News.mn сайтын өнгөрөгч долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.
ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАРТ ТӨСВИЙГ ТЭЛЭХ БОЛОМЖ БАЙХГҮЙ
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, доктор (PhD), дэд профессор А.Энхбаттай ярилцлаа.
-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал өнөөдөр ямар түвшинд байна вэ. Сүүлийн жилүүдэд тогтвортой өсөлттэй байна гэж таамаглаж байсан эдийн засгийн өсөлт саарч байгаа шалтгааныг юутай холбож тайлбарлах вэ?
-Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд түүхий эдийн үнэ, гадаад зах зээлийн эрэлтээс шууд хамаарал бүхий уул уурхайн салбарын тогтворгүй байдлаас шалтгаалан хэлбэлзэлтэй өсөлттэй явж ирсэн. Харин 2023 оноос эдийн засагт сэргэлт ажиглагдаж, ДНБ-ий өсөлт 2023 онд 7, 2024 онд 4.9 хувь болсны зэрэгцээ макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өмнөх онуудтай харьцуулахад сайжирсан ч 2024 оны эдийн засгийн өсөлт таамаглаж байснаас 2.1 нэгж хувиар доогуур гарсан. Энэ нь цар тахлын дараа эрдэс баялаг, түүний дотор нүүрсний салбараас хамаарсан өсөлтийн үе өнгөрч байгааг анхааруулсан дохио төдийгүй мөчлөг дагасан ихээхэн тэлэлттэй төсвийн бодлого баримталж буй өнөө үед анхаарах асуудал гэдэг нь тодорхой. Эдийн засгийн өсөлтөд эрдсийн түүхий эдийн экспорт, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, дотоодын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, хэрэглээ, бизнесийн орчин голлон нөлөөлж байгаа юм.
ТТБЗ-өөс урьд нь сануулж байсан “эдийн засгийн таатай нөхцөл байдал хэвээр хадгалагдана гэж төсөөлөх, найдах хэрэггүй” гэсэн дүгнэлт гаргаж байсан. Уг дүгнэлтийн дагуу өнөөдөр “нөхцөл байдал хэдийн тааламжгүй болж эхлээд байна.
Одоогийн байдлаар төсвийн тэнцэржүүлсэн тэнцэл 1 тэрбум ам доллар гарсан алдагдалтай байна. Инфляцын хувь хэмжээ 8.6 буюу бараг 9 хувьтай байгаа нь бодит үнийн өсөлтөөс доогуур үзүүлэлт гэж зарим хүн үзэж байна. Монголбанкны төсөөлсөн хэмжээнээс давж удахгүй хоёр оронтой тоонд орох болов уу гэсэн таамаг байна. Цаашлаад Монгол Улсын экспортын голлох түүхий эд болох нүүрсний үнэ төсөөлсөн хэмжээнээс доогуур буюу 70-80 ам доллартай байна. Тонн тутамдаа 20-25 ам.долларын алдагдал хүлээж байна. Өөрөөр хэлбэл, макро эдийн засгийн үзүүлэлтүүд сөрөг үр дүнг харуулж байна.
Энэ бүх нөхцөл байдлаас дүгнэхэд 2025 онд эдийн засаг төдийлөн өсөхгүй, төсөөлсөн зорилтот хэмжээндээ хүрэхгүй төсөв алдагдалтай гарах нь тодорхой харагдаж байна. Төсвийн тодотголыг эртхэн хийхгүй бол тэр хэмжээгээр хохирол амсана. Валютын ханш өдөр ирэх тусам өсч байгаа нь экспортоос орж ирэх валютын орлого буурсантай шууд холбоотой. Валютын гарах урсгал орох урсгал хоёрын зөрүүтэй байдлаас үүдэж байна.
Хэдийгээр Монголбанкнаас ханшийн өсөлтийг тогтворжуулахын тулд ойролцоогоор тэрбум ам.долларын интервенц хийх арга хэмжээ авсан боловч энэ байдал цаашид удаан үргэлжилвэл гадаад валютын албан нөөцийн хувь хэмжээнд сөргөөр нөлөөлөхөөр байна.
-Энэ оны төсвийн орлого тааруу байгаа энэ мөчид ирэх оны төсвийн хүрээгээ тодорхойлж, хөгжлийн төлөвлөгөөгөө баталсан. Ирэх оны сорилт юу байх бол?
-Засгийн газраас 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөлөлд төсвийн зарлагыг 30.3 их наяд төгрөг буюу ДНБ-ий 31.7 хувь байхаар тооцсон. Түүнчлэн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлээр улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 33.5 их наяд төгрөгт буюу ДНБ-ий 31.7 хувьд хүрэхээр байна. Бодит байдалд экспортын болон төсвийн гүйцэтгэл төсөөлж буй хэмжээнээс буурах, төсвийн орлого тасалдах, улмаар улсын төсвийн алдагдал нэмэгдэх, 2026 оны улсын хөгжлийн болон төсвийн төлөвлөгөөнд тусгагдсан ч орлого, санхүүжилтийн тасалдлын улмаас хэрэгжиж буй үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт зогсох, он дамжих хөрөнгө оруулалт, барилга объектын тоо нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавар үүсэх магадлал өндөр байна.
Иймд Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээнүүдийг бүхэлд нь хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал гэж үзэж болохоор байна.
Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан төслүүдийн хэрэгжих боломж санхүүжилтийн эх үүсвэрээс шууд хамааралтай. 2026 оны хөгжлийн төлөвлөгөөний төсөлд 15.7 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 300 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөснөөс улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 4.1 их наяд, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 2.2 их наяд, төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгөөр 4.3 их наяд, гадаад, дотоод хөрөнгө оруулалтаар 4.5 их наяд, бусад эх үүсвэрээс 0.6 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр тооцсон. Төслүүдийн санхүүжилтийг тодорхой зааж өгөхийн гол зорилго нь Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөөлөл дэх төсвийн зарлагыг бодитой болгох явдал юм.
Ийм учраас авто болон төмөр зам, эрчим хүч, аж үйлдвэрийн парк зэрэг зардал ихтэй стратегийн төслүүдийн эдийн засгийн үр ашиг, өгөөжийг сайтар тооцож, санхүүжилтийн эх үүсвэр, төсвийг илүү тодорхой болгох хэрэгтэй. Хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан төсвийн төсөл, арга хэмжээний 2026 онд санхүүжих дүн 15.7 их наяд төгрөг байхаар тусгасан нь нийт төсвийн зардлын 46.9 хувийг эзэлж байна.
Ярилцлагын үргэлжлэлийг энд дарж уншина уу
"УНАЛТ БОСОЛТТОЙ 16 ЖИЛИЙГ ЛИГТ ӨНГӨРҮҮЛЖ, ХАРАМСАХААРГҮЙ ЗОДОГ ТАЙЛЛАА"
Монголын сагсан бөмбөгийн дээд лигт 16 жилийг өнгөрүүлж, үндэсний 21 аймаг болон супер лигт гурван удаа түрүүлсэн, өөрийн цаг үеийнхээ шилдгүүдийн нэг Энхцогтын Дөлгөөнтэй ярилцлаа. Түүний хувьд мэргэжлийн замналынхаа сүүлийн улирлыг “Бишрэлт Металл” багт өнгөрүүлж, эцэст нь их спортоосоо зодог тайлж буйгаа зарлав. Лигийн талбайд 16 жилийг зориулсан түүний туулсан зам, үзүүлсэн тоглолт бүр нь Монголын сагсан бөмбөгийн түүхэнд тод мөр үлдээжээ.
-Зодог тайлах шийдвэр гаргахдаа өөртөө хэр итгэлтэй байсан бэ? Удаан төлөвлөж гаргасан шийдвэр үү?
–Дөлгөөн гэдэг тамирчны хувьд сагсан бөмбөгийн дээд лигт тоглоод 16 жил болчихжээ. Зодог тайлах шийдвэрийг бол гэнэтийн байдлаар ч юм уу гаргаагүй. Яг карьерынхаа дараах төлөвлөлтийг хийх байдлаар энэ жил ер нь сүүлийн жил юм байна гээд бүх зүйлээ зориулсан. Хүн болгон одоо асуугаад л байна л даа. Сэтгэл санаа дажгүй юу, яаж байна гээд л. Надад бол маш гоё байгаа. Ид үе дээрээ ч тайллаа гэх юм уу. Бүр тоглож чадахгүй үедээ тайлаагүй. Боломжийн үе дээрээ тайллаа гээд баяртай байгаа шүү.
ЭНЭ МӨНГӨН МЕДАЛЬ АВАРГА АВСАН ЮМ ШИГ МЭДРЭМЖ ӨГЧ БАЙГАА
-Өнгөрсөн улирлыг эргэн санацгаая. Бишрэлт Металл дахин финалд хүрч, Азийн сагсан бөмбөгт өөрсдийгөө баталлаа. Таны хувьд өнгөрсөн улирлыг юу гэж дүгнэх вэ?
-Монголын сагсан бөмбөгийн холбооны 30 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ улирал бол үнэхээр маш урт улирал байлаа. Тамирчин бид нарын хувьд миний дээд лигт орсон цаг хугацаанаас хойш хамгийн урт бөгөөд ийм түүхэн улирал байлаа гэж харж байна. Бишрэлт Металл баг дээд лигт дөрөв дэх жилдээ тоглож байгаа гэхэд гурав дахь удаагаа финалдаж чадлаа. Энэ бол хэр баргийн багуудын хүрээд байдаг амжилт биш. Тийм учраас би мөнгөн медальдаа нэг их сэтгэл гутрах юм уу, чамлахгүй байгаа. Харин эсрэгээрээ энэ мөнгөн медалийг авахын төлөө бид нар ямар замыг туулсан бэ, ямар их зүйлийг золиосолсон бэ гээд харахаар үнэхээр мөнгөн медалиа үнсмээр тийм мэдрэмж төрж байгаа.
Үнэхээр түүхэн жил байлаа. Бүх л түүхийг шинээр бичлээ. Жишээлбэл, Азийн Аваргуудын лиг/BCL/-т Монголын сагсан бөмбөгийн клубүүдээс анхны аялан тоглолтын ялалтыг авлаа. Дээд лигт 0-3 гэсэн хар нүхнээс эргэн ирсэн нь дэлхийд хоёр дахь тохиолдол болсон.
Бишрэлт Металл баг яг нэг гэр бүл шиг. Нэгнээ хүндлэх, ойлгох зэрэг нь маш өндөр түвшинд хүрсэн.
Ярилцлагын үргэлжлэлийг энд дарж уншина уу
Нэргүй 2025-06-07 76.64.44.146
Тоглоом биш ээ шоглоом ард иргэд эмийнxээ мөнгийг дийлэxээ байлаа, энэ идсэн уусан улсыг байдаг газарт нь явуулаx эсэxийг Монголчууд анxааралтай ажиглаж эxэллээ !!!
Зочин 2025-06-07 192.82.92.42
Терийн дарангуйлал тогтоож, Улс удирдаж чадахгуй МАН-ыг татан буулгасан ч болно!!!
Мөнх 2025-06-07 66.181.185.222
Нүшрс “Тонн тутамдаа 20-25 ам.долларын алдагдал хүлээж байна” гэдгийн юу гэж ойлгох вэ. Зардал нь үнээсээ давчихаа юу?
сонгогч 2025-06-07 202.9.46.94
100 ЯМААНД 60 УХНАТАЙ ……МОНГОЛ УЛС 3,5 хан сая хүнтэй хэрнээ 16 ЯАМ +38 АГЕНТЛАГ /бас яам/ =54 буюу дэлхийд байхгүй олон ЯАМТАЙ БОЛЖЭЭ….АЖЛЫН ЯМАР Ч ЗААГ ЯЛГААГҮЙ ЯАМ, АГЕНТЛАГ 2-н аль нэгийг нь татан буулгаж төсвийн мөнгөө хэмнэе. Төрийн зардал Монголын нийгмийг туйлдуулж байна….