Хятад болон Төв Азийн дээд хэмжээний хоёр дахь удаагийн уулзалт Даваа гаригт (2025.06.16) Казахстаны Астана хотноо эхэллээ. Энэхүү дээд хэмжээний уулзалтад Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпинээс гадна Казахстан, Киргизстан, Тажикстан, Туркменистан болон Узбекистаны төрийн тэргүүн, өндөр албан тушаалтнууд оролцож, стратеги, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм. Астана дахь дээд хэмжээний уулзалт нь Төв Азийн улсад хамгийн анх удаа зохиогдож буй гэдгээрээ онцлогтой. Учир нь анхдугаар дээд хэмжээний уулзалт 2023 оны тавдугаар сард Хятадын Шанси мужийн Шиан хотод болж байв. Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаев албан тушаалтнуудынхаа хамтаар Астана дахь олон улсын нисэх буудалд Ши Жиньпиныг тосон авчээ. Хятадын удирдагч энэ сарын 16-наас 18-ны өдрийг хүртэл дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөсөн гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн юм. Дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин талуудтай хэлэлцээр хийсэн бөгөөд "CGTN" агентлаг газар дээрээс нь сурвалжилж буй.
Ши Жиньпин хэлэлцээрийн үеэр хэлэхдээ, "Хятад болон Казахстаны харилцаа нь олон улсын тодорхойгүй, эмх замбараагүй нөхцөл байдлын үед бүхий л сорилтыг даван туулж, хамтын ажиллагаагаа өндөр түвшин байлгасаар ирсэн. Энэ нь газар нутгийн байршил, үе үеийн найрамдалт түүхэн өв уламжлалтай холбоотой бөгөөд хоёр орны хамтын хөгжлийг ахиулах нь зайлшгүй сонголт юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны хамтын төлөвлөгөө улам эрчимжиж, агуулга нь баялаг болж, түншлэлээ нэмэгдүүлснээр иргэдийн амьжиргаанд тус дөхөм болсон үр дүнд хүрсэн. Мөн энэхүү амжилтаа цаашид ч бэхжүүлсээр байх болно. Хятад, Казахстаны харилцааг стратегийн өндөрлөг, алс хэтийн бодлоготой уялдуулан, хамтын найрамдалт харилцааг гуйвшгүй бэхжүүлэн бүс нутаг, цаашлаад дэлхийн энх тайван, хөгжилд улам их хувь нэмэр оруулахад бэлэн байна" гэж мэдэгдсэн юм.
Тэрбээр мөн Хятад, Казахстан хоёр улс нь өөр өөрийн хөгжил, сэргэн мандалтын чухал үе шатанд байгаа гэдгийг онцлон тэмдэглэж, бүхий л талын хамтын ажиллагааг цаашид ахиулах ёстой гэсэн юм. Тодруулбал:
- Нэгдүгээрт, хоёр орны харилцааны хөгжлийг дээд түвшний стратегийн харилцан итгэлцлээр удирдан чиглүүлж, бие биеийнхээ үндсэн ашиг сонирхол, тулгамдаж буй томоохон асуудалд тууштай дэмжлэг үзүүлэх.
- Хоёрдугаарт, "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд хүргэж, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч зэрэг уламжлалт хамтын ажиллагааны давуу талыг бататгаж, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, боомтын дэд бүтцийн өөрчлөлтийг ахиулж, ногоон, тогтвортой хөгжлийг ахиулах.
- Гуравдугаарт, аюулгүй байдлын бүх талын хамтын ажиллагаагаар хоёр орны амгалан тайван байдлыг сахин хамгаалж, батлан хамгаалах салбарын солилцоог өргөтгөж, терроризм, гамшгаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх.
- Дөрөвдүгээрт, олон талт соёлын солилцоогоор хоёр орны найрамдлын үндсийг бататгаж, Казахстанд "Хятадын аялал жуулчлалын жил"-ийн арга хэмжээг зохион байгуулж, залуу үе, хэвлэл мэдээлэл, судалгааны төв, орон нутгийн солилцоог эрчимжүүлэхийг дэмжих ёстой гэжээ.
Ши Жиньпин цааш нь хэлэхдээ, Казахстан Хятад-Төв Азийн дээд хэмжээний хоёрдугаар дээд хэмжээний уулзалтыг сэтгэл гарган зохион байгуулж буйг Хятад улс өндрөөр үнэлж байна гэж талархал илэрхийлсэн байна. Мөн энэхүү уулзалт нь Хятад болон Төв Азийн хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээнэ гэж найдаж байна гэж мэдэгдсэн байна.
Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаев хэлэхдээ, "Хятад улс бол Казахстаны найрсаг хөрш, дотнын анд, найдвартай түнш юм. Казахстан, Хятадын өнө мөнхийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны шинэ алтан эрин эхэлж байгаа нь хоёр орны эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд тус дөхөм үзүүлж, хоёр талын ард түмэнд үр өгөөжөө өгч, олон улсын харилцааны үлгэр жишээ болж байна. Мөн Ши Жиньпин даргын удирдлага дор Хятад улс социализмыг уламжлалт философитой хослуулж, амжилттайгаар шинэ эрин зуунд хүрсэн. Хятад улс цаашид ч илүү их амжилтад хүрнэ гэдэгт Казахстан чин сэтгэлээсээ баярлаж, бат итгэлтэй байна. НҮБ, ШХАБ, БРИКС, Хятад-Төв Азийн механизм, CICA зэрэг олон талт механизмд нягт хамтран ажиллаж, олон улсын дэг журмыг илүү шударга, үндэслэлтэй хөгжүүлэхийн тулд Хятадтай хамтран ажиллахад бэлэн байна" гэж мэдэгдсэн байна.
Хэлэлцээний дараа, хоёр орны төрийн тэргүүн нар худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан технологи, гааль, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл зэрэг салбарыг хамарсан хамтын ажиллагааны 10 гаруй баримт бичгийг харилцан солилцсон байна.
Монгол 2025-06-17 202.126.89.2
казахуудын гёостратёгийн маш зөв, баталгаатай бодлого баримталж ОХУ аас нэг алхам холдож, тусгаар тогтнолоо, бас газар нутгаа оросуудаас хамгаалах нэг алхам хийлээ, ухаантай л байна, магтая
Зочин 2025-06-17 202.126.90.109
Юун сүртэй гарчигласан юм бэ дээ, кк
Нэргүй 2025-06-17 103.168.34.84
Энэ луухаан Казах, Киргиз, Узбек, Тажикруу олон сая иргэдээ халаасанд нь хэдэн юань хийгээд л экспортлох гэж бна. Царай зүс ижил төстэй тул шингэхэд маш таатай хөрс суурь болдог бол Америка, Европ, Африкт хэдий их хөрөнгө хаясан ч тэндхийн иргэд нэг л өдөр хүсвэл хөөгөөд гаргачихдаг тул суурьшихад найдваргүй хөрс болдог болтой.