Өмнөд Солонгосын шинэхэн ерөнхийлөгч Ли Жэ Мён сонгуульд ялсан өдрөө л шилжилтийн үегүйгээр албан тушаалаа шууд хүлээж авсан билээ. Сөүлийн Ёнсан дүүрэг дэх ерөнхийлөгчийн ордонд бэлэн болсон зүйл юу ч байхгүй зуун задгай байсныг Ли хошигнон өгүүлжээ.
Тэрбээр "Ёнсан оффист иртэл оршуулгын газар шиг л байлаа. Надад бичиг цаас дөхүүлээд өгөх ажилтан алга, юу ч алга. Компьютер, хэвлэх машин ч алга" гэжээ.
Юн Сук Ёл арванхоёрдугаар сарын 14-нд импичменттэй тулгарснаас хойш Ерөнхийлөгчийн тамгын газарт хөл хөдөлгөөн тасарсан гэхэд болно. Ли Жэ Мёны хошигнолын дараа Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Кан Ю Жун мэдэгдэл хийхдээ "Эхний өдөр Ерөнхийлөгчийн тамгын газарт ажил явуулах боломжгүй байсан. Оффист интернет холболт, харандаа, цаас гэх мэт үндсэн хэрэглээний зүйлс байгаагүй. Өмнөх удирдлага нь шинэ засаг захиргаанд зориулж шилжилтийн зааварчилгаа үлдээгээгүй байсан" гэжээ.
Ерөнхийлөгчийн тамгын газарт ажиллаж байгаад Юны импичментээс хойш ердийн ажил хийх болсон ажилтнуудыг буцаж ирэхийг Ли тушаажээ.
Сонгуулийн кампанит ажлын үеэр Ли хэлэхдээ Ёнсан оффист түр хугацаанд л ажиллана гэсэн юм. Ерөнхийлөгчийн оффисыг удахгүй Чон Ва Дэ дэх хуучин байранд нь нүүлгэн шилжүүлэх бөгөөд урт хугацаандаа Сэжүн рүү нүүлгэх аж. Хэвлэлд мэдээлснээр ерөнхийлөгчийн оффисыг ойрын зургаан сардаа багтаж Чон Ва Дэ рүү нүүлгэх төлөвтэй байна.
Нэргүй 2025-06-05 66.181.189.74
Цагаан бээлий өмсчихсөн Солонгосчууд солиорч байна.