Шинэ Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулах хугацаа ойртсон байна. Туршилтын ажлыг зургадугаар сарын сүүлчээр буюу баяр наадмын өмнө хийх гэнэ. "Цэвэрлэгээнд ашигладаг химийн бодисыг тусгай зөвшөөрлөөр оруулж ирэх ажлыг хийсний дараагаар туршилтаа эхлүүлнэ" гэдгийг Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн зохицуулагч Г.Чулуунбат мэдээллээ.
Шинэ Төв цэвэрлэх байгууламж нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, одоогийн цэвэрлэх байгууламжийн баруун талд био цөөрмийн талбайд баригдаж байна. Нийт 17.6 га газрыг ашиглахаар төлөвлөсөн байдаг.
Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг 2020 онд эхлүүлсэн. Энэ том бүтээн байгуулалтын зургадугаар сарын сүүлчээр Улсын комисст үе шаттайгаар хүлээлгэн өгч, 2025 оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулна гэдгийг албаныхан мэдээлсэн юм. Шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор 160 ажилтны орон тоо шаардлагатай.
Энэ оны зургадугаар сараас Ус сувгийн газраас 60 хүний орон тоог шинэ цэвэрлэх байгууламж дээр баталсан байна.
Удахгүй туршилт хийхээр ажиллаж эхэлнэ. Одоо төслийн талбай дээр 240 хятад ажилтан, 100 орчим монгол ажилтан ажиллаж байна. Орчин үеийн технологи, ноу-хауг шингээсэн байгууламж учир боловсон хүчин мөн маш чухал. Тэгэхээр ажиллах боловсон хүчнийг 2023 оноос тасралтгүй бэлтгэж, БНХАУ-ын хотуудад сургалтад сургажээ. Өнгөрсөн 2024 онд гэхэд, гадаад болон дотоодод 87 цагийн сургалтыг зохион байгуулсан гэдгийг албаныхан мэдээлсэн.
Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамнаас өгч буй мэдээллээр шинэ Төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 98 хувьд хүрсэн бол тоног төхөөрөмж суурилуулах ажил 85 хувьтай үргэлжилж байна. Одоо гүйцэтгэгчид үлдсэн тоног төхөөрөмжийг суурилуулах, мөн дотор заслын ажлыг гүйцэтгэж буй аж.
Төслийн нийт өртөг 262.7 сая ам.доллар ба 95 хувь буюу 249.6 сая ам.долларыг Хятад улс, таван хувь буюу 13.1 сая ам.долларын санхүүжилтийг Монгол Улсын тал гарган, хэрэгжүүлж байгаа юм. Төслийн цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нь хоногт 250 мянган м3 ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг Монгол Улсын MNS:4943-2015 стандартын түвшинд хүргэж цэвэршүүлэх, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилготой. Цэвэрлэх байгууламж нь бохир ус цэвэрлэх, лаг боловсруулах гэсэн үндсэн хоёр технологийн дагуу ажиллахаар төлөвлөсөн.
Цэвэрлэх байгууламжид одоо ашиглаж байгаа хоёр коллектор, шинээр холбогдох Туул-1 коллектороор дамжуулан бохир усыг өөрийн урсгалаар хүлээн авахаар төлөвлөсөн байна.
Бохир усанд механик цэвэрлэгээ, биологи цэвэрлэгээ, нэмэлтээр физик, химийн цэвэрлэгээ хийгдэх юм. Цэвэрлэгдэн гарсан усыг 6,5 км урт сувгаар дамжуулан Туул голд нийлүүлнэ. Мөн Мянганы сорилын сангийн хоёрдугаар компакт гэрээний хүрээнд “Ус дахин дахин боловсруулах үйлдвэр” баригдах бөгөөд шинээр баригдах төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа цэвэрлэгдсэн уснаас хоногт 50000 м3 усыг авч дахин цэвэршүүлэн ДЦС-3, ДЦС-4-ийн хөргөлтийн системд ашиглахаар тооцон төлөвлөөд буй.
Нэргүй 2025-06-17 202.126.88.172
сайхан мэдээ бна
Иргэн 2025-06-17 66.181.188.62
Ашгүй Улаанбаатар хот маань өмхийгөөсөө салах цаг ойртож!
Нэргүй 2025-06-17 66.181.160.48
Зайл лалараа.