Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, эрчим хүчний технологийн дэвшил, худалдааны бодлогод өөрчлөлт орж, Хятад, Австрали, Япон зэрэг 15 гишүүн орон багтсан Бүсийн эдийн засгийн иж бүрэн түншлэл (RCEP) АНУ-ын тарифын бодлоготой өрсөлдөхүйц, шинэ, хүчирхэг хамтын ажиллагааг байгуулж байна.
“RCEP” нь Ази, Номхон далайн бүс нутгийн Австрали, Бруней, Камбож, Хятад, Индонез, Япон, Өмнөд Солонгос, Лаос, Малайз, Мьянмар, Шинэ Зеланд, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам зэрэг улсуудын хамтарсан чөлөөт худалдааны хэлэлцээр юм. Эдгээр гишүүн орнууд нь дэлхийн хүн амын 30 орчим хувийг буюу 2.2 тэрбум хүн, дэлхийн ДНБ-ий 30 хувийг бүрдүүлдэг бөгөөд энэ нь түүхэн дэх хамгийн том худалдааны хэлэлцээр билээ. Мөн Хятад, Индонез, Япон, Өмнөд Солонгос зэрэг Азийн хамгийн том эдийн засагтай орнуудын анхны чөлөөт худалдааны хэлэлцээрт ордог.
“RCEP”-д албан ёсоор элссэн бол 20 жилийн дотор гишүүн орнууд хоорондын импортын тарифаа 90 хүртэлх хувиар бууруулж, худалдааны бүхий л түншлэлийг дэмжих болно.
Ялангуяа ногоон технологи, оюуны өмчийн эрх бүхий импортод өндөр татвар ногдуулахгүй байхад анхаардаг байна. Зарим шинжээчдийн үзэж буйгаар, “RCEP” нь бүс нутгийн эдийн засаг, улс төрийн үйл хэрэгт АНУ-ыг ардаа орхих хүчийг Азид олгоно.
АЗИ ТИВ ХӨГЖЛИЙН ТУЛГУУР БОЛНО
Энэ жилийн “RCEP”-ийн форум уулзалт Хятадын Аньхуй мужийн Хуаншань хотод Лхагва гаригт (2025.06.04) эхлэв. Форум Баасан гариг хүртэл үргэлжлэх бөгөөд гишүүн 15 орны 1000 гаруй зочид, төлөөлөгчид хуран цугларчээ. Орон нутгийн засаг захиргаа болон найрсаг хотуудын хамтын ажиллагаа гэх уриа дор зохион байгуулагдаж буй 2025 оны “RCEP” форумд Тайланд, Индонез болон Малайз улс хүндэт зочноор уригдсан байна. Нээлтийн арга хэмжээнд Тайланд улсын дэд сайд бөгөөд дижитал эдийн засаг, нийгмийн сайд Прасерт Жантарагуангтонг цахим мэндчилгээ дэвшүүлж, "RCEP" орнуудтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийг уриалав. Мөн тэрбээр 2023 онд "RCEP" орнуудтай Тайланд улс 29.4 их наяд ам.долларын арилжаа хийснийг онцлон тэмдэглэж, 2025 онд тухайн амжилтаа давуулан биелүүлнэ гэж онцлон тэмдэглэлээ.
"ASEAN"-Хятадын төвийн ерөнхий нарийн бичгийн дарга Ши Зонгжун мөн нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцож, дэлхийн эдийн засаг, худалдааны зах зээл хэрхэн тогтворгүй байдалд орсныг онцоллоо. Тэрбээр хэлэхдээ, " АНУ бүх худалдааны түншийнхээ эсрэг тарифын дайн эхлүүлж, дэлхийн эдийн засгийн дэг журам, ахиц дэвшлийг ноцтойгоор тасалдуулж байхад RCEP нь дүрэм журамд суурилсан олон талт үзэл баримтлал, чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалтын замыг бий болгох амлалтаараа Ази Номхон далайн эдийн засгийг тогтворжуулах тулга болж байгааг батлан харууллаа" гэсэн юм. Тухайлбал, энэ оны эхний улиралд "ASEAN" болон Хятадын худалдааны нийт хэмжээ 23 тэрбум 780 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6 хувиар нэмэгдсэн байна.
2024 онд "ASEAN" болон Хятадын хоёр талын худалдааны хэмжээ 982 тэрбум 300 сая ам долларт хүрч, Хятад улсын "RCEP"-ийн гишүүн орнуудтай хийсэн худалдааны нийт худалдааны 54 орчим хувийг бүрдүүлжээ.
Хэрэв энэ эрчээ алдалгүй нийт худалдааны хэмжээ өссөөр байвал 2030 он гэхэд "RCEP" бүсийн ДНБ-ий өсөлт 10.9 их наяд ам.доллар, дэлхийн эдийн засагт оруулах хувь нэмэр 32% хувьд хүрэх боломжтой гэж Олон улсын валютын сан тооцоолсон байна. Өдгөө "ASEAN" болон Хятад нь чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээрийг (CAFTA 3.0) шинэ түвшинд хүргэхээр тохирсон нь Ази-Номхон далайн бүс нутаг дараагийн эдийн засгийн хүчирхэг бүс болох боломжийг бүрдүүлж буй.
Тайландын парламентын ерөнхийлөгч асан, Тайланд-Хятадын соёл, эдийн засгийн харилцааны холбооны ерөнхийлөгч Бхокин Бхалакула "RCEP"-ийн уулзалтын үеэр гурван санал дэвшүүлсэн. Тэрбээр соёлын солилцоо, инновацийн бүсээр дамжуулан "RCEP" хотуудын хамтын ажиллагааг сайжруулж, дэлхийн өвийн хамтын ажиллагааны Хуаншаний санаачилгыг эхлүүлэхийг уриалав.
Мөн "RCEP"-ийн гишүүн орны оюутан болон гарааны бизнес эрхлэгчдэд хамтран шийдэл гаргах платформыг бий болгох замаар бизнес эрхлэлтийг дэмжих мэргэжлийн боловсролын холбоог байгуулахыг хүссэн байна.
Хамтын ажиллагааны тусгай порталаар дамжуулан Хятад-Тайланд ухаалаг хөдөө аж ахуй, Индонезийн дижитал парк төсөл зэрэг мэдлэг, шилдэг туршлагыг хуваалцахыг зорих хэрэгтэй гэсэн юм. Бхокин Бхалакула илтгэлийнхээ төгсгөлд "Энэхүү форум нь зөвхөн яриа хэлэлцээнээс илүү байх ёстой. Энэ нь гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах, илүү хүчтэй түншлэлийг бий болгох, ард түмэндээ бодит үр өгөөжийг хүргэх үйл ажиллагааг эхлүүлэх ёстой" гэсэн юм.








Хятадын Олон нийтийн дипломатын нийгэмлэгийн ерөнхийлөгч Ву Хайлонг "RCEP"-ийн орон нутгийн засаг захиргаа, ах дүү хотуудын хамтын ажиллагааны форумд тавьсан илтгэлдээ дараах зүйлийг онцлон тэмдэглэв. Тодруулбал, дэлхийн геополитик, эдийн засгийн дэг журам өөрчлөгдөж, нэг талт байдал нэмэгдэж, худалдааны хэм хэмжээнд заналхийлэл тулгарч байхад Ази тив нь бүс нутгийн хамтын ажиллагааны хөдөлгүүр болох ёстой гэсэн юм.
АНУ-ын зах зээлээс хамааралтай байдлыг багасгах, дүрэм журмын хэрэглээг сайжруулах, тарифын бууралтыг түргэсгэх гэх мэт "RCEP" механизмыг бий болгохыг уриалжээ.
Учир нь ирээдүйд гарч болзошгүй эдийн засгийн гэнэтийн аюулаас Ази тив эдийн засгийн хүчирхэг байдлаараа даван гарах ёстой гэж тэрбээр үзэж байна. Ялангуяа "ASEAN" болон "RCEP"-ийн орнууд хамтран ажиллаж, дотоод гадаадын худалдааны дэг журам, ажиллах хүчээ хөгжүүлэх нь хөгжил цэцэглэлтийн үндэс суурь болно гэж мэдэгдэв.
ЗАЛУУ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ХӨГЖИНГҮЙ ИРЭЭДҮЙН ГҮҮР










"RCEP" форумын хүрээнд Бүс нутгийн хамтын ажиллагаа болон инноваци, бизнес эрхлэгчид сэдвээр хэлэлцүүлэг болж өндөрлөв. Үүнд "RCEP"-ийн гишүүн орны салбар тус бүрийн мэргэжилтэн болон Хятадын Хөх мөрний бэлчир, Хонгконг, Макаогийн залуу үеийн бизнес эрхлэгчид цугларч, тодорхой сэдвийн хүрээнд ярилцсан билээ. Голчлон дижитал сүлжээ, хиймэл оюун ухааныг чадавхжуулах ба бүс нутгийн залуучуудын инновацийг хөгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг дэмжих талаар ярилцсан. "RCEP"-ийн гишүүн орны залуу бизнес эрхлэгчдэд зориулсан мэргэжлийн, прагматик яриа хэлэлцээний платформыг бий болгосноор бүс нутгийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээ, дижитал инновацийн хамтын ажиллагааг дэмжиж буй.
Хэлэлцүүлэгт оролцогчид "RCEP"-ийн хүрээнд дижитал эдийн засаг нь худалдаа, хөрөнгө оруулалтын гол чиглэл гэдэгт, үүнийг сайжруулахын тулд гарааны бизнес эрхлэх гэж буй хэн бүхэнд дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг онцлов.
Индонезоос ирсэн төлөөлөгчийн хэлснээр, залуу бизнес эрхлэгчид дижитал шинэчлэлд тэргүүлэгч байж, хил дамнасан худалдаа, бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоог хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Шинэлэг технологийг ашиглах чадвар, шинийг санаачлах чадвар нь залуу бизнес эрхлэгчдийг бүс нутгийн эдийн засгийн ирээдүйг тодорхойлох хүч болгоно гэж тэрбээр онцолсон юм. Филиппинээс ирсэн илтгэгчийн хэлснээр, залуу бизнес эрхлэгчид өөрийн бизнесээ олон улсад тэлэх зоригтой байхаас гадна шинэчлэлт, өрсөлдөөнд хянамгай хандаж буйг онцлон тэмдэглэсэн юм. Түүний үзэж буйгаар залуу боловсон хүчин нь бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалт, мэдээллийн чөлөөтэй урсгалыг дэмжих, либералчлалыг урагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
"RCEP" хэрэгжиж эхэлснээс хойш худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ боломж нээгдсэнээс гадна бүс нутгийн залуу боловсон хүчний шинэ санаа, гарааны бизнес, технологийн инновацид ч чухал боломж бий болсныг оролцогчид онцлон тэмдэглэсэн юм. Түүнчлэн залуу бизнес эрхлэгчид хүрээлэн буй орчныг хамгаалах, шинэ эрчим хүч, цахим худалдаа, үүлэн тооцоолол, их өгөгдөл болон хиймэл оюун ухаан зэрэг салбарт технологийн шинэчлэлийг тэргүүлэх хэрэгтэй гэж зөвлөв.
Цаашид дижитал дэд бүтцийг хөгжүүлэх, ялангуяа дижитал эдийн засгийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, залуусын шинэ санаа, бизнесийг дэмжих бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатайг оролцогчид тэмдэглэлээ.
RCEP бол Ази тивд, тэр дундаа "ASEAN"-ы орнуудад хамтран ажиллах, худалдааны зардлыг бууруулах, илүү өрсөлдөх чадвартай болоход тусалж байна. Энэ нь зүүн Ази технологи, худалдаа, хөрөнгө оруулалтаар хүчирхэгжиж, Европ, Латин Америкийн түншүүдийг татах боломжийг олгож байна. Өмнө нь АНУ бүс нутагтаа тэргүүлж байсан бол одоо томоохон худалдааны хэлэлцээрүүдээс ухарч, үйлдвэрлэлээ хөгжүүлэх нэрийдлээр иргэдээ санхүүгийн дарамтад оруулах эрсдэлд хүрсэн. Улмаар зүүн өмнөд Азийн улс орнууд Вашингтонтой бус Хятадтай түншлэл тогтоохыг илүүд үзэх болжээ.
Монгол Улсын хувьд "ASEAN"-ны үйл ажиллагаанд анхаарал хандуулдаг ч гэлээ гишүүн орны тоонд ороогүй хэвээр. Хэрэв "ASEAN" эсвэл "RCEP"-т элсвэл импортын бараа бүтээгдэхүүний үнэ буурахаас гадна Азийн бусад улс оронтой түншлэл тогтоож, эдийн засгаа сайжруулж чадна. Мөн залуу бизнес эрхлэгчдэд олон улсад өрсөлдөх боломж нээгдэж, хөгжлийн замналдаа нэг алхмаар урагшлах болно.
Нэргүй 2025-06-06 66.181.189.74
Форум, бага хурал, чуулган гэх мэтийг зохион байгуулж, онгоцоор нисэх эрэлтэнд нөлөөлдөг. Иймэрхүү хурлаар юу ч шийддэггүй.
Нэргүй 2025-06-06 66.181.179.157
Хөгжил Евроази руу дахин эргэж байгооо. Бүгд мэдэж байгаа.