Ж.Батзанданг Засгийн газрын БЭТ-өөс чөлөөлөх үү?

Хуучирсан мэдээ: 2025.06.22-нд нийтлэгдсэн

Ж.Батзанданг Засгийн газрын БЭТ-өөс чөлөөлөх үү?

Ж.Батзанданг Засгийн газрын БЭТ-өөс чөлөөлөх үү?

Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байгаа УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдээ чих дэлсэж эхэллээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнгөрсөн Баасан гаригт /2025.06.20/ мэдээлэл хийх үеэрээ “Засгийн газрын БЭТ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулсан давхардсан бүтцүүдийг нэгдмэл болгож, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар боллоо. Ажлын хэсэг Үндэсний баялгийнхаа өгөөжийг нэмэгдүүлэх, стратегийн орд газар эзэмшиж байгаа компаниудтай гэрээ хэлцэл хийж, 34 хувь эзэмших эсвэл түүнийг орлуулж байгалийн нөөц ашигласны нөхөн төлбөр нэмэгдүүлж авах байдлаар хурдлуулна” гэж мэдэгдсэн юм.  Өөрөөр хэлбэл, шинээр байгуулагдсан Засгийн газар энэ ажлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Д.Мөнх-Эрдэнэд хариуцуулах нь тодорхой болж байна. Харин БЭТ Ж.Батзандангийн хувьд давхардсан бүтэц нэрийн дор “цомхотголд” өртөж мэдэхээр буй.

Л.Оюун-Эрдэнийн танхим УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр өнгөрсөн хоёрдугаар сард томилсон.

Харин тэрбээр хоёр сарын дараа буюу дөрөвдүгээр сард стратегийн орд газрыг эзэмшиж байгаа хувийн хэвшлийнхэнтэй хийж буй хэлэлцээр ямар шатанд байгаа, мөн бусад стратегийн ордын талаар мэдээлэл хийснээс хойш чимээгүй болсон гэж хэлж болно.

Дээрх мэдээллийг хийх үеэрээ тэрбээр “Эрдмин” ХХК-д Засгийн газрын эзэмшиж байсан хувь хэмжээ хулгайд алдагдсан гэж мэдэгдсэн. Энэ талаар   "Хувьцаа эзэмшигчид нь өөрчлөгдсөөр "Эрдмин" ХХК-ийн Засгийн газрын эзэмшиж байсан 26 хувь нь хулгайд алдагдсан байна. Энэ хувь "Эрдэнэт” үйлдвэрийн захирал агсан Ш.Отгонбилэгийн эхнэр, хүүхдүүдийнх болсон байна.  Энэ Засгийн газрын 6.5 хувь нь иргэн Ж.Дамдинжав руу, 10 хувь нь "Мико холдинг" ХХК-д шилжсэн. "Мико холдинг" ХХК нь "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ш.Отгонбилэгийн эхнэр Д.Туяагийн нэр дээр бүртгэлтэй байдаг. "Эрдэнэт концерн" дээр байсан 16 хувийг АНУ-ын компани руу шилжүүлээд, буцаагаад иргэн Ж.Дамдинжав руу шилжүүлсэн байна. Үлдсэн 10 хувийг нь "Мико холдинг" буюу Ш.Отгонбилэг агсны эхнэр, хүүхдүүд эзэмшиж байгаа. Төрийн өмчит компанийн захирал төрийн компанийнхаа хувийг эхнэр, хүүхдүүд рүүгээ шилжүүлсэн гэсэн үг.

Би хуульч хүн, хуульч хүний нүдээр энэ 26 хувь хулгайд алдагдсан. Эхлээд Америк руу гаргаад иргэн Ж.Дамдинжав руу шилжүүлсэн. Дараа нь тодорхой хувийг буцааж, Д.Туяа руу шилжүүлсэн. Ийм хулгай гарчихаад байхад бүхлээрээ чимээгүй суугаад дуугүй өнгөрнө гэвэл алдас болно. Энэ асуудлыг 1996 оноос хойш Төрийн өмчийн хороо шалгаад хулгайд алдагдсан гэж тогтоосон ч өнөөдрийг хүртэл залруулаагүй байна.

Энэ компанийн ногдол ашгаа авсан хэмжээ 80 сая ам.доллар. Гэхдээ Америкаас хайгаад эзэн нь олдохгүй байна. Монгол Улсад таттвар төлсөн баримт бичиг олдохгүй байна. “Эрдмин” компанийг байгуулсан явдал, Засгийн газрын хувь хэмжээг шилжүүлсэн явдал будилаантай байна.

Засгийн газар хувиа алдаагүй бол өнөөдрийг хүртэл 350-400 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг авах байсан. Тийм учраас энэ мөнгөө нэхэмжлэхээс өөр аргагүй байдалд орж байна” гэж мэдэгдэж байв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж