Дэлхий нийт Covid-19 цар тахлын хүнд үеийг хэдийнэ ардаа орхисон ч дараагийн тахал өвчин хол гэх баталгаа байхгүй. Иймд ДЭМБ цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар тусгасан шинэ гэрээг баталжээ. Тус гэрээнд гарын үсэг зурсан орнуудыг хөгжиж буй орнуудын вакцин боловсруулалтад туслахыг уриалж байна. Үүнд, эмгэг төрүүлэгчдийн талаар бие биедээ мэдээлэл өгөх зэрэг багтах юм.
Японы Covid-19-ийн хариу арга хэмжээг удирдаж байсан доктор Оми Шигэрүтэй “NHK” агентлаг энэ талаар ярилцжээ. Оми Шигэрү нь ДЭМБ-ын Бүсийн захирал асан бөгөөд өдгөө Японы Сүрьеэгийн эсрэг нийгэмлэгийн даргаар ажиллаж байна.
-Хүн төрөлхтөн шинэ тахал өвчинд хэр өртөмтгий вэ? Мөн энэ шинэ гэрээ хэр үр дүнтэй байх бол?
-Хүний бие өвчинд нэн эмзэг болсон цаг үед бид амьдарч байна. Хүн амын өсөлт, дэлхийн хүн амын болон барааны урсгал, экосистемийн сүйрэл, дэлхийн дулаарлаас шалтгаалаад дараагийн тахал хэзээ ч тохиолдож магадгүй.
Шинэ хэлэлцээр батлагдсанд баяртай байна. Энэ хэлэлцээрийг батлахын тулд өөр өөр ашиг сонирхолтой, өөр өөр сорилттой тулгараад буй улс орнууд нэгдэх шаардлагатай болсон. Энэ цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сайжруулах дэлхийн эхний алхам. Хэлэлцээрийг соёрхон батлахад багагүй хугацаа шаардагдана. Соёрхон баталлаа гээд ч бүх зүйл зөв замдаа орохгүй.
2003 онд “SARS” тахлын дараа олон улсын эрүүл мэндийн дүрэм журамд өөрчлөлт оруулж байлаа. Тахал өвчний эсрэг хариу арга хэмжээ авах, хянах үндсэн чадавхиа нэмэгдүүлэхийг улс орнуудаас хүссэн. Гэвч 20 хүрэхгүй жилийн дараа Covid-19 гарсан. Тэгэхээр ийм гэрээнүүд хүссэн үр дүн дагуулдаггүй.
– Covid-19 цар тахлын үеэр маш их хурцадмал байдал, төөрөгдөл үүссэн. Үүнээс бид ямар сургамж авах ёстой вэ?
-Хамтын ажиллагаа хангалтгүй байгаад гол асуудал байна. Иргэд нь гэрийн тэжээвэр амьтантайгаа ойр амьдардаг улсуудын эдийн засаг маш эмзэг байдаг. Түргэн шуурхай хариу арга хэмжээ авах дэд бүтэц тэдэнд байдаггүй. Гэтэл эмгэг төрүүлэгчдэд улсын хил хязгаар хамаагүй. Иймд бид мэдлэгээ чөлөөтэй хуваалцах арга зам болон вакцин гэх мэт багаж хэрэгслийг олж авах ёстой.
-ДЭМБ-ын хууль ёсны хүчин төгөлдөр шинэ гэрээг хэрхэн дагаж мөрдөх вэ?
-Тухайн улс энэ гэрээг хэрэгжүүлэхгүй бол олон нийтэд муугаар нөлөөлөх ч гэлээ хатуу хориг арга хэмжээ авах нь зохисгүй. Вакцин, эмчилгээний чадвартай улс орнууд бол хөрөнгө оруулалтынхаа үр өгөөжийг хүлээж, оюуны өмчийн эрхээ хадгалчихна. Гэтэл хөгжиж буй орнууд вирус, вакциныг үнэ төлбөргүй авах ёстой гэж үздэг. Бид энэ ялгааг арилгах арга замыг олох ёстой.
-АНУ ДЭМБ-аас гарч байна. Энэ нь хэр их нөлөө үзүүлэх вэ?
-Технологи, санхүүгийн хувьд авч үзвэл АНУ нь өвчинтэй тэмцэх хүчин чармайлтаараа дэлхийд тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг орон. АНУ-ын дэмжлэг байснаараа жижиг хэмжээний галыг томоохон түймэр болгон дэгдээгээгүй.
ДЭМБ АНУ-ын зөвхөн санхүүжилтээр тогтохгүй дэгдэлтийн үед халуун цэгт ажилладаг америк ажилтнуудаа алдах болно. Эм, вакцин, шинжилгээний багц худалдаж авахад хэцүү болно. АНУ өөрөө эрүүл мэндийн төсвөө танах болсон. Өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх нь эдгээхээсээ илүү үр дүнтэй боловч вакцинжуулалтын түвшин буурч, улаанбурхан гэх мэт өвчнүүд дахин сэргэж байгааг бид харж байна.
ДЭМБ-д олон жил ажилласан хүний хувьд би АНУ-ыг чиглэлээ өөрчилж, аль болох хурдан буцаж ирээсэй гэж хүсч байна.
Япон улс дутуу орон зайг нөхөхийн тулд бусад оронтой хамтран манлайлал үзүүлнэ гэдэгт мөн найдаж байна.
-Япон ямар үүрэг гүйцэтгэж чадах вэ?
-Япон улс үндсэн болон эмнэлзүйн судалгаа, эпидемиологийн судалгаа, олон улсын хамтын ажиллагаа зэрэг салбарт хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлсээр ирсэн туршлагатай.
Бид санхүүгийн болон техникийн дэмжлэгээр дамжуулан эдгээр улс орнуудад эрүүл мэндийн тогтолцоо, хүний нөөцөө бэхжүүлэхэд нь тусалсан. АНУ ДЭМБ-аас гарсан учир Япон улс урьд өмнөхөөсөө илүү хувь нэмрээ оруулна гэдэгт би итгэж байна.
Холбоотой мэдээ