Зуны амралт эхэлж байгаа энэ үед хүүхдүүд гэртээ ихэнх цагийг өнгөрөөдөг. Гэрт байх хугацаандаа дийлэнх цагийг утас, зурагт ширтэж өдрийг өнгөрүүлдэг. Тиймээс энэ удаагийн зөвлөгөө буландаа хүүхдээ утаснаас хол байлгахад туслах зөвлөгөөг хүргэж байна.
Эцэг эхчүүдийн гаргадаг хамгийн том алдаа бол ажлаа тараад гэртээ орж ирээд өөрсдөө утсаа ухаад суучихдаг. Амьд харилцаа тун ховор байдаг. Тэгвэл хүүхдээ утаснаас хол байлгах хамгийн эхний алхам бол үлгэр жишээ байх.
Хэрвээ та гэртээ орж ирсэн бол аль болох бага утас ашиглан, тэдэнд цаг гаргаж өдөрт хийсэн зүйлийнх нь тухай ярилцаарай.
Чөлөөтэй, завтай байх нь утас, зурагт үз гэсэн үг биш шүү дээ. Харин тэрний оронд өөрийнх нь дуртай зүйлийг хийлгээрэй. Жишээлбэл, зураг зуруулах, нэхмэл зааж өгөх, ном уншуулах гэх мэт. Мөн хүүхдийнхээ насны онцлогт тохирсон ажлыг хийлгээрэй. Хоол хийх, гэрийн ажил зэрэгт туслуулж болно. Хамгийн чухал зүйл нь агаар салхинд хамт гарч өдрийг идэвхтэй өнгөрүүлэхийг хичээгээрэй.
Дараагийн нэг чухал арга нь утас, таблетыг аль болох ил тавихгүй байхад анхаараарай. Нүдэнд ил, гарт ойр байвал хяналтгүйгээр авч хэрэглэх гээд байдаг. Тиймээс утас болон зурагтыг тодорхой хугацаанд ашиглаж хэвшүүлээрэй.
Сүүлийн үед хүүхдүүд эцэг эхээсээ асуухаас илүүтэй мэдээллийг интернэтээс авдаг болсон. Үүний оронд эхлээд эцэг эхээсээ асууж, ярилцах нь илүү үр дүнтэй байх болно.
Хүүхдүүдээ гадаа тоглохыг дэмжээрэй. Найз нөхөдтэйгөө гадаа тоглосноор хүүхэд нийгэмшихээс гадна дасгал хөдөлгөөн болно. Гэхдээ мэдээж хараа хяналтаа сулруулж болохгүй.
Бид бүхэн цахим хэрэглээгээ зохицуулж, тодорхой цаг зарцуулаад, үлдсэн цагтаа өөр зүйл хийе гэх сахилга батыг өөртөө бий болговол дэлгэцийн хамаарал асуудал болох хэмжээнд хүрэхгүй байх боломжтой байх нь. Юун түрүүнд сахилга бат, тодорхой төлөвлөгөөтэй, түүнийгээ дагаж мөрддөг байх нь бидний өдөр тутмын ажил хэрэг саадгүй урагшлах түлхүүр болох юм. Техник технологийн хөгжил бидэнд олон давуу тал өгсөн. Одоо үүнийг зөв зохистой, тодорхой цагийн менежменттэйгээр ашиглах нь чухал.
Холбоотой мэдээ