Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт/ЭЕШ/-ыг Боловсролын үнэлгээний төв хариуцлагагүй зохион байгуулж, олон алдаа гаргалаа гэдэг ширүүн шүүмжлэлтэй нүүр тулаад байна. Харин их, дээд сургуульд элсэн суралцах ЭЕШ-ыг зохион байгуулсан БҮТ-ийн захирал Г.Гантуяа алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч уучлал гуйж чадсангүй, нүүр номоороо дамжуулан хариу цохилт хийв. Тэрбээр “Төрийн алба, хувийн хэвшил хоёрын хооронд тийм том ялгаа байхгүй. Байгууллагын засаглал болон соёл, төслийн менежмент, мэдээллийн технологийн 25 жилийн туршлагаа төрийн байгуулагад шингээх гэж орсон. Шаардлагатай бол ажлаа өгөхөд бэлэн шүү. Хувийн хэвшлийнхэн шууд төрд ажиллах бүрэн чадамжтай. Төрийн албанд ажиллахад заавал төрд ажилласан жил шаардах шаардлагагүй гэдгийг өөрөө ажиллаж үзлээ” гэж томров. Харин олон нийтийн хувьд "Хутгасан будилаанаа янзалчихаад яваарай. Түмний олон зуун хүүхэд хохироож ирээдүйг нь балласан энэ хариуцлагагүй үйлдэл зөвхөн албан тушаалаас чөлөөлснөөр эцэслэх ёсгүй" гэж байр сууриа илэрхийлж байгаа юм.
ХҮН нам Засгийн газарт хамтарснаар Боловсролын яамыг хариуцаж ажиллах болсон. Энэ хүрээнд Боловсролын сайд П.Наранбаяр Боловсролын үнэлгээний төвийн захирлаар ажиллаж байсан Л.Ганбатыг чөлөөлж, Г.Гантуяаг тус төвийн захирлаар томилсон ч түүний багийн зохион байгуулсан ЭЕШ-д багш, сурагч нар олон зуугаараа гомдолтой байгаагаа мэдэгдэж, олон жилийн хөдөлмөр үнэгүйдүүллээ хэмээн байр сууриа илэрхийлээд буй. Энэ жилийн их дээд сургуульд элсэн суралцах ЭЕШ-д 40 мянга гаруй залуус оролцсон юм.
Г.ХОРОЛ
3,595.72















































