Тоолж баршгүй оддын дунд тод гэрэлтэх нар

ХҮМҮҮС

Тоолж баршгүй оддын дунд тод гэрэлтэх нар

Тоолж баршгүй оддын дунд тод гэрэлтэх нар

Форбс сэтгүүлийн тодруулдаг хамгийн нөлөө бүхий солонгос алдартнуудын эхний тавд К-попын домог "Big Bang" хамтлаг тогтмол шалгардаг. Хамтлагийн гол хоолой, гол бүжигчин гэгддэг Тэ Ян энэ сарын 21-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатарт тоглолтоо толилуулах болсон билээ. Ньюс агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа нэртэй хамтлагийн зүстэй хүү Тэ Янг онцолж байна.


Түүний эцэг эхээс заяасан нэрийг Дон Ёнбэ, тайзны нэрийг нь Тэ Ян гэдэг. Тэ Ян гэдэг нь солонгосоор нар гэсэн утгатай. Ертөнцийн тоолж баршгүй олон оддын дотроос хамгийн тод од нь нар учир тэрбээр Тэ Ян гэх тайзны нэрийг сонгожээ. "Big Bang" хамтлаг уран бүтээлээ япон хэл дээр ч бас толилуулдаг. Түүний япон тайзны нэр нь "SOL".

Тэ Ян 1988 оны тавдугаар сарын 18-нд Өмнөд Солонгосын Кёнги мужийн Ыйжонбү хотод мэндэлжээ. "Korea boo" шар хэвлэлд мэдээлснээр Тэ Ян төдийлөн баян тансаг өсөөгүй аж. Өмнөд Солонгос улс эдийн засгийн хямралд нэрвэгдсэн хүнд үед төрсөн учир тэрбээр өнөөдрийн өндөрлөгт хүрэхийн тулд маш их тэмцэж, зүтгэжээ. 10 гаруйхан насандаа энтертайнмент салбарт хөл тавихаар шийдсэн нь гэр бүлдээ тус болохын тулд гаргасан түүний анхны золиос байв.

СОНГОДОГ УРЛАГААС ХИП ХОПТ ХӨЛ ТАВЬСАН НЬ

Бага насныхаа талаар Тэ Ян хожим нь ярихдаа "Би хар багаасаа дуу хөгжимд дуртай байсан. Гэсэн ч хэтэрхий ичимхий болохоор дуртай зүйлээ илэрхийлж гаргаж чаддаггүй байлаа. Дөрөвдүгээр ангид байхдаа урлагийн академид явсан. Гэр бүл маань санхүүгийн боломж муутай байсан учир намайг авгынх руу маань илгээсэн. Тэнд би үеэлүүдтэйгээ нийлж, урлагийн академид анх орсон юм" гэжээ.

Сонгодог хөгжимд дурладаг, төгөлдөр хуур тоглох дуртай 12 настай хүү Сөүлд ирж, "Jinusean" хамтлагийн "A-yo" дууны клипний сонгон шалгаруулалтад тэнцсэнээр хип хоп хүү болох замнал нь эхэлсэн гэдэг.

Клипний сонгон шалгаруулалтыг "YG entertainment"-ийн захирал Ян Хюн Сук өөрөө хийжээ. Тэ Ян "Jinusean" хамтлагийн гишүүн Шоны бага залуугийн дүрд тоглох ёстой байв. Энэ сонгон шалгаруулалтад тэнцсэнээр Тэ Ян хип хоп хөгжимтэй анх танилцаж, улмаар "YG entertainment"-д дадлагажигчаар орох хүсэл өвөртөлжээ.

"Клипний дараа өнөөх л хуучин амьдралдаа буцах хэрэгтэй болсон. Гэтэл би буцмааргүй байдаг. Тэгээд Ян Хюн Сук захирал дээр очоод дуучин болмоор байна, намайг дадлагажуулаач гэж хэлсэн" гэж Тэ Ян ярьсан байдаг.

Гэхдээ Ян Хюн Сук захирал түүний хүслийг дуун дээр нь зөвшөөрөөгүй. Клипний дараа эхлээд гуйхад нь тэр татгалзсан учир Тэ Ян тууштай байдлаа харуулж, оффист нь очсон байна. Ийнхүү Тэ Ян алдарт "YG entertainment"-ын үүдээр оржээ. Нас залуу атлаа тийм шийдэмгий байсан нь захиралд таалагдсан байх гэж тэр боддог.

"YG entertainment"-д тэр ирээдүйн "Big Bang"-ын нэгэн гишүүнтэй танилцсан нь Квон Жи Ён буюу Жи-Драгон байв.

Дадлагажигчаар сурсан эхний жилүүдэд Тэ Ян студи цэвэрлэх, уран бүтээлчдэд ус дөхүүлж өгөх зэргээр ойр зуурын ажил хийдэг байжээ. Тухайн үеийн алдартнууд Тэ Ян, Жи-Драгон хоёрт тийм найрсаг ханддаг байгаагүй аж.

К-ПОПЫН ДОМГУУДЫН НЭГ БОЛСОН НЬ

Тэ Ян, Жи-Драгон хоёр анх "GDYB" нэртэй хип хоп хамтлаг байгуулах санаатай байжээ. Гэвч "YG entertainment" энэ төлөвлөгөөг нь цуцалсан аж. Оронд нь тэднийг "T.O.P", "Daesung", "Seungri", "Hyun-seung" гэх өөр дөрвөн дадлагажигчтай нийлүүлэв.

Тэдний хамтлаг болох замналыг  “BIGBANG documentary” гэх телевизийн шоугаар үзүүлж эхэлжээ. Шоуны дүрмийн дагуу нэг гишүүн хасагдах ёстой байв. Эцсийн мөчид "Seungri", "Hyun-seung" нар хасагдах шатанд үлдэхэд, "Hyun-seung"-ыг хэтэрхий ичимхий гэсэн шалтгаанаар хасчээ.

Ийнхүү таван хөвгүүнтэй "Big Bang" хамтлаг үүсгэн байгуулагдав.

Анхандаа Тэ Ян хамтлагийн гишүүн байх төдийлөн дуртай байсангүй. Гэвч яваандаа нөхцөл байдалдаа дасч, бусадтай ойртон дотноссон байна.

Хамтлагийн анхны бүрэн хэмжээний цомог "Big Bang Vol. 1"-т (2006 он) Тэ Яны бие даасан уран бүтээл "Ma girl" багтсан байдаг. Харин түүний анхны соло цомог нь "Hot" нэртэй бөгөөд 2008 онд гарчээ. Энэхүү мини цомог нь хамтлагийн үндсэн хип хоп хэв маягаас ялгаатай, "R&B" урсгалын дуунуудтай байв.

2010 оны долдугаар сард гаргасан "Solar" цомог нь Тэ Яны анхны бүрэн хэмжээний цомог. Өмнөх мини цомгоо гаргахдаа Тэ Ян өөрөө дуу зохиож чадаагүй учир сэтгэл дундуур байжээ. Харин "Solar" цомогт түүний зохиосон дуу нэгээр тогтохгүй байдаг.

Түүний бичсэн үгс уянгалаг, романтик байдаг учир Тэ Ян "хайрын дууны мэргэжилтэн" гэсэн нэртэй болжээ. Түүнчлэн "New York Times" хэвлэл түүний бүжигчний уран чадварыг Крис Браунтай харьцуулсан байдаг. Тэ Яныг "К-поп бүжгийн хаан" гэж нэрлэх нь ч бий. Мөн бусад дуучдыг бодвол Тэ Ян хүйтэн хөндий, механик бус илүү сэтгэл хөдлөлтэй, халуун дулаан өнгө аясаар дуулдаг.

ТҮҮНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

Тэ Ян 2013 оноос жүжигчин Мин Хёринтэй болзжээ. Улмаар 2018 оны хоёрдугаар сарын 3-нд найз нөхөд, гэр бүлийнхээ хүрээнд цомхон хуримласан байдаг. Мин Хёрин хөл хүнд болсон тухай мэдээ 2021 оны есдүгээр сард анх хэвлэлд гарч, удалгүй мөн оны арванхоёрдугаар сарын 3-нд тэд ээж аав болжээ.

"Ma girl" дууны клипний зураг авалтын үеэр тэр анхны үнсэлтээ хийсэн. Хамтран тоглосон эмэгтэй жүжигчин нь түүнийг авч яваад, жинхнээсээ үнсчихсэн гэж К-поп уран бүтээлчдийн тухай сонирхолтой баримтуудыг дэлгэдэг цахим хуудсанд бичжээ. Энэ тухайгаа Тэ Ян хамтлагийнхандаа хэлэхдээ "Манайхаан, би үхлээ" гэж мессеж бичсэн байна. Яагаад гэж асуухад "Би сая нэг охиныг үнсчихлээ" гэж хариулжээ.

  • Тэ Ян хэрвээ дуучин болоогүй бол комедиан болох байсан гэж ярьдаг.
  • Цүнхэндээ ихэвчлэн чихэвч, библи, англи хэлний жижиг ном, энергийн ундаа сэлтийг хийж явдаг.
  • Хүүхэд байхдаа нэг удаа ээжийгээ эвэртэй морь унаад нисээд явчихлаа гэж зүүдэлж байсан.
  • Түүний дуртай хоол бол шарсан үхрийн мах.
  • Тэр зүүдэндээ ярьдаг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж