Монголын сагсан бөмбөгийн дээд лигт 16 жилийг өнгөрүүлж, үндэсний 21 аймаг болон супер лигт гурван удаа түрүүлсэн, өөрийн цаг үеийнхээ шилдгүүдийн нэг Энхцогтын Дөлгөөнтэй ярилцлаа. Түүний хувьд мэргэжлийн замналынхаа сүүлийн улирлыг “Бишрэлт Металл” багт өнгөрүүлж, эцэст нь их спортоосоо зодог тайлж буйгаа зарлав. Лигийн талбайд 16 жилийг зориулсан түүний туулсан зам, үзүүлсэн тоглолт бүр нь Монголын сагсан бөмбөгийн түүхэнд тод мөр үлдээжээ.
-Зодог тайлах шийдвэр гаргахдаа өөртөө хэр итгэлтэй байсан бэ? Удаан төлөвлөж гаргасан шийдвэр үү?
–Дөлгөөн гэдэг тамирчны хувьд сагсан бөмбөгийн дээд лигт тоглоод 16 жил болчихжээ. Зодог тайлах шийдвэрийг бол гэнэтийн байдлаар ч юм уу гаргаагүй. Яг карьерынхаа дараах төлөвлөлтийг хийх байдлаар энэ жил ер нь сүүлийн жил юм байна гээд бүх зүйлээ зориулсан. Хүн болгон одоо асуугаад л байна л даа. Сэтгэл санаа дажгүй юу, яаж байна гээд л. Надад бол маш гоё байгаа. Ид үе дээрээ ч тайллаа гэх юм уу. Бүр тоглож чадахгүй үедээ тайлаагүй. Боломжийн үе дээрээ тайллаа гээд баяртай байгаа шүү.
ЭНЭ МӨНГӨН МЕДАЛЬ АВАРГА АВСАН ЮМ ШИГ МЭДРЭМЖ ӨГЧ БАЙГАА
-Өнгөрсөн улирлыг эргэн санацгаая. Бишрэлт Металл дахин финалд хүрч, Азийн сагсан бөмбөгт өөрсдийгөө баталлаа. Таны хувьд өнгөрсөн улирлыг юу гэж дүгнэх вэ?
-Монголын сагсан бөмбөгийн холбооны 30 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ улирал бол үнэхээр маш урт улирал байлаа. Тамирчин бид нарын хувьд миний дээд лигт орсон цаг хугацаанаас хойш хамгийн урт бөгөөд ийм түүхэн улирал байлаа гэж харж байна. Бишрэлт Металл баг дээд лигт дөрөв дэх жилдээ тоглож байгаа гэхэд гурав дахь удаагаа финалдаж чадлаа. Энэ бол хэр баргийн багуудын хүрээд байдаг амжилт биш. Тийм учраас би мөнгөн медальдаа нэг их сэтгэл гутрах юм уу, чамлахгүй байгаа. Харин эсрэгээрээ энэ мөнгөн медалийг авахын төлөө бид нар ямар замыг туулсан бэ, ямар их зүйлийг золиосолсон бэ гээд харахаар үнэхээр мөнгөн медалиа үнсмээр тийм мэдрэмж төрж байгаа.
Үнэхээр түүхэн жил байлаа. Бүх л түүхийг шинээр бичлээ. Жишээлбэл, Азийн Аваргуудын лиг/BCL/-т Монголын сагсан бөмбөгийн клубүүдээс анхны аялан тоглолтын ялалтыг авлаа. Дээд лигт 0-3 гэсэн хар нүхнээс эргэн ирсэн нь дэлхийд хоёр дахь тохиолдол болсон.
Бишрэлт Металл баг яг нэг гэр бүл шиг. Нэгнээ хүндлэх, ойлгох зэрэг нь маш өндөр түвшинд хүрсэн.
Урт улирлын явцад маш олон асуудлууд үүссэн шүү. Бэртэл гэмтэл, нэг импорт тоглогчоо алдах гээд шалтаг тоочоод байвал мундахгүй. Гэхдээ ямар ч байсан эцсийг нь хүртэл бид нар багаараа хамт байсан. Энэ л хамгийн олзуурхууштай. Тэр ч утгаараа энэ мөнгөн медаль аварга авсан юм шиг мэдрэмж өгч байгаа байх.
-Финалын цувралтай зэрэгцэн Азийн аваргуудын лигийн тоглолтууд эхэлсэн. Энэ бол тамирчдын шандасыг, багийн нөөц бололцоог бүрэн шавхах шиг болсон ?
–Тийм ээ. Хуваарийн хувьд үнэхээр баг тамирчдад маш ачаалалтай байсан. Амрах завгүй. Гол нь аялан тоглолтууд нислэгээс нислэгийн хооронд байсан учир бараг л нислэгтээ ядарчхаад байсан. Ингэхээр багт бэртэл гэмтэл нүүрлэсэн л дээ. Ачаалал бол хамгийн дээд цэгтээ хүрсэн байх. Угаасаа өөр арга байхгүй. Анхнаасаа хуваариуд нь тавигдчихсан учир. Монголын нэр Азийн тавцанд гарч байгаа гэдэг утгаараа ямар ч байсан өөрсдийн чадахаараа оролцсон.
-Азийн аваргуудын лигийн аялал гайхалтай эхэлсэн. Аялан тоглолтоос хожил байгуулж, фэнүүдээ баярлуулсан. Гэвч удалгүй бүх зүйл орвонгоороо эргэсэн. Тэр үеийг эргэн дурсаач?
-BCL-д яг хүссэн амжилтаа үзүүлж чадаагүй ээ. Бид нар дараагийн шатанд шалгарах цаашлаад аваргын төлөө үзэх зорилго тавьж байсан. Дээд лиг дээр ч мөн бид нар аварга авна гэдэгтээ маш итгэлтэй байсан. Гэхдээ та бүхэн юу болсныг мэдэж байгаа. Багийн хамгийн чухал импорт тоглогч шууд багаас гараад явчхаар багийн бүтээсэн, босгосон систем тэр чигээрээ өөрчлөгдөнө. Бүтэн улирлын турш бид төвийн импорт тоглогч дээрээ суурилж тоглож байсан. Үр дүнд нь маш богино хугацаанд олон зүйлс рүү шилжих, шинэ зүйлст суралцах шаардлага гарсан. Тэр л хүнд байсан.
ДЕВОН СКОТТОД БАЯРЛАЖ БАС ГОМДОЖ БАЙГАА
-Металлын өнгөрсөн улирлын зорилго бол мэдээж аварга авах байсан биз? Шинэ улиралдаа хэр бэлдсэн бэ?
Тэгэлгүй яах вэ. Металл багт одоо мөнгөн медаль нэг их сонин зүйл биш болчихсон. Сүүлийн хоёр улирал мөнгөн медаль авчихсан байсан. Тиймээс багаараа зорьж байсан ганц зорилго нь л аварга буюу дээд лигийнхээ оргилд хүрэх байсан. Энэ жил ч багийн бүрэлдэхүүн, дасгалжуулагчдын баг, арын албаа харахад энэ жил л яг мөн юм байна гэдэг мэдрэмж төрж байсан.
Тэр мэдрэмж Хүлэгүүдтэй хийсэн цувралын эхний тоглолт хүртэл байсан. Гэтэл бүх зүйл буруудсан. Тэр үйлдэлд манай импорт тоглогч буруутай ч гэсэн багийн арын албаны ч юм уу, баг тамирчдын буруу бас байгаа л байх. Хэрэв тухайн тамирчныг өмнө нь тийм асуудал гаргахад хариуцлага тооцсон бол ч юм уу эсвэл тухайн үед бид татаад авч чадсан бол гэх юм уу. Хэрвээ гэдэг үг спортод байсан бол гэж бодохоор энэ бүхнийг өөрчлөх олон боломж байжээ.
Дэвин Скоттод баг тамирчид бүгд хайртай. Талбайн гадна үнэхээр шоё залуу. Тэр залууд маш их баярладаг эсрэгээрээ бас гомдож байгаа. Ийм л улирал байлаа.




-Таны хэлсэнчлэн SG Эйпс багийн эсрэг хийсэн цуврал дэлхийн сагсан бөмбөгийн түүхэнд үлдсэн. 0-3 гэдэг хар нүхэнд ороход танай багийн, тамирчдын сэтгэл зүй ямар байсан бэ? Эргэлтийн цэг нь юу байсан бэ?
-0-3 гэдэг бол ямар ч тамирчны хувьд аль хэдийн бууж өгөөд бараг дараагийн ажил төрлөө бодоод явж байх үе биз. Гэхдээ Металл багт ингээд дуусчихлаа даа гэдэг бодол огт орж ирээгүй. Хоёрдугаарт мэргэжлийн багийн ард мэргэжлийн хамт олон ажиллаж байгаа. Манай багт мэргэжлийн спортын сэтгэл зүйч, хөдөлгөөн засалч эмч, терафист гээд бүгд бий. Тийм учраас энэ олон хүний зөв төлөвлөгөөний ачаар бид тэр хар нүхнээс гарч чадсан. Бид 0-3 гэдэг тоонд ерөөсөө ач холбогдол өгөөгүй. 0-3 болсны дараа багаараа орой нь тойрч зогсч байгаад л нэг хожил авъя гэсэн. Нэг хожлын төлөө бүхнээ зориулъя гэсэн. Нэг хожлын дараа дахиад л нэг хожлын төлөө гэсэн. Талбай дээр гарсан тамирчин бүр өөрт оноогдсон ажлаа тултал хийе гэсэн. Хамгаал, хаш, самбараас бөмбөг ав гээд хийж байгаа үйлдэл бүртээ бүрэн төвлөрч чадвал болох юм байна гэх бодол орж ирсэн.
Би чинь багийнхаа хамгийн ахмад тоглогч байлаа шүү дээ. Надтай хамгийн ойролцоо гэвэл доошоогоо таван насаар дүү байгаад байсан. Би хэлсэн л дээ."Ах нь энэ жил зодог тайлна. Гэхдээ зодог тайлахдаа тоглох сүүлийн баг нь Эйпс л биш шүү" гэсэн.
Дүү нар ч дараа нь "Ахын тэр үг бид нарт урам зориг болсон шүү" гэж дурсч байсан.
АРХАНГАЙ ТАРСНЫ ДАРАА НАДАД ТАВАН БАГААС САНАЛ ИРЖ БАЙСАН
-Эйпсийн эсрэг хийсэн цувралын үеэр талбай дээрх ширүүн өрсөлдөөнөөс гадна талбайн гаднах уур амьсгал "халуухан" байсан. Тоглолт бүрийн дараа л хэрүүлийн алим ургаж, цувралыг улам сонирхолтой болгосон доо?
-Тийм шүү. Манайхан ч сошиалаар нүдүүлээд ер нь дархлаа суучихсан даа. Ялангуяа плэй оффын үеэр гар утастайгаа ойртож, сошиалын хэрүүл уруул, коммент уншаагүй. Тамирчдын сэтгэл зүйд нөлөөлөх юм яваад л байсан.
Би нэг тоглолтын үеэр талбай дээр М.Өлзий-Оршихтой контакт үүсгэж, надад санаатай алдаа өгсөн шүү дээ. Тэрийг бараг вебсайтуудаар цацаад, санаатай гэмтээх оролдлого хийлээ гээд л сэвсэн. Хэрвээ тухайн хүн ямар нэгэн мэргэжлийн спортоор хичээллэж үзсэн л бол тэр хүний тархинд хэзээ ч хэн нэгнийг санаатайгаар бэртээх тийм бодол орж ирэхгүй. Тэнд л спорт мэддэг, мэддэггүй хүмүүсийн ялгааг анзаарсан даа.
-Өнгөрсөн улирлын яриагаа энд хүрээд өндөрлөе. Металлтай нэгдсэн түүхийг эргэн дурсъя. Архангай Алтан Дорнодын Дайчид багаас явсаны дараа хичнээн багаас санал ирсэн бэ? Яагаад Металлыг сонгов?
–Архангайн Алтан Дорнодын Дайчид гэдэг баг маань маш хүчирхэг баг байсан. Үндэсний лигт гурван удаа дараалаад түрүүлчихсэн. Нэгдсэн дээд лигээс хүрэл аваад дараа жил нь лигтээ орох гэсэн боловч багийн эзэд, холбоо гээд шалтгаанаар тарчихсан. Тэр үед яг таван багаас санал ирж байсан. Тэнүүн-Өлзий компаний захирал Д.Буян-Өлзий ах намайг багтаа авах гэж гурван жил санал тавьсан юм. Би ч дотроо Металлын төлөө тоглох чин хүсэлтэй байсан. Тэгээд л ямар ч эргэлзээгүй хэлсэн. "Дүү нь эхний улирал ямар ч үнэ төлбөргүй тоглъё" гэхэд ах маань "Тийм юм байхгүй ээ. Ах нь цалин мөнгийг нь өгье" гээд тохиролцож байсан юм. Металл багт байгаа нэгдсэндээ баяртай байдаг. Хоёр жил тоглоод хоёр финалдлаа.
-Металл таны мэргэжлийн замналын хэд дэх баг байсан бэ?
-Долоо дахь байх.
БАЯНЗҮРХ БУЛЛС – ОЛОН ОДОД НЭГ ДОР ЦУГЛААД ОРГИЛД ХҮРДЭГГҮЙН ЖИШЭЭ
-Таныг анх Баянзүрх Буллс багт байхыг мэдэх юм байна? Анхны баг нь байсан уу?
-МВМ анхны баг байсан. Дараа нь Буллс болсон.
-МУИС-ийн төгсөгчид, оюутнуудаар бүрдсэн МВМ баг бас хүчирхэг байсан. Яагаад МУИС-ийг сонгох болсон бэ?
-Арван жилээ төгсдөг жил л дээ. Хүсэл мөрөөдлөө дагаад Орос руу нисгэгчийн сургуульд явах уу эсвэл хоббигоо дагаад Монголдоо сагсаа тоглох уу гэдэг сонголт ирсэн юм. Тэр үед ч МУИС–ийн Эдийн засгийн дээд сургуулийн хуваарийг авчихсан. Ингээд сонголт хийхдээ МУИС-ийг сонгосон.
Яг арван жилээ төгсдөг жилдээ дээд лигт орсон дээд лигийн хамгийн залуу тоглогч болсон.
Анхны жилдээ финалдаж байлаа шүү. Хасын Хүлэгүүд багийн эсрэг таарч, мөнгөн медаль авснаар дээд лигийн гараагаа эхлүүлж байлаа.
-Дээд лигийн тэрхүү анхны улирлаа эргэн дурсаач? Талбай дээр юу болж байгааг ухаарч амжилгүй тоглолт дуусчихдаг гэдэг. Танд тийм мэдрэмж төрж байв уу?
-Би бол тод санадаг юм. МУИС–ийн яг үе үеийн төгсөгч нар, сурч байсан оюутнуудаас бүрдсэн баг байсан юм. Ихээ ах/Г.Ихбаяр/, Азаа ах/Ц.Азбаяр/, Төрөө ах/Г.Баттөр/ гээд бүгд нэг багт цуглачихсан. Миний хувьд дөнгөж арван жилийн хүүхэд гээд надад минут олдохгүй байх гэж бодол байсан. Тухайн жилдээ би Азийн хүүхдийн их наадамд өсвөрийн шигшээ баг гээд зунжингаа олон улсын тэмцээнтэй байсан учир бэлтгэлжилт өндөр байсан. Л.Эрдэнэпүрэв багш ч надад боломж олгосон. Анхны рүүки улиралдаа дээд лигт 34, 35, 28 гээд оноо авч байсан тоглогчид аягүй ховор байдаг болов уу. Тэр боломжийг олгосон дасгалжуулагч нартаа, багийн ах нартаа их баярладаг. Тэндээс л, тэр улирал л миний өнөөгийн карьерын өөртөө итгэх итгэл гэх зүйлийг олж авсан даа.
Магадгүй рүүки улиралдаа нэг багийн сэлгээнд суучихсан бол яг өнөөдрийн түвшинд хүртэл тоглох байсан уу гэдэг эргэлзээтэй.
-Ах нар юу гэж зөвлөж байсан бэ?
-Талбай дээр юу хийх вэ гэдэг чинь бэлтгэл дээрээс л эхэлдэг шүү гэж хэлдэг байсан даа. Ах нартаа бөмбөг дамжуулахдаа яг шулуунаар цээжинд нь яаж дамжуулах вэ гэдгээ бэлтгэл дээрээ л хийдэг байлаа. Тэр болгон миний тоглолт, ур чадвар сайн нөлөө үзүүлсэн байх. Тухайн үеийн ах нар маань сайн зөвлөгч нар байсан. Найз шиг, зарим нь бүр аав шиг.
-Баянзүрх Буллс багт яаж нэгдсэн юм бэ? Одоо бүрэлдэхүүнийг нь харахаар өнөө цагийн шилдгүүд бүгд нэг багт байжээ.
-Тийм, ерөнхийдөө сайн бүрэлдэхүүнтэй байсан. МУИС МВМ мөнгөн медаль авсны дараа жил ерөнхий ивээн тэтгэгч нь солигдоод бүрэлдэхүүн өөрчлөгдөж, Баянзүрх Буллс баг үүссэн түүхтэй. Сагсан бөмбөгийн найман ОУХМ нэг багт цуглачихсан байсан гэхээр Монголын сагсан бөмбөгийн сүүлийн 10, 15 жилийн топ тамирчид бүгд байсан гэсэн үг. Б.Билгүүн, Т.Санчир, Д.Мөнхтүвшин, Ц.Азбаяр нар л дунд үеийнхэн нь байлаа. Дээр нь Оршихоо ах, талийгч У.Оргил агсан байсан юм. Шараваа ах /Ц.Шаравжамц/ хүртэл дасгалжуулагч нь байсан гэхээр аргагүй хүчирхэг баг бүрдчихсэн байжээ.
Олон одод нэг дор цуглаад оргилд хүрдэггүй юм байна гэдгийн нэг жишээ болсон гэж хардаг. Тэр жилдээ хүрэл авсан санагдаж байна.
-Залуу тоглогч тэр багаас юу сурч авсан бэ?
-Тухайн багт байсан тамирчин бүр ур чадварын хувьд ялгаатай, чаддаг юмнууд өөр, өөр байсан л даа. Миний хувьд ч залуу тоглогчийн хувиар хэнээс юуг нь авч үлдэх вэ гэдэг дээр илүү анхаарч байсан юм болов уу. Жишээлбэл Азаа ах байна. Ц.Азбаяр ах бэлтгэл дууссаны дараа дандаа ганцаараа үлдээд л 300-500 шидэлт хийдэг байлаа. Энэ мэтчлэн хүн болгоноос авах сайн талууд байсан. Ах нарын тэр хандлагаас их зүйл үлгэрлэж авсан.
Ингээд тэр болгоноос ингээд хүн болгоноос юм авах сайн ийм талууд байсан байхгүй юу. Тэгээд тэр ах нарын бас ур чадвар үзүүлж байгаа энэ хандлагаас нь бас залуу тоглогчийн хувьд маш их үлгэрлэж авсан байх. Тэрийгээ ч одоо дүү нартаа өвлүүлэх гээд явдаг.
ХАРЦАГА БАГАА ЭРГЭЭХ ОЙРЫН ЗОРИЛГО БИЙ
-Монголын сагсан бөмбөг сонирхогчид Э.Дөлгөөнийг Харцага багт байснаар нь сайн мэдэх байх. Яахын аргагүй Харцагын Дөлгөөн гэж илүү танигдсан гэж би боддог. Харцагад байсан он цагаа эргэн санъя? Жил бүр аваргын төлөө өрсөлддөг хүчирхэг баг байлаа шүү дээ.
-Харцага багт нэгдэхийн өмнөх улиралд нь би Баянгол Гурвантамир гээд хуучны TLG-13 багт тоглож байлаа. TLG-13 бол ерөөсөө залуучуудын шигшээ баг тэр чигээрээ байсан. Дээд лигээс ч хүрэл медаль авч байсан. Асуудал нь нэг үеийн яг ид тоглож байгаа залуучууд нэг багт цуглачихаар талбайд гарах эрх, минутаа булаацалдаад эхэлсэн. Тэр үед л шийдвэр гаргах хэрэгтэй болсон.
Уг нь лигт шинээр элсэж байсан Азарганууд гэж багт орж байсан юм. Гэтэл Харцагын гишүүдийг нэгтгээд нэрээ солиод Дундговь Алянс Тех Харцага гэдэг баг үүссэн. Лигийг маш муу эхлүүлж, доогуур л явж байсан. Тэгээд П.Болортулга ах, Төрөө ах гээд хүчээ зузаатгасаар байгаад бидний сайн мэдэх Харцагын суурь бүрдсэн. Тэр жил бас Одгий ах /Б.Одбаяр/ ирж байсан. Ингээд плей-офф сүүлийн байраар орж, явсаар түрүүлсэн. Тийм түүх ховор байх.
Харцага багийн талаар ч юу ярих вэ дээ. Харцагын фанатууд, Харцагын соёл гээд үлгэр жишээ баг бүрдчихсэн байсан. Тэр ч утгаараа дараалан түрүүлсэн.
-Сагсан бөмбөг сонирхогчид одоо ч Харцагыг үгүйлдэг. Дээд лигт эргэн ирээсэй гэж хүсдэг?
-Одоо Харцагынхаа өмсгөлийг харах болгондоо тухай үеэ эргэн санадаг. Харцагын фанатуудын зүрхэнд одоо ч харцага байгаа даа. Фанатууд нь ч "Манай Харцагын тэр явж байна" гэж ярьдаг. Миний хувьд ч Харцага багаа сэргээх юм сан гэдэг хүсэлтэй. Ойрын зорилго гэх юм уу.
-Миний хувьд таны Харцагын өмсгөлтэй Ригсийн эсрэг хийсэн тоглолтыг мартдаггүй юм. Тоглолтын үр дүн ойлгомжтой болчихлоо гээд үзэгчид ордоныг орхиж, тамирчид ч эвлэрчихсэн байсан. Гэтэл та хожигдож байсан багаа хожилд хөтөлдөг? Тэр таны Харцагын өмсгөлтэй хийсэн хамгийн шилдэг, дурсамжтай тоглолтуудын нэг байх.
–Би бас бодоод байна. Бараг тийм байх. 16 жилийн карьерт хамгийн тод санагддаг, дурсамжтай тоглолт гэх юм бол тэрийг л нэрлэнэ л дээ. Одоо хүртэл хөтлөгчийнх нь хэлж байсан үгнүүд чихэнд сонсогдож байна. Тухайн тоглолтод манайх дөрөвдүгээр үе эхлэхэд 24 оноогоор хожигдож байсан. Хүмүүс ч ойлгомжтой болчихлоо гээд ордоноос гарч байсан. Баг наймдугаар байрт явж байсан санагдана. Хэрэв хожигдвол плей-оффт орох худлаа болж, хасагдах байсан юм. Багийн эзэн Алянс Техийн захирал Баясаа ах ч уурлаад гараад явчихсан. Гэтэл бид гурван оноогоор хожсон байх. Дөрөвдүгээр үед багийнхаа 23 оноог авсан шүү. Нэмээд хэд хэдэн дамжуулалт бий. Багаараа гоё түүх бүтээсэн.
ХОЛБОО ХОЁР ХУВААГДСАНААР ТАМИРЧИД ХОЖСОН БАС ХОХИРСОН
-Тоглолтын дараа Г.Баттөр тан дээр очоод тэвэрдэг хэсэг одоо ч нүдэнд харагдаж байна. Ер нь 16 жилийн тамирчны замналд нөлөө үзүүлсэн хүмүүсээ нэрлэ гэвэл хэнийг хэлэх үү?
-Баярлалаа гэж хэлэх хүмүүс зөндөө бий. Зарим нэгийг нь орхих вий, гомдох вий. Гэхдээ хамгийн эхэнд санаанд орж байгаа хүн бол Г.Баттөр. Төрөө ахын хувьд бид хоёр яг л нэг сургуулиас эхлээд сагсан бөмбөгийн талбай дээр ч, амьдрал дээр ч бие биенээ хайрладаг, хүндэлдэг ах дүүс. Мөн Азаа ах байна. Архангайн Дайчидын Цэвэлээ ах/Э.Цэвэлдорж/ бий. Дандаа гоё үлгэрлэдэг, зөвлөгөө өгдөг ах нар зөндөө. Ихээ ах маань ч байна. Зарим нь ярихаасаа илүүтэйгээр үйлдлээрээ үлгэрлэдэг.
-Таны ид үе дээр хоёр холбооны асуудал үүссэн. Монголын сагсан бөмбөгийн түүхэнд хараар эсвэл тодоор үлдэхүйц үйл явдал тохиосон. Тэр цаг үед тамирчин байх ямар байсан бэ?
-Хараар бас тодоор үлдэх үйл явдал болсон шүү. Магадгүй тэрхүү үйл явдлын ачаар шагналын сан багатай, өрсөлдөөн султай лигийг дараагийн шатанд нь гаргасан байх. Хамгийн том алдсан зүйл нь мэдээж шигшээ баг. Азийн түвшинд аль хэдийн гарчих боломжтой байсан.
Хоёр холбоо болж, хоёр лиг зохион байгуулагдсанаараа тамирчдын цалин урамшууллын хувьд өрсөлдөөн гарч ирсэн. Тэндээс тамирчид хожсон бас хожигдсон.
-Та 21 аймгийн лигт анх Завханаас тоглож байсан билүү? Тамирчин бүрт л Спортын төв ордон эсвэл Үйлвэрчин дээр тоглох сонголт гарч ирсэн дээ. Зарим нь хоёуланд нь тоглож байсан.
-Тамирчин бүрт л сонголт ирсэн дээ. Аль талдаа тоглох вэ гэхээс гадна цалин урамшууллаа харна. Тухайн үеийнхээ хамгийн зөв гэсэн шийдвэрээ л ерөнхийдөө дагасан. Хөлбөмбөгийн ордон, Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон, Мон-Алтиус гээд тоглоогүй заал алга. Аль холбоо нь дээшээ гарна тэр нь Спортын төв ордонд тоглодог байлаа.
Э.БАЛЖИННЯМ АГСНААР ТОГЛОЛТОО ТАЙЛБАРЛУУЛСАНДАА БАЯРЛАДАГ
-Хөлбөмбөг гэснээс та бас хөлбөмбөгийн дээд лигт тоглочихсон шүү дээ. Тэр түүхээ хуваалцаач? Хөлбөмбөгчний замнал төсөөлсөн шиг байв уу?
–Миний хувьд яг анхны хичээллэж эхэлсэн спорт гэвэл хөл бөмбөг. Өсвөрөөсөө арван жилд байхдаа хөлбөмбөг тоглож, "Дуулиан 2020″ гээд тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан. Гэтэл сагсан бөмбөгтөө илүү дурлаад түүнийгээ сонгосон доо.
Тамирчин хүний хувьд хүүхэд насны нэг мөрөөдөл байсан. Тэр нь хөлбөмбөгийн дээд лигт тоглож үзэх. Боломж нь ч яг цар тахлын жил тохиосон. Заалны спортууд бүгд хаагдаж, ганц тоглож байсан нь гадаа талбайд хөлбөмбөг байсан. Тухайн үед "G-Mobile"-ийн захирал Г.Дашням ах маань санал тавиад Улаанбаатар Сити клубын бэлтгэлд хамрагдсан.
Улаанбаатар Ситигийн тамирчид ч бэртэл, гэмтэлтэй байсан нь надад талбайд гарах боломжийг олгосон.
-Тэгэхээр цар тахлын дараа сагсан бөмбөгтөө эргэн ирсэн гэсэн үг үү?
–Тийм. Хөлбөмбөгийн дээд лиг болон сагсны дээд лигийн нөхцөл байдал яг тэнгэр, газар шиг ялгаатай юм байна лээ. Багийн соёл, хандлага, тамирчдын цалин мөнгө, лигийн зохион байгуулалт гэдэг дээр гол ялгаа нь харагдаж байгаа юм. Угаасаа ч олон жил сагсныхаа дээд лигт тоглосон хүн чинь сагсаа л гэж байгаа юм. Ямартай мөрөөдлөө биелүүлсэндээ баяртай байдаг.
Хөлбөмбөгийн алдарт тайлбарлагч Э.Балжинням агснаар өөрийнхөө тоглолтыг тайлбарлуулж байсандаа баярладаг. Тэр тайлбарлаж байгаа хэсгийг нь тасдаж аваад хадгалчихсан.
-Сагсан бөмбөг руу урвах шалтгаан нь юу байсан юм бэ? Хэн нөлөөлсөн бэ?
-Арван жилийн сургуульд байхдаа би сургуулийнхаа хөлбөмбөг, волейбол, сагсны шигшээд байсан юм. Анх "TLG-13" гээд шоу үзүүлбэрийн баг Спортын төв ордоны Б зааланд байна, очиж шалгуулаач гэж манай эгчийн найз надад хэлж байсан юм. Тэгж л С.Тулга дасгалжуулагчтай анх танилцсан. Сагсан бөмбөгийн спортоор хичээллэж үзээд болмоор санагдсан.
Анх сагсан бөмбөгийн тамирчин гэхээсээ илүүтэйгээр шоу үзүүлбэр үзүүлж, ур чадвараа л хөгжүүлж байж дээ.
Бид хэд тэр үедээ албан байгууллага, бүх спортын наадмууд дээртөлбөртэйгөөр үзүүлбэрээ үзүүлнэ. Гурван "СD" гаргачихсан/инээв/. "AND1"-ийн бичлэгүүдийг их дуурайдаг байсан даа. Гэртээ толиныхоо өмнө хөдөлгөөнүүдээ давтаж, бөмбөг тогшлоо гэж доод айлаа их уурлуулсан шүү.
-Багадаа хэр хөдөлгөөнтэй хүүхэд байсан бэ? Таны тоглолтын арга барилыг харахаар их л хөдөлгөөнтэй, бөмбөг таслах мэдрэмж өндөртэй байдаг. Багийн зан чанарууд нь тоглолтод нь нөлөө үзүүлсэн шиг санагдаад байна.
–За ёстой хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Сахилгагүй, хөдөлгөөнтэй байсан учир манай багш нар "Хөөе Дөлгөөн, хөөе Дөлгөөн" гэсээр байгаад сүүлдээ "Хөдөлгөөн" гээд дууддаг болчихсон. Харин ахлах ангидаа даруухан болсон доо.
Талбай дээрх Дөлгөөн нэг өөр. Талбайн гаднах Дөлгөөн нэг өөр талбай.
Талбай дээр гарахаар цаанаасаа л нэг ийм хортой, шартай, дайчин зан хөдлөөд байдаг. Ийм зан насан туршид л дагадаг юм шиг байна.
МИНИЙ ЗОРИЛГО ТОКИОГИЙН ОЛИМПОД ОРОЛЦОХ БАЙСАН
-Нэгэнт спортын талаарх яриагаа эхлүүлснийх туялзуур сэлэмний талаар асуумаар байна. Бүр шигшээ багийн тамирчин хүртэл болсон. Хэрхэн холбогдсон юм бэ?
-Харцага багтаа аварга авдаг жил л дээ. 2014-15 он гэсэн үг. Тухайн жилдээ аварга болчихсон чинь хүсэж, зорьж, мөрөөдөж байсан зорилго маань дуусчих шиг санагдсан. Нэг л хоосорчихсон. Дотроо ч ганцаарчилсан төрлийн спортоор хичээллэж үзэх сонирхол байсан юм. Тэр үед олимпийн хороонд ажиллаж байсан Б.Хосбаяр надад тохирох спорт байгаа гэж зааж өгсөн нь тулязуур сэлэм байсан. Олимпоор эсвэл хаа ганц зурагтаар үздэг байснаас Монголд байдаг гэдгийг нь огт мэдээгүй. Тэгээд л хичээллэж үзээд таалагдсан. Зарим спортууд хоорондоо харшдаг даа. Гэтэл тийм байгаагүй. Туялзуур сэлэмний үндсэн суулт нь сагсан бөмбөгийн хамгаалалт авах байрлал ч байх шиг. Орон зайн мэдрэмж нь бөмбөг таслахтай ижил ч гэдэг юм уу. Дээрээс нь сагсны улирал, сэлэмний улирал хоёр яг ээлжилдэг. Тэгэхээр тэмцээн давхардана гэж айх зүйлгүй.
2020 он хүртэл тууштай хичээллэсэн шүү. Олимпоос бусад бүхий л том тэмцээнд оролцлоо. Азийн наадам, Азийн аварга, дэлхийн аварга, оюутны универсиад, олимпийн эрхийн оноо цуглуулах тэмцээн гээд л оролцсон. Гол зорилго нь л Токиогийн олимпийн эрх авах байсан юм. Харамсалтай нь авч чадаагүй.
-Хэр ойрхон байсан бэ?
-Туялзуур сэлэм өөрөө асар их хэмжээний хөрөнгө санхүү шаарддаг. Шигшээ багийн тамирчдыг холбооноос дэмждэг ч бүх тэмцээнд оролцох зардлыг даах боломж хомс. Өөрсдөө ивээн тэтгэгчдээ хайгаад нисэхийнхээ өмнөх өдөр визээ аваад, ивээн тэтгэгчээ олж байх жишээтэй. Очоод ялагдвал асар дарам үүсдэг. Ивээн тэтгэгчид гол нь л медаль хүлээнэ. Ялагдчихвал тэр газраа бараг "харлачих" шахаад буцна. Буцах онгоцондоо хүртэл суухгүй эргэлзэх үеүд байсан.
-Та туялзуур сэлэмний яг аль төрлөөр нь хичээллэдэг байсан бэ?
-Монголд голчлон хичээллэдэг нь хүнд сэлэмний төрөл. Хамгийн классик төрөл л дөө. Монгол хүний бие физиологид ч тохирсон.
-Ийнхүү сагсан бөмбөгт эргэн ирээд Архангай Алтан Дорнодын Дайчид багтай нэгджээ дээ?
–Тэгсэн. Яг олимп руу төвлөрчихсөн байсан үе. Олимпийн оноо цуглуулна гэж зорьж байлаа. Бүх тэмцээн гадаадад болдог байсан учир Монголдоо бараг байхгүй, сагсан бөмбөгтөө чөлөөт агент болоод нэг жил өнжчихөж байгаа юм. Эргэн сагсан бөмбөгтөө ирээд Хөгжлийн лигт тоглоод "MVP" болчихсон. Улмаар Архангай санал тавьж, Л.Эрдэнэпүрэв багш болон өмнө нь хамт тоглож байсан ах нартайгаа нэгдсэн. Анх орохдоо "Цамцны ард байрлах цомыг нэгээр нэмэх" гэж хэлж байсан юм. Аварга авсан багуудын ард цомыг нь хаддаг байсан уламжлалтай. Тухайн жилдээ ч түрүүлж, аварга авсан нь дурсамжтай.
-21 аймгийн лигийн өрсөлдөөн чанга байсан. Энэ дунд Архангайн менежмент бусдаасаа ялгарч, бүрэлдэхүүн зузаан байлаа. Ганган баг байсан даа?
-Тухайн үеийн лигийн дүрэм нь нэг болон хоёрдугаар үед гарааны таван тамирчнаа өөр, өөрөөр гаргадаг байсан юм. Гуравдугаар үеэс яг үндсэн тав нь гардаг байсан. Тэр дүрэм бүхий л тамирчид жигд хөгжих, өөртөө итгэх зэргийг бүрдүүлж чадсан гэж боддог.
-Удалгүй хоёр лиг нэгдэж, Спортын төв ордонд эргэн ирсэн. Дайчидын бүрэлдэхүүнээс гол тамирчид нь явж, ерөнхийдөө залуучууд үлдсэн дээ. Та ч ахмад тоглогч болсон байх?
–Цэвэлээ ах, Амбук ах/Б.Баярбат/ хоёр байхад би дундаж болно шүү дээ. Ах нартай хамт тоглоход цаанаасаа л түшигтэй. Араа дагуулчихсан гэдэг шиг л айх зүйл байдаггүй. Манай тэр үеийн бүрэлдэхүүнийг харвал үнэхээр хүчирхэг баг үүсчихсэн байсан. Хагас шигшээд Хүлэгүүдэд хожигдож, хүрэл медалийн төлөө Тэнүүн-Өлзий Металл багтайгаа тоглож байлаа.
Дандаа ах нартай тоглодог байсан чинь одоо өөрөө багийнхаа ах болчихжээ. М банк аренад лиг ирсэн чинь фанатуудын тоо огцом нэмэгдчихсэн. Хүмүүс ч намайг Металлын залуу тоглогч гэж боддог байсан юм байна лээ. Рүүки жилдээ зодог тайлчихлаа гэж хүртэл ярьсан.
Энэ жил зодог тайлна гэдгээ шийдэхэд бүхий л зүйлийг нандигнадаг юм байна лээ. Шүүгчийн шүгэлийн дуу, үзэгчдийн алга ташилт, талбай дээр өнгөрүүлж буй секунд, минут бүрээ хайрласан.
-Та зодог тайлах шийдвэрээ гэнэт гаргасан уу? Өмнө хүмүүстэй зөвлөсөн үү?
-Өмнөх болон одоогийн сагсан бөмбөгийн хооронд тэнгэр газар шиг зөрүү үүсчихлээ л дээ. Бид нарын үед хагас мэргэжлийн байлаа. Өдөр ажлаа хийнэ, орой нь бэлтгэлээ хийгээд тоглолтод оролцоно. Өнгөрсөн улирал Металлд надаас өөр ажил хийж байсан хүн байхгүй байх. Бүгд мэргэжлийн түвшин рүүгээ оччихсон. Мэргэжлийн тамирчин гэдгийг шинэ аренад ороод л мэдэрсэн. Хувцас солих өрөөнөөс эхлээд зохион байгуулалт үнэхээр өөр. Спортын төв ордонд бол тамирчид нь үзэгчидтэйгээ зэрэгцэж сууж байгаад л хувцсаа сольдог байлаа.
Зурагтаар үздэг "NBA"-ийнхээ нэг хэсэг болчихсон мэт санагдсан.
Легионерууд ч Монголд ирж тоглох дуртай байна. Яг л энэ ордонтой нь шууд холбоотой. Металл баг сая гурван орноор аялан тоглолт хийлээ. Аль ч улсын ордон нь манайхыг гүйцэхгүй юм байна лээ.
ХАР БАРААНТАЙ НИЙГМИЙН ГАНЦ ГЭРЭЛ ГЭГЭЭ НЬ СПОРТ
-Фанатуудын хүрээлэл бас өөр болсон санагддаг шүү?
-Манай баг энэ жил фанатуудын өдөрлөг зохион байгуулахад би бүр гайхсан. Эхний өдөр нь дандаа 16 хүртэлх насныхан. Дараагийн өдөр нь насанд хүрэгчид гээд хоёр өдрийн арга хэмжээ. Зааландаа багтаж шингэхгүй олон хүн ирсэн.
Хар бараантай нийгмийн ганц гэрэл гэгээ нь спорт.
Миний хувьд ганц стрессээ тайлж байгаа газар нь заал. Металлын фэнүүдийг харахаар ихэнхи гэр бүлүүд байдаг. Гэр бүлээрээ багаа очиж дэмждэг, найз нөхдөөрөө дэмждэг соёл бүрдэж байна.
-Таны тамирчны замналын оргил үе хэзээ тохиосон бэ?
–Магадгүй амжилтаар яривал аварга авсан он жилүүд байх. 16 жилийн хугацаанд яг сагсан бөмбөгийн дээд лигээс 3 алт, 3 мөнгө, 3 хүрэл байна. Аварга авсан болон ур чадварын хувьд оргил улирлаа бодоход 2015-2016, 2018-2019, 2024-2025 оны улирлууд байлаа. Хэдий өнгөрсөн улирал талбайд гараагүй ч өөрийгөө би мэдээд байсан. Бэлтгэлжилт өндөр түвшинд байсан.
-Хэдий зодог тайлсан ч спортоосоо холдохгүй байх шинжтэй. Спортын сэтгэл судлаачдын холбооны гүйцэтгэх захирал болсон гэж дуулсан. Цаашдаа ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?
–Монголын спортын сэтгэл судлаачдын холбоо 2016 онд үүсгэн байгуулагдаж байсан. Дөрвөн олимпод ажиллажээ. Монголд бол дөнгөж хөгжлийн үе шатан дээрээ явж байна. Жишээлбэл, сагсан бөмбөг, волейболын дээд лигт сэтгэл зүйчгүй баг байхгүй болжээ. Үр дүнгээ өгч байгаа учир багууд мэргэжлийн баг хамт олонтой ажиллаж эхэлсэн. Манай холбооны олон зүйлд зорьж байгаа. Манай сэтгэл зүйчид Өвөрмонголд хүртэл ажиллаж байх жишээтэй.
Спортын шинжлэх ухаан хөгжиж байна. Сэтгэл судлаачдаас гадна спортын хоолзүйч, спортын хөдөлгөөн засалч нарын шаардлага үүслээ. Энэ гурав нийлж байж мэргэжлийн баг, тамирчдыг амжилтад хүргэнэ гэдгийг ойлгож эхэлж байна. Одоо өсвөрийн тамирчдаас эхлээд мэргэжлийн түвшин хүртэлх бүхий л үйлчилгээг нэг доороос авах боломжтой болж байна.
Бэлтгэл хийснээрээ амжилтад хүрдэг цаг үе өнгөрсөн. Одоо цэвэр шинжлэх ухаан суурьтай өрсөлдөөн бий болсон.
Мөн спортын дата буюу математикийн ухаан нэмэгдэж байна. Металл дээр л гэхэд Алтан-Өлзий гээд статистикч ажилласан. Эсрэг багийн дата судалгааг нарийвчлан хийж байгаа юм. Талбайн аль цэгээс олон шиддэг вэ, хаанаас нь муу шиддэг вэ гэх мэтчлэн судалгааг хийж байна. Энэ мэдээлэл дээр дасгалжуулагчид төлөвлөгөө боловсруулж, тоглолтдоо бэлдэж байна.
Түүнчлэн спортын маркетинг чухал оролцоотой. Би яг маркетингийн салбарт сүүлийн 10 гаруй жил ажиллаж байна. Манайх "Spark Agency" гээд агентлаг байдаг. Тэр дундаа төрөлжиж, спортын маркетинг буюу багуудын сошиал хөгжүүлэлт, контентын ажлуудыг хийж байна.
-Монгол тамирчид шинжлэх ухаан эсвэл шинэчлэлд дургүй санагддаг. Тамирчдын түгээмэл гаргадаг алдаа нь юу вэ?
-Бид нар наад асуудлыг чинь хөрснөөс нь буюу үндсээр нь өөрчлөх гэж ажиллаж байна. Олимпийн шигшээ баг дээр ажиллахад маш олон асуудал гардаг. Жишээ нь дасгалжуулагчид нь тамирчдаа өмчлөх, шинжлэх ухаанд итгэхгүй байх зэрэг зүйлс тохиолддог. Монгол хүн бол заавал мах л идэх ёстой, идэхгүй бол хүчгүй болдог гэх ойлголтуудтай байдаг.
Мэргэжлийн тамирчин гэсэн атлаа цайны цагаараа цадталаа идээд, тоглолтынхоо өмнө дахиад цадталаа идээд байж болохгүй шүү дээ.
Манай холбоо энэ бүх зүйлийн зөв суурийг бага багаар тавих гэж чиглэж байна.
-Металлын хамтаар Азиар аялан тоглолт хийлээ. Яг энэ боломж надад арван жилийн өмнө тохиосон бол гэх харуусан төрөв үү?
-Төрөлгүй яах вэ. Хэрвээ яг ид үе маань ингэж эхэлсэн бол гэж бодсон. Малайзад болсон тоглолтын багийнхаа эхний хоёр оноог авахад нэг баззер шот хийчихсэн мэт мэдрэмж төрсөн. Гэхдээ туулах ёстой замаа туулаад шат дараатай явж байна даа. Харамсахгүй байна. Би Монголын сагсны 3-4 үеийн төлөөлөлтэй хамт тоглож үзсэн. Рүүки жилдээ мөнгөн медаль авч байхад Шараваа ах хүрэл медаль хүртэж байсан шүү дээ. Нөгөө талд энэ жилийн манай багийн рүүки Тэмүүлэн гэхэд л тэр үед цэцэрлэгт орж байсан жишээтэй.
-Залуу дүү нар үг хэр сонсч байна?
-Сонсоно шүү. Хүлээж авах нь сайн. Ялангуяа манай багийн тамирчдын дунд нэг тийм соёл бүрдчихсэн. Гаднаас ямар ч өөр хүмүүжилтэй, соёлтой хүн орж ирсэн богино хугацаанд уусгадаг. Баг дотроо соёлоо хамгийн түрүүнд бүрдүүлэх ёстой. Эс тэгвээс хэн нэгэн орж ирээд дураараа аашлаад уур амьсгал эвдэх эрсдэлтэй. Тиймээс багийн дүү нартаа гол хэлдэг юм ерөөсөө л баг дээр хандлага гэдэг зүйл ноёрхоно. Энэ компани дээр ч тийм байх ёстой.
Багт эсвэл компани халдварладаг юм ерөөсөө л хандлага. Тэрнээс биш Баясаагийн шидэлт, Ууганбаярын хурд, тэсрэлт халдварлахгүй.
-Бидний ярилцлага өндөрлөх дөхөж байна. 16 жилийн замналаа эргэн харахад юу гэж дүгнэмээр байна?
–Хэзээ ч харамсахааргүй уналттай, босолттой, гэхдээ уналт, босолт болгон нь дандаа өсөлттэй байжээ гэж би дүгнэсэн. Харуусал бол хэзээ ч байгаагүй. Жишээ нь энэ жил аварга авчихсан бол гэдэг тийм харуусал байхгүй. Дээд лигт авч үзэх ёстой бүх медалийг нь авлаа. Харин Д.Буян-Өлзий ахыгаа аварга аваасай гэж хүсэх болсон. Энэ багийг өсвөрийн багаас нь эхлэн бэлдэж, өдийг хүргэлээ. Ахыгаа аварга авахыг харвал болно доо.
-Багуудаас санал ирвэл ажиллах уу? Эсвэл Металл багийн арын албанд ажиллах санал ирсэн үү?
–Одоо миний зорилго угаасаа л яг тийм. Сагсан бөмбөгийн дээд лиг дээр хэрвээ ажиллавал яг менежмент маркетингийн түвшинд ажиллана. Холбоотой бол спортын шинжлэх ухааны түвшинд хамтарч байгаа. Багийнхаа маркетинг менежментийг дараагийн түвшинд хүргэх юм сан гэж бодол бий.
Бишрэлт Металл баг ирэх улирал 50-60%-тай шинэчлэгдэх байх.
-Монголын сагсан бөмбөг хөгжсөн нь олон үзүүлэлт, амжилтаар харагдаж байна. Багууд легионероо хүртэл голж байна. Урьд нь "сураггүй" легионер ирээд л лигийн тоглолт бүрт 20-30 оноо төвөггүй авдаг байлаа?
-Азийн улсуудтай бидний түвшин ижил байгааг харсан. Индонези, Малайзын тамирчдаас илүү ур чадвартай гэдгээ мэдэрсэн. Легионерууд л зөрүү үүссэн дээ. Туршлага, ур чадварын хувьд ялгаа байхгүй. Хасын Хүлэгүүд ирэх тоглолтууддаа Монголын сагсан бөмбөгийг тив дэлхийд батлах байх.
Арван жилийн өмнө зүгээр нэг гудамжны ямар ч одоо түүхгүй импорт тоглогч ирээд л Монголд гудамжаараа бараг "MVP" хэмжээний тоглодог байлаа. Одоо тэс өөр болсон. Доод талдаа Евро лигт эсвэл NBA-ийн хөгжлийн лигт тоглож байсан тамирчид ирдэг болжээ.
Казинс ч өнгөрсөн улирал ирсэн нь бусад легионеруудыг Монгол руу татах хүчин зүйл бослон байх.
-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Гайхалтай замналынхаа талаар багахан ч атугай хуваалцсанд баярлалаа. 16 жилийн турш Э.Дөлгөөнийг дэмжиж ирсэн хүмүүстээ хандаж юу гэж хэлэх вэ?
-Тамирчин хүн ар гэр, эхнэр хүүхдүүддээ зарцуулах цаг маш бага байдаг. Бүтэн улирлын турш, плей-офф гээд багаараа олон сар байрлаж, бэлтгэл хийдэг. Тэгэхээр гэртээ очих, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаа ер нь хомс. Тиймээс тэр бүгдийг ойлгож бүхий л талаараа дэмждэг гэр бүлийнхэндээ юуны өмнө маш их баярлаж талархсанаа илэрхийлмээр байна. Хоёрдугаарт, энэ спортыг дэмждэг хөрөнгө оруулагч нар буюу багийн эзэд байхгүй бол бид нар одоогийн түвшинд хүрэх эсэх нь эргэлзээтэй. Энэ сагсан бөмбөгөөс асар их хэмжээний ашиг орлого олоод байх зүйл одоохондоо байхгүй. этгэлээрээ дэмжиж байна гэдэг утгаараа сагсан бөмбөгийг дэмжигч бүх спонсор байгууллагууддаа баярлалаа гэж хэлмээр байна. Гуравдугаарт, баг хамт олон маань бий. Гэр бүлээсээ ч илүү хамтдаа цаг үе өнгөрүүлж байгаа тэр хүмүүстэй бүтээсэн дурсамж насан туршид хадгалагдах болно. Үе үеийн надтай хамт тоглож байсан ах нар, дүү нар, найз нөхдөдөө маш их баярлалаа гэж хэлмээр байна. Мөн арын албаны хүмүүс, дасгалжуулагч нартаа баярлалаа.
Э.Дөлгөөнтэй 16 жил хамт байсан спортод хайртай, бүхнээ зориулдаг бүх хүмүүст л чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлмээр байна.
insurgent 2025-06-06 202.21.100.210
ene hen ym
Enkhbaatar 2025-06-06 203.91.115.55
Хамтарч ажиллаж байсан, үнэхээр хөдөлмөрч залуу байсан шүү. Амжилт хүсье.