Улс төрөөс ангид тэргүүн хатагтай

ХҮМҮҮС

Улс төрөөс ангид тэргүүн хатагтай

Улс төрөөс ангид тэргүүн хатагтай

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 3-нд болж, Ардчилсан намын нэр дэвшигч Ли Жэ Мён үнэмлэхүй ялалт байгуулсан билээ. Ард амьдралаас тодорсон реалист гэгддэг Ли Жэ Мёны гэргийг Ким Хэ Кён гэдэг. Нөхрөө улс төрд оруулах төдийлөн дуртай биш байсан эгэл жирийн эмэгтэй Ким Хэ Кёныг Ньюс агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцоллоо.


Тэрбээр 1966 онд дундаж амьдралтай айлд мэндэлжээ. Сунхва урлагийн ахлах сургуулийг дүүргэсэн Ким Хэ Кён Сүкмёнгийн эмэгтэйчүүдийн их сургуулийн төгөлдөр хуурын ангийг бакалаврын зэрэгтэй төгссөн. Сургуулиа төгссөнийхөө дараа тэр төгөлдөр хуурын багшаар хэсэг ажилласан гэдэг.

Ким Австри улсад аспирантурт суралцаж, хөгжмийн боловсролоо улам ахиулахаар бэлтгэж байхдаа Ли Жэ Мёнтой анх танилцжээ. Литэй танилцсан тул тэр Австри яваагүй, оронд нь улстөрчийн гэргийн 35 жилийн амьдралыг эхлүүлсэн юм.

Энэ бол 1990 оны наймдугаар сар. Тухайн үед хуульч байсан Литэй түүнийг танилцуулсан хүн нь бэр эгч нь юм.

СОХОР БОЛЗООНООС СОНГОГДСОН НЭГЭН

Тэдний танилцсан түүх энгийн нэг түүх биш. Яагаад гэвэл тухайн үед Ли Жэ Мён сохор болзоогоор таван эмэгтэйтэй уулзаад, тэднээсээ сонголт хийсэн нь Ким Хэ Кён байжээ.

2017 онд Ким Хэ Кён ярилцлага өгөхдөө тэр үеийг дурсан, “Тэр тийм ч царайлаг биш, бас наснаасаа хөгшин харагдаж байсан. Дөрөв дэх уулзалтынхаа үеэр анх надад санал тавьсан ч би татгалзсан” гэжээ. Түүний бодлыг өөрчилсөн зүйл нь Лигийн 10 жилийн өдрийн тэмдэглэл байсан гэдэг.

Танилцаад удалгүй 1991 оны гуравдугаар сард тэд гэрлэсэн байна. Улмаар Ли Дун Хо, Ли Юн Хо гэх хоёр хүүтэй болжээ.

Ли хүний ​​эрхийн хуульч мэргэжлээр ажиллаж байсан тул тэдний гэрлэлтийн эхний жилүүд тийм баян тансаг байсангүй. Хадам ээж нь Кимд ганц ширхэг шөлний шанага өгөөд “Миний чамд өгч чадах ганц зүйл бол энэ” гэж хэлж байжээ. Ким тэр шанагыг одоо хүртэл нандигнан хадгалдаг.

34 жил хамт амьдарсан эхнэр хүний хувьд тэрбээр нөхрийнхөө давуу талыг онцлохдоо “Ли хэцүү цагт хэзээд тайван байж чаддаг. Гэр бүл ч тэр, улс төр ч тэр үймээн самуунтай болох үед тэр улам л тайвширдаг” гэжээ.

УЛС ТӨР ЭСВЭЛ САЛАХ ӨРГӨДӨЛ

Ли Жэ Мён ерөнхийлөгчөөр сонгогдохтой зэрэгцээд Ким Хэ Кён хүссэн хүсээгүй олны анхаарлын төвд оров. Дуулиан шуугианы эзэн болсон нөхрөөсөө ялгаатай нь тэр улс төр сонирхдоггүй. Тийм ч учраас нөхрийнхөө улс төрийн карьерыг дэмждэггүй байжээ.

Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, Ли Жэ Мён 2006 онд Соннам хотын даргын сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаагаа Кимд анх хэлтэл “Түүнээс өмнө салах өргөдлөө өгөөрэй” гэж хариулсан гэдэг.

Гэсэн ч Ли нэр дэвшээд зогсохгүй ялалт байгуулж, 2010-2018 онд Соннам хотын захирагч, 2018-2021 онд Кёнги мужийн захирагчаар ажилласан юм. Энэ хугацаанд Ким нөхрийнхөө ар тал, дэмжигч мөн гэдгээ харуулж чаджээ. Тухайлбал, 2018 онд нөхөртэйгөө хамт телевизийн нэвтрүүлэгт оролцсон. Мөн "Хоол хийцгээе" нэртэй хоолны ном хэвлүүлснээр сайн гэрийн эзэгтэй гэсэн дүр төрхөөр олонд танигджээ.

Энэ удаагийн сонгуулиар ч Ким нөхрийнхөө кампанит ажилд ховорхон оролцож, олны нүднээс хол байсан. Гэтэл түүний өрсөлдөгч Ким Мүн Сүгийн эхнэр идэвхтэйгээр иргэдтэй уулзаж, нөхрөө дэмжиж байв.

Сонгуулийн кампанит ажлын хугацаанд Ким ил тодоор олны өмнө үг хэлээгүй ч гэлээ нөхрөө хөшигний ард дэмжсээр байсан юм. Өөрөөр хэлбэл, тэр улс төрийн үйл явдлуудад шууд оролцолгүй, оронд нь шашны бүлгүүд болон үл тоомсорлогддог бүлгийн хүмүүстэй уулзаж байв. Энэ нь үндэсний эв нэгдлийг дэмжих зорилготой ажил юм.

Түүнийг энэ сонгуулийн кампанит ажлын үеэр ховорхон олж харсан гэдгээ Ли Жэ Мён хошигнон ярьсан байдаг. Тэрбээр “Манай эхнэр мужуудаар байнга яваад би бараг бүтэн сар түүнийг олж харсангүй” гэжээ.

Нам гүмхэн амьдрахыг хичээдэг ч гэлээ алтны дэргэд гууль шарладагийн үлгэрээр Ким Хэ Кён улс төрийн дуулиан шуугианыг тойроогүй.

Тодруулбал, тэрбээр өнгөрсөн сарын 12-нд Кёнги мужийн засгийн газрын корпорацийн картыг ашиглан хоол худалдаж авсан хэргээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр 1.5 сая воноор торгуулжээ. Түүнийг 2022 онд нөхрөө сонгуульд нэр дэвшиж байх үеэр компанийн карт ашиглан оройн зоог барьсан гэж буруутгасан юм. Энэ нь Төрийн албаны сонгуулийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл гэж шүүх үзжээ.

Ким Хэ Кёны анхны шүүх хурлын үеэр Ли цахим хуудсандаа нэгэн сэтгэл хөдөлгөм бичвэр оруулсан байдаг.

Тус бичвэрт “Би ер нь уйлдаггүй… Гэхдээ эхнэр минь ямар ч буруугүй хэрнээ надаас болж гэмт хэрэгтэн шиг байж байгааг харахаар нулимсаа барьж дийлэхгүй юм. Одоо ч гэсэн цээж минь давчдаж, амьсгалах аргагүй байна. Бас өмнө минь юу байгааг ч харж чадахгүй байнаа. Хэ Кён, би чамд хайртай” гэсэн байжээ.

Өдгөө тэргүүн хатагтай болсон Ким Хэ Кён цаашид ямар дүр төрхтэй байх нь сонирхол татаж байна. Сонгуулийн кампанит ажлын явцаас харахад Ким нам гүм амьдралыг эрхэмлэсэн хэвээр ч байж мэдэх юм. Гэсэн ч Кимтэй удаан хугацаанд хамтран ажиллаж байсан нэг туслах нь "Заримдаа тэр нөхрөөсөө ч илүү шийдэмгий, тууштай байдаг. Тэр олон нийтийн амьдралд идэвхтэй оролцох нь гарцаагүй" гэж хэлжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-06-05 192.82.92.204

Амжилт

Avatar

Нэргүй 2025-06-05 66.181.161.218

хүндлэл байгаа газар хүн тогтоноо

Avatar

Нэргүй 2025-06-05 103.57.94.243

дотоодынхоо асуудалд төвлөрьеө. юун айлын авгай нар.

Avatar

Нэргүй 2025-06-05 203.91.115.46

Солонгосын ерөнхийлөгчийн суудал нь хараагдсан байхаа ерөнхийлөгч болсон хүмүүс нь дандаа шоронд орох юм

Avatar

Нэргүй 2025-06-05 103.57.94.243

сонирхолгүй мэдээ вайнаа. ма хоёр сохор болзоогоор. юу хийж явдгийн байган.

Avatar

Нэргүй 2025-06-05 66.181.161.212

Солонгос хүүхнүүд ёс зүй сайтай эрчүүдээ сайн хүмүүжүүлгэ илүү эрх дарх хүсдэггүй

Avatar

Өвгөн Балдан 2025-06-05 66.181.177.192

Харах царайны чанга эмэгтэй байна. Хөгжмийн боловсрол нь түүнийг ямарч амжилтанд бэлтгэдэг гэж болно.

Avatar

Нэргүй 2025-06-05 66.181.191.244

Ингэж л бэлтгэгддэг юм байна

Avatar

зочин 2025-06-05 66.181.160.109

За хэн байсан нь хамаагүйэээ . .Хэн байснаа амархаан мартна..
Солонгосын ерөнхийлөгч л болсон бол шорондд орж дуусна .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж