Чуулган: "Дулаанбаатар" аяныг эхлүүлж, 170 мянган айлыг дулаална

LiveЧуулган: "Дулаанбаатар" аяныг эхлүүлж, 170 мянган айлыг дулаална

Чуулган: "Дулаанбаатар" аяныг эхлүүлж, 170 мянган айлыг дулаална

УИХ-ын чуулганы ээлжит нэгдсэн хуралдаан /2025.06.19/ 10.00 цагт эхэллээ.


 

16 : 01
2025-6-19

41 УИХ-ын гишүүний өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцэж байна

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүн 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 150 минут/ хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хууль санаачлагчин илтгэлийг Б.Түвшин танилцууллаа.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-41 гишүүн гарын үсэг зурж, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан өргөн мэдүүлсэн. Ингэхдээ Засгийн газраас өргөн барьж байгаа Нийгмийн даатгалын хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийн төсөлтэй уялдаж, нэг зарчмаар асуудлаа шийдвэрлэнэ гэж өргөн барьсан. Нийгмийн даатгал, татвартай  холбоотой асуудал улсын төсвийн орлого, зарлагатай шууд холбогддог учраас заавал Засгийн газрын саналыг авдаг. Зарим яамдаас саналыг дэмжээгүй байсан учраас Засгийн газрын асуудал хариуцсан сайдтай ярилцсаны үндсэн дээр хуулийн төсөл өргөн баригдаад явж байгаа. Энэ төсөлтэй холбоотойгоор улсын төсвийн орлого зарлага дээр нөлөөлөл үзүүлэх нөхцөл үүсэх учраас бид болгоомжтой хэлэлцэх ёстой. Олон нийтэд буруу мэдээлэл өгч, өндөр хүлээлт үүсгэх эрсдэлтэй гэдгийг онцолъё. 

Хоёрт, Дэгийн тухай хуулийн 36.4 заалтад хуулийн төсөл баталснаар улсын төсвийн орлого буурч, зарлага нэмэгдэхээр байвал Засгийн газрын саналыг заавал сонсох бөгөөд хуулийн 31.1.2 заасан Засгийн газрын гишүүн танилцуулна гэж заасан. Ерөнхий сайд, Засгийн газрын хариуцсан сайд, Сангийн сайд Б.Жавхлан өөрийн саналаа илэрхийлнэ. 

Сангийн сайд Б.Жавхлан:

-Төсвийн нөлөөлөлтэй заалтууд дээр мэдээлэл өгье. Нэгд, хоол болон унааны хөнгөлөлтөд шимтгэл ногдуулахгүй байх өөрчлөлт орсон даруйд 891 тэрбум төгрөгийн төсвийн ачаалал ирэх нь ээ. Хоёрт, ажил олгогчийн шимтгэл төлөх, цалин хөлсний хэмжээний дээд хязгаар тогтоовол 175 тэрбум төгрөгийн ачаалал ирнэ. Гуравт, хөлсөөр ажиллах гэрээ байгуулж байгаа гэрээт ажилчдын шимтгэлийг чөлөөлөхөд 127 тэрбум төгрөгийн ачаалал ирнэ. Нийт 1.1 их наяд төгрөгөөр Нийгмийн даатгалын сангийн орлого буурна гэсэн үг.

Ингэснээр Нийгмийн даатгалын сангийн зарлага 20 хувиар бууруулах юм уу энэ хэмжээгээр төсвөөс татаас олгож, татвар төлөгчдийн нуруун дээр ирэх эрсдэлтэй байна. Тиймээс энэ хуулийн төслийг дэмжих боломжгүй байна.

Засгийн газраас энэ саналаа УИХ-д ирүүлсэн. Нийгмийн даатгалын сан нь ажил олгог, даатгуулагч, төрөөс төлсөн шимтгэлээс бүрдэж буцаад зардал гаргадаг сан. Жилийн эцсээр тэг үлдэгдэлтэй гардаг сан. Улсын төсвөөс татаас нэмэгдэх сөрөг үр дагавар үүснэ. Орлого буурч, зардал өсөөд ирвэл улам чөтгөрийн тойрог алсарч, шинэчлэл хийх ажил улам алсарна. Ажилтны шимтгэл нэмэх, тэтгэврийн хэмжээг 20 хүртэл хувиар бууруулах, төсвийн татаас нэмэгдэх гурван хүнд нөхцөл үүсэхээр байна. Удахгүй Татварын багц хуулийн төслийг хэлэлцэнэ. Тийм учраас Засгийн газрын өргөн барих хуулийн төсөлтэй нэгтгэж, өргөн барих саналыг хүлээж авна уу. Ойрын жилүүдэд 5 их наядын алдагдлыг шингээх боломжгүй болж, шинэчлэл хийх боломжгүй болно шүү. 

·      Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүн 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 150 минут/ Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Баатархүү танилцууллаа. 

УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-Гишүүдийн саналыг хүндэтгэж байгаа. Анхны дөрвөн заалтаас нэгийг дэмжиж байна. Ажил олгогчийн зүгээс төлж байгаа шимтгэлийн буюу бодогдож байгаа цалингийн хязгаарлалтыг ажилтантай адилтгах буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээнд хязгаарлахыг дэмжиж байна. 

Ажлын хэсэг:

-Нийгмийн даатгалын харилцаанд ажилтан, ажил олгогч, төр оролцдог. Эн тэнцүү хувь нэмэр оруулдаг. Нийт 5.8 их наяд төгрөгийн шимтгэлийн орлого бүрдүүлж, 2.8 их наяд төгрөгийг ажил олгогч, 2.7 их наядыг даатгуулагч, 1.4 их наядыг төрөөс төлж байгаа. Шимтгэлийн орлогыг өөрчилбөл даатгуулагчийн тэтгэврийн хэмжээнд гарах нөлөөллийг зайлшгүй тооцох ёстой. Нийгмийн даатгалын шимтгэлд ногдуулж байгаа цалин хөлсний бүрэлдэхүүнийг нэг талын санаачлагаар бууруулбал тэтгэвэрт гарахаар бэлтгэгдэж байгаа хүмүүс цалин буурна. Тухайлбал, өдөрт 20 мянган төгрөгийн хоол унааны мөнгийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж, цалин хөлсний бүрэлдэхүүнээс хасвал нэг даатгуулагчийн тэтгэвэр 230 орчим мянган төгрөгөөр буурах тооцоолол байна. Тийм учраас нэлээд хууль эрх зүйн зохицуулалт хийх ёстой. Нөгөө талаас хөлсөөр ажиллах гэрээ, хөдөлмөрийн гэрээний хооронд ялгаа тун бага. Иргэний хуулиар бүдэг зохицуулсан. 

УИХ-ын гишүүн Б.Түвшин:

-Энэ хуульд өөрчлөлт орох асуудал гэнэт орж ирээгүй. Тал талаас тооцоолол хийж байсан. 2023 онд хөлсөөр ажиллах гэрээгээр төлсөн НДШ 11.3 тэрбум төгрөг, 2024 онд 43.4 тэрбум байна. Хоол, унааны хөнгөлөлт статистик тооцоогоор хамгийн ихдээ 63 тэрбум, байгууллагаас төлөх дүн 235 тэрбум төгрөг гээд нийт 300 тэрбум төгрөг байна гэдэг тоон дээр үндэслэж, хэрхэн нөлөөлөх загварчлалыг гаргасан. Энэ асуудлаар сайд нартай зөвшилцөж байсан учраас ирэх Даваа гариг хүртэл завсарлага авч, намын бүлгээр хэлэлцүүлэх санал гаргаж байна. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Улс төрийн намын бүлгээр хэлэлцүүлээгүй учраас завсарлага өгөхгүй. Миний санал бол Засгийн газрын сайдтай уулзаж, энэ хоёр хуулийн төслөө нийлүүлж, нэгтгэх боломжтой гэдэг байдлаар асуудалд хандсан. Даваа гаригт бүлгүүдээр хэлэлцүүлж, Засгийн газраас хуулийн төслөө өргөн барихыг хүлээх санал гаргаж, хэлэлцүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзэж байна. 

Санал хураалтаар 52 гишүүн уг хуулийн төслийг ирэх долоо хоногт Засгийн газрын хуулийн төсөл өргөн баригдах хүртэл хэлэлцэх асуудлыг хойшлуулахаар шийдвэрлэлээ. 

15 : 58
2025-6-19

Ногоон санхүүжилтын тогтолцоог сайжруулах тогтоолыг баталлаа

Ногоон санхүүжилтын тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн орчныг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн санал хураалтыг явууллаа. Байнгын хорооны саналаар тогтоолын төслийг батлах ил санал хураалт явуулж, 67 гишүүн дэмжлээ.   

15 : 50
2025-6-19

ТАЗ-ийн 3 гишүүнийг чөлөөллөө

Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүд асуулт асууж дууссан. Байнгын хорооны саналаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг бүрэн эрхийн хугацаа дууссан Б.Идэрчулууныг чөлөөлөх нууц санал хураалт явуулж, 58 гишүүн дэмжлээ. 

Бүрэн эрхийн хугацаа дууссан Д.Баатарсайханыг ТАЗ-ийн гишүүнээс чөлөөлөх нууц санал хураалт явуулж, 63 гишүүн дэмжлээ. 

Бүрэн эрхийн хугацаа дууссан Ц.Амартөгсийг ТАЗ-ийн гишүүнээс чөлөөлөх нууц санал хураалт явуулж, 64 гишүүн дэмжлээ.  

Төрийн албаны зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх тухай тогтоолыг баталсанд тооцлоо. 

Төрийн албаны гишүүнээр Л.Золзаяаг томилох саналыг дэмжих нууц санал хураалт явуулж, 59 гишүүн дэмжлээ. 

Төрийн албаны гишүүнээр Ц.Амартөгсийг томилох саналыг дэмжих нууц санал хураалт явуулж, 56 гишүүн дэмжлээ. 

Төрийн албаны гишүүнээр Б.Төгсцэнгэлийг томилох саналыг дэмжих нууц санал хураалт явуулж, 61 гишүүн дэмжлээ. 

15 : 20
2025-6-19

П.Сайнзориг шүүхээс хэрэг буцаадгийг илрүүлж, хасах саналыг оруулж ирлээ

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/ хэлэлцэж байна. Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг танилцууллаа. 

УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-О.Алтангэрэл сайдын өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэж байна. Салбарын сайд өөрчлөгдсөн учраас ажлын хэсгээс асуулт асууя. П.Сайнзориг сайн ажилласан байна. Энэ хуулийн төсөлд Х.Тэмүүжин бидний 20 гаруй жил тэмцээд арай гэж ард нь гарсан Дээд шатны шүүхээс доод шатны шүүх рүү чиглэл өгдөг, буцаадаг, хугацаагүйгээр хүмүүсийг хэлмэгдүүлдэг "хонгил"-ыг нураах хэмжээнд хэргийг прокурорт буцаах үндэслэлийг маш хязгаарласан. Энэ бол 3 удаа хуульд хүчингүй болгож, хонгилынх нь гурван удаа сэргээсэн. Сүүлд нам үл харгалзан Ц.Сандаг-Очир, Б.Пүрэвдорж, Д.Цогтбаатар, Д.Ганбат зэрэг 3 нам намын төлөөлөл орж, МАН болон АН-ын дэвшилтэт гишүүд санал нэгдэж, 2023 онд шүүхээс хэрэг буцаадаг явдлыг хязгаарласан. Гэхдээ зарим тохиолдол дээр хэргүүдийг шүүх буцаагаад л байгаа. Тэр үйлчлүүлэгчид нь энэ танхимд Б.Найдалаа, Н.Алтанхуяг нараас эхлээд байна. Ганц зарчим бол гэм буруутай бол нотол, ялаа өг. Гэм буруугүй бол цагаатга, хүчингүй болго. 

Шүүх прокурорын дутуу хийсэн ажлыг гүйцээдэг байгууллага биш. Өөрөө мөрдөн шалгаж, нотлох баримт цуглуулдаг газар биш. Гэтэл харамсалтай нь манай Аагий сайд хэргийг прокурорт буцаах гэдэг 33.3 заалтад 1.4 гээд энэ процесын ажлыг бүрэн хийгээгүй бол буцаана гэж оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, мөрдөгч, прокурорын дутуу хийсэн ажлыг шүүх гүйцээх Үндсэн хуулийн зарчмыг зөрчсөн заалт оруулж ирсэн. Энийг П.Сайнзориг гишүүн илрүүлж, хасах саналыг ажлын хэсгээс оруулж ирж байна. Би дэмжиж байна. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг өнгөрсөн парламентын үед тогтоолоор чиглэл өгсөн юм билээ. Энэ хүрээнд О.Алтангэрэл шуурхай ажиллаж, оруулж ирсэн. Өмгөөлөх эрхийг сайжруулж, олон эргэлзээтэй асуудлыг сайжруулж байгаа боловч 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуулийн амин сүнс эвдрэх, зөрчилдөх ганц нэг заалт байгааг ажлын хэсэг дээр тал талын байр суурь сонсож, ярилцсан. Хэрэг хянан шийдвэрлэхдээ ил тод, шуурхай байх ёстой. Гэтэл шүүх мөрдөн шалгах ажиллагаатай хутгалдаж, заавал нэг юмыг гүйцээж хүнийг яллах гээд дайраад байдаг, чиглэл өгөх тал руу хазайх гээд байгаа нь үнэн. Энийг засах чиглэлд анхаарч ажилласан. 

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Хуулийн төслийн 1.21 заалтад 34.16.8 хэсэгт нэг зүйл заалт нэмэхээр оруулж иржээ. Хурал ямар үндэслэлээр хойшлуулах вэ гэхээр шүүгдэгчийн өөр өмгөөлөгч улсаас томилохтой холбоотой зохицуулалт оруулж ирсэн байна. Өмгөөлөгч нар шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирдэггүй байдлыг больё гэж байгаа юм билээ. Хуулийн 5.2 заалтад өмгөөлөгч сонгохтой холбоотой харилцаан дээр энэ агуулга байгаа. Нөгөө талаараа шүүх хуралдааныг зүй бусаар хойшлуулахыг сэргийлэх талаар 36.16.3 зүйл дээр тусгасан байна. Хоёроос дээш удаа байсныг хассан. Шүүгч өөрөө харж байгаад шийддэг болж байна. Адил агуулгатай зүйл заалт байна.

УИХ-ын гишүүд үг хэлж дууслаа. 

Зарчмын зөрүүтэй 27 саналаар санал хураалт явуулж дууслаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/ хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. 

14 : 26
2025-6-19

Дулаалгад төсвийн мөнгө зарцуулна гэчихээд Хятадаас түлш авах гэж байна

Ногоон санхүүжилтын тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн орчныг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц танилцууллаа. 

УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Г.Хосбаяр:

-Орон нутгийн утааны асуудал Улаанбаатар хотынхоос дутахааргүй болсон. Бас л дулаалга, түлшний асуудал яригдана. Тэгэхээр зээлийг хөдөө орон нутагт, малчдад бүсчилж олгох дэмжлэг байх уу. Олон улсын байгууллагын санхүүжилт байгаа гэж ярьдаг. Малчид орон сууцтай болох тал дээр тодруулж өгөөч.

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:

-Энэ тогтоолын төсөл батлагдсанаар зөвхөн Улаанбаатар гэлтгүй орон нутгийн иргэд ногоон санхүүжилтын тогтолцоонд хамрагдах боломжтой болно. Ялангуяа одоо байгаа хэрэглээний зээлийн журмыг шинэчилж, ногоон зээлийн журмыг шинээр боловсруулахыг Монголбанкинд үүрэг болгож байгаа. Энэ гарвал орон нутаг, Улаанбаатарын гэр хорооллын айлууд байшин болон гэрээ дулаалах зээл авах боломж бүрдэнэ. Хоёрт, шинээр амины орон сууц барих гэж байгаа бол ногоон зээлийн шалгуур хангаж эрчим хүчний хэмнэлт нь 50-иас дээш хувьтай байвал зээлд хамрагдана. Мөн ногоон зээлд хамрагдахад байшин, гэрээ дулаалах, амины орон сууцыг эрчим хүчний хэмнэлттэй барих бол энэ зээлийг тэргүүн ээлжинд шийдэгддэг байна гэсэн төслийг тусгасан. Энэ аяны хүрээнд "Дулаанбаатар" аяныг эхлүүлж, 170 мянган хотын бүрэн бус дулаалгатай байшин, гэрийг дулаална. 

Орон даяар 130 мянган байшин, гэр байгааг нийлүүлээд 300 мянган айл өрхийн дулаалгын ажлыг эрчимжүүлнэ. Ингэхдээ ногоон зээлийн санхүүжилтэд хамруулж, хөнгөлөлттэй зээл олгоё. Байгаль орчны яамнаас олгодог ногоон зээлийн татаасыг өргөжүүлнэ. Бид сайжруулсан түлш гэх мэт шатдаг зүйлд хөнгөлөлт олгож ирсэн бол цаашдаа дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй байх шалгуурыг тавьж байна. Мөн Үндэсний дулаалгын бодлогыг боловсруулахыг Засгийн газарт үүрэг болгож байгаа. Үүний хүрээнд ипотекийн зээлтэй адил 50 хувийг хотод, 50 хувийг орон нутагт хэрэгжүүлэх хөтөлбөрийг боловсруулж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Баатархүү:

-Хотуудын хөгжлийн тухай ярьж байна. Би энд нэг зүйлийг хариуцагатайгаар хэлье. Улстөржөөгүй шүү. Өнгөрсөн 35 жилийн 30 жилийг одоогийн эрх баригч МАН удирдсан. Үүний үр дүн бол Улаанбаатар. Нийт айл өрхүүдийн 60 гаруй хувьд нь гэр хороололд амьдарч, Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлж чадахгүй байна. Оруулж ирж байгаа төсөл бүхэн уриа лоозонгийн шинжтэй байдаг. Хэрэгждэггүй. Энэ санаачлагыг буруутгаагүй. Хотын удирдлагатайгаа зөвлөлдсөн юм уу. Сүүлийн 6 сар хот агаар орчны бодлогоо өөрчилж байна. Зуух тараахаа больсон. Газаар халаахаа больсон. Дулаалгаа хойшлуулсан, БНХАУ-аас хөх нүүрс авч ирэхээр ярьж байна. Монголд нэгдсэн бодлого алга. Орон нутаг, хот нь өөр юм ярьж байна. 

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:

-Энэ тогтоолын төсөл бол асуудлыг бодитоор шийдье гэж байгаа юм. Шатдаг зүйл дээр татаас олгож, өөр өөр юм ярьдгаа больё гэж байна. Үндэсний дулаалгын бодлогыг хэрэгжүүлнэ. Байшин гэрээ дулаалаад утаа гаргадаггүй бол та баатар хүн болно. Та бол оршин суугч. Монгол Улсын нийгмийн төлөө хувь нэмрээ оруулж байгаа баатар хүн болж байгаа гэсэн санаачлага юм. УИХ дээр байгуулсан 80 гишүүнтэй хотын хөгжлийг дэмжсэн бүлэг байгаа. Та дэд даргаар ажиллаж байгаа учраас маш сайн оролцоотой байхыг хүсье. Өнгөрсөн хугацааны алдааг яриад суух нь УИХ-ын гишүүдийн ажил биш болов уу. Бид шийдэл, ирээдүйг ярих ёстой. Нийслэл энэ жил 20 мянган өрхийн дулаалгыг дэмжинэ. Үүний 10 мянга нь байшин, 10 мянга нь гэр юм. Ирэх жил энэ тоо 15 мянга болох юм. 

УИХ-ын гишүүн Ц.Баатархүү:

-Тогтоолын төсөл дээр эсрэг зүйл алга. Бид зөв юм ярьж, ирээдүйгээ ярьж ногоон зээл ярьдаг ч огт хэрэгждэггүй. Энэ зээлийн багц банкууд дээр гуравхан хувьтай, гангараа болж хувирсан. Тогтоолын төсөл дээр 10 хувь болгоно гэнэ. Хоёрт, гэр хорооллын иргэд тэр шалгуур өндөр байгаа учраас зээл авч чаддаггүй. Зээлийн батлан даалтын сан шийдэж өгдөггүй. УИХ дахиад тогтоол гаргаж, 4 жилийн дараа ногоон зээлийн 10 хувийг 20 болгоно гэж ярих вий. Хариуцлага ярихгүйгээр урагшлахгүй. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-126 гишүүнтэй шинэ парламентын хувьд бид өнгөрсөн 20, 30 жилийн бугшсан асуудлыг шийдэх, утааны асуудлыг бүрэн шийдэх улс төрийн зориг гаргаж байгаа болов уу гэж найдаж байна. Тэр утгаараа 2025 оны зургадугаар сарын 5-нд УИХ-аас 53 тоот тогтоолыг баталж, шат дараалсан байдлаар Засгийн газарт чиглэл өгч, төсөвт тусгуулахаар утааг гурван жилийн дотор арилгах зорилтуудыг дэвшүүлэн ажиллах шаардлагатай байна. Энэ тогтоолоор 3 жилийн дотор нийслэл болон хотын төвлөрсөн суурин газрын агаарын чанарыг Монголын стандартын жилийн дундаж үзүүлэлтэд бүрэн нийцүүлэх зорилтыг тавьсан. Мөн төсвийн хөрөнгөөр зуух, яндан, түлшийг санхүүжүүлэхгүй байхыг тусгасан. 

