Сурвалжлага: Залуус гадаад хэлээ сайжруулж, иргэдэд тусалж байна

Сурвалжлага: Залуус гадаад хэлээ сайжруулж, иргэдэд тусалж байна

Сурвалжлага: Залуус гадаад хэлээ сайжруулж, иргэдэд тусалж байна

Хотын гудамжинд цагаан малгай, ногоон хантаазтай залуус иргэдэд тусалж байна. Тэд хүмүүст хаяг байршил зааж өгч туслахаас гадна төөрсөн хүүхэд байвал эцэг эхэд нь хүлээлгэж өгнө. Гадаад хэлтэй нэг нь жуулчдад тусалж, найрсаг зөвлөгөө өгч харагдав. Эдгээр залуус энгийн нэг оюутнууд биш.  Тэд бол “Оюутан цагдаа”.  Уг хөтөлбөрийг нийслэлийн Цагдаагийн газар, Монголын оюутны холбоотой хамтран хэрэгжүүлдэг бөгөөд нийгмийн сайн дурын үйл ажиллагаа гэдгээрээ онцлог.

Оюутан цагдаа хөтөлбөрт хамрагдсан залуусын хувьд өөрсдийн харилцааны ур чадвар сайжруулж, гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлж, хариуцлагатай байх дадлыг өөртөө суулгаж, маш их туршлага болон үлдэж байгааг хэлж байлаа.

Оюутан цагдаа нар Улаанбаатар хотын олны хөл ихтэй бүсүүд болох театр, музей, үзвэр үйлчилгээний олон газруудад өдрийн зургаан цагаар ажилладаг байна. Энэ жил анх удаа оюутан цагдаагаар ажиллаж буй Б.Амгалантай цөөн хором ярилцав. Тэрбээр "Анх Монголын оюутны холбооны цахим хаягаас мэдээлэл авч, энэ хөтөлбөрт бүртгүүлсэн. Миний хувьд энэ хөтөлбөрт хамрагдсанаар гадаад хэлний мэдлэгээ сайжруулах том боломж юм байна гэж харсан" тухайгаа ярилаа.

Б.Амгалан нь ШУТИС-ийн гуравдугаар курсийн оюутан гэнэ. Тэрбээр энэ хөтөлбөрт анх удаа оролцож байгаагаа хэлээд "Аялал жуулчлалын бүсүүдэд байгаа жуулчдад ойр орчмын газрын байршил, хоолны газар, аяллын чиглэл зэргийг англи хэл дээр мэдээлэл өгч байна. Жуулчидтай харилцахад нэг их хүнд асуудал тулгараагүй, харьцангуй ойлголцоход амар байсан. Жуулчид мөн Google maps дээр харагдахгүй байгаа газрын байршлыг их асуудаг. Миний гарч ажилладаг хэсгээр жуулчид хөтөчтэй явах нь элбэг болохоор тайлбар, мэдээлэл авах асуудалгүй” гэдгийг хэлсэн юм.

“Оюутан цагдаа” хөтөлбөр нь зөвхөн мэдээлэл өгөхөөс гадна иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, жуулчдад эерэг сэтгэгдэл төрүүлэхэд хувь нэмэр оруулдаг гэдгээрээ онцлог.

Энэ оюутны хувьд сайн дурын ажлаар дамжуулан хариуцлага, хамтын ажиллагааг илүү сайн ойлгож авсан гэдгээ хэлж байв. Мэдээж их зүйл суралцахын хажуугаар хамт олонтой болж, найз нөхдийн хүрээгээ тэлсэн гэдгээ хэлсэн юм.

