МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааныг өнөөдөр 11:00 цагт зарлаад байна. Удирдах зөвлөлийн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг оруулж хагалуулна. Нэг ёсны Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүн дэмжлэг хүлээх үү, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүн дэмжигдэх үү гэдэг нь шийдэгдэнэ.
Хоёр талаас нэр дэвших магадлал өндөр горилогчдын нэрс өнгөрсөн өдрүүдэд олон нийтэд “цацагдаж” тест авсан.
Харин одоо тунаж үлдсэн нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нар юм.
Ерөнхий сайдад нэр дэвшигч нь улс орныхоо эдийн засгийг өөд нь татаад явчих эдийн засгийн мэдлэгтэй хүн байх шаардлага тавигдаж буй. Учир нь, Д.Трамфын тарифын дайн, Орос-Украйны мөргөлдөөн зэргээс үүдэж гадаад орчны нөхцөл байдал тодорхойгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндрэн шок үүсгэх болсон. Ялангуяа Хятадад гангийн үйлдвэрлэл буурсан нь Монголын экспортын голлох орлогыг бүрдүүлж ирсэн нүүрсний үнэд нөлөөлж, тонн тутамдаа 20-25 ам.долларын алдагдал хүлээсээр удлаа. Хамгийн гол нь эдийн засгийн энэхүү хүндрэл богино хугацааных бус дунд болон урт хугацаанд үргэлжилж мэдэхээр байгааг судлаачид анхааруулах болсон нь шинээр томилогдох Ерөнхий сайдын хувьд ажлаа хүлээн авсан даруйдаа Монгол Улсын 2025 оны төсвийг эргэн харахаас эхлээд тасарч буй татварын орлогыг нөхөх эх үүсвэр хайх уу, эсвэл зардлаа бууруулж, бүсээ чангалан зүтгэх үү гэдгээс эхлээд шийдэл гаргах шаардлага тулгарч байна.
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 800 гаруй тэрбум төгрөгөөр тасарсан. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.2 их наяд төгрөгөөр тасраад байгаа.
Монгол Улс энэ оны эхний дөрвөн сард 25 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийн төвшинд боловч үнэ буурсан. Нүүрсний үнэ 44 хувиар унасан. Хэрвээ нүүрсний дээрх үнэ энэ хэмжээндээ хадгалагдвал оны эцэст төсвийн орлого 2.3 их наяд төгрөгөөр буурах төлөв гарсан байдаг.
Засаг унаж, төр бужигнахтай зэрэгцэн боомтуудаар гарах нүүрсний экспорт буурч, мөн үнэ унасан хэвээр байгааг хэвлэлүүд мэдээлэх болсон. Энэ бол маш том асуудал. Монголбанк арай чүү таван тэрбум ам.долларт хүргэсэн валютынхаа нөөцийг интервенц хийх замаар “сэгсэрч” үр дүнгүй болгох эрсдэл бий.
Хуульд шинэ Засгийн газрын бүрдтэл өмнөх Засгийн газар үйл ажиллагаа үргэлжлүүлнэ гэж заасан ч УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон танхимын сайд нарын ирцийг харвал тун хангалтгүй дүн үзүүлсэн. Нийт 23 сайдаас 11 нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй. Үүнд, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 11 сайд багтаж буй.
Иймээс аль болох цаг алдалгүй Ерөнхий сайдыг тодруулж, томилох нь төрийн ажил цалгардахаас сэргийлэх учиртай. Ерөнхий сайдад нэр дэвшигчийг МАН-ын Удирдах зөвлөлөөр дэмжсэн тохиолдолд Бага хурал руу оруулна. Бага хурлаас дэмжигдсэн нөхцөлд УИХ-ын чуулган руу оруулж, батлуулах учиртай. Түүний дараа Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд танхимаа байгуулна.
Гэвчиг МАН шинээр томилогдсон Ерөнхий сайдад өөрийнхөөрөө Засгийн газраа байгуулах эрхийг нь олгох нь юу л бол… Наад зах нь парламентад суудалтай улс төрийн намуудтай хамтрах эрхийг нь өгөх үү гэдгээс эхлээд сорилт ирнэ.
Иймээс энэ удаагийн Ерөнхий сайдад нэр дэвшигч нь улс орныхоо эрх ашгийг тэргүүнд тавьж чадах, ёс зүй өндөртэй хүн байх шаардлага мөн тавигдана гэсэн үг. Нөгөө талдаа бусдын хүүхэлдэй байх ёсгүй.
Г.ХОРОЛ
3,576.26






















































Холбоотой мэдээ