Жэки Чаны шалгуурыг давсан залуу мастер

ХҮМҮҮС

Жэки Чаны шалгуурыг давсан залуу мастер

Жэки Чаны шалгуурыг давсан залуу мастер

Дэлхий дахинд нээлтээ хийгээд нэг сар ч болоогүй байгаа "Karate Kid: Legends" кинонд тулааны урлагийн домогт мастер Жэки Чан тоглосон. Гэхдээ Жэки Чанаас илүү олны анхаарлыг татаж, хайр хүндэтгэл хүлээсэн нэгэн бол гол дүрийн жүжигчин Бэн Ван. Ньюс агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа ази-америк гаралтай залуу мастер Бэн Ваныг онцоллоо.


Хэрвээ та "Karate Kid: Legends" киног үзсэн бол Бэн Ван буюу Ли Фон Бээжингээс Америкт ирсэн өдрөө пиццаны ресторан ороод бяслаган захтай пицца гарах эсэхийг асуудаг. Эндээс түүний Америк дахь адал явдал, тулаан, нөхөрлөл, хайр дурлал эхэлнэ.

Тулааны дэвжээнд зарласанчлан "Бяслаган захт хочит Ли Фон" бол шинэ мянганы анхдагч залуу. Яагаад гэвэл тэр 2000 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Хятадын Шанхай хотод төржээ. Түүнийг дөрвөн настай байхад эцэг эх нь салж, улмаар зургаатайдаа ээжийнхээ хамтаар АНУ-д цагаачилж ирсэн. АНУ-д ирснээс хойш түүний хүүхэд нас Миннесотад өнгөрчээ. Мэдээж тэр англи, хятад хэлэндээ ус цас.

Бэн Ван Нью-Йоркийн их сургуульд Хөгжмийн чиглэлээр сурч төгссөн.

Түүний тулааны урлагийн чадварыг зөвхөн "Karate Kid: Legends" киногоор хязгаарлаж ойлгож болохгүй. Тэрбээр каратэ, кэнпо, кунфү, кумдо, таеквондо гээд тулааны олон урлагийн мэргэжлийн чадвартай.

ДИСНЕЙГЭЭС ТУЛААНЫ ДЭВЖЭЭ РҮҮ

Бэн Вангийн анхны томоохон дүр 2021 онд дэлгэцнээ гарсан "MacGyver" цуврал байжээ. Үүний дараа 2023 онд Диснейн "Chang can dunk" гэх спортын сэдэвтэй кинонд тоглосон. Мөн ондоо Диснейн "American Born Chinese" ситкомын гол дүрд тоглосноор илүү алдаршиж эхэлжээ.

Бэн Ван "Karate Kid: Legends"-т тоглоно гэдгийг кино багийнхан 2024 оны хоёрдугаар сард анх зарласан байна.

"Sony pictures" Ли Фонгийн дүрд тоглох жүжигчин хайж, дэлхий даяар сонгон шалгаруулалт зарлажээ. 10 мянга орчим залуу сонгон шалгаруулалтад орсноос Бэн Ван шалгарчээ. Жэки Чаны өндөр шалгуурт нийцэх ёстой байсан тул энэ шалгаруулалт амаргүй байсан гэдэг. Гэхдээ таеквондо, кунфүгийн дөртэй, кинонд тоглож байсан багагүй туршлагатай зэрэг нь Бэн Вангийн давуу тал болжээ. Кино бүтээгчид Бэн Ваныг шалгасныхаа дараа зөв хүнээ оллоо гэдгээ ойлгож, шууд л сонгон шалгаруулалтаа зогсоосон байна. 

Цахим орчинд түүний талаар мэдээлэл хомс. Гэхдээ "American Born Chinese"-т тоглосныхоо дараа өгсөн нэгэн ярилцлагаас нь түүвэрлэн хүргэе.

-Би зургаан настайдаа АНУ-д цагаачилж ирэхдээ англиар ярьдаггүй байсан. Нэг зунжингаа өдөрт есөн цаг тасралтгүй зурагт үзэж байж англи хэл сурсан. Өглөө сэрээд л зурагтны өмнө сууна. Шөнө болтол, ядартлаа л зурагт хардаг байлаа. Эхэндээ нэг ч нэвтрүүлэг ойлгож байгаагүй, зар сурталчилгаанд л хамгийн дуртай байлаа. Учир нь зар сурталчилгаа дахин дахин давтагддаг шүү дээ. Энэ бол хэл сурах гайхалтай платформ.

Би Миннесотагийн хөдөөгийн жижиг хотод өссөн. Хэрвээ та хөлбөмбөгт сайн биш бол өөр хийж чадах зүйлээ хурдхан олсон нь дээр.

Миний хувьд сургуулийн театрт хамрагддаг байсан. Би зар сурталчилгааны хуурамч бичлэг өвөөгийнхөө камераар хийдэг байлаа. Санхүүжилт багатай ч гэлээ хөгжилтэй. Удалгүй би Нью-Йоркт театрын чиглэлээр сургуульд явахаар болсон. Ийм зүйл тохиолдоно гэж хэзээ ч таамаглаж байгаагүй.

Ээж минь намайг ганцаараа өсгөдөг учир хоёр ажил давхар хийдэг байлаа. Тэр гарцаагүй миний амьдралын үлгэр дуурайллуудын нэг. Бас надад итгэж, урам зориг өгсөн олон сайхан багш нар, сайн хүмүүс бий.

"American Born Chinese" ситкомын Жин Вангийн дүрд тоглочихоод сургуульдаа буцаж очих аймшигтай бас гайхалтай байсан. Ахлах сургуулийн аймшигтай зүйлсийг бүгд л даван туулдаг. Гэхдээ дараа нь жүжигчин болсон хойноо ‘Надад хүүхэд насны энэ бүх траума бий, үүнийгээ ашиглаж болох юм’ гэж боддог юм билээ. Үнэнийг хэлэхэд би ази америк гаралтай хүүхдийн хувьд өөрийн туршлагаа ашиглаж чадсандаа баяртай байдаг.

Анх зохиолоо уншчихаад миний сургуулийн он жилүүдийг энэ хүмүүс бутан дунд нуугдчихаад харж байсан юм байх даа гэж бодсон шүү. Үнэхээр амьдралд ойр байсан.

Миний ээж Хятадад байхдаа загвар зохион бүтээгч байсан. Бид Америкт ирснээр түүний бакалаврын зэрэг хүчингүй болсон тул сургуулиа дуусгахаар ээж нутаг буцсан. Тийм учраас миний бага нас ихэвчлэн эмээ, өвөөтэйгөө өнгөрчээ. Намайг дунд сургуульд ороход ээж эргэж ирсэн. Жаахан хэцүү л байсан. Бид нэг хэсэг маргаантай харилцаатай байв. Ганц бие ээж байх хэцүү байлгүй яах вэ.

Гэвч ээж минь цоо шинэ ертөнцөд өөрийн карьераа удирдан чиглүүлэхийн хажуугаар намайг үргэлж хөгжүүлж, урлагт хүчин зүтгэхийг минь дэмжсээр ирсэн. Намайг театрт тоглохыг дэмжинэ. Тэр бүү хэл төгөлдөр хуур, хийл ч тоглуулсан. Намайг коллежид орсны дараа бидний харилцаа сайжирсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-19 81.9.119.148

=== Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-06-19 103.229.121.25

Мянган чинь 2001 оноос эхэлсий мал даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж