
Хөөрхий минь хүн төрөлхтний байгалиас заяасан араншин хойно тэнд даргын суудалд суусан нөхөр “энхийн цагаан тагтаа” байна гэхэд хэцүү. Хэнийг ч аваачаад суулгасан ухаад үзвэл юм гараад л ирнэ. Бүр гадаадаас урьж авчраад ч нэмэргүй, өөрсдөдөө ашигтай гэрээ хийгээд л талийна. Тэхээр Баабар нэгэнтээ хэлснээр “Хүндээ байгаа биш тогтолцоондоо байгаа” хэрэг. Гэтэл төрд өмч хөрөнгө байлгавал дагаад авилга заавал байдгийг мэдсээр байж, “Тавантолгой” гэх мэтийн гигантуудаа өөртөө үлдээх гээд байгаа төрийг юу ч гэж ойлгомоор юм.
Энэ бүхнийг нуршсаны учир нь нөгөөх “Эрдэнэт”-ийн боссыг хөдөлгөх нь гэдэг яриа дахин хүчтэй амилсных. Суудал сандлыг нь горилогчдын гаргасан яриа юм уу эсвэл үнэхээр болсон эсэхийг бүү мэд. Ямар ч байсан энэ Засгийн газрын тэргүүн маань Эрдэнэтийн боссд аллергитай хандах болсон гэсэн яриа тэнүүчилж байна. Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн парламентын үед хэсэг хугацаанд сул гишүүн байхдаа Ганзориг захиралд жижиг хүсэлт тавьсныг анхааралгүй орхисон гэнэ. Хүмүүсийн ярьж байгаагаар л даа. Уг нь логикоор бол тэгэх учиргүй. Үйлдвэр худалдааны сайд байсан, хэсэг зуур нэг кабинетад ч сууж үзсэн хоёр шиг. Бодвол ажил ихтэй захирал анхаарал хандуулахаа мартсан ч юм уу, эсвэл аядуу зөөлөн С.Батболд гишүүн асуудлаа сайн захиж хэлээгүй ч юм уу. Ямартай ч үүнээс үүдэн тэдний хооронд үл ойлголцол гарч, суудал сандал сонирхогчдод “алтан боломж” нээгдэж магадгүй болсон гэнэ. Өнгөрсөн 8 дугаар сард “Амарбаясгалант “ хийдэд болсон нэгэн арга хэмжээний үеэр тэнд очсон Ерөнхий сайд “Эрдэнэт”-ийн захиралтай хар цагаан дуугүй, бүр гар ч барихгүй байсан шүү гэж баярлах хүмүүс олон байна.
Ганзориг захирлыг халах тухай зөндөө цуурдаг ч өдийг хүртэл биелсэн нь үгүйг бодоход тэр үнэхээр татаастай аавын хүү. Монголын уул уурхайн салбар түүний хувьд ёстой л ээлээ өгч байгаа гэхээс яахав. “Эрдэнэс Монгол” гэх “Эрдэнэт”-тэй харьцуулахын аргагүй том мангасыг төрсөн хүү нь удирдалцаж байгаа. Эрдэм боловсрол сайтай сайтай гэхэд “Эрдэнэт”ийн захирлын хүү л ганцаараа тэнд тохиров гэж үү.
Д.Амина