уран бүтээлч Х.Сүрэн буюу Сүзи “Дурсамжаар бүтээв” цуврал үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд дэлгэжээ.
Үзэсгэлэнгийн танхмаар ормогц уран бүтээлч Х.Сүрэн өөрөө угтан авлаа.
Танхимын зүүн хананд “Дурсамжаар бүтээв. Төгсгөлийн бүлэг” гэх бичиг анхаарал татна. Яагаад төгсгөл гэж тодотгосон талаар түүнээс тодруулахад, "Дурсамжаар бүтээв" гэдэг нь миний амьдралд байсан өвөө, эмээ аав зэрэг хайртай дотны хүмүүсээ дурсаж, тэдэнд зориулж хийж байгаа төсөл юм. Төгсгөл гэдэг нь өөрийнхөө хийх бүх зүйлийг олоод өвөө эмээдээ талархаад хааж байгаа тухай агуулгатай" гэдгийг тайлбарлаж өгөв.
Танхимын эхний хэсэг рүү орохдоо үзэгчид QR код уншуулан танилцуулгыг хүлээн авах боломжтой аж.
Танхимын том ширээн дээр шилэн хоргонд хийсэн цагаан цэцэгс нүдэнд туслаа. Ганц биш олон цэцэг харагдана. “Цэцэгсийн дунд үхэшгүй мөнх хэмээх цагаан уул цэцэг харагдаж байснаас гадна бидний тэр бүр мэддэггүй, Ази тивд ургадаг эртний ургамал болох “Ginkgo Biloba” гэх ургамал байв. Хятад, Япон, Өмнөд Солонгост урт наслахын бэлгэдэл болсон энэхүү ургамлыг уран бүтээлч Х.Сүрэн анх Италид байхдаа олж хараад цуглуулгадаа нэмснээс гадна АНУ-д тархсан илүү жижиг хэмжээтэй хувилбарыг нь ч мөн үзэсгэлэндээ багтаажээ.
УРГАМЛЫГ ҮНДЭСГҮЙГЭЭР ХАЙЧЛАН АВЧ, ХЭТ ЯГААН ТУЯАГААР СҮҮДЭР ГАРГАН ДҮРСЭЛЖЭЭ

Сонирхуулахад, энэ ургамал намар гоёмсог шар өнгөтэй болж ургадаг учраас Итали, Америкийн хот суурин газарт гоёлын байдлаар ургуулдаг байна.
"Дурсамжаар бүтээв" үзэсгэлэн нь хувь хүний өдөр тутамдаа бүтээдэг эгэл нандин дурсамжийг санах, түүндээ талархах гэсэн гол агуулгад зангилагдана. Харин төслийн зорилго нь бар зураг, дүрслэх урлагийн боловсролыг олон нийтэд түгээх урлагийг хүн бүрт тэгш хүртээх, байгаль орчны мэдлэг олгоход оршиж байна. Үзэсгэлэнгийн дараагийн хэсэг рүү ороход хананд өлгөөтэй жаазтай цэцэгс угтана. Цэцэг бүрийн доор нэршил нь байхаас гадна брайль үсэг, товгор дүрслэл, дохионы хэл зэрэг олон талаараа хүртээмжтэй байгаа нь хүн бүр өөр өөр мэдрэхүйн сувгаар хүлээж авах боломжийг бүрдүүлснээрээ онцлог.
Уг үзэсгэлэнг сонирхож яваа нэгэн үзэгч “Нүдээрээ хараад, гараараа хүрээд, сэтгэлээрээ мэдэрлээ” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Монголын Урлагийн зөвлөлийн тэргүүн Ч.Ганболд “Түүний энэ үзэсгэлэн нь зөвхөн урлагийн агуулгаараа төдийгүй , хүртээмжтэй байдалд анхаарч, бэрхшээлтэй хүмүүс ч үзэж, мэдрэх боломжийг олгосон нь онцгой, нийгмийн хувьд маш чухал алхам болсон” гэж онцолсон юм. Үзэсгэлэнгийн ханан дээрх ургамалууд ндэсгүй байгаа нь сонирхолтой санагдав. Шинжлэх ухааны зорилгоор ургамлыг судлахдаа үндсээр нь тасалж таньдаг.