Харин Чингис хаан музейн ойр орчимд оюутан цагдаа Б.Намуунтай таарлаа. Түүний хувьд энэ хөтөлбөрт 2 дахь жилдээ оролцож байгаа аж. Тэрбээр СЭЗИС-ийн гуравдугаар курсийн оюутан гэнэ. "Анх их сургуулийнхаа "2+2" хөтөлбөрт суралцаж байгаад энд сайн дурын ажил хийхээр болсон. Жуулчдын тоо энэ жил эрс нэмэгдэж байгаа учраас оюутнуудын үүрэг хариуцлага илүү их болсон. Англи хэлний сонсгол маань сайжирч, гадаад хүмүүстэй харилцах чадвар нэмэгдсэн. Олон жуулчдад зам, байрлал, хоолны газрын мэдээллийг англи хэл дээр өгч, тэдний аюулгүй байдлыг хангахад тусалдаг. Жуулчид төөрөх, эд зүйлээ мартах, аюулгүй байдлаа ханган хулгай дээрмээс болгоомжлох зэрэг асуудлыг шийдэхэд туслах нь тэдний гол үүрэг” гэсэн юм.

Өөрийн зан чанар болон нийгэмд хандах хандлагад хэрхэн эерэг өөрчлөлт орсон талаар хэлэхдээ “Хүмүүстэй харилцаж,  хүрээлэл маань өргөжиж, бас илүү нээлттэй болсон. Мөн хариуцлага, хамтын ажиллагааны ач холбогдлыг сайн ойлгож авсан” гэдгийг яриандаа онцлов.

ЖУУЛЧИД: МОНГОЛЫН НАЙРСАГ ИРГЭД, ӨВӨРМӨЦ БИЧИГ ГАЙХАШРУУЛСАН

Нийслэлийн төв гудамжинд аялж буй АНУ-ы жуулчид Монгол Улсын Улаанбаатар хотноо анх удаа хөл тавьсан сэтгэгдлээ мөн хуваалцлаа. Жуулчдын нэг нь “Монголд ирээд хоёр хонож байна. Кирилл бичиг ашигладаг гэдгийг мэдээгүй байсан тул анх хараад орос цагаан толгойтой адилхан үсэгнүүдтэй байсан нь надад сонин, гайхмаар санагдсан. Мөн ирээдүйд найз нөхдөдөө Монголд ирэхийг санал болгоно” гэсэн юм.

Бас нэгэн жуулчин хосууд “Би анх удаа Монголд ирж байна. Арван жилдээ Чингис хаан, Хубилай хааны талаар ахлах ангидаа үзэж байсан болохоор Монголын түүх соёлд их дуртай. Говь нутагт очих хүсэлтэй байсны улмаас энэ удаа аялал жуулчлалын зорилгоор энд ирсэн” гэв.

Жуулчид монголчуудыг маш найрсаг, нөхөрсөг хэмээн тодорхойлж, нийслэлийн төв талбайн уур амьсгалыг онцолсон юм. “Сүхбаатарын талбайд болж байсан төгсөлтийн баяраа хийж хүмүүсийн уур амьсгал үнэхээр сэтгэл хөдөлгөм байлаа” гэсэн юм. Мөн “Оюутан цагдаа” хөтөлбөрийн талаар анх удаа сонсож байгаа тухайгаа дурдан, “Гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн маш үр дүнтэй санаачилга байна. Бид одоогоор тусламж хүсээгүй байгаа ч ийм хөтөлбөр хэрэгжиж байгаа нь үнэхээр сайхан санагдлаа. Бид дахин Монголд ирэх бөгөөд найзууддаа ч бас санал болгоно”  гэв.

“Оюутан цагдаа” арга хэмжээ нь гадаад жуулчдад монгол орныг эерэг өнцгөөс таниулах, соёлын зөрүүг ойртуулах гүүр болж байгааг онцолж байлаа. Харин ажиллаж байгаа оюутан цагдаа нарын хувьд гадаад хэлний чадвараа хөгжүүлэх, харилцааны соёлд суралцах, нийгмийн идэвх оролцоогоо нэмэгдүүлэх үнэ цэнтэй боломж болон өрнөж буй нь анзаарагдана.

Жуулчдын нүдээр нөхөрсөг, найрсаг харилцаа, түүх соёл, аюулгүй байдлын орчин хосолсон Монгол Улс ирэх өдрүүдэд аялал жуулчлалын нэрийн хуудас болон гэрэлтэх нь гарцаагүй.

С.Учрал

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-23 81.9.119.172

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-06-23 173.232.149.211

Одоо энэ л*****н орос бичигнээс салах хэрэгтэй…бид нар ямар оросын зах хязгаар муж,колони биш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж