Хөлбөмбөгийн клубуудын ДАШТ өнгөрсөн долоо хоногт АНУ-д эхэлсэн. Сүржин нэр, шинэ формат, томоохон шагналын сантай тус тэмцээн одоохондоо хүлээлтэд хүрч, хэн бүхний анхаарлын төвд орж чадахгүй л явна. Угтаа тив бүрийн хамгийн шилдэг клубууд, аваргууд хуран чуулж, дэлхийн шилдгээ тодруулах тэмцээн юм.
Европоос л гэхэд Реал Мадрид, ПСЖ, Манчестер Сити, Челси зэрэг сүүлийн жилүүдийн Аваргуудын лигийн аваргууд оролцож байгаа бол зарим томоохон багууд оролцохгүй байгаа. Тухайлбал, Английн Премьер лигийн аварга Ливерпуль болон Европа лигийн аварга Тоттенхэм Хотспур.
Ийм том шагналын сантай тэмцээнд түрүүлэхгүй, хожихгүй ядаж оролцоход л клубын санхүүд багагүй орлого оруулах нигууртай. Гэвч зарим нь энэ боломжийг хүсээд ч олж чадсангүй. Испанийн Ла лигийн аварга Барселона л гэхэд клубуудын ДАШТ-д оролцох шаардлагыг хангаж чадаагүй ч Олон улсын хөлбөмбөгийн холбоонд оролцох хүсэлтэйгээ илэрхийлсэн аж. Харамсалтай нь тэд зөвшөөрөөгүй гэнэ.
ЯАГААД FIFA БАРСЕЛОНАГИЙН ХҮСЭЛТИЙГ ЗӨВШӨӨРӨӨГҮЙ ВЭ?
Мексикийн Леон клубын хувьд клубуудын ДАШТ-д оролцох эрхээ авсан ч FIFA тэдний эрхийг түдгэлзүүлсэн. Учир нь Мексикийн Леон болон Пачука багуудыг Пачука групп ивээн тэтгэж, эзэмшдэг бөгөөд нэг эзэмшил, хамааралтай хоёр баг оролцохыг зөвшөөрдөггүй дүрэм бий. Тиймээс Леон, Пачука багуудын нэг нь буюу Пачука энэ удаагийн дэлхийн аваргад өрсөлдөж байна.
Тэгвэл Леоны эрхийг аль клубд өгөх вэ гэдэг асуулт гарч ирсэн. Барселона ч энэ эрхийг хүртэх эрхтэй гэж өөрсдийгөө үзэн хүсэлтээ илэрхийлжээ. Өнгөрсөн улирал Барселона клуб Европын хөлбөмбөгт гялалзаж, үзүүштэй хөлбөмбөгийг толилуулсан билээ.
Испаниас Реал Мадрид болон Атлетико Мадрид клубууд дэлхийн аваргад оролцож байгаа. Учир нь тэдний сүүлийн гурван жилийн амжилт, УЕФА-ийн коэффициент нь Барселонагоос илүү байв. Мөн нэг улсаас хоёр баг л клубуудын ДАШТ-д өрсөлдөх журам бий.
FIFA ч Барселонагийн хүсэлтийг үл харгалзан Леоны эрхийг АНУ-ын Лос Анжелес багт өгчээ. Лос Анжелес баг эрхийн төлөөх тоглолтод Клуб Америкаг хожжээ. Тэмцээн АНУ-д болж байгаа гэдэг утгаараа орон нутгийн багийг дэмжиж, Төв, Хойд Америкт хөлбөмбөг хөгжүүлэх бодлого баримталж байна.
Зочин 2025-06-17 66.181.176.18
Испани, Английн аваргууд байхгүй клубуудын ДАШТ ч дээ, давсгүй хоол шиг юм болох биз дээ