"Нэг дор ийм олон төсөл хэрэгжүүлэх улс байхгүй"

"Нэг дор ийм олон төсөл хэрэгжүүлэх улс байхгүй"

"Нэг дор ийм олон төсөл хэрэгжүүлэх улс байхгүй"

Эдийн засагч Р.Даваадоржтой ярилцлаа.


-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал он гарсаар эхний таван сарын байдлаар ямар эрсдэлт нөхцөлд орчихоод байна вэ. Оны өмнөх төсөөлөл хэрхэн өөрчлөгдөв?

-Яг одоогоор Статистикийн байгууллагаас 5 сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг нийтэд ил тавиагүй байна. Өнгөрсөн жил төсөв батлахдаа 83 сая тн нүүрсийг 105 ам.доллараар экспортолно. Эдийн засгийн өсөлтийг 8 хувьд хүргэнэ. Нийт экспортыг 18.9 тэрбум ам.долларт хүргэж, инфляц 6 хувь байна, ДНБ 93 их наяд төгрөгт хүрнэ гэж ихэд өөдрөг төсөөлсөн. Гэвч оны эхний дөрвөн сарын эдийн засгийн үзүүлэлтүүдтэй харьцуулбал биелэх боломжгүй гэж шууд хэлж болохоор харагдаж байна. 2025 оны нэгдүгээр улиралд Монгол Улсын Дотоодын Нийт Бүтээгдэхүүн урьдчилсан гүйцэтгэлээр 2.4 хувийн өсөлттэй байгаа нь 2024 оны 1-р улирлын 7.9 хувийн болон 2023 оны мөн үеийн 8 хувйн өсөлттэй харьцуулахад мэдэгдэхүйц удааширчээ. Уул уурхайн салбар эдийн засгийн гол хөдөлгүүр байгаа хэдий ч нөхцөл байдал хүндэрчээ. Экспортын орлого өмнөх жилийн мөн үед 4.9 тэрбум ам.доллар байсан бол энэ жилийн хувьд буурч 4.2 тэрбум ам.доллар байна. Төлбөрийн тэнцэл бол гадаад худалдаа, хөрөнгийн урсгал, валютын нөөц зэрэгтэй холбоотой эдийн засгийн чухал үзүүлэлт. Төлбөрийн тэнцэл 2024 оны эхний гуравдугаар сард 373.2 сая ам.долларын ашигтай гарч байсан бол 2025 оны эхний гурван сард 613.9 сая ам.долларын алдагдалтай гарлаа.

Нүүрсний экспортын орлого буурснаар Гадаад валютын албан нөөцийн хүрэлцээт түвшин цаашид буурах эрсдэлтэй боллоо.Тодруулбал, Гадаад валютын нөөц 2026 онд гурав орчим тэрбум ам.долларт хүрч, нөөцийн хүрэлцээт байдал 42 хувь буюу 2022 оны түвшнээс муудаж болзошгүй. Энэ нь эдийн засгийн гадаад тэнцэлд хүндрэл байгаа дохио.

Гадаад валютын нөөцийн өсөлт тогтвортой бус ханшийн эрсдэл өндөр байгаа нь урсгал тэнцлийн алдагдал өндөр байгаатай холбоотой. Урсгал тэнцлийн алдагдал ДНБ-ий 11-15 хувьтай тэнцэх хэмжээний алдагдал үргэлжлэхээр байгааг тооцохгүй байж боломгүй муу үзүүлэлт. Нэг үгээр дүгнэвэл, Монгол Улсын эдийн засагт хямралт нөхцөл байдал бий болжээ. Мөн дараах эрсдэл үүсэхээр харагдаж байна. БНХАУ-ын эдийн засгийн удаашрал, АНУ-тай худалдааны тарифын дайн зэрэг нь түүхий эдийн үнийн бууруулж, экспортын орлогыг тэр хэмжээгээр бууруулах өндөр эрсдэлтэй байна. БНХАУ-д үл хөдлөх салбарын уналт үргэлжилж, гангийн хэрэглээ буурсан, дотооддоо нүүрсний нийлүүлэлт нэмэгдсэн нь үнэ буурахад нөлөөллөө. Хойд хөршийн дайнд төгсгөл одоогоор харагдахгүй байна. Нэмээд Ойрхи Дорнодод Иран, Израйлын хооронд нэн хурцадмал байдал бий боллоо. Ойрхи Дорнодын байдал огцом хурцадсантай холбоотой нефтийн үнэ нэг баррель нь 300 ам.долларт хүрч магадгүй гэж Иракийн Гадаад хэргийн сайд Фуад Хусейн өчигдөр мэдэгдлээ. Энэ бүхнээс харвал, оны сүүлээр шатахууны олдоц ямар байх бол гэсэн түгшүүр бий боллоо. Монгол Улсын нефть, шатахууны хэрэглээ  зуун хувь гаднаас хараат бөгөөд инфляцад шууд нөлөөлдөг учраас тэртэй тэргүй тааруу эдийн засагт нэрмээс болно.

-Ойролцоогоор 20 гаруй хоногийн өмнө төсөвт тодотгол оруулах нөхцөл байдал үүсээгүй гэж мэдэгдэж байсан. Төсвийн гүйцэтгэл, орлого хэдэн их наядаар тасраад байна вэ?

-Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.3 их наяд төгрөгөөр буюу 13 хувиар буурсан. Тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 8.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 их наяд төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ нь татварын орлого болон нүүрсний экспортын бууралттай холбоотой юм. Хамгийн анхаарал татаж байгаа тоо бол Аж ахуй нэгжийн албан татвар 1.8 их наяд төгрөг байгаа нь өмнөх жилээс 1 их наядаар тасарсан гэсэн үг. Энэ хэмжээгээр аж ахуй нэгжүүд хаалгаа барьж, ажилгүйдэл өсөж байгааг анхаарахгүй байхын аргагүй. Өөрөөр хэлбэл, татвар төлдөг байгууллагууд “тамирджээ” гэж ойлгож болно. Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2025 оны эхний дөрвөн сард 57.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Өнгөрсөн жил 2.1 их наядын ашигтай гарч байжээ. Гэтэл өнгөрсөн жилийн төсвөөс 30 орчим хувиар орлогоо нэмэх “хөөргөн, тооцоо судалгаагүй зорилт” биелэхгүй гэдгийг дээр дурдсан тоог харсан хэн ч зөвшөөрч таарна. Монголбанк энэ оны төсвийг 2.4 их наядын алдагдалтай гарна гэж тооцсон бол судлаачид 3.4 их наяд, миний тооцооллоор 5 их наядын алдагдалтай гарахаар харагдаж байна.

ХЭРЭГТЭЙ, ХЭРЭГГҮЙ ГАДААД ТОМИЛОЛТОО ЗОГСОО

-Төсвийн орлогын алдагдлыг нөхөх боломж нөхцөл харагдаж байна уу?

-Төсвийн өнөөгийн бодит нөхцөл байдалд нийцсэн, иж бүрэн, үнэн зөв тооцоо судалгаа хийж, хариуцлагатай байх зарчмыг чанд сахисан тохиолдолд ийм боломжийн талаар ярьж болно. Сүүлийн жилүүдэд төрд байх учиртай дээрх зарчмууд бүгд алдагдсан. Төсвийн орлогыг нөхөх маш олон боломж бий. Хэмнэлт, бас дахин хэмнэлт гэж хэлж болно. Төрийн өмчит компаниуд дээр асар их хэмжээний мөнгөн урсгал бий. Төрийн тусгай сангуудаа эргээд нэг харчих. Төсвийн зарлагаа хэмнэх, тооцоо судалгаагүй хөрөнгө оруулалтаа царцаах гээд маш олон боломж бий.

-Шинэ Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар үүрэгт ажлаа хүлээн авах үедээ энэ долоо хоногт төсвийн тодотгол хийнэ гэж мэдэгдсэн. Яг ямар зардлуудаа ханах, танахаас эхлүүлэх вэ?

-Зөвхөн 14 мега төслийн ТЭЗҮ-д л гэхэд өнгөрсөн жилийн төсвийн тодотголоор 1.3 их наядыг баталсан мөнгөн дүнгээ эргэж хармаар байна. Нууцын зэрэглэлд авсан нүүрсний офтейк гэрээг нэн яаралтай ил болгох ёстой. Хилээр нүүрс гараад байдаг валют нь орж ирэхгүй ханш өсөж энэ нь үнийг хөөрөгдөж иргэдийн амьдралд дарамт авчирч байна.

-Энэ долоо хоногийн анхаарал татах асуудал бол шинээр байгуулагдах Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн байх нь. Ерөнхий сайд ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй ажиллах нь Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн асуудал нь. Хамгийн гол нь сайд нарын тоог цөөлж, төр цомхон ажиллах тухай ойлголт төсвийн хэмнэлтэд хэр бодитой нөлөөлөх бол?

-Ерөнхий сайд Г. Занданшатар цомхон, чадварлаг, үр ашигтай бүтцээр ажиллах ёстой. Яамдын, төрийн байгууллагын тоо болон чиг үүргийн давхардлыг арилгах ажил зохион байгуулах хэрэгтэй байна. 9-13 яамтай, харин дэд сайд, менежергүй Засгийн газар байгуулж ажиллахыг эдийн засгийн нөхцөл байдал шаардаж байна. Хэрэгтэй, хэрэггүй гадаад томилолтоо зогсоо, төрд буй тансаг хэрэглээг тана гэх мэт олон зүйл хэлмээр байна.

-Энэ жил төсөв түүхэн дээд хэмжээндээ хүрч тэлсэн. Нийт 33.6 их наяд төгрөгийн зарлагатай төсөвт хамгийн их жин дарж байгаа нь ямар төрлийн зардал байна вэ. Урсгал зардал уу эсвэл хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалттай холбоотой зардал байна уу?

-Ердөө сүүлийн 3 жилд төсвөө хоёр дахин данхайлгасан улс орон дэлхийд байхгүй. Төсвийн урсгал зардал ч тэр, хөрөнгийн зардал нь ч ялгаагүй эрс нэмэгдсэн. Гэхдээ сонгуулийн өмнө төрийн албан хаагчдын саналыг авах зорилгоор цалинг хэд хэдэн удаа нэмж, халамжийн бодлогоо тэлсэн шийдвэр нь урсгал зардлыг хөөрөгдөөд зогсохгүй хувийн аж ахуй нэгжүүдээ хөлдөө чирсэн нь инфляци хөөрөгдөх шалтгааны нэг.

-Төрийн эдийн засагт эзлэх хувь хэмжээ 70 хувьд хүрсэн талаар удаа дараа шүүмжилдэг. Төрийн оролцоог хумьж, хувийн хэвшлээ дэмжих чиглэлд бодит ямар алхам хийж болохоор байна?

-Төсөв нь ердөө хэдхэн жилийн дотор ДНБ-ээ 27 хувиас 37 хувьд хүртэл тэлчхэж. Төрийн өмчит 123 компаниудын орлого 23 их наяд, зарлага нь 16 их наяд төгрөг давсан. Эдгээр компаниудын нийт хөрөнгийн дүн 64 их наяд төгрөг. Өр төлбөр нь гэхэд 22 их наяд төгрөг. Эндээс харвал Монгол улсын төсөвтэй тэнцэхүйц хэмжээний мөнгөн урсгал хяналтгүй, хариуцлагагүй урсаж байна. Цаана нь орон нутгийн өмчит 400 орчим компани бий. Төсөв дагасан 5000 орчим дарга нарын компаниуд гээд тооцвол төрийн оролцоо манай эдийн засагт асар их байна.

Намууд хувийн хэвшлээ дэмжинэ гэж ам уралдан амлалт өгдөг. Ажил нь харин яг эсрэгээрээ байх юм. Би Ардчилсан намыг энэ чиглэлд манлайлагч байх ёстой гэж хардаг. Харамсалтай нь, төрд гарч ирэхээрээ галзуу хүн шиг болохыг өнгөрсөн хамтарсан Засгийн үед өргөн барьсан төсвөөс нь харсан. Ой гутам байсан.

2022 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 2 их наяд төгрөг төвлөрүүлэх тооцоо 2025 онд 7.5 их наяд төгрөгт хүрч 4 дахин нэмэгдсэн. Хувь хүний орлогын татвар 1.2 их наядаас 2.9 их наяд төгрөгт хүрч 2.5 дахин өссөн. Дотоодын барааны НӨАТ 1.5 их наядаас 3.4 их наяд төгрөгт хүрч 2 дахин нэмэгдсэн. Төсвийн орлогын 87 хувь буюу 31.9 их наяд төгрөгийг татвараар бүрдүүлэхээр тооцсон. Энэ нь 2023 оны аж ахуй нэгж, иргэдийн төлсөн татварын хэмжээнээс 49 хувь буюу 10.5 их наяд төгрөгөөр илүү байлаа. Эндээс аж ахуй нэгжүүд болон иргэдийн нуруун дээр ирж буй татварын дарамт хэрхэн нэмэгдэж байгааг харж болно. Ийнхүү төсвийн тэлэлт эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлж, хувийн хэвшлийн орон зайг улам бүр хумьсан юм. Төсөвт төвлөрүүлэхээр тооцсон татварын хэт өндөр тооцоо, нийгмийн даатгалын шимтгэлийн дарамт, зээлийн өндөр хүүгийн зардал зэрэг нь энэ онд олон мянган бизнес эрхлэгчдийг “хаалгаа барих” хямралд хүргэсэн гэж дүгнэж болно.

АВИЛГЫН ИНДЕКСЭЭР МАНЛАЙД ДАВХИЖ ЯВАА МАНАЙХ ШИГ ОРОНД ГАДНЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ОРДОГГҮЙ ЮМ

-Ерөнхий сайд Г.Занданшатар алдагдалтай ажиллаж байгаа ТӨҮК-үүдийн тоог 50 хувиар бууруулахаа мэдэгдлээ. Тийм хууль эрх зүйн боломж харагдаж байна уу?

-Ер нь би итгэхгүй байгаа. Хэд хэдэн Засгийн газар ингэж донгодохыг нь харлаа. 2018 оны төсөв орж ирэхэд ийм зүйл бичигдэж орж ирсэн. Дараа нь 2022 оны төсөвт бас ийм зүйл суулгаж орж ирээд таг чиг болсон. Иргэд, сонгогчдын тархийг ТӨК, иргэдийн татварын мөнгөөр угаах зорилготой намд ийм эр зориг байхгүй. Уул нь хийж ядаад байх асуудал биш л дээ.

Үүнийг хийж чадах улс төрийн хүчин МАН бол биш. Тэр бүү хэл, Ардчилсан намын өнөөгийн удирдлага ч биш гэдгийг хатуу хэлмээр байна. Би саяхан ТӨК-ийн ерөнхий эдийн засгийн тоон тоймыг харсан. Сарын 40 сая төгрөгийн цалинтай гүйцэтгэх захирал байна лээ. Ер нь хамгийн багадаа захирлууд нь 5 сая төгрөгийн цалин авдаг. Машин тэрэг, гадаад томилолт, шагнал урамшуулал гээд бусад эрх мэдлийг нь харвал аймшигтай тоо гарах юм билээ.

Хамгийн инээдэмтэй нь ихэнх компаниуд нь өр үйлдвэрлээд ашиггүй ажиллаад өөрсдийгөө шагнаад байж байх жишээний. ТӨК-дад 66 мянган хүн ажиллаж байгаа.

-Монгол Улс 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зарласан. Эдгээр төслүүдийг гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтаар барихаар төсөөлж байсан. Засгийн газрын тогтворгүй байдал эдгээр хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хэрхэн нөлөөлөх бол?

-Монгол Улсын 100 гаруй жилийн түүхэндээ хоёрхон мега гэж хэлж болохуйц төсөл хэрэгжүүлжээ. Социализмын үед Эрдэнэт, ардчиллын жилүүдэд Оюутолгой төсөл. Өөрөөр хэлбэл, гаднын хөрөнгө оруулалт, гадаадын техник технологи, гаднын инженерүүдийн толгойг ашиглаж ийм төслүүд хэрэгждэг гэсэн үг. Гэтэл бид улсдаа 14, хотдоо 24 мега төсөл хэрэгжүүлэхээр ярьцгааж байна. Саяхан нэг аймгийн дарга 60 том төсөл бас ярив уу. Өөрөөр хэлбэл бид мега төсөл гэж ямар төсөл болохыг ойлгоогүй явж байна гэсэн үг. Нэг дор ийм их олон төсөл хэрэгжүүлэх улс өнөөдөртөө манай гариг дээр байхгүй.

Мега төслийн санхүүжилт багадаа тэрбум ам.доллараас эхэлдэг. Монголд ийм хэмжээний мөнгө байхгүй шүү дээ гэхээр, гадаадын хөрөнгө оруулалт эсвэл хувийн хэвшлээс босгоно гэж донгодож байна лээ. Манай хувийн хэвшлийхэн мега төсөлд хөрөнгө оруулах нь бүү хэл өнөөдрийн татвараа яая даа гэж байгааг сая би бодит тоон утгаар нь хэлсэн. Авилгын индексээр манлайд давхиж яваа манайх шиг оронд гаднын хөрөнгө оруулалт ордоггүй юм.

Монгол улс 2024 оны Transparency International-ийн Авлигын Төлөв Байдлын Индексээр 180 орноос 114-д жагсаж байсан. Дэлхийд энэ индексээр эхний 50-аас хойш байранд байгаа улс оронд Мега төсөл хэрэгжих боломжгүй. Хэдүүлээ, ирэх өвлийг хотоо хөлдөөлгүй хэрхэн давах талаараа ярилцвал арай эрүүл асуудал болно шүү. Тиймээс дулаан, цахилгаантай холбоотой төслүүдээ эхлээд ярья гэж уриалмаар байна.

МОНГОЛ УЛС ДУНДАЖ ДАВХРАГАГҮЙ АФРИК, ЛАТИН АМЕРИКИЙН ОРНУУДЫН ДУНД ХАРАЙГААД ОРЧИХЛОО

-Түүнчлэн төрөөс эдгээр төсөл хөтөлбөрүүдээс зарим төслүүдийн ТЭЗҮ-ийг боловсруулах зураг төсвийн мөнгийг төсөвт суулгасан. Тэгвэл төвийн эрсдэлтэй үед эдгээр төслүүдээ хэрэгжүүлэх ажлуудаа эргэж харж,эрэмбэлэх ёстой юу?

-Мэдээж. Гэхдээ татвар төлөгчдийн мөнгөөр мега төслийн ТЭЗҮ хийхээр 1.3 их наяд төгрөг төсөвт суулгасан асуудлын мөрөөр шалгаж нягтлах нь зөв. Хот гэж бас нэг татвар төлөгчдийн мөнгөөр тоглодог газар нэмэгдсэн. Араас нь аймгууд ч орох бэлтгэлээ хангаж байгаа байдал ажиглагдсан. Орон нутгийн төсвийг сайн шалгах хэрэгтэй байна. Ер нь сүүлийн жилүүдэд энэ улс дэндүү үрэлгэн дэндүү тансаг болсон. Харин иргэд нь өдөр хоногийн хоолоо арай ядан олж өрөөс өрийн хооронд амьдарч байна.

-Ам долларын ханш амаа аваад хадуурчихлаа. Үр дүнд нь гадаад валютын албан нөөцийн хэмжээ буурч, өртөг өсч байна. Богино хугацаанд үр дүнгээ өгөх бодлого юу байна вэ?

-Өнгөрсөн жилийн төсөв өргөн барихад ийм эрсдэл байна шүү гэж сануулж байсан. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Монголбанк ч ийм байр суурьтай байсан. Тооцоо судалгаагүй, хариуцлагагүй төрийн хийсэн ажлын гор ханшаар дамжин иргэдийн халаас ухаж байгаа нь энэ. Төрийн үндсэн үүрэг төсөв, мөнгөний бодлого ямархуу байдалд хүрснийг үнийн өсөлт, монгол төгрөгийн ханшны сулралаар хэмждэг юм шүү дээ. Өнөөдрийг хүртэл төрд байгаа нөхдүүд үнэ өсөөд байгаа шалтгааныг мэдэхгүй. Инфляцыг “төрийн үл харагдах татвар” гэж оношилдог. Өөрөөр хэлбэл, төр ажлаа мэдэхгүй, тэс өөр буруу зүйл хийж байгааг үнийн өсөлт, иргэд, аж ахуй нэгжийн амьдрал тодорхойлдог юм. Сүүлийн жилүүдэд нүүрсний үнэ түүхэнд байгаагүй өндөр байсан нь манай эдийн засаг сэргэх ховорхон боломж байв. Гэвч бид үүнийг ашиглах нь бүү хэл улам бүр дордуулчихлаа. Монгол Улс дундаж давхаргагүй Африк, Латин Америкийн орнуудын дунд харайгаад орчихлоо. Гадаад өрийн хавханд шигдлээ. Иргэд аж ахуй нэгжүүд нь өрөөс өрийн хооронд амь тэмцэж байна. Ийм байж юун уул нүхэлж, гэрэлт гүүр тавьж, сансарт гарах вэ дээ.

-Иргэд, аж ахуйн нэгжийн хувьд татварын дарамтаа бууруулахыг төрөөс удаа дараа шаардаж байна. Гэтэл төсвийн бүрдүүлэлтэд татвар чухал үүрэг гүйцэтгэдэг. Орлого тасарсан байгаа үед татвар бууруулах тухай яриа хэр бодит байх бол?

-Ний нуугүй хэлье. Татварын хувь хэмжээ бусад орноос илүү их биш. Төрийн буруу бодлого улс орны эдийн засгийг уруудуулсан төдийгүй аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд саад болж, өрхийн орлого, амьдралыг тамирдуулсан учраас татвар багасгах яриа хаа сайгүй өрнөж байна. Аргаа барсан арга чарга шүү дээ. Дэлхийн дундаж аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувь хэмжээ ойролцоогоор 23 хувь бөгөөд Азийн орнуудын татвар хамгийн бага нь 20 хувь байна. Тэгвэл дэлхийн улс орнуудын хувь хүний орлогын татварын дундаж хувь хэмжээ 10-аас 40 хувийн хооронд хэлбэлздэг. Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын гишүүн орнуудын хувьд ойролцоогоор 43 хувь байдаг.Монгол Улсын арван хувийн тогтмол татвар нь дэлхийн жишигтэй харьцуулахад маш багад орох бөгөөд Болгар, Румын зэрэг тогтмол татвартай орнуудтай ижил түвшинд байгаа юм.

Эндээс харвал хөгжилтэй орнуудын татвар өндөр, тэр хэмжээгээр зарцуулалт нь тунгалаг иргэд нь ч татвар төлж буйдаа сэтгэл ханамжтай байдаг. Гэтэл манайд юу болж байгаа билээ.Би нуршаад яахав. Иймээс л иргэд татвар төлж байгаадаа бухимдаж байгаа хэрэг. Эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлж чадах тэр үед энэ асуудал аяндаа алга болно.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2 цагийн өмнө 202.126.91.58

Их бага гэж үзэх хэрэггүй. Олон ч бай 1 ч бай төсөл урагшилж л байх ёстой. Бид хангалттай ярьж төлөвлөж байгаа боловч хийж бүтээсэн зүйл үнэхээр бага байна.

Avatar

Зочин 2 цагийн өмнө 14.1.81.128

Эрдэмтэд угээ зоригтой хэлж байгаад талархаяа. Мэргэжлийн хумуусээс л ярилцлага авах цаг болсондоо!

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.229.123.150

Америк долларын ханш "амаа аваад хадуурчихсан" юм уу? монгол төгрөгийн ханш навс унасан юм уу? ялга ярих цаг болсон…

Avatar

Зөв 4 цагийн өмнө 66.181.189.199

Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, адууныхаа хэрээр исгэрэх гэж ардын үг бий шүү, зөв ярьсан байна

Avatar

Дипломын ажил 6 цагийн өмнө 66.181.180.159

хятад судлаач эмэгтэй монголын засгийн газарт дипломын ажил хийж боловсруулсан мега төслүүд гээд бичээд байсан тал байна уу.

Avatar

Зочин 7 цагийн өмнө 64.119.29.46

Ер нь зөв гол том төсөлүүддээ явуулах хэрэгтэй

Avatar

бүх салбар уналттай 7 цагийн өмнө 66.181.177.129

бүх салбарын уналтад орсон ийм нөхцөлд ажиллаж байсан ЗГыг бүрэлдэхүүнээр нь огцруулахын оронд хууль зөрчиж буцаагаад урагшгүй сайд нарыг нь ЗГ т оруулна гэдэг бол үнэхээр харамсалтай

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 14.1.81.130

за хуцаа х**. Анх яригдаж хэлэлцэж байхад хэлээгүй байж одоо нээх биe биeнээ дуурайгаад олон юм унгас алдацгаах гэж. Наад том төслүүд чинь хэрэгжиж байж эдийн засгаа тэлнэ, тэлж байж цалин нэмэх боломжтрй болно. Утаа түгжрэл багасгах наад төслүүд чинь хэрэгтэй

Avatar

зочин 9 цагийн өмнө 66.181.188.99

энэ харин үнэн үг шүү. Концертын хөтөлбөр шиг олон мега төсөл гээч бол тооцоо судалгаагүй сэтгэлийн хөөрөл, ард түмний тархи угаалт

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 124.158.104.111

Р.Даваадорж засагт хэрэгтэй, сайн эдийн засагч.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 124.158.104.111

Ер нь нүүрсний үнэ өсөж монгол овоо орлого олсон. Тэрнээс биш .ОЭ -ийн гавья биш. ОЭ -ийн гавьяа бол авилгын индексыг өсгөж, авилгач монгол болгосон. Бас ардчилалын индексыг ухрааж дарангуйлагч болсон. Үнэн тэнэгтсэн дээ ОЭ. Түүнийг зайлуулсан залуустаа, еөк Хүүктээ талархаад баршгүй.

Avatar

Зочин 9 цагийн өмнө 66.181.184.136

АН гэхээр л яахаараа муулсан мушгисан хүний хогууд байх юм. Энэ нэг булчирхай царайлсан амьтан зургаа тавьж байгаад байнга гуцах юм, түмнээс зовдоггүй ээ.

Avatar

Зочин 10 цагийн өмнө 202.55.188.33

Хятадуудыг бөөндөж оруулж ирээд иргэншил олгож яваандаа Өвөр Монгол шиг Хятадын нутаг болгох гэсэн бодлого.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 43.242.243.14

Хуцалгүй харж бай чиний толгой хүрэхгүй ойлгохгүй

Avatar

Zochin 11 цагийн өмнө 202.131.225.197

Хүн амын орлогын албан татвар 10% – 25% байгаа шүү

Avatar

Зочин 11 цагийн өмнө 103.229.120.15

МЭРГЭЖИЛТЭЙ ЭРДЭМТЭН СУДЛААЧИД УЛС ОРНЫГ ХӨГЖҮҮЛДЭГ… УЛС ТӨРЧИД АВИЛГААР УЛС ОРНЫГ СҮЙРҮҮЛДЭГ

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 188.162.254.126

даваадорж кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатайгаар зоригтой олон хувьсах аргаар зохицуулчихаж болдог гэдэгийг мэдээгуй юм байна !!!!!

Avatar

Бодит байдал 11 цагийн өмнө 66.181.161.203

ийм зэргийн төслүүдийг зэрэг хэрэгжүүлдэг улс зөндөө байна.Хоцрогдсон загвараасаа ,үхширмэл хүрээнээсээ гарч сэтгэ ,эдийн засагч гуай

Avatar

ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 11 цагийн өмнө 202.21.110.94

МУУСАЙНАА КНУЛГАЙЧУУДА, ТА Н НЭР ЯАК КӨКЖИЖ КХАРАКДААЧЭЭ………

Avatar

Зочин 11 цагийн өмнө 103.229.121.216

Юуны чинь зайл зөв мэдээллийг өгчээ Ер нь эдиын засагчид сайн дуугараад байх хэрэгтэй

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 103.229.122.110

За зайлаа чи. Бас нэг хөгжлийн тушаа гарч ирэх нь. Монголд ганцхан өөрийгөө эдийн засаг мэддэг гэж андуураад байх хэрэггүй. Чамаас илүү мэдлэгтэй ухаантай хүн зөндөө байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж