“Нүдрүүгээ хуруугаа хийсэн нь” буюу булшныхаа нүхийг ухсан ХҮН-ий заяа

“Нүдрүүгээ хуруугаа хийсэн нь” буюу булшныхаа нүхийг ухсан ХҮН-ий заяа

“Нүдрүүгээ хуруугаа хийсэн нь” буюу булшныхаа нүхийг ухсан ХҮН-ий заяа

Улс төрийн шинжлэх ухаанд “гуравдагч хүчин” гэх ухагдахуун бий. Францын улс төр судлаач Морис Дюверже улс төрийн намуудыг улс төрийн системд эзэлж байгаа байр сууриар нь ангилсан байдаг. Үүнд:

  1. Намгүй улс
  2. Нэг намтай
  3. 2 намтай
  4. 2+1 намтай
  5. Олон намтай

Эндээс дүгнэвэл улс төрийн гуравдагч намууд 2+1 систем давамгайлсан нөхцөлд үүсэн бүрэлддэг аж. Прагтикаас харвал голдуу Америк, Британи зэрэг 2 хүчтэй намтай орнуудад гуравдагч намууд бий болох тохиолдол их байдаг.   Үүсэх, оршин тогтнох гол үндэслэл нь 2 намын алдаа болон үйл ажиллагаа доголдож эхлэх үед, иргэд 2 намд итгэл алдрахад “амь орж” иргэдийн дэмжлэг авдаг.

Хоёр том намын хөнжилд шургасан ГУРАВДАГЧ мөхдөг

Энэ жишиг манай Монголын улс төрийн амьдралд ч биелэлээ олсныг бид сайн мэднэ. МАН, АН-ын завсраар улс төрийн гуравдагч хүчний хоосон орон зайг эзлэх гэсэн намууд шил, шилээ даран байгуулагдаж, шаггүй амжилтад хүрч, парламентад суудалтай болж, тэр бүү хэл Засаг барилцаж явсан тохиолдол нэгээр тогтохгүй билээ. Эргэн сануулбал, 2000 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр парламентад тус бүр нэг суудал авсан Б.Эрдэнэбатын Эх орон нам, С.Оюуны толгойлсон Иргэний зориг намууд 2004 оны сонгуульд АН-тай эвсэн “Эх орон-Ардчилал” эвслийг байгуулж, уг эвсэл УИХ-д нийт 35 суудал авснаас Эх орон нам 5, Иргэний зориг нам 2 суудал авч байв. Улмаар Үндэсний эвслийн засгийн газраас хоёр сайдын суудал Эх орон намд, нэг сайдын суудал Иргэний зориг намын даргад оногдож байсан түүхтэй. Харамсалтай нь Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нарын Гүйцэтгэх засаглалын тэргүүний төлөөх зодоон Үндэсний эвслийн засгийн газрыг хөмөрч, улмаар М.Энхболдын, С.Баярын засгийн газрууд ээлж дараалан байгуулагдаж Үндэсний эв нэгдлийн гэх тодотголтой тус Засгийн газарт АН-аас өрх тусгаарласан М.Энхсайхан нарын ҮШН, Б.Жаргалсайханы БНН, Б.Эрдэнэбатын Эх орон нам, Л.Гүндалайн  Ард түмний нам зэрэг “гуравдагч” намууд сайдын суудал авч байв.

Тэгвэл 2008 оны УИХ-ын сонгуульд өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаанд эвслийн Засгийн газрын гол хорыг найруулж асан М.Энхсайханы МҮАН /хуучин нэр нь ҮШН/, Б.Эрдэнэбатын Эх орон намууд суудал авч чадаагүй гашуун түүх бий. Харин 2012 оны сонгуульд Н.Энхбаярын МАХН М.Энхсайханы МҮАН-тай нийлж “Шударга ёс” эвслийг байгуулж  оролцсоноор парламентад 11 суудал авч, улмаар Н.Алтанхуягийн толгойлсон Шинэчлэлийн Засгийн газрын кабинетад 4 сайдын суудал авч байв. УИХ-д ноормын ганц суудалтай ч хамтарсан Засгийн газар байгуулагдах бүрт батны нэг сайдын суудалтай хоцордог ИЗНН-ын дарга С.Оюунд Байгаль орчин ногоон хөгжлийн яамыг хуваарьлаж байсныг эргэн сануулах нь зөв биз. Дараа нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг АН дотроосоо унагаж, Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдлийн Засгийн газар байгуулагдахад бүрэлдэхүүнд “Шударга ёс эвсэл” мөн л багтаж 3 сайдын суудлыг шагналын журмаар авч байв.

Энэ бүхнийг улиглан нуршихын учир болвоос МАН, АН гэх хоёр том намын завсрын сиймхийг ашиглан гуравдагч хүчний орон зайг эзлэх гэсэн намууд тодорхой хугацаанд тоглолт хийж чадаж байсан ч эцсийн үр дүнг нь харахаар монголын улс төрийн гуравдагч хүчний орон зайг бүрэн дархалж чадсан уу гэвэл үгүй.

Гуравдагч намууд парламентад суудалтай, суудалгүй хоёр янз байх боловч, гол нь улс төрийн системд нөлөөлж чадахуйц хүчин зүйл нь сонгуульд тодорхой суудал эзэлж чадсан эсэхээр дүгнэгддэг. Хэдийгээр МАН-аас өрх тусгаарлаж асан МАХН, АН-аас жийгдэгсдийн МҮАН, сайн хүний нэрийг гурав байтугай худалдаж идсэн ИЗНН, Эрэл компанийн нам гэгдэх Эх орон, мөн л АН-д орон зайгүй болсон Ж.Батзандан, Лу.Болд нарын ШИНЭ намууд хэдийгээр парламентад төлөөлөлтэй болж, тэр бүү хэл элдэв сүржин тодотгол нэртэй эвслийн засгийн газруудад хусам долоож, ганц нэг сайдлын суудлын зүсэм хүртэж байсан боловч сонгодог утгаараа иргэд, сонгогчдын хүлээлтэд нийцэхүйц гуравдагч хүчний дуу хоолой болж чадаагүй юм. Үнэндээ дээрхи нэр дурдсан намуудад иргэд найдвар тавьж, УИХ-д чамлахааргүй төлөөллийг сонгож байсан ч уг намууд явцуу эрх ашиг, албан тушаалын тохироо, сандал суудлын наймаанаас иргэдийн хүлээлгэсэн итгэл, намын нэр хүндээ худалдаж улмаар улс төрийн тавцан дахь “амьд үхдэл” болж хоцорсны бодит жишээг МҮАН, Эх орон, Бүгд найрамдах намууд бэлэхнээ харуулж байна. Харин Н.Энхбаярын МАХН, Ж.Батзандангийн ШИНЭ намууд хэдийнээ төрхөмдөө буцаж, тамга тэмдгээ хүчингүйд тооцуулжээ. ИЗНН одоогийн парламентын ангид 4 суудалтай хэдий ч нийгэмд танигдсан лидерүүд нь аль эрт намаа хаяад явсан, одоогийн намын дарга нь дэндүү сул учир хэн ч гуравдагч улс төрийн хүчин гэж үнэлэхгүй. Ёстой л сонгуулийн тогтолцооны буянаар жагсаалтаар хэдэн суудал зулгаах шив…

Монголын улс төрийн гуравдагч хүчний орон зайд тоглох гэсэн эдгээр намуудын гарал үүсэл, угшил удмыг харвал нийгмийн захиалгаар бий болсон органик нам байхгүй. МАН, АН гэсэн хоёр том намд гомдогсод, салан тусгаарлагчид, урвагчдын байгуулсан “тоглоомны” намууд байсныг улс төрийн өнгөрсөн түүх гэрчлэх аж.

ХҮН нам “хөнжилд шургагсдын” гашуун түүхийг давтах уу?

Анхандаа ХҮН намыг нийгмийн захиалгаар бүрэлдсэн, боловсролтой, сэхээтэн, салбар салбарын шилдэг мэргэжилтэн залуусаас бүрдсэн нэгдэл гэж харж, итгэх найдвар байлаа. Нийгэмд тэгэж үнэлэгдэх сайн имижийг ч ХҮН намынхан амжилттай бүрдүүлж чадсан. Тэр хүлээлтдээ ч 2020-2024 оны УИХ, НИТХ-ын бүрэн эрхийн хугацаанд хангалттай хүрч, нэг нам дангаар ноёрхож байхад сөрөг хүчний үүргийг хангалттай биелүүлж, алдагдалтай Улсын төсөв, Нүүрсний хулгай, Ногоон автобусны дуулиануудад анхлан шүгэл үлээж, иргэдийн талархлыг хүртэж байсан цаг саяхан.  Тэр ч бүү хэл тогтолцооны өөрчлөлт хийхэд оройлон оролцож, УИХ-ыг 126 суудалтай, сонгуулийн тогтолцоог холимог болгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг амжилттай зүтгүүлж чадсан. Тэрхүү хичээл зүтгэлийнхээ шанд тойргоос 2, намын жагсаалтаар 6 гишүүнтэй болж, парламентад анх удаагаа 8 гишүүнтэй болж чадав. Ямарваа нэг намтай эвсэлгүй дангаараа УИХ-ын сонгуульд оролцсон гуравдагч хүчний хувьд энэ түүхэн том амжилт байлаа. Гэвч 8 суудал гэдэг шинэ бүтэцтэй парламентад бүлэг байгуулахад хангалтгүй байлаа. Магадгүй эндээс л ХҮН намын “Буруу эргэлт”-ийн шалтгаан бий болсон гэж дүгнэж болохоор… Учир юу гэвээс нэгэнт УИХ-д 10 суудал авч бүлэг байгуулах чадамжгүй болсон ХҮН намд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газарт орж ажиллах урилга илгээсэн байдаг. Эрх баригч намын урилгад хариу өгөх, үүссэн асуудлыг олонхоороо шийдэх ХҮН намын Төлөөлөх зөвлөлийн хурал 2024 оны 7 сарын 5-ны өдөр болсон байдаг. Төлөөлөх зөвлөлийн хурлын уур амьсгал ямар байсан, Засагт орох шийдвэрийг хэрхэн гаргасан талаар ХҮН намын Хариуцлагын ерөнхий хорооны дарга асан А.Дөлгөөн Өдрийн сонинд 5 сарын 28-нд өгсөн ярилцлагадаа, “Хурлын төлөөлөгчид санал хуваагдаж, тойргоос сонгогдсон хоёр гишүүн бүхий дүүргийн төлөөлөгчид тэргүүтэй хэсэг гишүүд засагт хамтрахгүй гэдэг дээр байр суурь илэрхийлж, ер нь олонх болох шинжтэй болмогц намын дарга Т.Доржханд завсарлага аван, хурлын төлөөлөгчдөө хүлээлгэн барин байж Удирдах зөвлөлийн гишүүдээ тусад нь багцалж оруулж ирээд хүч түрэн засагт хамтрах шийдвэр гаргуулсангэжээ. Эндээс дүгнэвэл Ж.Золжаргал гишүүн хийгээд Баянгол дүүргийн намын хорооны төлөөлөгчид, мөн тойргоос сонгогдсон П.Наранбаяр тэргүүтэй Баянзүрх дүүргийн намын хорооны төлөөлөгчид хамтарсан Засгийн газарт орохыг анхандаа дэмжээгүй аж. Харин П.Наранбаярын хамгийн эмзэг цэгийг намын дарга Т.Доржханд олж хатган Боловсролын яамны сайдын суудал амласнаар үр дүн хаашаа эргэснийг одоо дүгнэж болохоор аж.

Ийнхүү ХҮН намын Төлөөлөх зөвлөл эрх баригчдын дулаан хөнжилд шургахыг зөвшөөрснөөр уг нам сөрөг хүчний үүргээ алдсан. Сөрөг хүчний үүргээ үл умартаад зогсохгүй итгэж найдсан сонгогчдынхоо саналыг нулимсан. Үүнийх нь хариуг иргэд сонгогчид 2024 оны намар болсон орон нутгийн сонгуулиар хангалттай барьсан. Хачирхалтай нь орон нутгийн сонгуульд ялангуяа нийслэл, дүүрэгт нэг ч төлөөлөгч сонгогдоогүй, шившигтэйгээр ялагдсаны бурууг хэн ч үүрсэнгүй. Хэнд ч улс төрийн хариуцлага тооцоогүй нь хачирхалтай. Тэр бүү хэл нийслэлд намаа 45-0 амжилттай удирдаж шалны алчуур болгосон ХҮН намын Нийслэлийн намын хорооны дарга Э.Золзаяа нь улс төрийн хариуцлага хүлээж огцрох нь бүү хэл, үхтэл муулж миалсан өнөөх Х.Нямбаатарынхаа удирдлагад Нийслэл Улаанбаатар хотын эрчим хүчний реформ хариуцсан бүтээмжийн менежерээр томилогдоод явчихав. Энэ бүхнээс л ХҮН нам, түүний лидерүүдэд итгэх итгэл бүдгэрч, эргэлзээ төрүүлэх болов. Хэдхэн хоногийн өмнө болсон Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудалд хандаж буй ХҮН намынхны хандлага, байр суурь “Энэ нам чинь МАН-ын улаан хамгаалагчид, эрх баригчдын охин нам, сандал суудлын төлөө яаж ч мэдэх явцуу эрх ашгийн доор нэгдсэн нөхдийн төвлөрөл юм биш үү!” гэх хардлагыг нийгэмд бий болгож орхив.

УИХ-д найман гишүүнтэй болж, Засагт хоёрхон сайдтай болсон өчүүхэн амжилтандаа бялуурч, нэгхэн жилийн дотор ард түмэнд тараа таниулж буй энэ намд итгэл нэг мөсөн алдрахын зэрэгцээ эргэлзээ төрүүлэх болсон хэд, хэдэн шалтгааныг сийрүүлье.

  1. ХҮН намыг хэн бүрдүүлж байна вэ гээд чанараар нь харахаар "Картель" гэж нэрлэмээр намын хэв маяг улам ажиглагдах болов. Картель намын шинж чанар нь мөнхийн өрсөлдөгч юм уу, холбоотон байхгүй, хэнтэй ч эвсэл байгуулж болох, төрийн чухал албан тушаалуудыг  улстөрчдийн бүлгүүдэд хуваах механизм болдог, төрөөс санхүүждэг зэргээр илэрдэг. Түүнээс гадна картель намын нэг шинж чанар нь хоёр том намаас бодлого, үзэл баримтлалын хувьд ялгарах онцын зүйлгүй болсон нь ч хамаардаг.  Энэ шинж чанар ХҮН намаас улам бүр ажиглагдах болов.
  2. ХҮН намд дүрэм нь байгаа, бүтэц нь байгаа, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй боловч улс төрийн намд байх үндсэн шинжүүдийг хангаж чадаагүй гэх мэргэжлийн улс төр судлаачдийн дүгнэлтийг өөрсдийнхөө үйлдлээр улам л батлах болов. Улс төрийн намд байх үндсэн шинжийг хангаагүйн эхний нотолгоо нь:
  • Улс төр яаж хийх вэ?
  • Үзэл баримтлалаа яаж хамгаалах вэ?
  • Намынхаа парламент дах суудлыг яаж хамгаалах вэ?

гэсэн энгийн гурван асуултад хариулах чадамжгүй, эрх баригч намын санал болгосон хоёрхон сайдын суудлаар бүх зүйлээ тавиад тууж буй нь үүний тод илрэл юм.

  1. ХҮН нам маш сул бүтэцтэй. Нийт гишүүдийг нь авч үзвэл улс төрийн онол бүү хэл мэдлэг, ойлголт нимгэн хүмүүсийн төвлөрөл гэж шууд дүгнэхээр. Нэг л их салбар, салбарын мэргэжилтнүүд нэгдсэн боловсролтой цөөнхийн нам гэж харагдавч улс төрөө ойлгосон хүн ердөө гарын 10 хуруунд л багтахаар… Улс төрийн үзлийн баруун, зүүний баримтлал битгий хэл ертөнцийн баруун, зүүн зүгээ ялгахгүй нөхөд энэ намаар дүүрэн. Энгийн жишээ татахад либераль үзэл, либертари үзлийн ялгааг мэддэг хүн тун ховор. Гэвч Германы улс төрийн онолын суут эрдэмтэн Макс Вебер “Улс төр мэргэжил болох нь” бүтээлдээ яагаад улс төрд улс төрч мэргэжилтэй хүн ордог юм? Яагаад улс төр ойлгосон хүн ордог юм гэдгийг маш тодорхой тайлбарлаж өгсөн байдаг. Зүгээр нэг сайн инженер, эдийн засагч, хуульч байгаад улс төр хийж чадахгүй ээ. Тэд улс төрийн үндсэн асуулт болох:
  • Манай намын зорилго юу вэ? Үзэл баримтлалаа яаж хамгаалах вэ?
  • Хоёр том улс төрийн хүчнийг хэрхэн хязгаарлах юм?
  • Дараагийн сонгуульд одоо байгаа амжилтаа яаж ахиулах юм?
  • Иргэд, сонгогчдынхоо эрх ашгийг хэрхэн хамгаалах юм гэдэгт хариулж чадах уу?
  1. ХҮН Нам бол эдийн засаг дахь төрийн оролцоог дэмждэг социал демократ (ардчилсан социалист) зүүнтнүүдийн нам байж ирсэн. Үүнийг намынх нь лидерүүдийн удаа дараа хэвлэлд өгч байсан ярилцлагууд нотолдог.

 

(Жишээ татаж буй эшлэлүүдийг улс төр судлаач Л.Хасарын илтгэлээс зөвшөөрөлтэйгөөр иш татав.)

  • Гэтэл данхар төр, төрийн оролцоог эрхэмлэдэг зүүнтнүүд 2022 оны 4-р сарын 30-нд намын үзэл баримтлалыг өөрчилж, нэрийг солив. Хөдөлмөрийн Үндэсний Нам (ХҮН) байхаа больж, ХҮН Нам болов. Нэг өглөө сэрээд л олон жил тууштай явсан үзэл баримтлал, намынхаа номлолыг төрийн оролцоо бага чөлөөт зах зээлийг эрхэмлэгч болгон өөрчилсөн нь их л эргэлзээ төрүүлдэг юм. Хамгийн гол нь нам нь үзэл баримтлалаа 180 градус өөрчлөхөд удирдлагын түвшинд нэг ч гишүүн нь намаасаа гараагүй нь хачирхалтай. Уг нь нам бол үзэл санааны зарчим дээр нэгдсэн хүмүүсийн төвлөрөл шүү дээ? Гэтэл ХҮН намд одоо ажиглагдаж буй дүр төрхийг харвал хуульч Д.Үүрцайхаас өөр хэн ч нам нь үзэл баримтлалаа өөрчлөхөд эсэргүүцэж дуугарсангүй. Тэр бүү хэл зүүн төвийн үзэл баримтлалтай МАН-ын Засгийн газрын хөнжилд шургахад тууштай эсэргүүцсэн, энэ явдлаас үүдэж ХҮН нам орон нутгийн сонгуульд цэвэр ялагдахад засагт эвсэхийг шахсан намын дарга Т.Доржхандад улс төрийн хариуцлага тооцох тухай дуугарч эр зориг гаргасан нэг ч гишүүн байсангүй. Энэ жишээ л тус намын гишүүдийг улс төрийн итгэл үнэмшил хатуу тогтоогүй, даргаа дагаж гүйгээд төрийн албан тушаалд томилогдох, эс бөгөөс том албан авсан даргаас тендер авах, аж ахуйгаа орлогоо нэмнэ гэсэн өчүүхэн хувийн эрх ашгаас болж нам доторх цөөн даргын гар хөл болсон амаа үдүүлсэн нөхдөөр дүүрч, дотроосоо өтөж буйн жишээ болж байна.

Эл нам одоо байгаа янзаараа 2028 онд УИХ-ын сонгуульд суудал авах нь тун бүрхэг харагдаж байна. Хэрэв ганцын зэрэг суудал авбал тэр хүн нь Ж.Золжаргалаас өөр харагдахгүй байна. Харин намын дарга Т.Доржхандын хувьд нэгэнт ард түмний дэмжлэг бүү хэл хамгийн муу рейтингтэй улс төрч хэдийнэ болсон. Дахин намын жагсаалтын ард нуугдаж нэр дэвшвэл энэ нам ирэх сонгуульд жагсаалтаар нэг ч суудал авахааргүй дүр зураг ажиглагдаж байна.

Үзэл баримтлалдаа үнэнч бус, иргэдийн итгэл найдварыг сандал суудлын төлөө уландаа гишгэлж, том намын тоглоом болж Засагт хавчуулагдаад эцэст нь хэрэглэсэн бэлгэвч шиг хэрэгцээгүй болсон МҮАН, ИЗНН, БНН, ШИНЭН зэрэг гуравдагч хүчинд санаархагчдын хар түүхийг давтах хэцүүхэн хувь заяа Человек намыг амдаж байна.

Нийтлэлч Ө.Үлэмжтөгс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
7
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-06 66.181.183.172

МАНд хошногдуулах дуртай бүлэг бөлгөө

Avatar

Нэргүй 2025-06-06 188.166.117.59

Шоронгийн үгээр яригч

Avatar

зочин 2025-06-06 66.181.187.17

АН-ынханы ихэнх нь яг иймэрхүү шоронгийн үгээр ярьдаг, зэрлэг танхай хүн чанараа гээсэн үл бүтэх этгээдүүд байдаг, Барууны тавиулууд,эх орны эрх ашгаас урвагчид, Гэтэл бид тэднийг улс төрийн нэг гол хүчин гэж үзээд,итгэл найдвар үзүүлээд,улс орны хувь заяаг даатгаад сонин,

Avatar

Нэргүй 2025-06-06 66.181.190.62

МАНы нүх нам

Avatar

Нэргүй 2025-06-06 188.166.117.59

Монголд сэтгүүлчид бүгд худалдагдсан. Үлэмжтөгс гэгч хөлсний а******н хэнээс хэдийг авч бичсэнээ ил хэлээрэй. Улс төрийн 3 дах хүчин монгол цлсад л хэрэгтэй. Худалдагдсан я***н сэтгүүлчид бол хамаагүй

Avatar

Нэргүй 2025-06-06 66.181.190.62

халтар доржханд чи юунд уйлна вэ

Avatar

Нэргүй 2025-06-06 202.126.91.12

Энэ сайтын хийдэг ажил Монголыг хагаран бутаргах.

Avatar

Нэргүй 2025-06-06 202.72.243.182

ХӨРӨНГӨТЭЙ ЭХНЭР СОЛИХООС ӨӨР

Avatar

Нэргүй 2025-06-06 202.126.89.136

Угаасаа хулхи нам шдээ

Avatar

Нэргүй 2025-06-06 66.181.189.12

Одоо ХҮН ыг тараах хэрэгтэй

Avatar

Дэмжигч нь байлаа 2025-06-06 66.181.188.14

Итгэж байсан. Харамсалтай нь албан тушаал, эрх мэдлийн төлөөх бүлэглэл гэдэг нь улам тодроод байх юм. Олны итгэлийг даасангүй дээ.

Avatar

Нэргүй 2025-06-06 188.166.117.59

Худал матрын нулимс унагагч эсрэг намынх нь ингэж бичих даалгавартай гэсээн

Avatar

Нэргүй 2025-06-06 66.181.182.236

Mash saihan bichej

Avatar

Нэргүй 2025-06-06 124.158.104.12

ХҮН сайн нам. Худлаа мэдэмхийрэх хэрэггүй. Засагт орж явлаа гээд муудах юм огт байхгүй. Өөрийнхөөрөө яваад л бай, яваад л бай. Нэг өдөр ХҮН намын ЗГ байгуулах ээлж ирнээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж