АНУ-ын Эрүүл мэндийн сайд бага Роберт Ф.Кеннеди Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн вакцины 17 мэргэжилтнийг халжээ. Энэ нь АНУ-ын вакцин, хоол хүнс, эмийн зохицуулалтыг өөрчлөх зорилготой Кеннедигийн цуврал арга хэмжээний нэг хэсэг юм.
Гэвч вакцины мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулснаар эрүүл мэндийн агентлагуудад итгэх иргэдийн итгэлийг бууруулна гэж эрдэмтэн, судлаачид үзэж байна.
Тухайлбал, Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн ахлах эрдэмтэн асан Жессе Гүдмэн "Мэргэжлийн өндөр түвшний эрдэмтэн, физикчид… Энэ бол итгэлийг сэргээх бус бууруулж буй улс төрийн хөндлөнгийн оролцоо" гэсэн байр суурийг илэрхийлжээ. Мөн Бүгд найрамдах намын сенатч Билл Кассиди цахим хуудсандаа "Одоо Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв вакцины талаар сэжиглэхээс өөр зүйл мэддэггүй хүмүүсээр дүүрлээ гэж олон нийт санаа зовж байгаа нь ойлгомжтой. Тийм биш гэдгийг баталгаажуулахын тулд Роберт Ф.Кеннедитэй ярилцах болно" гэжээ.
Кеннедигийн хувьд энэ алхам нь эсрэгээрээ иргэдийн итгэлийг сэргээнэ гэж үзжээ. Тэрбээр "Өнөөдөр бид вакциныг дэмжих, эсвэл эсэргүүцэх гэхээсээ илүү олон нийтийн итгэлийг сэргээхийг чухалчилж байна" гэв.
Бага Кеннеди бол вакцинд эргэлзэгч нэгэн. Тэрбээр олон жилийн өмнөөс вакцины аюулгүй байдал, үр нөлөөнд эргэлзсээр ирсэн боловч Трампийн засаг захиргаанд томилогдохдоо одоо байгаа вакцины стандартыг алдагдуулахгүй гэдгээ амласан билээ.
Энэ үйл явдлын дараа вакцин үйлдвэрлэгч "Moderna", "BioNTech"-ийн хувьцаа нэгээс илүү хувиар унажээ.
Дашрамд дурдахад, халагдсан 17 мэргэжилтэн бүгдээрээ Жо Байдены үед томилогджээ. Тэдний 13 нь өнгөрсөн онд томилогдсон.
Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн зөвлөл зургадугаар сарын 25-27-ны хооронд Атланта хотод хуралдахаар төлөвлөж байна. Зөвлөлийн шинэ гишүүдийг хянан батлахад хэдэн сар зарцуулдаг аж. Кеннеди болон түүний багийнхан шинэ гишүүдийг батлахад нууцаар бэлтгээгүй л юм бол хуралдаан товлосон цагтаа болно гэхэд хэцүүг эх сурвалжууд мэдээлж байна.
Иргэн 8 цагийн өмнө 66.181.185.68
Трампийн засаг захиргаа маш хурдан унах нь дээ