Монгол Улсын Засгийн газартай зөвшилцсөний дагуу, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (ХХААБ) Монгол дахь Суурин төлөөлөгчөөр томилогдсон Др. Чинюн Диао 2025 оны тавдугаар сарын 28-наас үүрэгт ажилдаа орлоо.
БНХАУ-ын иргэн хатагтай Др.Диао нь хөдөө аж ахуйн салбарын судалгаа, хөгжүүлэлт, олон улсын хамтын ажиллагааны 25 жилийн ажлын туршлагатай. Тэрбээр Бээжингийн Хөдөө аж ахуйн их сургуульд энтомологийн (шавьж судлал) чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшиж, шинжлэх ухааны магистр, философийн ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан.
Др.Диао, 2023 оны зургадугаар сараас Намиби улсад ХХААБ-ын суурин төлөөлөгчөөр ажилжээ. Тэрээр 2018 онд Мексик улс дахь БНХАУ-ын ЭСЯ-нд Нэгдүгээр нарийн бичгийн дарга, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан ахлахаар ажиллаж, хоёр талын хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан байна.
Др.Диао ажлын гараагаа 1998 онд Бээжин хотын Зөгий судлалын институтээс эхлүүлж, 2007-2015 онд Зөгий судлалын институтын Менежмэнтийн газрын захирал, 2007-2010 онд Менежмэнтийн газраас хэрэгжүүлсэн Нийгмийн хамгааллын салбарын Үндэсний тусгай судалгааны төслийг удирдан ажилласан. 2010-2015 онд Хятадын Үндэсний тэргүүлэх технологийн судалгаа ба хөгжлийн хөтөлбөрийн эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар тус тус ажилласан.
2009-2018 онд Др.Диао Хятадын Зөгий судлалын системийн Менежмэнтийн газрын захирлаар ажиллажээ. 2014-2022 онд Зөгий судлалын институтын Олон улсын хамтын ажиллагааны төслийн газрын захирал, 2015-2021 онд Хятадын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Зөгий хамгаалах инновацийн багийн ахлах ажилтнаар тус тус ажилласан байна.
Др.Диао нь ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан Др.Винод Ахужагийн ажлыг үргэлжлүүлэх юм.
Холбоотой мэдээ