Энэ тогтоолын төсөл асуудлыг илүү тодорхой болгож байна гэж харж байна. Шат дараатай төлөвлөгөө боловсруулж байгаа ч нийслэл хотын шийдвэрүүд уялдахгүй байна. БНХАУ-аас хөх нүүрсийг 226 тэрбум төгрөгөөр худалдаж авах тендерийг зарласан байна. Өөрөөр хэлбэл бид ирэх жил дахин төсвийн мөнгийг салхинд хийсгэх гэж байна. УИХ болон Засгийн газрын бодлого огт уялдахгүй байна. Өнөөдөр сайд нараас хэн ч алга. Энэ мөнгөө дулаалга, халаалтад зарцуулвал 20, 30 айлыг яндангүй болгох боломжтой. 

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:

-Энэ оны зургадугаар сарын 5-нд батлуулсан тогтоолын төслийг батлуулахад бодитой санал хэлж, манлайлан ажилласан. Бидний энэ тогтоол хоорондоо уялдаад явна. Бид нэгэн мэргэжлийн, зөв ойлголттойгоор ганц бодлого барьж ажиллах ёстой. Арилжааны банк, иргэд, ногоон орон сууц барьдаг компаниудад зөв мэдээлэл өгөх нь чухал. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Гишүүдийн саналтай нэг байна. УИХ-ын шийдвэр эцсийнх байх ёстой. Эндээс гарсан хууль, тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах ёстой. Ажлын хэсэг идэвхтэй ажилласан. Үр дүн гаргахын төлөө зорьж байгаа учраас УИХ-аар тогтоолын төслийг хэлэлэцэж, баталж байна. Амьдрал дээр очоод зөрчилдөж байгаа бол нэгтгэх шаардлага байгаа эсэхийг ажлын хэсэг дүгнэж, судлах хэрэгтэй. 

УИХ-ын гишүүд асуулт асууж дууслаа. Санал хураалтыг нэгдсэн зохион байгуулалтаар явуулна. 

11 : 34
2025-6-19

"ТАЗ зарим яам руу 20 сая төгрөгөөр IPAD авч өг гэж бичиг явуулсан"

Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. ЕТГ-ын саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Ганболд танилцууллаа. Тэрбээр "Л.Золзаяаг Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх саналыг УИХ-д танилцуулж байна" гэв.

Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Л.Золзаяаг Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэхээр УИХ-д ирүүлсэн байна. Л.Золзаяа нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн, 48 настай.  Эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлага, олон улсын худалдааны магистрын зэрэгтэй. Төрийн албаны албанд 23 жил 9 сар ажилласан туршлагатай,  үүнээс Тагнуулын ерөнхий газарт ахлах ажилтан, тасгийн дарга, газрын орлогч дарга, Авлигатай тэмцэх газарт ахлах мэргэжилтэн, Гадаад харилцааны яаманд, БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газарт Консул, Тэргүүнээр ажиллаж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Хуулийн бодлогын газрын ахлах референтээр ажиллаж байгаа юм байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Ёс зүй дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар танилцууллаа. 

УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Төрийн албаны зөвлөл бол хэтэрхий асуудалд нэг талд үзэмжээр ханддаг байгууллага болсон. Жишээлбэл, Баянхонгор аймагт аймгийн ИТХ-ын төлөөлөгч нь тусгай ажил үүрэг гүйцэтгэх ёсгүй байтал Тамгын газрын даргаа хийчихсэн явж байна. Хэд хэдэн газрын дарга хийж төрийн алба хашиж байна. Төрийн албаны томилгоог хааж, хэсэг хүмүүсийг оруулдаг. Энэ эрхийг энд тэндээс булааж авсан. Өөрсдийнхөө гаргаж ирсэн хүмүүсийг оруулахын төлөө ажилладаг бүтэц болсон. Энэ байгууллага дахин дээрээ төсөв рүү өнгийж эхэллээ. Би саяхан бүх яамдуудаас ТАЗ-ийн зохион байгуулах гэж байгаа сургалт семинарт зориулна гэж байсан бол одоо бүр аймаг болгоноос энэ мөнгийг авна гэж байна. Зарим яамд руу 20 сая төгрөгөөр IPAD авч өг гэж бичиг явуулсан байна лээ. Ийм байдлаар замбараагүй явах уу. Төрийн албаны зөвлөл томилгооны эрх, төсөв рүү халдаж байна. 

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:

-Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдэд амжилт хүсье. Төрийн албаны зөвлөлийн бүрэлдэхүүнд дандаа эрэгтэй хүн сонгогдож байсан. Хамгийн анх Амартөгс гишүүн анхны эмэгтэй хүн болж сонгогдсон. Шийдвэр гаргах түвшинд жендерийн эрх тэгш байдал байнга алдагдаж байна. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Бүтээмжтэй холбоотой асуудалд нэгдсэн нэг ойлголттой болмоор юм шиг байна. Төрийн бүтээмж яагаад суларсан юм бэ гэдгээс эхлэн судлах ёстой. Гадаадын гоё нэр томъёо ярихаас илүү бид яагаад бүтээмжгүй болов. Төрийн алба данхайж, олон зуун төрийн албан хаагчтай болж, нэг ажлыг нэг хүн хийх нөхцөлийг магадгүй таван хүн хийдэг болсон. Энэ байдал чинь төрийн албаны бүтээмжийг сулруулсан гол шалтгаан гэж харах хэрэгтэй. Засгийн газар 50 хүний бүрэлдэхүүнтэйгээр яамдуудын бүтцийг хийж болдог байсан. Гэтэл өнөөдөр захын яам 120-150 ажилтантай болсон байгаа. Нэг хүн хариуцах ажил хэт их цалгардаж байгаагийн илрэл. Монголбанкин дээр жишээ хэлэхэд, 15 жилийн өмнө 270 орчим ажилтантай байсан өнөөдөр 700 болсон. Бүтээмж нь дордсон гэдгийг алба хаагчид нь хэлээд сууж байдаг. Хяналт шалгалтын газрыг хяналтын, шалгалтын болгож салгаснаас болоод ажил дундаа орхигддог. Төрийн процесс асар олон давхардалтай болсон. Нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн группийн мөнгөө авахын тулд 11 дамжлага дамждаг. Тэр мөнгөнөөсөө илүү зардал гаргаж байна. Төрийн бүтцийг цөөлж, давхардал хийдэл гаргахгүй байснаар бүтээмж дээшилнэ. Төрийн албаны зөвлөл УИХ-д үйл ажиллагаагаа тайлагнадаг, хяналтыг хэрэгжүүлдэг байгууллага. Гэтэл өнөөдөр төрийн албан хаагчдаас шалгалт авдаг, хаана ажиллаж болох болохгүйг шийддэг газар болсон. Цаашдаа Төрийн албаны хуульд өөрчлөлт оруулж, ТАЗ УИХ-ын хяналтын чиг үүргийг гүйцэтгэж, харин гүйцэтгэх засаглал өөрийн хүний нөөцөө сонгож томилдог болох эрх зүйн орчныг бий болгох ёстой. Энэ бүхэнд анхаарч ажиллаарай. 

УИХ-ын гишүүд асуулт асууж дууслаа. Санал хуралдааныг хойшлуулав. 

10 : 34
2025-6-19

Шинэ сайд нар чуулганы хуралдаандаа суумаар байна

·   Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/ хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт асууж дууссан. Байнгын хорооны саналаар зарчмын зөрүүтэй 30 саналд санал хурааж байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Тэтгэврийн зээлийн асуудлаар над руу олон хүн мессеж бичиж байна. Үүний дагуу би Ням гаригт Хархорин хотын бүтээн байгуулалтын нээлт дээр явж байхад Хаан банкны захирал болон Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нартай уулзаж, асуудлыг тодруулсан. Тэд нар хуучин журмаараа олгож байгаа гэдэг хариулт өгсөн. Гэвч ахмадууд банкин дээр очихоор орлого зарлагын харьцаа 50:50 хэвээрээ, хугацаа богино, шинээр зээл авахад шимтгэл авах нь хэвээрээ нөхцөл байдалтай байна. Тиймээс ирэх Даваа гаригт Хаан банкны болон Монголбанкны ерөнхийлөгч, Төрийн банкны захирлуудтай энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн гэдгээ хэвлэлийн хурал хийж мэдээлмээр байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай сайн ярилцаж, энэ талаар чиглэл өгнө гэсэн. 

Ахмадын тэтгэврийн зээл тэглэсэн. Тухайн үед нийт 700 тэрбум төгрөгийн зээл байсан юм байна. Гэвч өнөөдрийг хүртэл тэр зээл Монголбанк дээр өр хэвээрээ, "Эрдэнэ силвер" компаниас нэг ч сохор зоос төлөөгүй юм байна. Гэтэл үүнээс хойш маш олон хүн өндөр зээлтэй байж байгаад тэглүүлсэн гээд маш их өндөр зээл авч эхэлсэн. Одоо 2.1 их наяд төгрөгийн зээл болчихсон байна. Бараг гурав дахин нэмэгдэж, асар өндөр хүү төлж байна. Тэтгэврийн зээл тэглэх итгэл найдвараар өндөр зээл авч, тэр мөнгөө хамаагүй зарцуулдаг ийм зүйл байгаад байна. Би олон сайд нараас асуухаар "Огт тийм зээл тэглэхгүй" гэсэн. Энэ нөхцөл байдлаа хэлэх хэрэгтэй. Саяны заалтыг дэмжиж байна. 

Санал хураалт явуулж, УИХ-ын гишүүдийн 54 буюу 61.4 хувиар дэмжлээ. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-УИХ-ын гишүүд Дэгийн тухай хуулиараа ажлаа явуулмаар байна. Ямар эрх олгогдсон тэр журмаараа ажиллана. УИХ-ын олонх, цөөнх байр сууриа илэрхийлэхэд нь нээлттэй чөлөөтэй хандах байдлаар шаардагдах минутыг нэмэхээс эхлээд уян хатан ажилласан. Гэхдээ энэ боломжийг хавтгайруулах хэлбэр рүү орж байна. УИХ гэдэг байгууллага эмх цэгцтэй зарчимтай, нээлттэй ил тод байвал олон нийт сэтгэл хангалуун байх нөхцөл бүрдэнэ. Дөнгөж 2 хоногийн өмнө урд талаар дүүрэн сууж байсан нөхдүүд чуулгандаа суухгүй болоод эхэлж байна. Энэ бол Засгийн газрын гишүүнээр томилогдсоны маргаашийнх нь хурал.

Тийм учраас ЗГХЭГ-ын дарга, Тэргүүн шадар сайд, Шадар сайд гэх мэт албан тушаалтнууд Пүрэв, Баасан гаригийн чуулганы хуралдаанд оролцож байх учиртай. Ядаж ирцээ өгөөд ажил гарсан бол учир байдлаа тайлбарлаад явдаг байх хэрэгтэй гэдгийг анхааралтайгаар хэлье. Олон нийт УИХ-ыг хариуцлагатай, идэвхтэй ажиллахыг байнга шаарддаг. Энэ шаардлагыг хангуулж ажиллах нь миний үүрэг. Тиймээс шинээр томилогдсон сайд нарыг УИХ-ын чуулганы хуралдаанд хүндэтгэлтэйгээр оролцож байхыг үүрэг болгон хэлж байна. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж хариуцлагатай байхыг шаардаж байна. Өнөөдөр зөвхөн ИТХ татвар тогтоодоггүй юм. Нийслэл тогтоодоггүй юм. Малын хөлийн татварыг та байж байхдаа батлалцсан. 336 сумын эрх унах гэж байгааг хэлсэн юм. Газрын төлбөрийг орон нутаг өөрөө тогтоодог юм. Та бол парламентад алиалагч хийдэг хүн. Намын дарга болохын тулд битгий хоёрын хооронд юм хийж бай. Та намын даргынхаа сунгаанд орчихоод битгий ийм хогийн юм хийж бай. Зүгээр байгаарай. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Тавдугаар санал 40.8 хувиа дэмжигдсэнгүй. Нэг зүйлийг анхааруулъя. Ажлын хэсэг яах гэж ажилладаг юм бэ гэдэг дээр төвлөрч хандахгүй бол. Энэ танхимд хоёр гурван хүний зөрчлөөс болоод нэгнийгээ хорлох гэж байгаа хэлбэрээр мэргэжлийн байнгын хорооны дэмжээгүй саналыг босгож байна гэдэг бол цаашдаа энэ хууль батлагдаад хэрэгжихгүй байх үндсийг тавьж байна. Үүнийг гишүүд анхаараарай. Яах гэж мэргэжлийн байнгын хороо байгуулж, мэргэжлийн хүмүүс ажилладаг юм бэ гэдгийг бодох хэрэгтэй. Тэгэхгүй байнгын хороо дэмжээгүй саналыг нь гаргасан хүний лобби, саналаар заавал унагаах гээд танхим дотор ажилладгаа болих хэрэгтэй. Одоо жаахан ёс зүйтэй байцгаа. Та бүхний ард Монголын ард түмний эрх ашиг байгааг бодож бай. Өнөөдөр энэ Хууль тогтоомжийн тухай хуулийн үндсэн зорилго нь Монголд хүний эрхийг зөрчиж, хүнд суртал үүсгэж, авлига бий болгож байгаа олон журмыг цэгцлэхэд оршиж байгаа. Гэтэл энийг дунд нь сааруулж, нэг яамны 20, 30 тогтсон хэв маягийг өөрчилж, эвдүүлэхгүй гэдэг хэв маягаар ажиллаж болохгүй ээ. УИХ өөрчлөлт шинэчлэлт хийхийн тулд энд сууж байгаа. Хүний эрхийг дээдэлсэн хууль эрх зүйн орчныг бий болгохоор ажиллаж байна. Малын хөлийн татварын журам чинь сумандаа бас л авлигын асуудал болсон. Сум орон нутгийн хэмжээнд энэ дээр ямар хэлбэрээр шийдэх нь тус тусдаа асуудал болсон. 

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:

-Дэгийн хуульд өөрчлөлт оруулах саналтай байна. Олон давтагдаж байна. Байнгын хороон дээр дэмжээгүй саналыг дэмжинэ гэдгээ болих хэрэгтэй. Дэмжээгүй болон дэмжсэн саналыг хоёуланг нь чуулганаар дэмжсэн эсэхээр хураахгүй бол ирцээ бүртгүүлээд гарч явсан гишүүд эс үйлдэхүйгээрээ дэмжигдээд байна. Энэ бол гол хямрал. 

·   Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/ хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 

10 : 24
2025-6-19

Хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв

Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.05.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/ хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан. Байнгын хорооны саналаар уг хуулийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх талаар санал хураалт явууллаа. УИХ-ын гишүүдийн 41 буюу 54.7 хувиар дэмжлээ. Хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалт явуулж, 44 гишүүн буюу 58.7 хувиар дэмжлээ. 

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалт явуулж, 47 гишүүн буюу 61.8 хувиар дэмжлээ. 

Хот тосгоны тухай хуулийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалт явуулж, 48 гишүүн буюу 61.5 хувиар дэмжлээ. 

Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай Дагаж мөрдөх журмын тухай төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалт явуулж, 49 гишүүн буюу 60.5 хувиар дэмжлээ. 

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

10 : 14
2025-6-19

Хот байгуулалтын тухай хуулийг хэлэлцэнэ

  Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.05.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·   Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

·    Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал

10.00

“Их хуралдай”

·  Ногоон санхүүжилтын тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн орчныг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ    

·    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/

·      Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүн 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 150 минут/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-19 81.9.119.148

— Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-06-19 66.181.184.88

ТУСГААР УЛСЫН НИЙСЛЭЛ ХОТЫН НЭРШЛИЙГ ДОРОМЖ БАЙДЛААР ӨӨРЧИЛЖ ЯМАР НЭГ ТӨСӨЛД ӨГЧ БОЛДОГ ЮМ УУ. СОНИН Л ҮЗЭГДЭЛ БАЙНА. БОДЛОГОГҮЙ ЗҮЙЛ БИШ БАЙХ ШҮҮ. ХЯТАДЫН СПИКЕР САЙН МЭДЭЖ БАЙГАА БИЗДЭЭ.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: ТӨРИЙН АЛБАА НАМЫН АЛБА БОЛГОХ гэсэн салхи сэвэлзээд эхэллээ.Сайны ёр биш дээ. 2025-06-19 103.229.123.90

УИХ-ын дарга ЗГ ажилтнаа сонгож авдаг болно гэв. Пүрэвдорж ТАЗ хаалгаа түгжээд хүн авдаг гэж гүтгэлээ. ТАЗ-ынхан энэ нөхрийг шалгалт яаж авдгаа үзүүл. Шалгалтыг цахимаар авдаг болоод арав гаруй жил болж байна. Шалгалт дуусангуут дүн шалглат өгсөн иргэнд, нийтэд мэдээлдэг болсон. Улс төрөөс ангид төрийн албыг бүрдүүлэхийн төлөө ажилласан хүмүүсийн ажлыг УИХ-ын дарга, дэд дарга нараас эхлээд улс төрчид булшлах нь л дээ.Танил тал, намын харъяаллаар төрийн алба бүрдүүлдэг болно.

Avatar

Нэргүй 2025-06-19 66.181.184.88

Алсын бодлогогүй, ухвар мөчид амьтсууд Татварын хууль хэлэлцэхээрээ иргэдийг дан цалин орлогоор нь ялгаварласан хуулийн төсөл оруулж ирж баталдаг боллоо. Энэ хотгор шанага хүрэлбаатараас эхлэлтэй, жавхлан данх үргэлжлүүлсэн. Цаагуураа ядуу дорой амьдраад байвал та нарын татварыг бууруулна, халамж өгөөд байна шүү гэсэн санаа юм. Цалин орлого гайгүй олоод байвал өөдийн бараа харуулахгүй шүү гэсэн санаа. Зүй нь бол Үндсэн хуульд заасанчлан иргэдээ хөрөнгө чинээгээр нь ялгаварлах ёсгүй юм.

Avatar

Нэргүй 2025-06-19 202.126.89.94

Жинхэнэ алиалагч бол төлгөн коммунист сайнзориг псду шдээ

Avatar

Т1т 2025-06-19 202.9.46.8

Төсвийн мөнгөөр айлуудын нүхэн жорлонг ухаж өг, нэртэйгээр нь хошногыг нь арчиж өгч бай.

Avatar

Баярхүү 2025-06-19 112.72.15.30

Одоо б**с арчиж өгөхгүй бол болохоо байлаа

Avatar

Нэргүй 2025-06-19 103.229.123.110

ТАЗ-ийг татан буулгаач. Амарбаягалан муруй эгчийгээ ажилтай байлгахын тулд байлгаж буй биздээ.

Avatar

Xужаа сайнзориг 2025-06-19 202.9.46.8

сайнзориг муу гамин xятадын орхидос шээс өөрийгөө хичээ хулгайч

Avatar

зочин 2025-06-19 202.126.91.142

ТАЗ гэдэг төсөв хөрөнгө үрсэн байнууллагыг татан буулгая. Яаманд нь хүний төрийн нарийн, хүний нөөц гээд өчнөөн хүнээ шилж сонгоод авчих боломж байхад тийм илүү дутуу хүнд суртал авилгын байгууллага байх шаардлага байхгүй

Avatar

Нэргүй 2025-06-19 122.201.31.105

Хятад Сайнзориг ямар хэрүүлч юм бээ

Avatar

Cop 2025-06-19 66.181.186.176

Ингээд сайхан дуусцгаа, хөгжил бол хошин шог болсон та бүгдийн гавъяа их юм

Avatar

Зочин 2025-06-19 103.229.122.128

Нэргүйгийн бичсэнтэй санал нэг байнаа.шудрагаар төлсөн нь хохироод, төлдөггүй гөлийдөг нь хожоод байж болохгүй бүгд ижилхэн л байх ёстой, тэгвэл бүгд юу ч төлөхөө болия л доо

Avatar

Нэргүй 2025-06-19 192.82.65.88

Зээл мээл тэглэдэг, татварын өршөөл үзүүлэхээ болимоор юм. Шударгаар бизнес хийж, татвар хураамжаа цагтаа төлдөг хүмүүс нь яахийн. Татвар төлөгчийн нуруун дээр хамаг ачаалалаа үүрүүлчихээд, гаднаас авсан зээл тусламжаа дээгүүрээ цусалчихаад яаж энэ улс хөгжих вэ? Улсыг сүйхүүлэх даалгавар хэрэгжүүлж байгаа юм шиг ажиллах юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж