Улс төр судлаач Ж.Санчиртай ярилцлаа.
-Монгол Улсын улс төрийн нөхцөл байдал дотоод болон гадаадад анхаарал татсан асуудал болж байна. Хамтарсан Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ огцорч дараагийн Ерөнхий сайд томилогдлоо. Сүүлийн үед олон улсын хэвлэлд гарсан мэдээлэлд судлаач хүний хувьд ямар дүгнэлттэй байна вэ?
–Их Британийн Таймс (The Times) сонинд Л.Оюун-Эрдэнийн засгийн газар огцорсон цаад шалтгааны талаарх нийтлэл хоёр өдөр шуугиулаад авлаа. "В.Путины талын У.Хүрэлсүх Америкт боловсрол эзэмшсэн ардчилагчийг төрийн эргэлт хийж унагасан" хэмээх Ричард Ллойд Парригийн зөгнөлт өгүүллийн хариуд Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг байр сууриа цахим хуудсаараа илэрхийлэхдээ The Times-д мэдээлэл өгсөн этгээдүүд нь “хөрш орнуудтай дайсагнуулах үйлдэл хийсэн”, улмаар “эх орноосоо урваж буй” хэмээн "хилэгнэсэн" байна.
Нэг намын дотоод хэрүүл яаж савнаасаа халиад дэлхий дахины асуудал болдог билээ.
The Times-ын нийтлэлийг дүгнэвэл, эх сурвалж талдаа нэг талыг хэт баримталж, нууц гэх эх сурвалжид хэт дулдуйдсан, хэт өрөөсгөл, туйлшруулсан дүрслэл ашигласан (Фрейминг): жишээ нь “төрийн эргэлт” гэх хэтрүүлсэн өнгө аястай нэр томьёог ямар ч нотолгоогүйгээр ашигласан, гүнзгий дүн шинжилгээгүй, хөндлөнгийн шинжээчид, олон нийт, иргэний байр суурь зэргийг тусгаагүй. Тухайлбал, Л.Оюун-Эрдэнийг огцроход зөвхөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нөлөөтэй байсан гэх нэг талыг барьсан, хялбарчилсан тайлбар дүгнэлт оруулсан харагдаж байна. Үнэн хэрэгтээ, ард иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт дордож, эрх баригч элитүүдийн хэмжээ хязгааргүй баяжиж, тансаглаж, тэр хэрэглээгээрээ гайхуулж байгаа талаарх олон нийтийн дургүйцэл туйлдаа хүрсэн. Ардчилсан намын эвслээс гарах шийдвэр, Оюутолгой, Үндэсний баялгийн сан зэргийн тойрсон эцэс төгсгөлгүй маргаанууд, тархи угаах технологи хэрээс хэтэрч, нийтийн дискурсыг бохирдуулж, зэрлэгшүүлж, хүссэнээрээ залах болсон, Ерөнхий сайдын чадваргүй, хаалттай, ард иргэддээ бодлогоо ойлгуулах коммуникацаа хуйвалдааны онол маягийн сул яриагаар орлуулсан зэрэг олон хүчин зүйл түүнийг огцроход нөлөөлсөн гэж дүгнэж болохоор байна. Тиймээс дээрх хүчин зүйлүүд тус нийтлэлийг захиалгын гэж дүгнэж болохуйц харагдуулж буйг нуугаад юухэв.
-Гадаад харилцааны сайдын илэрхийлсэн “эх орноосоо урвасан” гэдэг дүгнэлт хэр үндэслэлтэй гэж харж байна вэ. Засгийн газраа томилж чадахгүй, бие биеэ заавал олон улсын хэвлэл мэдээллээр баалахгүйгээр асуудлаа шийдэж чадахгүй хэмжээнд тулсан МАН-ын дотоод зөрчил цаашид Үндсэн хууль, засаглалын хямралд хүргэх үү?
–Нийгэмд явагдаж буй үйл явц, үзэгдэлд бид хэт хэлбэр хөөсөн дүгнэлт, шинжилгээ хийж байна. Авлигын индексээр тэдэд орлоо, энэ бол том ухралт гэнэ. Гадаадын хөрөнгө оруулалт ийм хэмжээнд хүрлээ, модоо барих нь гэцгээх аж. Гэтэл ард нь нийгмийн, улс төрийн, оюун санааны ямар бүхэллэг, чанарын өөрчлөлт гарав. Энэ талаар судалгаа, шинжилгээ хийгдэхгүй байна. Тэгвэл төр, инститүцийн мөн чанарын хамгийн гол, үндсэн зүйл нь үйл ажиллагаа байдаг. Тэр үйл ажиллагааны ямар шинж давамгайлж байгаагаар, өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа нь бүтээлч, эсвэл өдөр тутмын дасан зохицох, аль эсвэл хорон шинжтэй байна уу гэдгээр инститүцийг ч, нийгмийг ч шинжин тодорхойлж болно. Эдийн засагч Дарон Ачемоглу улс орны инститүцүүдийг ангилахдаа экстрактив буюу цөөнхийн эрх ашгийг хамгаалсан, инклюзив буюу нийтэд хүртээмжтэй хэмээн ангилсан байдаг. Төр, авилга, төрийн албан хаагч, төрийн тогтвортой байдал зэрэг ойлголтуудыг бид дараах утгаар ойлгодог. Төр нь нийтлэг сайн сайхны төлөө ажилладаг, хууль журмыг шударгаар хэрэгжүүлдэг төвийг сахисан инститүц гэж хардаг.
Гэтэл бодит байдал дээр өнөөдөр Монгол Улс нам-төрийн тогтолцоотой улс болон хувирч, төр, төрийн албан тушаал нь хувийн ашиг олох “хөрөнгө оруулалтын хэрэгсэл” маягийн функцтэй, хар зах, сүлжээний бизнес, мафиоз бүлэглэл гурвын эрлийз хэлбэр дүрстэй зүйл болжээ.
Нам дагасан цүнх баригчид төрийн албан тушаалыг “хөрөнгө оруулалт” гэж үзэн, рентийн ашиг олох зорилготойгоор ашигласаар, жишиг тогтоов. Ном журмаараа яваа залуусын бүх боломжийг хулгайллаа. Албан ёсны дүрэм журам нь албан бус тохироо, эрх мэдэл, зэрэг дэв, мөнгө санхүүгийн харилцаатай зэрэгцэн оршдог болов.
Ардчилсан Үндсэн хуулиа 1992 онд баталснаас хойш Монгол Улс маш өвөрмөц замаар замнаж ирсэн. Ижил төстэй нөхцөл байдалтай улс орнуудад тулгарсан сорилт бэрхшээлээс ангид байсангүй. Хөгжсөн улс орнуудад тийм байдаг гэнэ лээ, ийм байдаг гэнэ. Тэдгээр газрын инститүцүүдийг хэлбэр дүрсийг нь дуурайгаад байгуулчих юм бол сүнс оршихуй нь дагалдаад ирдэг гэдэг таамаглал л байв. Бүхнийг зайдалсан социалист нам-төрийг зайлуулбаас ардчилсан инститүцүүд жамаараа цэцэглэнэ гэсэн таамагт нөхцөл олон улсын эрдэмтэд, байгууллагуудын зөвлөмжийн цаана оршиж байсан. Эргээд 30 жилийн дараа харахад барууны, өндөр хөгжилтэй гэгддэг улс орнуудад байдаг бүхий л инститүцийг бид байгуулсан байна. Гэвч, хэлбэр бус агуулга, мөн чанар, гүйцэтгэж буй функцийг нь шинжлээд үзвэл их өөр дүр зураг харагдана. Төрийн инститүцүүдэд, ялангуяа улс төрийн намуудад итгэх олон нийтийн итгэл түүхэн доод түвшиндээ очсон байдалтай байна. Иргэдийн дийлэнх нь улс төрийг цөөнхийн эрх ашгийг хамгаалдаг, олонхын дуу хоолойг үл ойшоодог, экстрактив чанартай тогтолцоо гэж үзэх болсон байна.
-Авлига, албан тушаал, эрх мэдлийн төлөөх эцэс төгсгөлгүй тэмцэл, уралдаанаас олон нийт залхаж шудрага нийгэм, шударга тогтолцоо хүсэж байна. Гэсэн ч дорвитой өөрчлөлт гарахгүй байх шиг?
-Авлига нь төрийн үйл ажиллагааны гажуудал бөгөөд, ил тод байдал, хариуцлагатай инститүцээр дамжуулан тэмцдэг хэмээн бид үзэж, хууль дүрмээ баталсаар ирсэн. Гэтэл авлига нь өнөөдрийн нам-төрийн тогтолцооны салшгүй хэсэг, системтэй, хэвшмэл үзэгдэл болжээ.
Авлига өөрөө нам-төрийг ‘бүтээдэг’, дахин үйлдвэрлэдэг, тэтгэдэг гол схем гэхэд хилсдэхгүй. Энэ схем нь нэг талаараа төрийн инститүцүүдын хууль ёсны тогтолцоог сульдуулж, албан бус ашиг сонирхол давамгайлсан төлөвтэй болгодог.
Нөгөөтэйгүүр, төрийн бодлого, бичиг баримт, төсөл хөтөлбөр зэргийг зориудаар бүрэн хэрэгжихгүй хэмжээнд зохиож босгодог. Хэрэгжихгүй, тийм хүсэл зориг ч байхгүй гэдгийг тухайн схемд оролцогчид бараг бүгд мэдэж байдаг. 14, 24, 48 мега төсөл бүрэн утгаараа хэрэгждэггүй, зарим нь бүр цааснаас цааш явдаггүй шалтгаан энд бий. Төсвийн хүрээний тооцоололд, тодотголд ямар нэгэн аргаар, маш сайхан гарчиг, ярликтай тусгаад авсан байхад тэрийг гүйцэтгэх клиентүүд нь очероо хүлээгээд зогсож буй. Төлөвлөгөө, ТЭЗҮ, барилгын зураг, үнэлгээ, тооцоолол, томилгоо, нийлүүлэлт, тоног төхөөрөмж гээд хэлбэр дүрсийг нь бид хөөж гүйцэхгүй.
Албан тушаалд томилгоо нь ихэвчлэн улс төр, бүлэг фракц, ураг төрлийн тохиролцоогоор шийдэгдэж, ашигтай салбарууд “хөрөнгө оруулалтын” талбар болдог боллоо. Сүүлдээ яам, бүхэл бүтэн салбарыг өмчилж, дархалж, үе удмаараа зайдалдаг түвшинд хүрсэн байна. Г.Занданшатарын Засгийн газар бүрэлдэхүүндээ ямар ямар эрх ашгийг оруулна, түүний юу хийж чадах, юу чадахгүй мөн ямар ямар клиентийг тэтгэх нь зурайтал харагдана. Тэр хэрээрээ бидний хүлээлт ч бас мухардах магадлалтай. Угтаа идеал инститүц гэдэг нь тоглоомын дүрэм. Тогтвортой байдал нь хууль ёсны засаглал, институцийн бэхжилт, ардчилсан ёс дээр дээр суурилдаг. Бидний хууль, журам бүр дээрээ өргөмжилж, сийлсэн inclusive инститүц тогтвортой шинж чанартай бөгөөд иргэдийн дэмжлэгийг авч легитим байдлаа хадгалдаг. Гэтэл extractive институц дарангуйлал эсвэл элитийн тэнцвэр дээр тогтож байдаг. Намуудын доторх, мөн хоорондын “нэвтрэх эрхтэй бүлгүүд”-ийн хоорондох рентийн хуваарилалт нь улс төрийн эв нэгдлийг бий болгож, мөргөлдөөнөөс сэргийлдэг.
Харин өнөөдрийнх шиг тохиолдолд улстөрийн парализ үүсгэж, нэг нь нэгнээ олон улсын хэвлэлээр урвагчаар дуудах хэмжээнд ширүүсдэг.
-Засаглал хоорондын эрх мэдлийн зөрчилдөөн түлхүү ажиглагдах боллоо. Засаглалын тэнцвэртэй байдлыг хэрхэн хангах ёстой вэ?
-Нөхцөл байдлыг зарим улс төрийн хүчин, улс төр судлаачид хагас ерөнхийлөгчийн засаглалын системтэй шууд холбосоор ирсэн. Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын хооронд хүчний тэнцвэрийг бий болгохоор бүтээгдсэн ч, бодит байдал дээр мандатын зөрчил, улс төрийн гацаа авчирч байсан, байгаа ч тогтолцоо гэдэг нь үнэн. Гэвч Монголын ардчиллын хямралыг зөвхөн институцийн бүтэцтэй холбож ойлгох нь гүн гүнзгий дүн шинжилгээ биш юм. Бодит байдал дээр, Үндсэн хуулийн тодорхой бус байдал нь элитүүдийн эрх мэдлээ булаалцалдах, тохиролцох хэрэгсэл болж хувирсан. Нөгөөх элитүүд нь ч энэхүү зориудын гэмээр хийдлийг овжин ашигласаар иржээ. Ү
Үндсэн хуульд оруулсан 1999/2000, 2019 оны томоохон нэмэлт өөрчлөлтүүд нь ардчиллыг бэхжүүлэх гэхээсээ илүү эрх мэдэлтэй бүлгүүдийн хоорондын тэнцвэрийг тохируулах хэрэгсэл болж байна.
Тухайлбал, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгаж, системийг “ерөнхий сайд давамгайлсан” (premier-presidential) хэлбэрт шилжүүлэв. Ерөнхийлөгч нэг удаа сонгогдох, намын гишүүн байхыг хориглох, томилгооны эрхийг хязгаарлах зэрэг заалтууд оруулсан. Нэг талаасаа хариуцлагыг тов тодорхой болгосон мэт боловч МАН-ын эрх мэдлийг улам бүр төвлөрүүлсэн л үйл явдал болсон гэж дүгнэж болохоор байна. Тухайлбал,2023 онд Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх нар хамтран Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, парламентын суудлын тоог нэмэгдүүлэн, тус тусын фракц, улмаар МАН-ын давамгайллыг бэхжүүлсэн нь нууц биш.
Цаашид Монголын establishment-д Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах санаачилга байж болзошгүй. Эсрэгээрээ парламентаас сонгодог болгон даль жигүүрийг нь бүр мөсөн таслах санааг МАН-ын улстөрчид бишгүй цухуйлгадаг.
Аль нь ч байсан энэ нь улс орны ирээдүйг бодсон алхам биш байна гэдгийг ванга шиг хэлье. Эцэст нь Ерөнхийлөгчийн, парламентын, хосолмол – ямар ч тогтолцооны амжилттай ажиллах эсэх нь түүнийг хэрэгжүүлдэг инститүцүүдын чанараас хамаардаг. Монгол Улсын туулж буй бэрхшээл, зовлон Үндсэн хуулийн загварт бус, харин тогтворгүй инститүцүүдэд оршиж байна.
Улстөржсөн шүүх засаглал, гарын дохиогоор ажилладаг авлигатай тэмцэх байгууллага, хэт давамгай 2.5 намын тогтолцоо.
Одоогийн "Ерөнхий сайд давамгайлсан" системд Ерөнхий сайд парламентын өмнө хариуцлага хүлээдэг боловч тэр парламент нь МАН-ын хатуу хяналт дор байгаа тул бодит хяналт сул, шийдвэрүүд хурдтай ч ард иргэд, хөндлөнгийн оролцоогүй гарч байна. Нөгөөтэйгүүр, МАН төрийн дээр гарч суусан нь Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх Удирдах зөвлөл – > Бага хурал -> Намын бүлэг процессоор яруу тодоор харагдлаа. Үүний улмаас шударга ёс, тэгш байдал, авлигатай тэмцэх зэрэг тулгамдсан асуудлууд орхигдож, олон нийтийн бухимдал идэвхжиж байна. Үүний тод жишээ нь 2022, 2024, 2025 буюу дөнгөж саяхны огцрох_амархан залуусын жагсаал, тэмцэл байв. Ардчилсан намд харин хувь заяаны эрхээр жинхэнэ сөрөг хүчин байх, эрх дарх, мөнгөнөөс зайтай нам шиг нам болж дахин төрөх боломж сүүлийн удаа тохиож байх шиг байна.
-Тэгвэл дараагийн шинэчлэл юунд чиглэх ёстой вэ?
-Нэгдүгээрт, инститүцийн хяналтыг бодит болгох. Шүүх, Үндсэн хуулийн Цэц, АТГ зэрэг байгууллагыг гүйцэтгэх засгаас хараат бус болгох ёстой. Нээлттэй сонсгол зэрэг сүүлийн үед туршигдсан дэвшилтэт шийдлүүдийг дахин дахин ашиглаж, нутагшуулах. Хоёрдугаарт, намуудын дотоод ардчиллыг бататгах ёстой. Хэрвээ намууд дотроо ардчилсан биш байсаар байвал парламентын хяналт хэлбэр төдий үлдэнэ. Энэ утгаараа жагсаалтыг цаашид нээлттэй болгож, нам доторх эрүүл өрсөлдөөнийг дэмжих. Гуравдугаарт, Ерөнхий сайд УИХ-ыг огцруулах буюу тараах зэрэг засаглалын хяналт-тэнцлийн механизмуудыг бий болгох, амилуулах, сэргээх цаг нь болсон. Энэ үүрэг дахиад л АН-д оногдож байна. Эдгээр гүн гүнзгий инститүцийн шинэчлэл хийгдэхгүй бол ямар ч Үндсэн хууль эрх мэдэлтэй бүлгүүдийн гарт эвдэрч хувирдаг. Иргэдийн оролцоо, ТББ-уудын хяналт, шүүхийн хараат бус байдал, олон нийтийн шаардлагад тулгуурласан бодлогын шинэчлэл байх ёстой.
Монгол Улс түүхэн уулзвар дээр ирээд байна. Бодит сөрөг хүчинтэй парламент бий боллоо. Харин 2024-2028 оны ‘хэцүү’ анги ардчиллыг амилуулж чадах уу, эсвэл хуучин эрх мэдлийг шинэ хувцсаар гоёх уу гэдгийг харах үлдлээ.
Тиймээс иргэд, олон нийт засаглалын хяналт-тэнцлийн механизмуудыг бий болгох ямар л санаачлага байна, тэдгээрийг бүрэн дүүрэн дэмжиж, шаардлагатай тохиолдолд зохион байгуулалтад орж, жагсаж цуглах, Үндсэн хуулийн өөрчлөлтүүдийг анхааралтай ажиглах: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах аливаа оролдлогыг хуулийн хүрээнд шүүмжлэх нь зүйтэй. Иргэний нийгмийн орон зайг сэргээж, залуусын тэмцлийг “ашиглагдсан” мэтээр тайлбарлах нь ардчиллын үндсийг сулруулна. Иргэний нийгэмд бодитойгоор оролцож, дэмжиж хандив өгөх зэрэг оролцоогоо бүхий л хэлбэрээр илэрхийлэх. Эцэст нь Аль ч фракцаас ил тод байдал, хариуцлага шаардах ёстой. Шинэчлэл нэрийн дор эрх мэдлийн дахин хуваарилалт болж байгааг хянах нь чухал.
Иргэн 5 цагийн өмнө 104.28.71.89
Уншихад таатай, зөв өнцөгөөс харсан анализ байна.
зочин 6 цагийн өмнө 103.57.93.209
үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр хүндэт ах Хүрэлсүх, яргачин путин 2-ыг ноцох нь ганцхан данхаас л гарах араншин. ман-ын залуу үе бол ард түмнийг мал болгож албан тушаалд үхэн хатан дурлах намынх нь унаган ариншин дээр мөнгө хөрөнгийг ганцаар хзэмших гэсэн хязгааргүй шуналтай шуламын хүсэлтэнгүүд юм. Ёстой л нөгөө оросгүй дэлхийгээр бид яах юм бэ путины хүрээллийнхний ярьдагтай адил. эдэнд эх орон, ард түмэн эцэг эх гэж байхгүй. мөнгө, эрх мэдэл л олдож байвал юугаа ч зарахад бэлэн шуламууд
Нэргүй 6 цагийн өмнө 202.9.41.96
Монголын улс төрийн намууд чинь ард түмнээ талцуулж хооронд нь хэрэлдүүлж эв нэгдэлгүй болгож ирсэн. Энэ нь гадаад орны сонирхолд их нийцэж байгаа юм. Монголчууд уул нь эв нэгдэлтэй байвал тусгаар тогтнол, бие даасан байдалд нь хангагдах юм. Улс төрийн намаас УИХ-д сонгогддоггүй байвал намын үүрэг роль буурна. Иргэд анмчирхахгүй. Одоо бол бүүр намын нөлөө нь өсч намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болж улс орны эрх ашгийн төлөө биш харин намын эрх ашгийн төлөө явж байна. Жишээ нь Ж.Баярмаа байна.
** 6 цагийн өмнө 202.9.46.19
Ямар их олон долоон юм бичдийм бэ, жоохон товчхон юм сараач л даа, дургүй хүрээд дунд нь ч хүргэж уншиж чадсангүй, юу гэх гээд байгаа юм, сэтгүүлч нь эсвэл хэн нэгэнтэй ярилцаж буй юм шигээр өөрөө зохиож санаанаасаа бичцэн ш байхаа даа.
Нэргүй 7 цагийн өмнө 66.181.190.231
НЭГ Л ИХ МЭДЭМХИЙРСЭН ЗАЛУУЧУУД
Зочин 7 цагийн өмнө 103.229.121.216
Маш бодитой анализ байна Асуудал бүрээр задлаад цаашаа бичээрэй Нийгмийн зөвшилцөл гэж эрх баригч ба сөрөг хүчний хооронд өишээ Эрх баригёид ба тнийгмийн хооронд зөвшилцөл бий болгох пстой юм Сөрөг хүчин буюу манайд АН ба бусад жижиг намууд та нар өүгд эрх баригч ангилалд орно шүү ятэрийгээ саын ухамсарлаж МАН тай гүтгэлгээр уралдах биш мэдлэг чадвараараа уралдах естой юм Цаашдаа аль намд олон чадвартай гишүүн баына тэр эрх баригч болно
Буриад Зон 7 цагийн өмнө 122.201.31.205
ОЭ сайдыг харлуулахаа больж цаашаа алхмаар байна Тамын тогооны монгол алмасууд аа