Харин уран бүтээлч Х.Сүрэн ургамлыг үндэсгүйгээр хайчлан авч, хэт ягаан туяагаар сүүдэр гарган дүрсэлж урлагийн бүтээл болгосон нь онцлог.
Сүүлийн жилүүдэд байгалийн материал ашигласан өрөг урлаг, дурсамж-орон зай- байгалийн тухай эргэцүүлэл бүхий бүтээлүүд Монголд тодорхой хүрээнд хөгжиж байна. Ургамлын урлаг бол харьцангуй шинэ чиглэл. Гэхдээ монгол уран бүтээлчид хөгжүүлсээр л байгаа. Уран бүтээлч Х.Сүрэнгийн хувьд энэ үзэсгэлэн нь өнгөрсөн 20 жилийн амьдралын түүх дурсамжтай холбоотой гэдгийг яриандаа тодотгосон юм.
Тэрбээр хүүхэд байхдаа хөдөө хээр гэр бүлээрээ явахад таарах цагаан уул тогооны шар зэрэг ургамлыг өвөөгийнхөө заавраар цуглуулж, хадгалан эмийн зорилгоор ашиглах тун сонирхолтой санагддаг байсан гэнэ.
Тухайн үедээ өвөө эмээгийнхээ гэрийн цонхны тавцан дээрх ургамал, цэцгийн навч нь гоё харагдсан учраас монгол хэлний толь бичигт хийгээд хавчуулж цуглуулгаа хийж эхэлжээ. Үүнээс хойш Монгол Улсын их сургуулийн биологийн факультетэд сурч ургамлын хичээл дээр хатаадаг арга техникийн сурч зориулалтын аргаар нь хадаадаг болсон байна.
"ЦЭЦЭГС ХЭДИЙ ХАТСАН Ч, ДУРСАМЖ ЦЭЦЭГЛЭСЭЭР БАЙДАГ"

Уран бүтээлч Хашийн Сүрэн нь 2016 онд Итали улсын Болонья хотын Урлагийн академийг зураасан зургийн зураач мэргэжлээр төгсчээ. Тэрбээр өмнө нь ноос, ноолуур, дизайны салбарт ажиллаж байсан бөгөөд одоо уран бүтээлчийн хувиар урлагийн төсөл санаачлан хэрэгжүүлэхийн зэрэгцээ бар зураг, цинотопын сургалтууд зохион байгуулж, хэвлэлийн арт директороор ажиллаж байна.
Түүний хувьд уран бүтээлдээ олон аргын нийлэмжийг шингээхийг зорьдог бөгөөд бүтээлүүд нь Итали, Япон, Чех, Тайванийн олон улсын үзэсгэлэнд оролцож байжээ. Цэцэг хэдий хатсан ч өнгөрсөн дурсамжийг хадгалсаар л байдаг гэдэг санаа тус үзэсгэлэнгээс харагдаж байна.
МУЗ-ийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл үзэсгэлэнгийн үеэр хэлэхдээ “Сүзигийн уран бүтээл ямагт төгс байдаг. Энэ удаа ч мөн адил бүх зүйл нягт, нямбай, утга агуулгатай, ойлгомжтой байлаа” гэж сэтгэгдлээ хуваалцав. Тус музейн нэгэн ажилтны хэлснээр үзэсгэлэнг үзэх гэсэн хүмүүс цувраад орж ирсээр байгааг хэллээ. Хэдийгээр энэ өдөр танхимд нам гүм байсан ч үзэсгэлэнгийн нээлтээс хойш өдөрт дунджаар 50-70 хүн ирж үзэж байгаа нь үзэгчдийн сонирхол өндөр байгааг илтгэнэ. Энэ үзэсгэлэнд ирж буй хүмүүс хүүхэд насныхаа жижиг дурсамжийг эргэн санах нь чухал гэдгийг уран бүтээлч Х.Сүрэн хэлсэн юм. Цэцэг хэдий хатсан ч, дурсамж цэцэглэсээр байдаг билээ. Дурсамжид хөтлөх энэ үзэсгэлэн нь зургадугаар сарын 16-нд нээлтээ хийсэн бөгөөд энэ сарын 25-ыг хүртэл Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд олны хүртээл болох юм байна.
Т.Хүслэн
Холбоотой мэдээ