АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп аялал жуулчлалын хоригоо 36 улсаар мэдэгдэхүйц өргөжүүлэхээр төлөвлөөд буй. Эдгээр 36 улсын 26 нь Африкийн улс. Гэтэл Трампын анхны хоригийн жагсаалтад Африкийн 10 улс багтсан билээ. Нэгтгээд тооцвол Африкийн 54 улсын 36 нь АНУ-ын визний хязгаарлалттай болох юм.
АНУ-ын Төрийн департаментаас эдгээр улсад санамж бичиг илгээж, тогтоосон стандартыг биелүүлэх 60 хоногийн хугацаа олгосон. Мөн үйл ажиллагааны эхний төлөвлөгөөгөө зургадугаар сарын 18-ны дотор гаргаж өгөхийг шаардсан боловч Африкийн улсуудаас хэд нь хариу ирүүлсэн нь тодорхойгүй.
ЯАГААД?
Төрийн департментээс илгээсэн санамж бичигт хориг тавих хэд хэдэн шалтгааныг дурджээ. Тэдгээрээс дурдвал, терроризмыг ивээн тэтгэсэн, иргэд нь АНУ-д терроризмын ажиллагаанд оролцсон, гадаад паспортын найдвартай байдал дутмаг, найдваргүй гэмт хэргийн бүлэглэлтэй зэрэг шалтгаан бий.
Мөн зарим улсын иргэдийн визний хугацаа хэтрүүлэлтийн хувь өндөр, АНУ-аас албадан гаргаж буй иргэдээ хүлээн авахгүй асуудалд хойрго хандсан зэрэг шалтгаан байна.
Тэдэнд санамж бичиг хүргүүлэхдээ АНУ дараах саналыг тавьжээ. Нэгдүгээрт, АНУ-аас албадан гаргаж буй аль ч хамаагүй улсын хүмүүсийг хүлээн авах, хоёрдугаарт, АНУ-аас орогнол хүссэн хүмүүсийг хүлээн авч аюулгүй гуравдагч орон болохыг зөвшөөрөх гэсэн хоёр санал тавьсан. Ашигт малтмалаар баялаг Конго улс өнгөрсөн гуравдугаар сард ийм гэрээний саналыг АНУ-д тавьжээ.
Трамп цагаан арьст бус, орлого багатай үндэстнүүдийг онцолсон гэж шүмжлэгчид үзэж байна. Тэрбээр анхны бүрэн эрхийн хугацаандаа "Исламын шашинтнуудын хориг" хэрэгжүүлж, исламын шашинтнуудын дийлэнх хувийг бүрдүүлдэг долоон улсыг улаан жагсаалтад багтаасан билээ. Энэ хориг нь маш их маргаан дагуулж, АНУ-ын засаг захиргааны нэгээхэн сорилт болсон. Жо Байден 2021 онд албан тушаалд очихдоо уг хоригийг цуцалж байв.
АНУ ДАХЬ АФРИКЧУУДЫН ТОО
АНУ-д төвтэй Цагаачлалын бодлогын хүрээлэнгийн мэдээлснээр, АНУ-ын 44 сая цагаач хүн амын хоёр сая орчим нь Африкийн орнуудаас иржээ. Тэдний бараг тал хувь нь 2010 оноос хойш АНУ руу цагаачилсан бөгөөд сүүлийн жилүүдэд хамгийн хурдацтай хөгжиж буй цагаачдын бүлэг болж байна.
Түүнчлэн африк цагаачдын олонх нь нэг буюу түүнээс дээш зэрэгтэй өндөр боловсролтой хүмүүс байна. Ингэснээр тэд цагаач ажиллах хүчний хамгийн том бүлэг болдог.
1960-2023 оны хооронд АНУ-д цагаачилсан африкчуудын тоог Цагаачлалын бодлогын хүрээлэн доорх байдлаар нэгтгэжээ.
- Нигери – 476 мянга
- Этиоп – 278,200
- Гана – 241 мянга
- Египет – 225,665
- Либери – 100,800
- Сомали – 92,400
- Камерун – 90,700
- Конго – 62,500
- Эритрей – 49,755
- Сьерра Леон – 45,532
- Танзани – 40,420
- Того – 37 мянга
- Кабо Верде – 31,441
- Сенегал – 28,581
- Зааны ясан эрэг – 25,426
- Зимбабве – 24,490
НӨЛӨӨЛӨЛ
Трампын хориг АНУ-д хэзээнээсээ амьдарч байсан хүмүүсийн хувьд эргэлзээ төрүүлэх шийдвэр болно. Эдгээр улсын харьяат бус хэрнээ АНУ-д амьдардаг иргэдийн хувьд Трампын хоригийн дагуу хилээр нэг гарлаа гэхэд эргээд нэвтрэх зөвшөөрөлгүй болох вий гэсэн болгоомжлол бий. "АНУ-д хууль ёсны дагуу зорчих, байнгын болон түр зуурын виз мэдүүлэх боломжгүй болвол гэр бүлүүд салж магадгүй нөхцөл байдал үүсээд буй"-г Цагаачлалын бодлогын хүрээлэнгийн харилцаа холбооны захирал Мишель Миттелштадт хэлэв.
АНУ-д оршин сууж буй африкчуудаас гадна аяллаар ирж буй олон мянган хүн бий. 2024 онд Африк тивээс 588,177 орчим жуулчин АНУ руу аялжээ. Энэ оны эхний зургаан сарын байдлаар Африкаас 100 мянга орчим жуулчин иржээ. Тэдний дийлэнхийг Өмнөд Африк, Нигери, Египет, Гана, Кени эзэлж байна.
Визний хориг тавьсан нөхцөлд зөрүүлээд хариу арга хэмжээ авна гэдгээ илэрхийлсэн улс ч бий.
Тодруулбал, Нигери улсын Гадаад хэргийн сайд Юсуф Туггар "Хэрвээ АНУ Баруун Африкийн орнуудын иргэдэд визний хориг тавьбал бид ховор элементийн ашигт малтмалын гэрээгээ цуцлана. Бид хэлэлцээрт бэлэн байгаа бүс нутаг учраас хориг хэрэгжвэл хамгийн харамсалтай" гэжээ. Нигери нь газрын тос, байгалийн хий, танталит, уранаар баялаг.
АНУ-ын Куинси хүрээлэнгийн Глобал Өмнөд хөтөлбөрийн захирал Саранг Шидор "Визний хориг нь АНУ болон зорилтот бүс нутгуудын хооронд хана босгохтой адил зүйл. Африк нь байгалийн нөөц баялаг ихтэй, өсөн нэмэгдэж буй зах зээлтэй, авъяаслаг хүн амтай тул АНУ-д чухал ач холбогдолтой бүс нутаг" гэжээ.
Харин АНУ-ын иргэдэд зөрүүлээд визний хориг тавьсан улс бол Чад. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны хамгийн сүүлийн үеийн мэдээг харвал Чад улсын иргэд визний хугацаа хэтрүүлэлтийн хувь хамгийн өндөр байна.
Илүү эвлэрэнгүй өнгө аястай байгаа улсуудын тоонд Сьерра Леон, Сомали багтжээ.
Үүний зэрэгцээ Африкийн холбоо АНУ-ыг арга барилаа өөрчилж, яриа хэлэлцээ хийхийг, Африкийн орнуудтай түүхэн хүчтэй хэлхээ холбоогоо хадгалахыг уриалсан байна.
Zochin 6 цагийн өмнө 98.52.62.180
Африкчууд даанч Хятадуудтай сүжрээд байсан юм.Ингэх гээдэл б**с нь загатнаад байсан юм байналдаа
зочин 7 цагийн өмнө 202.9.46.37
Ардчилал гэгч нь бусдыг хүчээр дарангуйлж дайн хийх , баялагийг нь дээрэмдэх, улс оронд нь хууль бус төрийн эргэлт хийж ноходоо засагт нь тавих, улс орныг нь сүйрүүлэх, хөршийнх нь эсрэг өдөөн турхирч дайсагналцуулахад ашигладаг хэрэгсэл болон хувирсныг барууны орны үйл ажиллагаа нотолдог боллоо….
Нэргүй 9 цагийн өмнө 188.162.254.23
яс хаягч жомбог трамп.