Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ зургадугаар сарын 23-наас 29-ний өдрүүдэд FIBA 3×3 сагсан бөмбөгийн ДАШТ болно. Үүнтэй холбогдуулан 3х3 сагсан бөмбөгөөр хичээллэж, дэлхийн аваргад оролцож байсан дэлхийн оддыг та бүхэндээ танилцуулъя.
СКАЙЛЕР ДИГГИНС – АНУ, 2012
Хамгийн анхны 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ 2012 онд Грек улсад зохион байгуулагдахад хэд хэдэн гайхалтай тамирчид анхдагчид болж байлаа. Тэдний нэг нь тухайн жилдээ дэлхийн аварга болсон Диггинс. Тухайн үедээ 22 настай байсан түүний ур чадвар, мэдрэмж өдгөө түүнийг WNBA-ийн шилдгүүдийн нэг болгожээ.
ХОРХЕ ГАРБАЙОСА – ИСПАНИ, 2012
Испанийн сагсан бөмбөгийн амьд домгуудын нэг, NBA-д данстай явсан тэрбээр 2012 онд 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д тоглосныхоо дараа их спортоосоо зодог тайлж буйгаа зарласан. Түүнтэй хамт Испанийн шигшээ баг тухайн ДАШТ-ий шөвгийн 16-аас цааш шалгарч чадаагүй харамсалтай түүхтэй. Гэхдээ л Гарбайоса энэ спортын хөгжлийн эхэн үед хөл тавьсан гайхалтай тоглогчдын нэг.
БРАЙА ХАРТЛИ – АНУ, 2012
WNBA-д тэсрэлт хийхээсээ өмнө Хартли АНУ-ын шигшээ багийнхаа өмсгөлтэй хамгийн анхны 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д түрүүлж байлаа. Түүний хараа булаам ур чадвар Хартлиг энэ спортын эхэн үеийн шилдгүүдийн нэгт зүй ёсоор аваачна.
ЧИНИ ОГВУМИКЕ – АНУ, 2012
АНУ 3х3 сагсан бөмбөгийн анхны ДАШТ-д үнэхээр хүчирхэг бүрэлдэхүүн илгээж байжээ. Тэдний дотор WNBA-ийн ирээдүйн бүх оддын нэг Огвумике байв. Тухайн үеийн АНУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ баг нэг хожигдолгүй түрүүлсэн аж.
КРИСТИНА ОУВИНА – ИСПАНИ, 2012
Испанийн сагсан бөмбөгийн бас нэгэн домог, Европын сагсан бөмбөгт ур чадвараараа гайхагдсан нэгэн хагас талбайд гялалзаж байлаа. Харамсалтай нь түүний баг шөвгийн 16-ийн шатнаас тэмцээнээ өндөрлүүлсэн.
ЖУЭЛ ЛОЙД – АНУ, 2014
WNBA-ийн урт удаан замналаа эхлүүлэхээс урьтаж Лойд 3х3 сагсан бөмбөгт гялалзаж байв. 2014 оны Москвад болсон ДАШТ-д тэрбээр Тиффани Митчелл, Сьерра Бөрдик нартай хамт түрүүлсэн. Дараа жил нь буюу 2015 онд тэрбээр WNBA-ийн тэргүүн сонголт болж байлаа.
ТИФФАНИ МИТЧЕЛЛ – АНУ, 2014
2014 оны АНУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ баг хагас талбайн түүхэн дэх хамгийн ур чадвартай, авьяаслаг бүрэлдэхүүн байжээ. Онооны машин Митчелл яг коллежийн сагсан бөмбөгт шуугиан тарьж байсан үеэрээ улсаа төлөөлөн Москвад ирж, алтан медаль хүртэж байв.
АЛЬФОНЗО МАККИННИ – АНУ, 2016
АНУ-ын эрэгтэйчүүдийн шигшээ баг 2016 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн ч тэд үзүүлсэн тоглолт, үзүүлбэр, ур чадвараараа үзэгчдээс алтан медаль хүртсэн юм. Тэд тоглолт бүрт л хүчирхэг, уран гоёмсог тохолтуудыг толилуулж, онцлох мөчүүдийг харамгүй хайрласан. Ялангуяа Альфонзо Маккини 3х3-ийн түүхэн дэх шилдэг тохолтуудыг харуулсан.
Удаа ч үгүй тэрбээр NBA-д хөл тавьж, Стефен Көрри, Кевин Дюрант нарын хамтаар Голден Стэйт Уорриорсын айхтар бүрэлдэхүүний нэг хэсэг болсон билээ.
МАЙ ЯМАМОТО – ЯПОН, 2022
3х3-ийн хагас талбайд Ямамото шиг хурдан тоглогч олон байгаагүй болов уу. Түүний хурдан шаламгай хөдөлгөөн, хөлийн ажиллагаа зэрэг нь яахын аргагүй гол зэвсэг нь билээ. Залуучуудын шигшээ багтаа цахиур хагалж, 2022 онд Бельгид болсон дэлхийн аваргад шигшээ багтаа дуудагджээ. Энэ эрчээрээ мөрөөдлөө биелүүлж, WNBA-д мөрөө гаргасан.
ЛЕОНИ ФИБИХ – ГЕРМАН, 2022
WNBA-ийн аварга болохоосоо өмнө Фибих Германы шигшээ багийнхаа хамтаар 2022 оны ДАШТ-д өрсөлдөж байсан түүхтэй. Тэрбээр будагтай талбайд эзэрхий тоглолт үзүүлж, эмэгтэйчүүд дундаа чанга хатуу тоглолттойгоороо алдартай байв.
ЖИММЕР ФРЕДЕТТЕ – АНУ, 2023
Тэр жил цагираг 1мм өргөн байсан бол Фредетте дэлхийн аварга болоод зогсохгүй MVP шагналыг хүртэх байв. Түүний шидэлт финалын тоглолтод Сербийн эсрэг ороод л гарсан. Жиммер Маниа бол хагас талбайн хамгийн шилдэг тоглогчдын нэг маргаангүй мөн.
АНУ-ын коллежийн сагсан бөмбөгт гялалзаж, NBA-д багагүй хугацааг өнгөрүүлсэн тэрбээр 3х3-д дахин өөрийгөө баталж харуулсан юм.
КАМЕРОН БРИНК – АНУ, 2023
Стэнфордын их сургуулийн сагсан бөмбөгийн багийн залуу од 2023 онд шигшээ багийнхаа хамтаар дэлхийн аваргад өрсөлдөж байлаа. Тухайн ДАШТ-д ч шилдэг тоглолтоо гаргаж, аварга болоод зогсохгүй MVP нь болсон. Түүний авьяас чадвар ч улам тодорч, WNBA-ийн драфтын хоёр дахь сонголтоор сонгогдсон.
БАСС РОЗЕНДАЛЬ – НИДЕРЛАНД, 2017
3х3 сагсан бөмбөгийн залуу сонирхогчид, үзэгчид маань түүнийг шууд дамжуулалтын тайлбарлагч гэдгээр нь илүү мэдэх биз. Кайл Монгомери буюу "The Voice" хочит Басс хоёрын хоршил ямар ч тэмцээнийг улам сонирхолтой болгодог.
Гэхдээ Басс тайлбарлагч болохоосоо өмнө олон улсад хүндлэгдсэн тамирчин байжээ. Тэрбээр 2017 онд Нидерландын шигшээ багийн хамтаар финалд хүрч байв.
Холбоотой мэдээ