Сурвалжлага: "Хүүхдүүдийнхээ дээлийнх нь захыг мушгиад сууж байна"

Сурвалжлага: "Хүүхдүүдийнхээ дээлийнх нь захыг мушгиад сууж байна"

Сурвалжлага: "Хүүхдүүдийнхээ дээлийнх нь захыг мушгиад сууж байна"

Нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн гадна сурагчид, эцэг эхчүүд, багш нар нааш, цааш сандарч гүйлдэнэ. Сурагчид бүрэн дунд боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэх, суудлын хуваарь, бүртгэлийн хуудас зэргийг хийсэн цахилгаантай хавтас гартаа барьцгаажээ. Эдгээр хүүхдүүд үдийн хойно 14:00 цагаас Англи хэлний элсэлтийн шалгалтаа өгөхөөр хүлээж байгаа нь энэ. Харин гартаа ус, ундаа барьж хүүхдүүдийнхээ цүнхийг мөрлөсөн, гадуур хувцсыг нь сугавчилсан эцэг, эхчүүд дэмий л тэднийг даган алхана.

Гэнэт чанга яригчаар  англи хэлний шалгалтад орох хүүхдүүд анги, ангидаа суудлын хуваарийн дагуу суудлаа эзлэхийг анхааруулахын зэрэгцээ ямар бичиг баримт авч орохыг сануулж хэдхэн минутын зайтай түүнийг дахин дахин давтана… Сурагчдын хамгийн чухал, ирээдүйгээ тодорхойлох эгзэгтэй мөчүүдийн нэг болох Элсэлтийн шалгалт өчигдөр /2025.06.18/эхэлсэн.  Эндээс ирээдүйн мянга, мянган багш, эмч, инженерүүд бэлтгэгдэн төрөн гарна. Элсэлтийн шалгалт 10:00 цагаас Түүхийн хичээлээр эхэлсэн юм.

Гадаа салхитай ч бүгчим дээрээс нь модны цагаан хөвөн хийсээд хамар, ам сэрвэгнүүлээд тухгүй байх ажээ. Гэсэн ч хүүхдүүдээ тайвшруулж, хань бараа болохоор багш нар, эцэг эхчүүд тэнд дэмий л сандарч, зовнихоос цаашгүй хөл хавсарч сууна.

ХҮҮХДҮҮД ӨӨРИЙН ХҮССЭН, ДУРЛАСАН МЭРГЭЖЛЭЭ Л СОНГОХ ЁСТОЙ

“Хүүе ээ яагаад ийм орой ирж байгаа юм бэ. Хүн айлгаад хаячих юм. Алив хурдлаарай. Бичиг баримт нь бүрэн үү. За гялс гүйгээд орчих. Амжилт” гэсээр үлдэж хоцрох 40 эргэм насны энэ эмэгтэйг Д.Мягмардулам гэдэг. Тэрбээр боловсролын байгууллагад 10 гаруй жил ажиллаж буй. Гэсэн ч түүний хувьд энэ жил анхны 12 дугаар ангиа төгсгөж байгаа нь энэ.

“Манай хүүхдүүд аравдугаар ангиасаа эхлээд мэргэжлээ сонгоод шалгалт өгөх хичээлүүдээрээ бэлдэж эхэлсэн. Би хүүхдүүддээ итгэж байна. Миний хүүхдүүд шалгалтаа сайн өгөх байхаа” гэхтэй зэрэгцэн сэтгэл нь тогтож ядан өндөлзөх нь хүүхдүүдээсээ дутахгүй сандарч байгааг илтгэнэ. Тэрбээр, хүүхэд болсон хойно бичиг баримтаа мартах, хоцрох тохиолдлууд гарч байна. Үүнд манай эцэг эхчүүд сайн анхаармаар юм байна. Мэргэжил сонголтын хувьд хүүхдүүд өөрийн хүссэн, дурласан мэргэжлээ л сонгох ёстой. Түүнээс эцэг, эхийн шахалтаар хэн нэгний шаардлагаар мэргэжил сонгож болохгүй гэж боддог. Тиймээс хүүхдүүддээ үнэхээр чи ямар мэргэжилтэй хүн болохыг хүсч байна. Тэрийгээ л сонгоорой гэж захилаа. Эцэг эхчүүдэд нь мөн тэгж зөвлөсөн. Яагаад гэвэл хүн хүссэн дурласан зүйлдээ л амжилт гаргаж, хичээдэг байхгүй юу. Миний хувьд анхны 12 дугаар ангиа төгсгөж байгаа болохоор жаахан сандарч байгаа ч хүүхдүүддээ харуулахгүй байхыг л хичээж байна даа. Сандарч тэвдэхээр мэддэг зүйлээ мэдэхгүй болох тал байдаг. Миний хувьд өөрийнхөө хэмжээнд хүүхдүүдээ эрт амарч тархи толгойгоо амраахыг мөн аль болох тайван байхыг захисан. 14:00 цагаас Англи хэлний шалгалтаа өгөхөө хүүхдүүд маань орчихлоо. Захыг нь мушгиад хүлээгээд л зогсч байна даа. Хүүхдүүддээ итгэж байна. Бүгд хүссэн сургууль, дурласан мэргэжлээ сонгох байх” хэмээн ярив.

Хүүхдүүдийн хувьд мэргэжлээ сонгохдоо ээж аавынхаа зөвлөсний дагуу мэргэжлээ сонгох тохиолдол байдаг гэнэ. Гэхдээ Элсэлтийн шалгалтаар бүх боломж хязгаарлагдаж байгаа гэсэн үг биш гэдгийг багш нар хэлж байсан юм.

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭГ ЭХ ХУВИАР НЬ АВЧИРНА

БҮТ: Нэг шалгалтын байранд 23-27 хүн ажиллаж байнаЭнэ жил Элсэлтийн шалгалтыг улс орон даяар нийт 50 төв дээр зохион байгуулж байгаа. Улаанбаатарт 27 байр, орон нутагт 23 байранд нийт 2966 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа аж. Энэ онд нийт 43318 шалгуулагч бүртгүүлснээс 40 мянга гаруй шалгуулагч шалгалт өгч байгаа юм байна. Үүнээс 3000 гаруй нь өмнөх оны төгсөгчид гэнэ. Энэ жил 12 дугаар анги төгсч буй 42 мянга гаруй сурагч бий. Үүнээс орон нутгийн төгсөгч 21362 байгаа бол хотод 21599 шалгуулагч шалгалт өгч байгааг албаныхан мэдээлэв.

Энэ жил Элсэлтийн шалгалтын математикийн 1000 бодлогыг анх удаа нээлттэйгээр танилцуулж, эндээсээ шалгалт авч байгаагаараа онцлогтой. Элсэлтийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулдаг болсон учир шалгалтаа хангалтгүй өгсөн болон ямар нэг шалтгаанаар хоцорсон хүүхдүүд ирэх арванхоёрдугаар сард дахин өгөх боломжтой.

Боловсролын үнэлгээний төвөөс шалгуулагч бүрийн ширээн дээр харандаа, баллуур, үзүүрлэгч гэсэн гурван зүйлийг урьдчилан бэлтгэсэн байгаа. Тэгэхээр харандаа авч ирэх шаардлагагүй.

Шалгуулагч иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээг эх хувиар нь авчирна. Магадгүй байхгүй, гээсэн тохиолдолд гадаад паспорт, жолооны үнэмлэх, E-Mongolia системээс авсан лавлагаа байж болно. Бүрэн дунд боловсролын үнэмлэх нь байхгүй өмнөх оны төгсөгчид мөн E-Mongolia системээс лавлагаа авчирч болно, ингэхдээ нотариатаар батлуулсан байх шаардлагатай гэж Элсэлтийн шалгалтын албаны ахлах мэргэжилтэн Д.Энхжаргал сануулав.

ХИЧЭЭХЭД БОЛОХГҮЙ ЗҮЙЛ БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ

“Эгч ээ та зурагчин юм уу, бидний зургийг аваад өгөөч” гэж хэвлүүхэн ярих охин бол н.Тэргэлсайхан. Тэргэлсайханы мөрөөдөл нь жүжигчин болох. Гэвч тэр жүжигчин болохгүй. Шалгалтад өндөр оноо авсан хичээлээрээ мэргэжлээ сонгоно. Яагаад гэвэл түүний эцэг эх охиноо урлагийн хүн болохыг дэмжээгүй. Харин хууль, эрх зүй чиглэлээр сургах сонирхолтой. Тэр ч утгаараа охин ээж, аавынхаа хүсэл сонирхлыг дагахаар шийдсэн. Нэг үгээр хэлбэл, тэр хүссэнээрээ жүжигчин болохгүй учир одоо түүнд ямар мэргэжилтэн болох нь сонин биш. Нэг ёсондоо аз нь таарвал хууль ч болно. Үгүй бол оноо хүрч байгаа мэргэжлээс л сонгоно. Гэхдээ тэр үүнд гутарч сэтгэлээр унаагүй, сонгосон мэргэжлээрээ хичээн суралцана. Хүссэн мэргэжлээ сонгуулсангүй гэж ээж, аавдаа гомдоогүй ээ. Тэд миний төлөө л хэлж байгаа. Хичээхэд болохгүй зүйл байхгүй шүү дээ гэж инээмсэглэнэ.

Шалгалт дуусч хүүхдүүд нэг нэгээрээ гарч ирэв. Харин тэднийг хүлээж суусан эцэг эхчүүд хүүхдүүдийн бараанаар босон харайна.

Сурагч г.Хүслэн тэрбээр, шалгалт дээр багшийн заасан хичээлээс орж ирсэн ч бэлдсэн шигээ хийж чадсангүй. Шалгалтын үеэр маш их сандарч гар хөлрөөд, сүүлдээ харандаагаа барихад ч хэцүү болсон. Гэхдээ л даваад гарлаа. Эхний шалгалт учраас их сандарсан байх. Одоо гурван хичээлийн шалгалт өгнө. Маргаашийн шалгалтууд маш чухал учраас найзуудтайгаа жаахан сууж байгаад эрт харьж амарна. Миний хувьд эмч болохыг зорьж байгаа. Шалгалтаа нэг жил сайн бэлдсэн. Тиймээс маргаашаас сандрахгүй бүх хүч, оюун ухаан шавхан шалгалтаа өгнө өө” гэв.

Дүнгээ сонсоод гарч ирсэн хүүхдүүд найзуудтайгаа уулзаж шалгалтынхаа талаар ярилцаж байгаа бололтой энд тэнд хэсэг хэсгээрээ бөөгнөрч зогсоно. Тэд хоорондоо
– "Чи шалгалтын материалаа хэр хийсэн бэ. Цагтаа амжсан уу" гэх зэргээр шалгалтын сонин сайхан, төрсөн сэтгэгдэл, ямар сургуульд орох цаашдаа яах талаар ам уралдан ярина. Тэд шалгалтын талаар ярихдаа уруу, дорой царайлахаас илүүтэй сэтгэл дүүрэн өөрсдөдөө итгэлтэй, хөөр баяр дүүрэн инээлдэн алхах ажээ.

Элсэлтийн шалгалт эхэлсэнтэй холбогдуулан энэ сарын 21-н хүртэл НЗДТГ-аас зам засварын ажлуудыг түр зогсоож, зам хаахгүй байх шийдвэр гаргажээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-19 81.9.119.148

= Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-06-19 202.179.8.118

ӨВ-аас эгч ярив: Манай охины сурч төгссөн МҮИС-д отгон охиноо оруулах гэж шалгалт өгүүлж байгаа, сурлага сайн асуудалгүй гэж байхын. Эгчээ, манай охин Монгол Улсын Их Сургууль буюу МУИС төгссөн шүүдээ. наадах чинь хувийн сургууль, Монгол үндэсний их сургууль ч билүү нэг тийм сургууль шүү гэж залрууллаа. андуурал байна шүү хүмүүсээ!!

Avatar

Нэргүй 2025-06-19 202.9.47.75

Та нар дунд сургуулиас нь мөнгө нэхэж авсаар төгссөн. Алхам тутамд нь мөнгө нэхдэг. Сонгон гэж бас хэдэн зуун мянгаар мөнгө авдаг. Ийм бохир арга, залиар дунд сургууль төгсгөдөг улс орон байхгүй шүү. Их сургуулиуд нь чанаргүй сургалт өндөр үнэ.

Avatar

Т1 2025-06-19 202.9.46.8

Бакалавр төгсөөд баахан ажилгүйчүүд, эзэмшсэн мэргэжил ч үгүй, ажил хмй гэхээр диплом гаргаж үзүүлээд хар бор ажил хийдэг жижиг гар биш гэнэ. Тэгээд солонгос явж хар ажил хийх хүсэл л үлддэг. Хайран 4 жил, хайран эцэг эхийн сургалтын зардлын өр төлбөр , ялангуяа малчны зээлийн дарамт. Шал амьдралгүй тогтолцоо!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж